Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2023/0189

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******н дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч *******д холбогдох 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуй газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч ******* би 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Прокурорын газар, хяналтын прокурор *******н гаргасан шийтгэл оногдуулах шийдвэрт өөрчлөлт оруулахаар 156 дугаар бүхий прокурорын дүгнэлт, гомдолтой 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр танилцсан.

Тус дүгнэлтэд Баянхонгор аймгийн Рашаант 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* fast food түргэн хоолны газар нь хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, үйлчилсэн... гэх зөрчлийн талаарх бүртгэлийн 02/54 дугаартай гомдол мэдээллийг шалгаж холбогдогч *******д 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгахад хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, үйлчилсэн болох нь тогтоогдсон байна.

Гэвч шийтгэлийн хуудасны 5 дахь хэсэгт хураан авсан эд зүйлийн шийдвэрлэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг заалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана. гэж заасны дагуу бичиж тусгаагүй, шийтгэл оногдуулсан хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэж бичих атал Зөрчлийн тухай хуулийн 6.15.3.1 зааснаар гэж буруу бичсэн байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1-д 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д гэж, 5 дахь хэсэгт хураан авсан эд зүйлийг устгуулахаар аймгийн хураан авах хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг үнэлэх хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах шийдвэр гаргах орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсүгэй гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй бөгөөд прокурорын гаргасан дүгнэлт, гомдлыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч *******д холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хариуцагч ******* нь өөрийн үйлдсэн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******н дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч *******д холбогдох 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахгомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

ШҮҮГЧ                           Ч.ОЮУНСАЙХАН