2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01961

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         03          12

                       191/ШШ2025/01961

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин байрлах, “Ш*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, ......тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ы Г******* /рд:*******, ИБД:*******9/-д холбогдох,

 

 

Гэрээний үүрэгт нийт 35,996,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Ш******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ш.М*******, өмгөөлөгч Ч.А нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б*******ы Г*******д 2024оны 02 сарын 27-ны өдөр 22,802,000 төгрөгийн, 2024 оны 05 сарын 25-н өдөр 13,194,000 төгрөгийн компьютер, зурагт, цахилгаан дугуй зэрэг бараа бүтээгдэхүүнийг тус тус хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна.

Улмаар энэхүү бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулахыг шаардсан. Шаардлагын дагуу 2024 оны 07 сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Иймд 2024 оны 07 сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актад үндэслэн 35,996,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэхийн шаардлагыг хангуулж өгнө үү.

 

1.1.             Хариуцагч нь 2 удаагийн нэхэмжлэхээр бараа бүтээгдэхүүн хүлээн авч тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Үүний дагуу барааны дүн 35,996,000 төгрөг гаргуулна.

 

1.2.             Зохигч анх 4 нэр төрлийн бараа, дараа нь 6 нэр төрлийн барааг худалдахаар тохиролцож, хариуцагч нь авч явсан. Үүнийгээ дараа нь тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Баримт дээр гарын үсэг зурахдаа үр дагаврыг тооцоолох ёстой. Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Хариуцагчийн хэлж байгаа 2 хүнийг мэдэхгүй. Ах дүү нарын холбоотой гэж хэлээд байгаа бол тэр асуудлаа тусад нь хандаж шийдүүлэх хэрэгтэй гэв.

 

2.                   Хариуцагч Б.Г******* нь шүүхэд, түүний төлөөлөгч Г.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Шиаоми Стар” ХХК-ийн захирал Г.Сын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна.Үүнд:

1. Болсон үйл явдлын талаар болон хариуцагч буруу татсан буюу нэхэмжлэлд дурдсан үүргийг өөр этгээд гүйцэтгэх үндэслэлийн талаар.

Б.Г******* миний үеэл дүү болох Д.Б, түүний найз А.А зэрэг хэсэг нөхдийн хамт залуусын оролцоотой нийгэмд нэн шаардлагатай байгаа “1000 ”, *Х” гэх мэт хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор УБ сан байгуулж байгааг манай “Ч” ХХК-д танилцуулан сангийн үйл ажиллагааг эхлүүлэх 300,000,000 (гурван зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүссэн сайдаг. (Хавсралт №01-ээр УБ сангийн танилцуулга материалыг хавсаргав)

Манай компанийн хувьд эдгээр залуусын зорилго, хүсэл тэмүүллийг үнэлж УБ сангийн зорилтот төсөл хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж дэмжиж ажиллахаар болж тохирсон ёсоор нийт хөрөнгө оруулалт болох 300,000,000 (гурван зуун сая) төгрөгийн урьдчилгаа буюу нийт 100,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр “C” /К/ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд шилжүүлсэн сайдаг.

Уг урьдчилан олгосон хөрөнгө оруулалтын зардлын зарцуулалтын зорилго нь УБ зангийн төслийн залуучуудын оффис тавилга, техник тоног төхөөрөмжид зарцуулахаар тохиролцож, УБ сангийн залуус тавилга, эд хөрөнгө, ТВ, компьютер техник хэрэгсэл хүлээн авсан үйл ажиллагаагаа нотолсон фото зураг Viber-аар илгээн, баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн байдаг. (Хавсралт №02 оор фото зургуудыг хавсаргав)

Манай компанийн зүгээс УБ сангийн залууст олгосон хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт болох 100,000,000 (нэг зуун сая) төгрөгөөс “Шиаоми Стар” ХХК-ийн өмнөх ваучерт 20 сая /хорин сая/, дараагийн авах ваучерт 18 /арван найм/ сая төгрөгийг төлсөн гэсэн тайлбар байдаг. Өмнөх ваучерт 20 /хорин/ сая гэдэгт юу авсан нь тодорхойгүй, мөн дараагийн ваучерт 18 /арван найм/ сая гэсэн нь нийт 50 /тавин/ сая төгрөгт бараа авахаар болж түүнийхээ 18 /арван найм/ сая төгрөгийг төлсөн бололтой харагддаг. Манай компани УБ сангийн дотоод үйл ажиллагаанд оролцохгүй ч олгосон хөрөнгө оруулалтынхаа зарцуулалтын жагсаалтыг удаа дараа шаардаж байсан боловч дээрх залуусаас хөрөнгө оруулалтын зардлын задаргааг өнөөдрийг хүртэл олж авч чадаагүй.

