Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

   Д.*******д холбогдох эрүүгийн

     хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

          Прокурор Н.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Д.*******д холбогдох 2324000430053 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багт оршин суух хаягтай, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хорих ял, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, /*******/ регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.*******тэй маргалдаж, улмаар гэрийнхээ гадаа байрлах аарц дарах зориулалт бүхий чулуу руу түлхэн унагааж хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.******* би, эрүүгийн 2324000430053 дугаартай Д.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар яллагдагчтай тохиролцож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд шилжүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2023 оны 9 дүгээр арын 07-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос шүүгдэгч Д.*******тай ял тохиролцохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна..." гэх заалт, мөн хуулийн 5.1 дүгээр зүйл "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн ...цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино... гэх заалтуудыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар шүүгдэгчтэй ял тохиролцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг даруй шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана" гэж тус тус хуульчилжээ. Гэтэл шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын ял оногдуулах саналын хүрээнд шийдвэрлэхгүйгээр, прокуророос сонсгосон ялаас хэт доогуур ял оногдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, прокурорын саналын хүрээнд шийдвэрлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.  

1.Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын *******  багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.*******тэй маргалдаж улмаар гэрийнхээ гадаа байрлах аарц дарах зориулалт бүхий чулуу руу түлхэн унагааж хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч С.*******гийн “...2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нөхөртэйгөө сумын төв орж ирээд ажил амжуулж байгаад орой буцаад гэртээ очсон. Бид нарыг гэртээ очоод байж байтал манай нөхрийн талын хүмүүс ирээд манай нөхөр бага зэрэг архи уусан. Манайд ирсэн хүмүүс явсан хойно манай хонь ногооны хашаа руу орох гээд байхаар хүүхдээ дуудаад хонь руу явуулсан.Тэр үед манай хүүхдүүд голын эрэг дээр тоглож байсан болохоор хонио анзаараагүй байх. Тэгээд дуудахад манай хүү ирсэн. Манай хүү ирэхэд манай нөхөр хүүдээ хандаад “миний хүү хонио эргүүлэхгүй яасан юм бэ” гэж хэлхээр нь би нөхөртөө хандаад “анзаараагүй, дуулаагүй юм байлгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 хүүхдээсээ болоод жоохон маргалдсан. Тэгтэл манай нөхөр намайг гэрийн гадаа байхад зэрэгцээд зогсож байгаад түлхсэн, тэгтэл би аарц даруулдаг чулуун дээр унасан. Тэгээд манай нөхөр гэр рүүгээ орсон би араас нь ороод цагдаад дуудлага өгсөн. Энэ хэргийн улмаас миний биед 2 хавирга цуурсан гэмтэл тогтоогдсон. Би эмнэлэгт хэвтээгүй, тэр өдөр үзүүлээд, даралтын эм уугаад гэртээ харьсан.  Манай нөхөр намайг түлхээд би аарц дардаг чулуун дээр унаж гэмтэл авсан. Манай нөхөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Манай нөхөр ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Д.ын “...2023 оны 06 дугаар сарын сүүлээр байсан яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Тэр өдөр манай гэрт аавын төрлийн хүн гэрт ирсэн. Тэр хүн бэлгэнд манай аавд архи өгсөн, тэр архиа манай аав тэр ах хоёр хувааж уусан. Тэгтэл манай хонь айлын ногооны хашаа руу орох гээд байхаар нь аав, ээж 2 намайг хонио эргүүлээд ир гээд явуулсан. Би хонио эргүүлээд хойш туучхаад гэр рүүгээ ирж байтал манай 2 дүү доор тоглож байхаар тэр 2-г аваад ирж байтал намайг дуудсан. Би гэртээ гүйгээд иртэл “аав намайг хонио яагаад айлын хашаа руу оруулж байгаа юм” гээд уурласан. Тэгээд хартал манай хонь дахиж айлын хоньтой нийлэх гэж байхаар нь би дахин хонь руугаа явсан. Намайг явахад манай аав ээж 2 гэрийн үүдэнд зогсоод үлдсэн. Би хонь дээрээ очоод айлын хонийг цааш туучхаад гэртээ иртэл аавыг цагдаа нар ирээд аавыг аваад явж байсан. Юу болсон талаар сайн мэдээгүй. Цагдаа нар доороос аавыг аваад явж байгаад ирээд ээжийг аваад явсан байсан. Би хониноосоо ирээд гэртээ ороогүй, гадуур байж байгаад адуундаа явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.