Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00414

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Энхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Энхтуулын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн газраа барьцаалан зээл авсан бөгөөд зээлдүүлэгч нь надад боломж олголгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн газрыг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 5 500 000 төгрөгт хүрэхгүйгээр газрыг үнэлсэн. Зах зээлийн үнэ судлахад unegui.mn сайт болон зар сонинд хамгийн багадаа газар маань 15 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Хавтаст хэргийн 8 хуудаснаас харахад бохир, цэвэрт холбогдох бүрэн боломжтой, төв зам дагуу гэж үнэлгээ нь дээр дурдсан. Үнэлгээний компани 45 171 000 төгрөгөөр үнэлсэн атлаа 5 500 000 төгрөг гэж байгаад гомдолтой байна. Надад хамгийн багадаа 25 000 000 төгрөгөөр үнэлж, 5 500 000 төгрөгийг хасаад тооцоод өгвөл болж байна. Иймд улсаас ганц удаа олгодог газрыг хүүтэй мөнгөний өрөнд өгөхөөс татгалзаж байна. Зар болон бусад сайтад газрын үнэлгээ багадаа 5 500 000 төгрөгөөс илүү үнэтэй учир үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2144 дүгээр шийдвэрээр Т.Энхтуулаас 5 589 495 төгрөгийг гаргуулж А.Баярпүрэвт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Т.Энхтуулд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул Т.Энхтуулын өмчлөлийн эрхийн улсын Г-2201027377 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 24 дүгээр гудамжны 6 тоот хаягт байрлах газрыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 20290645/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290645/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудад мэдэгдэхэд үнэлгээ харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоолгохоор 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 9/415 дугаар тогтоолоор Сэлэнгэ-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж, 5 442 970 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4-221/33881 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/66 дугаар тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт тус газар зохион байгуулах тухай тогтоол мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр биечлэн төлбөр төлөгч Т.Энхтуулд гардуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрд төлбөр төлөгч Т.Энхтуул нь өөрийн биеэр оролцож байсан мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Иймд хуульд заасан хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Энхтуулын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний өмчлөлийн Г-2201027377 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул, 24 дүгээр гудамж, 6 тоот хаягт байрлах 562 м.кв талбайтай хашаа бүхий газрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчээр томилсон Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь миний өмчлөл, улсаас нэг удаа олгодог газрыг зах зээлийн үнээс хэтэрхий багаар үнэлсэнд гомдолтой байгааг үнэн зөвөөр тогтоолгуулах хүсэлтэй байна. Тус газар нь бохир, цэвэрт холбогдох бүрэн боломжтой төв зам дагуу байрлалтай билээ. Үнэлгээний компани 45 171 000 төгрөгөөр үнэлсэн атлаа 5 500 000 төгрөг гэж байгаа нь шударга биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог гэж заасан. Би хуульд заасан хугацаанд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг үнэн, зөв гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Энхтуул нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2144 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Т.Энхтуул нь 5 500 000 төгрөгийг 3 хувааж, А.Баярпүрэвт төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 20-21р тал/

 

Нэхэмжлэгч Т.Энхтуул нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч А.Баярпүрэвийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 183/ГХ2019/437 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 19-р тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, нэхэмжлэгч Т.Энхтуулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 24-р гудамж, 6 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201027377 дугаарт бүртгэлтэй, 562 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хураасан байна. /хх-ийн 25, 29-34-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч Т.Энхтуул нь өөрийн өмчлөлийн газрыг 40 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 37-39-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 9/415 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилж, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 5 442 970 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч байгууллага нь уг үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн байна. /хх-ийн 47-65-р тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Гэвч нэхэмжлэгч Т.Энхтуул нь үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан атлаа 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 66-р тал/

 

Түүнчлэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шинжээчийн дүгнэлтэд газрыг өртгийн хандлагын аргаар 45 171 000 төгрөгөөр үнэлсэн боловч эцсийн үнэлгээг 5 442 970 төгрөгөөр тогтоосон, мөн тус газар нь төв зам дагуу байрладаг бөгөөд цэвэр, бохирт холбогдох боломжтой байхад зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул газрын үнэлгээг үнэн, зөв тогтоож өгнө үү гэжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй гэж заасан бөгөөд хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь зах зээлийн харьцуулан жиших аргыг сонгож, газрын үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаар, газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, хэргийн 7 дугаар талд авагдсан баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотолсон баримт биш байх бөгөөд газрын байршлын хувьд өөр, өөр байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