Тухайн УБ сангийн хийж гүйцэтгэх төсөл хөтөлбөртэй танилцах гээд анх оффист нь очих үед “Шиаоми Стар” ХХК-ийн Г.С гэх залуу нэг төслийг нь танилцуулж байсан. Эхэндээ тус сангийн залуусын нэг байна гэж боддог байлаа. (Хавсралт №03-аар фото зургуудыг хавсаргав)

Дээрх үйлдлээрээ Г.С нь манай компанид итгэсэн биш бид түүний танилцуулсан төсөл хөтөлбөрт татагдаж түүнд итгэж хөрөнгө оруулалт хийх шалтгаантай, мэдлэгтэй, боловсролтой, хийж бүтээсэн ажилтай залуусын нэг нь яалт ч үгүй Г.С.

“Шиаоми Стар” ХХК-с хүлээн авсан бараа материалуудын жагсаалтыг сүүлд Г.Саас олж авсан байдаг. УБ сангийн үйл ажиллагаа ахицгүй, хийж хэрэгжүүлсэн ажилгүй, үйлдвэрлэсэн бичиг цаас баримтгүй 5, 6 сар өнгөрөхөд Б.Г******* би болон Г.С ч гаргасан, зарцуулсан хөрөнгөө хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээндээ орсон.

Сүүлд буюу 2024 оны 7, 8-р саруудад “Шиаоми Стар” ХХК-ийн Г.С нь манай компани дээр ирж Б.Г******* надтай уулзаж залуус явцгүй болсныг мэдэж, насны туршлага зааж “танай групп компани гол санхүүжүүлэгч нь, миний зээлээр олгосон бараа материалын төлбөр мөнгө хэцүүдлээ, энэ А.А, Д.Б 2 ч хүлээн авсан барааныхаа зээлийн материалд гарын үсэг зурсангүй, би ямар ч баримтгүй боллоо. Танай компанид л би итгэсэн гэх байдлаар надтай ярилцаж асуудлыг шийдвэрлэж өгнө үү” хэмээн хэд хэдэн удаагийн уулзалтаар гуйж эхэлсэн байдаг.

Гэтэл “Шиаоми Стар” ХХК ийн гэх Г.С нь тухайн бараа материалыг хүлээлгэн өгч байх үедээ олон хуудас гэрээ шиг харагдах баримтууд дээр УБ сангийн Д.Бгээр гарын үсэг зуруулж байсан фото зургийг миний бие УБ сангийн групп чатаас олсон. Мөн бараа хүлээлгэж өгсөн болон барааг тоо ёсоор хүлээн авсан гэх баримтад А.А гарын үсэг зурсан байдгийг Сүхбаатар дүүргийн тойргийн шүүх дээр “Сын нэхэмжлэхийг гардаж авах үедээ олж мэдсэн. Энэ бүгд баримттай үнэнийг нуун дарагдуулж төлбөрийн чадвартай, эс чадвартайгаар ялгаварлан Б.Г******* намайг хууль шүүхийн байгууллагаар сүрдүүлэн хохирол төлбөрөө олж авна гэсэн башир арга хэрэглэж байгааг анхаарч үзнэ үү.

Бараа материалуудыг ямар нөхцөлөөр, хэдэн тоо ширхэгтэй байхыг хэнтэй тохиролцож, хэнд хүлээлгэж өгсөн тэр хүнтэйгээ, тэр байгууллагатайгаа төлбөр мөнгөний асуудлаа ярилцаж шийдэх байтал бараа хүлээлгэж өгсөн цаг үеэс хойш хагас жил гарангийн хугацаанд шийдэлгүй, шийдвэргүй явж байхад нь Б.Г******* миний бие хамгийн боломжит шийдэл санал болгосон.

