Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2025/00049

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * аймаг * сум * хаягт оршин суух хаягтай, * овгийн * (РД:*) хүсэлттэй,

*ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний хань * 2024 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан юм. Миний хань улсад 1985 1994 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Улсад ажилласан жилийг 1985-1995 он хүртэл хөдөлмөрийн дэвтэрт, 1995 оноос нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулдаг байсан. Хань * улсад ажиллаж байсан тул даатгал төлснөөр тооцдог тул миний насанд хүрээгүй 3 хүүхэд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дахь заалтын дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх юм. Гэтэл нас барсан хань *ийн улсад ажилласан жилүүд 382684 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, * дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл нь байгаа боловч тушаал шийдвэрийн нотлох баримт нь бүрэн олдохгүй байгаа болно. Иймд миний хань *ийн 1985-1994 оныг дуустал хүртэлх хугацаанд * сангийн аж ахуй, * ХХК, * ХК-д малчнаар ажиллаж байсныг нотлох хэрэгцээ үүссэн юм. 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөн өмч хувьчлал явагдаж төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд үүссэн цаг үед манай суманд архив ямар ч шалтгаангүй устаж үгүй болсноос нотлох баримтыг өнөөдөр бидэнд олдох боломжгүй байгаа явдал юм ....” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь *ийн ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч * нь *ийн 1985-1994 оныг дуустал хугацаанд Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуй, “*” ХХК, “*” ХК-д 1985-1994 оныг дуустал малчнаар ажилласан жилийг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч * болон * нар нь 1997 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлж болж гэрлэлтээ батлуулсан бөгөөд * 2024 оны 10 дугаар сарын 10-нд нас барсан болох нь иргэний бүртгэлийн 433427820279 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 17-р хуудас/,

Тэдний дундаас 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин *, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин *, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин * нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 18-20-р хуудас/

 

Хэрэг авагдсан Сэлэнгэ аймгийн *н Сангийн аж ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай “Төл тэжээгч томилон ажиллуулах тухай” тушаал, хавсралт /хавтаст хэргийн 4-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн *н Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай “Ээлжийн амралт гэнэт халагдсаны цалин олгох тухай” тушаал, хавсралт /хавтаст хэргийн 5-6-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн * хувьцаат компанийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай “Гарч болзошгүй аюулаас  хамгаалах, сэргийлэх групп байгуулах тухай” тушаал, хавсралт, /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Сант сумын * хувьцаат компанийн захирлын 1993 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 85 дугаартай “Мал аж ахуйн 1993 оны өвлийн бэлтгэл хангах тухай” тушаал, хавсралт, /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 814 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”-од “...* ажиллаж байсан Сант сумын * ХК нь Шимтгэл төлөлтийн тайлангаар 1992 оны 03 сараас 1993 оны 12 сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно...” гэх бичилт /хавтаст хэргийн 12-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 815 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”-од “...*ийн ажиллаж байсан Сант сумын * ХК нь Шимтгэл төлөлтийн тайлангаар 1993 оны 02 сараас 1994 оны 12 сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно...” гэх бичилт /хавтаст хэргийн 12-р хуудас/ зэргээр *ийн ажилласан байдлыг * нь нотолж байгаа боловч иргэний ажиллаж байдлыг өөр этгээд хүсэлт гарган нотлуулах боломжгүй юм.

Иймд *гийн хүсэлттэй *ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагч *гийн хүсэлттэй *ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН