Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/981

 

Э.Жт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Э.Ж,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Жт холбогдох 2309 00000 0861 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Э-ийн Ж, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... нарын хамт .... дүүргийн ... дүгээр хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Э.Ж нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш, Сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төгссөн гэх D200715797 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллахдаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Э-ийн Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жээс 40.398.600 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Жийн хувьд ноогдох хөрөнгөөс 40.398.600 төгрөгийг албадан гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жт олгогдсон урамшууллын мөнгийг хэлэлцэхгүй орхиж, прокурор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Э.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн D200715797 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Жийн өмгөөлөгч Н.Нарантуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 заалт болох гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар дурдахдаа хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж үзэж шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь шүүхийн тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл болон 7.5 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, конвенцид нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй” гэж заасан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтан ажил мэргэжлээ өөрөө чөлөөтэй сонгох, өөрөөр хэлбэл, өөрийн олж авсан мэдлэг боловсрол, авьяас, ур чадвараа хаана ажиллаж үнэлүүлэхийг өөрөө тодорхойлох, улмаар гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимд нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн байна. Хэдийгээр хуурамч бичиг баримт ашигласан ч гэсэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцсан ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг буюу байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, ажил үйлчилгээг иргэдэд үзүүлж, үйлчилж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 4 удаа хөдөлмөрийг төрөөс үнэлж тэргүүний ажилтнаар хүртэл шалгаран шагнуулж ирсэн бөгөөд шүүгдэгч нь 2007 оноос эхлэн 15 жил өдрийн бүтэн ажлын 12 цагаар тасралтгүй ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллаж хөдөлмөрлөснийхөө төлөө авсан цалин хөлсийг төрөөс буцаад нэхэмжилж байгаа нь төр иргэнийг үнэ төлбөргүй ажиллуулсантай  адил болох юм. Гэтэл шүүгдэгчийн ажилласан хугацааны цалин хөлс нь гэмт хэргээс учирсан гэм хор мөн эсэх талаар тодорхой тайлбарлаагүй, шаардах эрх нь ямар хуулийн ямар заалтаар хэрэгжих боломжтой нь ойлгомжгүй байна. Тодруулбал, уг ажил хөдөлмөр эрхэлснээр гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан Хөдөлмөрийн тухай хуулиар шүүгдэгчийн эрх ашиг хамгаалах үндэслэлтэй байна. Авсан цалинг буцаан гаргуулах нь ажил эрхэлж цалин хөлс авах эрхийг зөрчих тул шүүгдэгчийн 2007 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, салбартаа тэргүүний ажилтнаар шалгарч үр дүнтэй сайн ажиллаж ирсэн, түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг бусдыг хохироосны улмаас төрийн сангаас бусдад төлбөр төлсөн гэх мэт төрд бодит хохирол учруулаагүй, учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах хуулийн шаардлагад нийцэхгүй байдлыг харгалзан хохирол төлбөргүйд тооцож өгнө үү. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

            Шүүгдэгч Э.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүх бүрэлдэхүүн хувийн байдлыг минь харгалзан үзэж миний ажилласан хугацааны цалинг надад үлдээж өгнө үү”  гэв.

            Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.Ж нь хуурамч баримт бичиг ашиглаж, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон учраас төрийн байгууллагаас авч байсан цалин хөлстэй холбоотой асуудлыг нэхэмжлэх нь үндэслэлтэй. Үүнийг прокурорын зүгээс төрд учирсан хохирол гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхэд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн авч байсан цалин хөлсийг түүнээс гаргуулан төрд нөхөн төлүүлэх саналыг тавьсан. Гэтэл анхан шатны шүүх улсын яллагчийн гаргасан саналыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шүүгдэгч Э.Жээс гаргуулах байдлаар шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Э.Жийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.Ж нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төгссөн гэх D200715797 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллахдаа ашигласан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхжаргалын “...Э.Ж багш нь манай цэцэрлэгт ажиллахгүй байгаа. Сүүлд Сонгинохайрхан дүүрэг дээр шалгагдаж эхлэх үед мэдүүлэг өгөх үедээ мэдсэн. Уг хүнтэй холбоотой манай байгууллагад учирсан хохирол байхгүй. ...” /1хх 184-185/,

гэрч Ч.Энх-Амгалангийн “...Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж Дээд боловсрол, Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага Боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. ...манай байгууллагад HMES, ESIS гэсэн үндсэн хоёр программ ашиглагддаг юм. Тухайн HMES, ESIS программд бүх их дээд сургуулиуд төгсөгчидийн мэдээллийг оруулдаг ба түүнийг Боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш оюутан сургууль, сурагчидын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчидын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирлага мэдээллийн систем гэдэг нь HMES программ буюу их дээд сургууль төгсөгчидийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй дугаар давхацсан гэх зөрчилүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэн хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй, 1 хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга тэмдэг гарын үсэг дипломын дугаар мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил, өөр хүний овог нэр регситрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчилүүдийг ойлгож байгаа юм./ Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоосон дипломыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан бүртгэлгүй дипломын дугаар ашигласан Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчидийн дипломд алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон, /өөр сургуулийн дипломын дугаар, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан/ Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтандаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрсийг гаргаж явуулсан. Дипломтой багш багшлах ёстой. Улсын хэмжээний цэцэрлэг сургуулийн багш удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчидийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг илрүүлсэн. ...” /1хх 149-151/,

гэрч Я.Номинцэцэгийн “...Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш удирдах ажилтны боловсролын баримт бичиг диплом мэдээллийн сангийн ESIS программ бүртгэл, PDF файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд 1-т Боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давтагдсан овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдэгийг скайнардсан зөрчил нь 458 боловсролын баримт диплом илэрсэн. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь 145 боловсролын баримт бичиг диплом илэрсэн. Их дээд сургуультай холбоотой алдаатай бичилт хийгдсэн төгсөгчдийн дугаарыг давхардуулсан дээд боловсролын мэдээнд байхгүй, төгсөлт хийсэн архивын бүртгэлийг өгөөгүй 13 зөрчил илэрсэн. Боловсролын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой дугаар давхардуулж олгосон архивын бүртгэл бүрэн хангаагүй боловсролын мэдээллийн системд алдаатай оруулсан 1 зөрчил, өмнөх шатны боловсролын зөрчилтэй 108 зөрчил илэрсэн, нийт 725 зөрчил тус тус илэрээд байна. Үүнээс эхний 2 ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзсэн байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш удирдах ажилтны илэрүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илт мэдэгдэхүйц засварласан тамга тэмдэг гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн бүртгэлийн дугаар давхардсан хавсралтын бүртгэл дутуу дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн нэг зөрчил байсан. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын их сургууль, Боловсролын их сургуулийн диплом байсан. ...” /1хх 115-117/,

гэрч А.Танан-Эрдэнийн “...миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ESIS систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /PDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн pdf өргөтгөлтэй файл юм. ...ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм. Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...” /1хх 163-165/,

гэрч Б.Доржхуягийн “...Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Үүнийг бол дэлгэрэнгүй дүгнэлт гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байгаа. Дээрх системийг мөн цахим бодлого, статистикийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд тайлбарлах боломжтой. Дээрх системтэй холбоотой асуултыг мөн цахим бодлого, статистикийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд тайлбарлах боломжтой гэхдээ шалгалтын явцад анх системийн мэдээллийн дата баазыг бий болгохын тулд яамнаас гэрээт ажилчдыг хөлсөөр ажиллуулсан ба тэдгээр ажилтнууд дундаас системд дур мэдэн баталгаажуулалт хийсэн тохиолдол гарсан. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зерчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Тайландаа дэлгэрэнгүй тодорхой тусгасан байгаа. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эхний ээлжинд 2000-2022 оныг хүртэлх хугацаанд олгогдсон дипломыг бүгдийг нь хамруулж шалгалтын үйл ажиллагааг явуулсан гэхдээ энэ хугацаанд дипломын хуулбарыг боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсээс ирүүлэхэд 10.000 орчим багш одоогоор дипломын хуулбараа ирүүлээгүй бөгөөд үүнийг нөхөж авах үйл ажиллагаа явагдаж байгаа. Хэрвээ дээрх 10.000 хүн нөхөж илрүүлээд түүнээс зөрчил илэрвэл цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Ерөнхийдөө он, цагийн хувьд диплом авсан багш нарын дунд бол харилцан адилгүй байгаа гэхдээ үүнийг бол одоо дараагийн шалгалтаар 2000 оноос өмнөх онуудад диплом авсан төгсөгчдийг шалгах үйл ажиллагааг хийнэ. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм. ...” /1хх 144-146/,

гэрч Д.Должинсүрэнгийн “...Би бүрэн дунд боловсролоо Төв аймгийн Баянчандмань сумын 10 жилийн сургуулийг 2002 онд төгссөн. 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуульд элсэн орж суралцаад 2007 онд төгссөн. 2018 онд МУБИС-ын сургуулийн өмнөх боловсролын магистрын сургуульд 2.5 жилээр элсэн суралцаж тус тус төгссөн. Би D200715797 дугаартай дипломыг 2007 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн өмнөх боловсролын сургуулийг арга зүйч багш мэргэжлээр суралцаж төгсөж авсан. Манай ангийн багшаар Англи, Орос хэлний багш Ц.Цэцэгмаа байсан. Төгсөхдөө ангийн ажил, дипломын ажил, улсын шалгалт өгсөн. Төгссөн ангийн монтаж байгаа. Би энэ хүний талаар огт мэдэхгүй. Намайг тус сургуульд суралцах хугацаанд манай ангид ийм нэртэй хүн суралцаж байгаагүй. ...” /1хх 180-181/,

гэрч Д.Оюунтуяагийн “...Би Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгт 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн ба одоог хүртэл ажиллаж байгаа юм. Э.Ж нь 2007 оны 11 дүгээр сараас эхлэн манай цэцэрлэгт бүлгийн багшийн ажил хийж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, одоо 55 дугаар цэцэрлэгт ажилдаггүй. Э.Ж нь манай цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа нийт 90.506.868 төгрөгийн цалинг гap дээр авсан бөгөөд 2007 онд 1, 2008 онд 4, 2009 онд 4, 2010 онд 4, 2011 онд 4, 2012 онд 4, 2013 онд 4, 2014 онд 4, 2015 онд 4, 2016 онд 4, 2017 онд 4, 2018 онд 4, 2019 онд 4, 2020 онд 4, 2021 онд 4, 2022 онд 3, нийт 60 удаа 12.581.934.3 төгрөгийн үр дүнгийн урамшуулал авч байсан. Өөрөөр шагнал урамшуулал авч байгаагүй юм. Тэтгэмж аваагүй, тэтгэмж тэтгэврийн асуудлыг тэтгэвэрт гарсны дараагаар хөдөлмөрийн хуулинд заасны дагуу 36 сартай тэнцэх тэтгэмж бодогддог бөгөөд Э.Ж нь ажиллаж байх хугацаандаа нийт авах цалингаас нийгмийн даатгалын шимтгэлд нийт 12.586.289 төгрөг, хүн амын орлогын албан татварт 10.297.873 төгрөг, СӨБ-н үйлвэрчний эвлэлийн хороонд 1.029.787 төгрөг, нийт 23.913.949 төгрөгийг суутгуулж төрийн албанд ажиллаж байсан байна. Уг тоо баримт мэдээллийг төрийн албаны цалингийн нэгдсэн системээс гаргаж авсан. ...” /1хх 226/,

шүүгдэгч Э.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...манай талийгаач ах Э.Нямдорж надад 2007 онд авчирч өгсөн бөгөөд хэнээс хэдэн төгрөгөөр яаж худалдан авсан талаар мэдэхгүй. Тэр тухайгаа хэлээгүй. Би сургуулийг нь төгсөөгүй байж тухайн дипломыг авч ашиглаж байсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Би өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 16-17/ гэсэн мэдүүлгүүд,

Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны 3/1208 дугаартай “МУБИС-д суралцаж төгсөөгүй 164 иргэний мэдээлэлд шүүгдэгч Э.Жийн нэр уг жагсаалтын 56 дугаарт бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг, түүний хавсралт /1хх 78-92/,

Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай “Ээвчиг овогтой Жийг багшаар түр томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 237 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтанд зааснаар ТҮБД-5-2 ангилалаар 180.449 төгрөг” гэх тушаал /1хх 191/,

Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 3/508 дугаартай “Ээвчигийн Ж /ПЭ70021501/-нь Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгссөн тухай мэдээлэл олдоогүй” гэх албан бичиг /1хх 196/,

хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх 231-236/, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай эрхлэгчийн тушаал /1хх 237/, шүүгдэгч Э.Жийн цалингийн картын дансны хуулга /2хх 2-15/, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт Хяналт-Шинжилгээ хийсэн тухай танилцуулга /1хх 40-76/, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 208/, Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгийн цалин олгох болон мөнгөн урамшуулал олгох тушаал /1хх 16-85, 2хх 86/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Жийг “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Жийн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төгссөн гэх D200715797 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллахдаа ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Э.Жийн өмгөөлөгч Н.Нарантуяа “...ажил хөдөлмөр эрхэлснээр гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан Хөдөлмөрийн тухай хуулиар шүүгдэгчийн эрх ашиг хамгаалах үндэслэлтэй байна. Авсан цалинг буцаан гаргуулах нь ажил эрхэлж цалин хөлс авах эрхийг зөрчих тул шүүгдэгчийн 2007 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, салбартаа тэргүүний ажилтнаар шалгарч үр дүнтэй сайн ажиллаж ирсэн, түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг бусдыг хохироосны улмаас төрийн сангаас бусдад төлбөр төлсөн гэх мэт төрд бодит хохирол учруулаагүй, учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах хуулийн шаардлагад нийцэхгүй байдлыг харгалзан хохирол төлбөргүйд тооцож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой бөгөөд ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үздэг.

Шүүгдэгч Э.Ж нь D200715797 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж өөрөө хүсч дээрх хуурамч баримт бичгийг 15 жилийн хугацаанд ашиглан төрөөс 90.506.868 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд түүний ажил хөдөлмөр эрхэлсэн нөхцөл байдлыг харгалзан ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон /40.398.600 төгрөг/ цалин хөлсийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жээс 40.398.600 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гаргуулж улсын орлогод оруулсан атлаа давхардуулан гэм хорын хохирлыг гаргуулсан байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул дээрх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Жийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Э.Жийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