2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01527

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 191/ШШ2025/0152...

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, ... тоотод оршин суух, ... овогт Сэ Бям /РД:....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, Цагдаагийн гудамж, ... байр, ... тоотод оршин суух, ... овогт Цо Зу /РД:.../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт ...,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Бя

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Бя нь хариуцагч Ц.Зд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Ц.Зтай 2022 оны 6 дугаар сард харилцан тохиролцож түүнээс 6,600,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг худалдан авсан.

Барилгын материал худалдан авсан төлбөрийг төлөөгүй байсан тул нэхэмжлэгч С.Бя нь эхнэр Б.Аын зөвшөөрлийн үндсэн дээр түүний өмчлөлийн 2006 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгийн ... УБЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг 13,200,000 төгрөгөөр тооцож, хариуцагч Ц.Зд худалдахаар болж, үүнээс төлөгдөөгүй байсан барилгын материалын төлбөр болох 6,600,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл ...,000,000 төгрөг дээр 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-г бичгээр байгуулсан.

Тодруулбал, Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдах анхны үнэ 13,200,000 төгрөг байсан боловч хариуцагч Ц.Згийн зөвшөөрлөөр өмнөх барилгын материалыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийг хасч тооцоод уг гэрээг дуусгавар болгоод, харин үлдэгдэл ...,000,000 төгрөгт тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээг байгуулахаар талууд харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийн гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг байсан тээврийн хэрэгслийг хариуцагч Ц.Зд худалдан борлуулахдаа өөрийн өмнөх барилгын материал авсан өр төлбөрийг хасч тооцуулснаар бусдад төлөх өр төлбөргүй болсон тул өмнөх ажил хэргийн харилцаандаа түшиглэн хариуцагчийг таньдаг тул түүнд итгэж, өөрийн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээнд анхны үнэ 13,200,000 төгрөгийг бичихгүйгээр, хариуцагчаас авах байсан үлдэгдэл төлбөр ...,000,000 төгрөгийг тусгасан болно.

Уг гэрээгээр .... арлын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгийн ... УБЭ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг ...,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед Ц.З нь тээврийн хэрэгслийн үнэ болох ...,000,000 төгрөгийг өнөөдөртөө төлнө гэж хэлсэн байдаг. С.Бя нь Ц.Зтай ажил хэргийн холбоотой, бие биенийгээ танидаг учир түүний үгэнд итгэж худалдах худалдан авах гэрээнд төлбөрийг 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдөр төлж дууссан гэж бичүүлсэн.

Гэрээ байгуулсан өдрөө тээврийн хэрэгслийг Ц.Згийн нэр дээр шилжүүлсэн боловч Ц.З нь өнөөдрийг хүртэл ...,000,000 төгрөгөө төлөөгүй байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд харилцан тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн.

Тээврийн хэрэгслийг хариуцагчид худалдан борлуулахыг эхнэр Б.А нь дэмжиж зөвшөөрсөн бөгөөд ийнхүү гэрээ байгуулагдаж, Б.Аын өмчлөлийн тээврийн хэрэгслийг 2022 оны ... дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Ц.Згийн нэр дээр шилжүүлсэн.

Миний эхнэр Б.А нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрт ...харин С.Бя нь Ц.Зтай байгуулсан эрх зүйн харилцааны үндсэн дээр үүссэн үр дагавар, тэдгээрийн үндэслэл, шаардлагыг үнэн, бодитойгоор тодорхойлсны үндсэн дээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй юм... гэснийг үндэслэн С.Бя би өөрөө нэхэмжлэл гаргасан гэв.

 

2.Хариуцагч Ц.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.З нь 2022 оны 6 дугаар сард иргэн С.Бятой барилгын материалын наймаа хийсэн нь үнэн. Нэхэмжлэгч С.Бя тухайн үед 10 минутын дараа мөнгөө шилжүүлнэ гээд шилжүүлээгүй 2022 оны ... дүгээр сар хүргэсэн.

