Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/1006

 

Ж.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Ж.Э,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/993 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 02242 0088 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Ж-ын Э, 19... оны ... дугаар сарын ...ний өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Завхан аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Ж.Э нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төв дээр 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хохирогч З.Оийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтсан хойгуур нь түүний эзэмшлийн “Самсунг Эс-2” загварын гар утас болон виза картыг халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картаас 2.000.000 төгрөгийг бэлнээр авч нийт 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овгийн Ж-ын Э-ыг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эад 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Эад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Эын цагдан хоригдсон 14 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Эаас 2.110.000 /хоёр сая нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч 3.Одгэрэлд олгож, шүүгдэгч Ж.Э нь хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүнд оногдуулсан хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1990 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд төрж, арван жилээ Тэс сумандаа дүүргэж, 2002 онд Хилийн цэрэгт хөгжимчин мэргэжлээр 2015 он хүртэл ажиллаж байх хугацаанд ээжийн бие гэнэт муудаж би ажлаасаа нэг жилийн хугацаатай чөлөө авч ээжийгээ асран халамжилж байсан. Миний бие энэ хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байна. Би Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байх хугацаандаа барилгаас унаж нуруундаа бэртэл авч одоогоор нурууны мурийлт гэх эмчийн дүгнэлттэй. Үүнээсээ болоод ажил хөдөлмөр эрхэлж, биеэ эмчлүүлж чадаагүйгээс болж одоогоор миний нуруу маш их өвдөж дээрээс нь элэгний хатуурал, бөөрний дутагдлаас болж турж эцэж маш хүнд нөхцөл байдалтай байна. Би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Нуруу, бөөр өвдөөд байгаа учир эргэлт, уулзалтад гарч чадахгүй байгаа. Иймд миний биеийн байдлыг харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Эын хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогчид хохирлоо нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзаж 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нуруу, бөөр өвддөг талаар мэдүүлж баримт гаргаж өгч байгаагүй. Иймд түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ж.Э нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хохирогч З.Оийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтсан хойгуур нь түүний эзэмшлийн “Самсунг Эс-2” загварын гар утас болон виза картыг халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картаас 2.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч З.Оийн “...Би эхлээд зүс таних Болдбаатар гэх хүний хамтаар “Драгон” төвийн гадна талын АТМ-ээс 50.000 төгрөг авч, 1 шил 0.5 граммын архи авч уусан. Тэгээд дахиад нэг шил 0.75 граммын архи авч уусан. Тухайн үед Э гэх залуу ирсэн байсан бөгөөд би сүүлд архи согтууруулах ундаа авахдаа Эын хамтаар дэлгүүр орсон ба тэр үед би виза картын нууц үгээ худалдагчид хэлэхэд хажууд байж байсан. Тэгээд тэр архийг ууснаас хойш юу болсон талаар санахгүй байна. Сэргээд хартал “Драгон” төвийн ар талд гудамжинд хэвтэж байгаад би орой унтаад өглөө нь сэрсэн байсан. Тэгээд би халаасанд байсан гар утас болон Төрийн банкны картаа үзэхэд байхгүй болсон байсан. Би тухайн виза карт болон гар утсаа хэн нэгэнд өгөөгүй. Тэгэхээр миний карт болон гар утсыг намайг тасарсны дараа хулгайлж авсан гэж бодож байна. ...” /хх 32/,

гэрч Р.Батжаргалын “...Би 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, 28-03 тоотод байрлах танил ах Цогтбаатарын гэрт байж байгаад 15-16 цаг үед гараад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төв дээр очиход танил Эрка гэх залуу 40 гаран насны эрэгтэй хүнтэй хамт архи ууж байсан. Эрка намайг хоёулаа уулзъя гээд уулзахдаа “Найзтайгаа хамт явж байна. Манай найз согтуу явж чадахгүй байна. АТМ-ээс мөнгө авах гэсэн юм, би авч чаддаггүй ээ, аваад өг” гэсний дагуу “Драгон” төвийн 1 дүгээр давхарт байрлах Хаан банкны АТМ дээр Эркатай хамт очиж Хаан банкны виза картаас 2.000.000 төгрөг бэлэн авч өгөхөд Эрка надад бэлэн 500.000 төгрөг өгсөн. ...” /хх 41/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-21/, хохирогч З.Оийн Төрийн банкны тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга /хх 14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 25-28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Эыг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Эын хохирогч З.Оийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтсан хойгуур нь түүний эзэмшлийн “Самсунг Эс-2” загварын гар утас болон виза картыг халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза картаас 2.000.000 төгрөгийг бэлнээр авч нийт 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Эын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Шүүгдэгч Ж.Э “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ж.Э нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Ж.Э нь “...миний нуруу маш их өвдөж дээрээс нь элэгний хатуурал, бөөрний дутагдлаас болж турж эцэж маш хүнд нөхцөл байдалтай байна. ...Нуруу, бөөр өвдөөд байгаа учир эргэлт, уулзалтад гарч чадахгүй байгаа. Иймд миний биеийн байдлыг харгалзаж үзнэ үү. ...” гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/993 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ж.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны энэ өдрийг хүртэл 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/993 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