2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01885

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         03          10

                       191/ШШ2025/01885

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, ....... тоотод оршин суух, И******* овогт Э*******ын Т******* /рд:*******/-ын нэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, И******* овогт Ө*******ын С******* /рд:*******/-д холбогдох, 

 

Гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Э.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.С******* (цаашид Хариуцагч тал гэх) нь Э.Т*******тай (цаашид Нэхэмжлэгч тал гэх) 2024 оны 03 сарын 29-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулан гаалийн мэдүүлэг бүхий Tesla Model S маркийн автомашиныг өөрийн үеэл дүү болох Б.Н*******д () зориулан худалдан авсан.

Гэрээний төлбөрөөс нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 25,000,000 (хорин таван сая) төгрөг дутуу байгаа бөгөөд Хариуцагч этгээд болон худалдсан автомашиныг эзэмшиж эхэлсэн дүү болох Б.Н******* энэ талаар өөрийн гараар баталгаа бичиж хуваан төлөх нөхцөлөөр 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр төлбөрийн хуваарь гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл тус төлбөр барагдаагүй маш их хэмжээний эдийн засгийн хохирлыг Нэхэмжлэгч талд үзүүлж байна.

Иймд 2024 оны 03 сарын 29-ний өдрийн №414 тоот нотариатын гэрчилсэн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний

үлдэгдэл төлбөр болох 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг Хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа тул хохирол барагдуулж хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

 

1.1.        Хариуцагчийг оролцуулахгүй хэргийг шийдье. Би хариуцагчид машин зарсан. 81,5 саяар зарсан. Дүү нь унана гэж хэлсэн. ББСБ дээр гэрээ хийсэн. Үнийн дүнг 150 сая гэж хийж байж 41 саяыг авах юм гэсэн. Үүний дараа 41,5 саяыг төлсөн. 4 сарын дотор үлдэх төлбөрийг төлнө гэсэн. Барьцаа болгож 10 саяын газар барьцаална гэсэн. Итгэл даах хүмүүс байсан тул итгэсэн. 7 сард дүү нь ирж уулзаад газраа 20 саяд үнэлж авахыг хүсэхэд би зөвшөөрсөн. Газрыг шилжүүлж авсан. Үлдэх төлбөрөө төлөөгүй. Утсаа авахаа больсон. Иймд 25 сая төгрөг авахаар нэхэмжилж байгаа юм. Үлдэх төлбөр нь 20 сая боловч 25 сая төгрөг өгнө гэж дүү н******* нь бичиж өгсөн юм. С******* надтай утсаар яриад 5 саяыг хүүд өгнө дүү очиж уулзана гэсэн юм. Тэгээд Н******* дүү нь ирж бичиж өгсөн гэв.

 

2.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Худалдах худалдан авах гэрээ /ХХ5/, баталгаа гэх гараар бичсэн баримт /ХХ7/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /ХХ8/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Э.Т******* нь гэрээний үүрэгт нийт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Ө.С******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. /ХХ24/

Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.6-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа шүүхэд мэдэгдсэн буюу иргэний үнэмлэхийн лавлагаанд дурдсан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, ......тоот хаягаар шуудангаар хүргүүлэхэд “ээж Ө*******” гэж хүлээн авсан байна. Мөн шүүхэд мэдэгдсэн 9991- дугаарын утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдсэн. /ХХ24, 23, 38, 39, 40/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар  нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

 

4.            Зохигч 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 185,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /ХХ5/

Нэхэмжлэгч нь бодит байдалд автомашиныг 81,500,000 төгрөгөөр худалдаж, 41,500,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 20,000,000 төгрөгт тооцож газрын эрх авсан талаар тайлбарлаж байна.

Үүнээс үзэхэд гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 20,000,000 төгрөг юм.

4.1.        Нэхэмжлэгч нь хариуцагчийн дүү гэх Б.Н******* нь 25,000,000 төгрөг төлөх талаар гараар баримт үйлдсэн, түүнчлэн хариуцагч нь зөрүү болох 5,000,000 төгрөг нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй хүү хэмээн утсаар мэдэгдсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна. /ХХ7/

Хэрэгт байгаа гараар бичсэн баримтыг хариуцагч үйлдээгүй, түүнчлэн уг баримтыг үйлдсэн Б.Н******* нь хариуцагчтай хамааралтай эсэх, цаашлаад уг баримтыг тэрээр үйлдсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.

Цаашлаад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний дагуу хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь анз болон хохирол шаардаагүйг дурдав.

 

5.            Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ө.С*******ээс 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.ГАНБОЛД