6,600,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, цаас, панер гэх мэт зүйлс байсан. Энэ асуудлыг Ц.З төлбөрөө төлнө үү гэсэн байдлаар мессеж, утсаар ярих байдлаар мөнгөө нэхэмжилсэн. С.Бя ... УБЭ Портер маркийн тээврийн хэрэгслийг өрөндөө өгье гэдэг асуудлыг ярьсан.

Тухайн үед буюу 2022 оны ... дүгээр сарын 06-ны өдөр Ц.З машиныг чинь авъя гэж хэлсэн. Төлбөрөө төлөхгүй алга болсон учраас цаашдаа бүр мөсөн алга болчих вий гэж айгаад машиныг нь авъя гэдгээ хэлсэн. Түүнээс 5 хоногийн дараа С.Бя нь тээврийн хэрэгслийг Ц.Зд үзүүлэх үед тээврийн хэрэгсэл нь өгсөн мөнгөнд дүйцэхээргүй хэмжээний хуучин, эвдэрхий, өнгө зүс муутай машин байсан. 2006 оны өнгө, зүс аягүй муутай асалт муу байсан.

Талууд тохиролцоод ...,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг өгөхөөр гэрээгээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, бараа материалын үнэ 6,600,000 төгрөг, ... дүгээр сар хүртэлх хүү, хохирлын мөнгө нийт ...,000,000 төгрөгөөр тооцож, автомашиныг үнэлээд Ц.З өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

С.Бя нь миний тээврийн хэрэгсэл гэж байсан боловч тэр тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Амаржаргал гэх хүн байсан учир лавлаж асуухад С.Бя зүгээр гэж байсан.

Ингээд талууд 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдөр нотариат орж гэрээ байгуулсан.

Тээврийн хэрэгслийн үнийг 13,000,000 төгрөг гэж тохирсон, үлдэгдлийг нь гараад өгнө гэсэн учраас гэрээн дээрээ бичээгүй, Ц.З нь тээврийн хэрэгслийн үнийг 13,500,000 төгрөг гэж зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно гэх нэхэмжлэгчийн тайлбар нь ор үндэсгүй, худал юм.

Хэрвээ 13,000,000 төгрөгөөр авах байсан бол Ц.Зд автомашиныг авах шаардлагагүй үүсээгүй байсан. Бараа материалаа өгөөд мөнгө ч байхгүй алдчих гээд байсан учраас тээврийн хэрэгслээ аваад ир, наймаа хийе гэж хэлсэн. Уг тээврийн хэрэгслийн үнэ бодит байдалд ...,000,000 төгрөг хүрэхээргүй байсан учир цааш нь 4,...00,000 төгрөгөөр зарсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Худалдах худалдан авах гэрээ /хх-5/, Тээврийн хэрэгслэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/1......56 дугаар захирамж /хх-...-8/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01913 дугаар шийдвэр /хх-9-13/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 2...-ны өдрийн 181/ШЗ2024/1......0 дугаар захирамж, 2024 оны ... дугаар сарын 30-ны 181/ШЗ2024/14485 дугаар захирамж /хх-14-22/

 

4.Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-60-6.../,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас .... арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгийн, ... УБЭ улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн хувийн хэргээс 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Б.Аыг төлөөлж С.Бя, Ц.З нарын хооронд байгуулагдсан Бүртгэлийн 20... дугаартай, Худалдах худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-г, уг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт /хх-95-100/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Бя нь хариуцагч Ц.Зд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт ...,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Би Ц.Згаас харилцан тохиролцож 6,600,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг худалдан авсан боловч төлбөрийг төлөөгүй учир өөрийн эхнэр Б.Аын зөвшөөрлийн үндсэн дээр түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг 13,200,000 төгрөгөөр тооцож, хариуцагч Ц.Зд худалдсан.

Ингэхдээ төлөгдөөгүй байсан барилгын материалын төлбөр болох 6,600,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл ...,000,000 төгрөг дээр 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-г бичгээр байгуулсан.

