| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2025/00278/И |
| Дугаар | 191/ШШ2025/01954 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01954
| 2025 03 12 | 191/ШШ2025/01954 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, ...... тоот хаягт оршин байрлах, “М*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ..... тоот хаягт оршин суух, Х******* овогт Т*******ийн А******* /рд:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 10,500,000 төгрөг, зогсоолын төлбөр 330,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, үнэлгээний хөлс 150,000 төгрөг, татвар, торгууль 194,613 төгрөг, нийт 85,374,613 төгрөг төлөх үүрэг үүснээс фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулсан 45,000,000 төгрөгийг хасаж үлдэх 40,374,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А*******тэй 2024 оны 04 сарын 27-ны өдөр МБЗИ 1-3873 дугаар бүхий “Зээлийн гэрээ” байгуулж, 70,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, Зогсоолын төлбөр хоногт 2000 төгрөг, алданги хоног тутамд 0,5 хувь төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу гэрээ байгуулсан.
Талууд “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцон, баталсан боловч зээлдэгч Т.А******* нь үндсэн зээлээс төлөлт хийгээгүй бөгөөд 2024 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан.
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээг 146 хоногийн турш зөрчиж, зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 70,000,000 төгрөг, 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 27, 08 дугаар сарын 27, 09 дүгээр сарын 27, 10 дугаар сарын 27 нийт 5 сарын хүү 10,500,000 төгрөг, зогсоолын төлбөр 330,000 /Гурван зуун гучин мянга/, Алданги 4,200,000, Тэнцвэр-эстимэйт ХХК-н үйлчилгээний төлбөр 150,000, УНГ авто машины татвар, торгууль төлсөн 194,613, Нийт 85,374,613 төгрөгийг төлөөгүй байна.
Манай компанийн зүгээс Т.А*******т шаардах хуудас хүргүүлэн үндсэн зээл, хүү, зогсоол, алдангийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж барагдуулах талаар удаа дараа хандан, зохих шаардлага тавьж байсан. Т.А******* нь ******* зээлээ төлөх гэж байна түр хүлээгээч, хоног хугацаа хойшлуулаад өгөөч гэж ярьдаг боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй манай компанийг хохироож байна.
Иймд манай компани Зээлийн гэрээний 3.2.6, 4.2.2-т заасны дагуу Зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх аргаар хөрөнгө үнэлгээний Тэнцвэр-эстимэйт ХХК-н 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтээр тус барьцаа хөрөнгийг 45.000.000 сая төгрөгөөр худалдан борлуулж холбогдох төлбөрийг Зээлийн гэрээний 3.2.1-н дагуу суутгав.
Т.А*******ээс 2024 оны 04 сарын 27-ны өдөр МБЗИ 1-3873 дугаар бүхий “Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 40,374,613 /Дөчин сая гурван зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж “М*******” ХХК-д олгох тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Т.А******* нь шүүхэд, түүний төлөөлөгч З.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “М*******” ХХК-с 2024 оны 04 сарын 27-нд зээл авсан нь үнэн. Гэхдээ тухайн зээлийг барьцаанд тавьсан машинаар төлөгдсөн тул би тухайн компанид өргүй тул нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1. Хариуцагч нь зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан. Улмаар машин барьцаалсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөхийг шаардаж байсан гэх боловч энэ талаар баримтгүй. Машиныг 45 сая төгрөгөөр борлуулсан гэдэг боловч энэ талаар баримтгүй. Гэтэл хариуцагч нь анх 90 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг. Улмаар барьцаагаар зээлийг төлсөн гэж ойлгож байсан. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн машиныг худалдах талаар хариуцагчид мэдэгдээгүй. А гэдэг хүнд мэдэгдсэн гэдэг. Зээлийг машинаар хангасан. Иймд өр төлбөргүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Худалдсан гэх боловч энэ талаар баримтгүй. Фидуциар үүргийг хангаж байгаа бол хариуцагчид энэ талаар мэдэгдээгүй. Машин хариуцагчийн эзэмшилд байгаагүй гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол 2 ширхэг /ХХ6, 20/, зээлийн гэрээ /ХХ7/, фидуцийн гэрээ /ХХ8/, зээл хүссэн өргөдөл /ХХ12/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ13/, мэдэгдэх хуудас /ХХ14/, хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ15-19/, кассын зарлагын ордер /ХХ21/, татвар төлсөн баримт /ХХ22/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,044,613 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “М*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 10,500,000 төгрөг, зогсоолын төлбөр 330,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, үнэлгээний хөлс 150,000 төгрөг, татвар, торгууль 194,613 төгрөг, нийт 85,374,613 төгрөг төлөх үүрэг үүснээс фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулсан 45,000,000 төгрөгийг хасаж үлдэх 40,374,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Т.А******* нь зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээний зүйлээр гүйцэтгэсэн, ийнхүү автомашиныг бусдад худалдах талаар мэдэгдээгүй, автомашиныг эзэмшиж байгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. Зохигч 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 70,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулжээ. /ХХ7/
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөг олгосон болох нь кассын зарлагын ордероор тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. /ХХ21/
Мөн нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /ХХ5/
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Land Cruiser маркийн УНГ улсын дугаартай автомашин барьцаалсан бөгөөд үүний дагуу мөн өдөр фидуцийн гэрээ байгуулагдсан. /ХХ8/
4.1. Хариуцагчийн төлөөлөгч нь автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд түүний эзэмшилд байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлд автомашиныг үнэлүүлсэн, улмаар бусдад худалдсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ нь мөн хуулийн арван есдүгээр бүлэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаарна. Улмаар нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох автомашиныг бусдад худалдсан гэж тайлбарласан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь автомашиныг нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байлгаж байсан гэх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.
5.1. Нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 6/184 дүгээр албан тоотоос үзэхэд н.Ад зээлийг буцаан төлөх талаар мэдэгдэж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийг хангуулах талаар дурдсан байна. Цаашлаад зээл хүсэх тухай 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн өргөдлөөс үзэхэд нэхэмжлэгчийн охин Б.А гэсэн байх бөгөөд түүнийг 11 дүгээр ангид суралцдаг гэжээ. Үүнээс үзэхэд мэдэгдлийг хүлээн авсан этгээд нь насанд хүрээгүй гэж үзэхээр байх бөгөөд тэрээр зээлийн болон фидуцийн гэрээ оролцогч биш юм. Дээрхийг харьцуулан үзвэл автомашиныг худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах талаар хариуцагчид мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл үнэлүүлсэн, худалдсан гэх үйл баримт нь хариуцагчийн хүсэл зоригоос гадуур, түүнд мэдэгдэлгүй хийгдсэн үйл гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /ХХ14/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагчийн оролцоогүйгээр үнийг тогтоолгох замаар бусдад худалдсан байна.
Харин хариуцагч нь тухайн автомашиныг бусдаас 90,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, түүнчлэн хэдийгээр бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч нэхэмжлэгчээс энэ талаар худалдах худалдан авах гэрээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /ХХ9/
Иймд нэхэмжлэгчийн захиалгаар буюу хариуцагчийн оролцоогүйгээр түүнд мэдэгдэлгүй хийгдсэн үнэлгээний дагуу автомашиныг 45,000,000 төгрөгт тооцож, зээлийн гэрээний үүргээс хасаж тооцох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д зааснаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй. Тайлбарлавал, нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагчид мэдэгдэлгүйгээр автомашиныг бусдад худалдсан гэх тул дээрх үндэслэлээр фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсноор үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүрэг мөн адил дуусгавар болсон гэж үзлээ.
Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 10,500,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй юм.
5.2. Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг бодитоор өөрийн эзэмшилд байлгасан, улмаар захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан үнэлгээ хийлгэжээ. /ХХ15-19/ Гэвч үнэлгээний хөлсөнд 150,000 төгрөг төлсөн гэх тайлбараа санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй. Үүнээс үзэхэд хариуцагчид хамааралгүйгээр бие даан үнэлгээг хийлгэсэн, хөлс төлсөн баримтгүй байх тул тухайн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй.
6. Зээлийн гэрээний 2.4.2-т зааснаар автомашин хадгалалтыг хоногт 2,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон байна. Хадгалалтын төлбөрийг нэхэмжлэгч нь нийт 330,000 төгрөг гэж тооцсон боловч ямар хугацаанд тооцсон нь тодорхойгүй. Гэвч хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд автомашин нь нэхэмжлэгчийн хадгалалтад байсан. Цаашлаад энэ мөнгөн дүн буюу хадгалалтын хугацааны талаар маргахгүй байна. Иймд зогсоолын төлбөр буюу хадгалалтын 330,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, автомашины нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан бөгөөд хадгалсан хугацааны талаар маргаагүй, төлбөрийн талаар гэрээгээр тохиролцжээ.
6.1. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар алданги нь зөвхөн зээлийн мөнгөн хөрөнгөд хамаарч байна. Иймд хадгалалтын төлбөрт алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэхгүй.
7. Нэхэмжлэгч нь автомашины татвар болон торгуульд 194,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус гэрээнд заасан буюу фидуцийн гэрээний зүйл болох автомашин нь нэхэмжлэгчийн хадгалалтад буюу эзэмшилд байсан тул торгууль нь хариуцагчид хамааралгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь автомашины торгууль төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Харин автомашины холбогдох татварт нийт 194,613 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ. /ХХ22/
Зээлийн гэрээг автомашин худалдан авах зорилгоор байгуулсан боловч автомашиныг хариуцагч эзэмшиж, ашиглаагүй, нэхэмжлэгчийн эзэмшилд байсан байх тул татвар нь хариуцагчид хамааралгүй. Тодруулбал, Монгол улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар албан татварыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч төлдөг.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.4, 422 дугаар зүйлийн 422.4.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Т.А*******ээс 330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,044,613 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД