Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00415

 

 

 

 

 

 

 

 

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03522 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 15 685 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Г- ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 92 хоногийн хугацаатай 6-15 давхрын барилга угсралтын мужааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 1 давхрын ажил гүйцэтгэхэд 19 260 000 төгрөг авах байснаас 8 000 000 төгрөгийг өөрийн компанийн дансаар хүлээн авч тухайн давхрын ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн хийж гүйцэтгэж хоёр талаас ажил хүлээлцэж авсан. Мөн түүнчлэн таван давхрын хэв хуулалтын ажлыг 800 000 төгрөгөөр тохирч хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлыг хийж дууссанаас хойш үлдэгдэл 12 060 000 төгрөг өгөх ёстой байгаа боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд Г- ХХК-иас 12 060 000 төгрөг, гэрээний дагуу алданги 3 625 720 төгрөг, нийт 15 685 720 төгрөг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г- ХХК-иас 11 880 580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 805 140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- ХХК-иас 205 039 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч талыг оролцуулахгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байдаг. Г- ХХК-нь Ө.О-т итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан бөгөөд тухайн өдөр өмгөөлөгч гэнэт төрөхөөр өвдөж эмнэлэгт хэвтсэн. Энэ талаар шүүгчийн туслахтай утсаар ярьж шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч үүнийг шийдвэрлэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талыг оролцуулан шүүх хуралдааныг хийсэн байдаг. Манай компани нь С- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Мөн нэхэмжилж байгаа мөнгө нь үндэслэлгүй харин ч манай компанид маш их хохирол учруулсан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 38 дүгаар зүйлийн 38.3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаан эхлэх хүртэл оролцогчид нотлох баримт гаргах, цуглуулах эрхтэй байдаг. Манайх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг хурлын өмнө гаргахаар бэлдсэн байсан бөгөөд энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн. Нэгэнт хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байхад хүлээж авахгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд, мөн шүүхийн шийдвэрт Ө.О- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгчийн туслахад гэнэт өвдөж төрөх гэж байгаа талаараа хэлж шүүхэд холбогдох нотлох баримтыг явуулах талаар хэлж мэдэгдсээр байтал шүүх хуралдааныг хойшлуулахгүй оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчин шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан 6-р давхрын мужааны ажлын хөлс 11 260 000 төгрөг, 5-р давхрын хэв хуулалтын ажлын хөлс 800 000 төгрөг, алданги 3 625 720 төгрөг, нийт 15 685 720 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 150 айлын Амар амгалан 2-1 барилгын угсралтын мужааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С- ХХК нь Амар амгалан 2-1 150 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 6-15 давхар болон техникийн давхрын мужааны ажлыг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч Г- ХХК нь ажлыг хүлээн авч, 198 240 000 төгрөгийн ажлын хөлсийг бүрэн барагдуулахаар тохиролцон, нэхэмжлэгч С- ХХК нь 6-р давхрын мужааны ажлыг хийж хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, талуудын байгуулсан гэрээ, гэрч У.Баярмагнайгийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 3-6, 44-47-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн, ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч Г- ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч С- ХХК-д төлөх үүрэгтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.1-т захиалагч нь барилгын батлагдсан зураг, төсөв болон бусад зайлшгүй шаардлагатай баримт бичиг, тоног төхөөрөмж, материал эд зүйлийг хугацаанд нь гүйцэтгэгчид шилжүүлэн өгнө гэж заасан бөгөөд хариуцагч Г- ХХК нь материалыг хугацаанд нь нийлүүлээгүйгээс талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан үйл баримтад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

 

Хэргийн 6 дугаар талд авагдсан гэрээний хавсралтаас үзвэл, 6-р давхрын ажлын хөлс 19 260 000 төгрөг байх бөгөөд хариуцагч Г- ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд 8 000 000 төгрөг төлсөн болох нь Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна. /хх-ийн 15-р тал/. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад асгарсан бетон цэвэрлэх ажлын хөлсийг 2 000 000 төгрөгөөр тооцон, нэхэмжлэлийн шаардлагаас хасах боломжтой талаар тайлбарлажээ. /хх-ийн 69-р тал/

 

Иймд анхан шатны шүүх дээрх 19 260 000 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 8 000 000 төгрөг, цэвэрлэгээний ажлын хөлс 2 000 000 төгрөгийг тус тус хасч, талуудын байгуулсан гэрээний 6.4-т заасныг үндэслэн 2 620 580 төгрөгийн алданги тооцон, хариуцагч Г- ХХК-иас нийт 11 880 580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 805 140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Хэв хуулалтын ажлын хөлсөнд 800 000 төгрөг гаргуулах тухай шаардлагад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо манай компани нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг бэлдсэн байсан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн, тухайн өдөр манай өмгөөлөгч эмнэлэгт хэвтэж, шүүх хуралдааныг хойшлуулах талаар шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгчид гардуулсан байна. /хх-ийн 21, 24-р тал/

 

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулж, зохигчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 039 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