Ажил хэргийн харилцаандаа түшиглэн хариуцагчийг таньдаг тул түүнд итгэж, өөрийн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээнд анхны үнэ 13,200,000 төгрөгийг бичүүлээгүй. Мөн ...,000,000 төгрөгийг өнөөдөртөө төлнө гэж хэлсэн учир итгэж төлбөрийг төлж дууссан гэж гэрээнд тусгасан. гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, Ц.З нь 2022 оны 6 дугаар сард иргэн С.Бятой 6,600,000 төгрөгийн барилгын материалын наймаа хийсэн нь үнэн. Нэхэмжлэгч С.Бя тухайн үед 10 минутын дараа мөнгөө шилжүүлнэ гээд шилжүүлээгүй 2022 оны ... дүгээр сар хүргэсэн.

Улмаар бараа материалын үнийг шаардахад тээврийн хэрэгслийг өрөндөө өгье гэж хэлсэн. Тээврийн хэрэгсэл нь хуучин, эвдэрхий, өнгө зүс муутай ...,000,000 төгрөгийн үнэд хүрэхгүй байсан боловч нэхэмжлэгчийг төлбөрөө төлөхгүй алга болсон, цаашдаа бүр мөсөн алга болох байх гэж айгаад тээврийн хэрэгсэл авах шаардлага үүсээгүй ч ...,000,000 төгрөгөөр авахаар болсон.

Ингэхдээ бараа материалын үнэ 6,600,000 төгрөг, ... дүгээр сар хүртэлх хүү, хохирлын мөнгө нийт ...,000,000 төгрөгөөр тооцож, автомашиныг үнэлээд Ц.З өөрийн нэр дээр шилжүүлэн авч, төлбөрийг бүрэн төлсөн гэж гэрээнд тусгасан. С.Бя нь миний тээврийн хэрэгсэл гэсэн боловч өмчлөгч нь С.Амаржаргал гэх хүн байсан учир лавлаж асуухад С.Бя зүгээр гэж байсан.

Уг тээврийн хэрэгслийн үнэ бодит байдалд ...,000,000 төгрөг хүрэхээргүй байсан учир цааш нь 4,...00,000 төгрөгөөр зарсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж татгалзсан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

4.1 2022 оны 6 дугаар сард С.Бя нь өөрийн компанийн үйл ажиллагаанд зориулан барилгын материалын худалдаа эрхэлдэг Ц.Згаас амаар тохиролцон 6,600,000 төгрөгийн барилгын бараа, материалыг худалдан авсан байна.

 

4.2 Гэвч С.Бя нь барилгын бараа, материалын үнэ 6,600,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй учир барилгын материал худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Б.Аыг төлөөлөн С.Бя болон Ц.З нарын хооронд тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

Гэрээгээр худалдагч нь ... УБЭ улсын дугаартай, .... арлын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох ...,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон байна.

 

5. Талууд дээрх үйл баримт, тээврийн хэрэгслийг Ц.Згийн өмчлөлд шилжүүлсэн талаар маргаагүй боловч худалдах худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үнийг төлөх эсэх, тээврийн хэрэгслийг худалдан авснаар үүрэг дуусгавар болсон эсэх талаар маргасан.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Ц.Згаас худалдан авсан 6,600,000 төгрөгийн бараа, материалын төлбөрт 13,500,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл санал болгож, үнийг 13,200,000 төгрөг болгон бууруулсныг хариуцагч зөвшөөрсөн, иймд тээврийн хэрэгслийн үнийн зөрүү ...,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэснийг хариуцагч эс зөвшөөрч С.Бя нь 6,600,000 төгрөгийн бараа, материалын төлбөрт тооцон тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, талуудын хоорондын төлбөр тооцоо дуусгавар болсон гэж татгалзан маргаж байна.

 

6. Тээврийн хэрэгслийг худалдан худалдан авах гэрээний тал болох Б.А нь Ц.Згаас тээврийн хэрэгслийн үнэ ...,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01913 дугаар шийдвэрээр тэдгээрийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа бодитоор үүсээгүй, Б.А нь Ц.Згаас гэрээний үүрэг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэн нэхэмжлэгч С.Бя нь шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан.

 

.... Талууд бараа материал худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн оронд тээврийн хэрэгслийг шилжүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болсон эсэх, тээврийн хэрэгслийн үнийн зөрүүнд худалдах худалдан авах гэрээ байгуулсан эсэх талаар маргаж байгаа тохиолдолд хэрэгт авагдсан бичгийн баримт болох шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн харилцан ярианы агуулга хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. /хх 49-5.../

 

Үзлэг хийсэн тэмдэглэлд ...Sengee byambadorj: 13.5 гсн 2008 2018 онтой. Ц.З: авяаа авий, хөдлөөд явдаг юм бгаа биздээ наадах чинь..., Sengee byambadorj: Асуудалгүй юм бнлээ асаагаад явж үзсэн. Ц.З: Таалагдсан /тэмдэг/, ... Sengee byambadorj: Өнөөдөр төв аймаг орчоод 1 дэх өдөр ирнэ гэнэ тэгээд намайг авбал өгье гэнэ чи бодож үзээд хариугаа хэлчихүү, Ц.З: Юуг нь бодох вэ дээ авъя л гэж бнашдээ, Sengee byambadorj: Чам руу би өөрлүүгээ би чам руу шилжүүлье зөрүүг нь хоёулаа яаж тохирох вэ..., ...13.2д бодъё гэнэ 13.2-6.6= 6.6, Ц.З: Таалагдсан /тэмдэг/... гэснээс үзвэл тээврийн хэрэгслийг шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж, тээврийн хэрэгслийн үнийг 13,200,000 төгрөгөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үнэ зөв гэж үзэхээр байна.

 

8. Талуудын тохиролцоонд өмнөх үүргийг өөр үүргээр солиход эрх зүйн үр дагавар өөрчлөгдөх ба талууд тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний зүйл, худалдагч, худалдан авагчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг солигдож шинэ гэрээний харилцаа буюу худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, С.Бя, Ц.З нарын хооронд тээврийн хэрэгслийг худалдан худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан.

 

9. Хууль болон гэрээнд зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, биет байдлын доголдлын улмаас хөрөнгийн үнэлгээ ...,000,000 төгрөг хүрэхгүй байсны гадна гэрээний 3.3-д зааснаар төлбөр бүрэн төлөгдсөн гэх үндэслэлээр хариуцагч татгалзаж байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл гэрч Ж.Ван нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг ...,000,000 төгрөгт тооцож авсан, С.Бя нь Ц.Зд 6,600,000 төгрөгийн өртэй байсан ч хүү тооцогдож ...,000,000 төгрөгөөр тохирсон, асаад доголдолтой, цэнхэр утаа хаясан машин байсан гэж хариуцагчийн байр суурийг дэмжиж мэдүүлэг өгсөн боловч уг гэрч нь хариуцагч нөхөр гэсэн учир түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхгүй.

 

Хариуцагч тээврийн хэрэгслийг талууд 13,200,000 төгрөгөөр тохиролцох боломжгүй, хөрөнгө доголдлын улмаас ...,000,000 төгрөгийн үнэлгээнд хүрэхгүй байсан учир бусдад 4,...00,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлан дансны хуулгийг ирүүлсэн боловч хариуцагчаас бусад этгээдтэй хийсэн тохиролцоо тодорхойгүй, гэрээний үнийг бүтэн шилжүүлсэн эсэх нь тогтоогдохгүй, дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч нь 1 хүний өрөнд 8,000,000 төгрөгт тооцож өгсөн байх гэж мэдүүлсэн нь зөрүүтэй байна.

 

Гэрээний 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэх нөхцөл дээрх үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байхаас гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Згаас ...,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бяид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

.... Нэхэмжлэгч С.Бяоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Згаас 126,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бяид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...5 дугаар зүйлийн ...5.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Згаас ...,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бяид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ... дугаар зүйлийн ....1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бяоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Згаас 126,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бяид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...9 дүгээр зүйлийн ...9.2, ...9.4, ...9.... дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