ын “...би дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй байна гэж хэлээд намайг уг дуудлага мэдээлэлд явуулсан. Уг дуудлага мэдээллийн дагуу очиход эхнэр ******* гэх хүн гэртээ хэвтэж байсан, нөхөр нь машинаа унаад явсан гэж байсан. Тэгээд эхнэр нь гэдэс дотор өвдөөд, толгой эргээд байна гэж хэлээд та нартай хамт яваад эмнэлэг орно гэж байсан. Юу болсон талаар асуухад нөхөр бид 2 хүүхдүүдээс болж муудалцаад манай нөхөр намайг түлхчихсэн гэсэн. Тэгээд бид нар эхнэр С.******* гэх хүнийг машиндаа суулгаад гэрээс нь зүүн зүг рүү яваад нөхрийнх нь машин байсан газар очоод нөхөр Д.*******ыг аваад манай нэг цагдаа машиныг нь унаад цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд жижүүрт нөхөр Д.*******ыг хүлээлгэж өгөөд, эхнэр С.*******г аваад эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Тухайн үед С.*******гийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй. Бие өвдөөд байна гэхээр нь сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр хүлээлгэж өгсөн. Гэдэс дотор нь өвдөөд, толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Тухайн үед нөхөр Д.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед намайг асуухад хүүхдүүдээ цохиж зодсон зүйл байхгүй байсан. Хонь малаа харсангүй гэж хэлээд уурлахаар нь би хүүхдүүдээ өмөөрөөд ийм зүйл болчихлоо гэж хэлээд ******* гэдэг эмэгтэй гэртээ хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 000000236 дугаартай “...С.*******гийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн 8, 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. С.*******гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Д.*******ы “...2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн эхнэр *******гийн хамт сумын төв орж ирээд ойр зуурын ажил амжуулж байгаад үдээс хойш буцаад гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад байж байтал манайд хамаатны ах ирээд манайд цай хоол идэж уугаад, нэг шил архи задлаад ах бид 2 уусан. ах их уугаагүй би бараг ганцаараа уусан. Тэгээд манайд ирсэн хүмүүс яваад манай гэрийнхэн үлдсэн. Эхнэр бид 2 гэртээ байж байгаад гараад манай хонь айлын ногооны хашаа руу орох гээд, бас айлын хоньтой нийлэх гэж байхаар том хүү ыг дуудсан. Хүү ыг гэртээ ирэхээр нь би “хонь малаа харахгүй, голын эрэг дээр тоглоод яваад байна, хонь айлын хоньтой нийллээ, айлын ногооны хашаа руу орлоо” гээд загнасан. Тэгтэл манай эхнэр “сонсоогүй л юм байгаа биз дээ” хүүхэд битгий загнаад бай гэж хэлээд эхнэр бид 2 жоохон маргалдсан. Тэгээд эхнэр бид 2 маргалдаад гэрийн үүдний урд талд зогсож байгаад би эхнэрээ түлхсэн чинь уначихсан. Тэгэхээр нь би орхичхоод гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал эхнэр араас орж ирээд үглээд байхаар нь гэрээсээ гараад машинаа унаад яваад өгсөн. Гэрээсээ гараад гэрийн доод талд байх хотонд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

         2.  Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг бүхэлдээ нотолсон байна.

Прокуророос Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хорин сая/ төгрөгийн торгох ял оногдуулахаар тухайн шүүгдэгчтэй тохиролцож хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг  анхан шатны шүүх шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгож шийтгэжээ

Прокурор эсэргүүцэлдээ ...Шүүх шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын ял оногдуулах саналын хүрээнд хэргийг шийдвэрлэхгүйгээр, прокуророос сонсгосон ялаас хэт доогуур ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн  хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж  хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын агууллагаас харахад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ  гэдэг нь шүүх прокурорын санал болгосон ялын  хэмжээнээс хэтэрч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахгүй, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж болохоор байна.

Анхан шатны шүүх Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирол нөхөн, төлсөн хохирогчийн гомдол, санал, хувийн байдал зэргийг нь харгалзан прокурорын саналын хүрээнд  тухайн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хязгаарын дотор  торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.*******ын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                        Б.НАМХАЙДОРЖ