Б.Г******* миний хувьд тухайн цаг үед Г.С болон Д.Бтэй ярилцаж “Шиаоми Стар” ХХК-с хүлээн авсан компьютер техник хэрэгслийг тоо ёсоор нь манай “Ч” ХХК-нд хүлээлгэн өгөх юм бол манайх “Шиаоми Стар” ХХК-нд төлбөрийг нь төлж болох юм гэсэн санал тавьсан. Д.Бат-ирээдүй ч зөвшөөрч “Шиаоми Стар” ХХК-с хүлээн авсан бараа материалын жагсаалтыг гаргаж УБ сангаас нэг ажилтан, манай компаниас нэг ажилтан гаргаж эд материал хүлээлцэхээр болж ажил хэрэгчээр андаж эхэлсэн байдаг.

Дээрх тохирсон ёсоор Б.Г******* миний бие 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Шиаоми Стар” ХХК-ийн гэх Г.Сын бэлдэж ирсэн тооцоо нийлсэн баримт дээр гарын исэг зурсан. Энэ үед баримтын хамт нэгэн жагсаалт байсан нь цахилгаан дугуй, скүүтер зэрэг өндөр үнийн дүнтэй жагсаалт дээр зуруулсан. Тус жагсаалтад байгаа бараанууд хаана байгааг Д.Бат-ирээдүйгээс тодруулахад ломбардад байгаа удахгүй авч өгнө гэдэг байсан. Би ч Г.Ст “бид танай скүүтер, цахилгаан дугуй гэх зүйлсийг ломбардаас төлбөрийг нь төлж аваад ажил дээрээ авч ирье, тэгээд УБ сангийн залуус болон чи, би байлцаад ломбардад төлбөр төлсөн манай компанийн мөнгийг хэн төлөх талаар сайтар ярилцаж шийдвэрлэнэ шүү. Тэгэхгүй бол эзэнгүй хохирол манай компанид үүсэх нь байна” гэж "С, Д.Бат-ирээдүй нарт анхааруулсан.

Ингээд нэгдүгээр ажил болох “Шиаоми Стар” ХХКиас УБ сангийн хүлээн авсан бараа материал хүлээлцэх ажил нь компьютер, техник хэрэгслүүдийг олохгүй, хэн хаашаа зөөвөрлөсөн нь тодорхойгүй эзэнгүй болж манай “Ч” ХХК-д бүрэн бус кейборд буюу компьютерын ажиллагаагүй З ш гар ирснээс өөр зүйл УБ сангаас олж аваагүй бөгөөд “75” инч ТВ нь мөн ломбардад байгаа гэх тайлбарыг Д.Б өгч байсан боловч “хаана, ямар газар тавьсныг хэлэхгүй, би өөрөө аваад ирнэ ээ” гээд хүлээлгэж өгөөгүй байдаг.

Цахилгаан дугуй, скүүтер гэх мэт шинэ хайрцаг савтай хэд, хэдэн тоо ширхэгтэй зүйлс манай компанийн үүдний буланд 5-р сарын сүүлээс 6-р сарын эхэн үе хүртэл байдаг болсон. “Энэ хэний, юу энд ингээд байгаад байна аа” гэж асуухаар “Г.С ах Сүхбаатарын талбай дээр зарах гэж авч ирсэн, удахгүй аваад явна аа” гэдэг байж байгаад хэд хоногоос харагдахаа байсан. Тэр үед эзэд нь аваад явж гэж бодож байсан боловч сүүлд Д.Бат-ирээдүй ломбардад тавьсан гэдгийг мэдсэн. Дараахан нь Г.С надад хандаж Б.Г******* “чи мэдэж байсан бөгөөд ломбардад тавьж мөнгийг нь чам уруу явуулдаг байсан байна” гэж хэлсэн. Хэн тэгж байна гэхээр “Д.Бат-ирээдүй гэдэг. Тухайн асуудлаар Д.Бгээс асуухаар “би тэгж хэлээгүй” гэдэг. Аргаа бараад Г.С төлбөр мөнгөө нэхэх болгонд “анх сууж эхлүүлж байсан бүгдийг цуглуулаад энд юу болоод байгааг асууж, хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг тодруулаад танай төлбөрийг хэн төлөхөө шийдмээр юм байна, намайг сүүлдээ ингэж гүтгэж тэдний өр төлбөрийг надад тохох гэж байгаа бол өнөөдрийн байдлаар ямар ч бараа материал хүлээж аваагүй болохоор манай компанийн хувьд танайд ямар ч төлбөр төлөх ёсгүй, бид өмнө тохирсон ёсоор манайд бараа материал хүлээлгэж өгөөгүй байна” гэж Г.Ст хэлэх бүрд “би цуглуулж чадахгүй байна, Гүрээ чи л шийдэх боломжтой, надад туслаач л” гэдэг болсон.

Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Д.Бг манай ажил дээр байх үед Г.Сыг би өөрөө дуудаж “хэн нь худлаа хэлээд байгааг яг одоо асуу, Б.Г******* би чамд худлаа хэлсэн байна уу? Д.Б худлаа хэлсэн байна уу? гэдгийг асуугаад одоо асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн. Тус уулзалтаар Г.С, Д.Б нар үнэнд гүйцэгдсэн. “Шиаоми Стар” ХХК-ийн өр төлбөрийг хэн хариуцаж төлөх болсон тухайгаа бөөндөө ярилцаж шийдвэрлээд Г.С нь хуульч гэх залуутай энэхүү уулзалтад хамтдаа оролцож Д.Б, Г.С, түүний хуульч гэх хүн гурав нийлж байгаад Д.Бгээр гараар бичиг хийлгэж авсан. (тухайн үед манай оффис нүүдэл хийж байсан, мөн тогны гэмтэлтэй гээд тоггүй байсан болохоор энэ гурав тухайн нөхцөл байдалдаа зохицуулан гар бичвэр үйлдсэн)

Г.С нь хэн худлаа хэлээд өөрийг нь хохироож байсан, одоо хэн “Шиаоми Стар” ХХК-ийн өр төлбөрийг төлөх ёстойг тухайн цаг үедээ бүрэн ойлгоод Д.Бгийн гараар бичсэн бичигтэй болж аваад гарсан боловч хэсэг хугацааны дараа Б.Г******* над уруу утсаар залгаж Д.Бн хийж өгсөн бичиг хуулийн өмнө баримт болохгүй юм байна гэж тухайн 2 цаг гарангийн уулзалтыг үр дүнгүй боллоо гэх учир битүүлэг үгс хэлэх болсон. (Хавсралт №04-өөр Д.Бн 2025 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Г.Ст гаргаж өгсөн төлбөр барагдуулах утгатай гар бичвэрийг фото зургаар хавсаргав)

“Шиаоми Стар” ХХК-с ямар учиртай өмнөх ваучерын өр гэх 20,000,000 (хорин сая төгрөгт) суутгасан, манай “Ч” ХХК-с олгосон эхний хөрөнгө оруулалтыг яагаад зориулалтын бусаар буюу өмнөх 20,000,000 (хорин сая) төгрөгийн өрийг дарсан, дахин ваучер гэх зүйлд 18,000,000 (арван найман сая) төгрөгийг зарцуулан шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдээ авч шинэ өр үүсгэсэн гэх зэрэг ойлгомжгүй ээдрээтэй төлбөр тооцооны асуудлыг УБ сангийн гэх Г.С, Д.Б, А.А нарын залуус эхлүүлсэн. Д.Б, А.А нар нь “Ч” ХХК-ийг УБ сандаа хувь эзэмшүүлнэ гэж тохирч байсантай ижил утга санаа, хувь эзэмшлийн асуудлыг Г.Ст мөн тавьж байсан.

Сэтгэлийн хөөрлөөр нэгдэж, хөрөнгө мөнгөөр тоглож явах үедээ хамт явж байсан Г.С нь өөртөө давхар ашиг олж байсан нь түүний үйлдлүүдээс харагддаг. Мөн 2024 оны 6-р сарын Эх үрсийн баяраар Сүхбаатарын талбайд гардаг худалдаагаар худалдан борлуулж чадаагүй цахилгаан дугуй, скүүтер зэргийг санаатайгаар бусдад өгөөш хийх, бусдаар үрэн таран хийлгэхийг зориуд зохион байгуулсан байж магадгүй гэж би харддаг.

Б******* овогтой Б*******ы Г******* миний бие УБ сан (C)-ийн залуусын санал санаачилга, төсөл хөтөлбөрийг бодитоор хөрөнгө оруулж дэмжсэн нь үнэн бөгөөд баримтаар нотлогдоно.

“Шиаоми Стар” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү иргэний хэргийн хариуцагч нь Б.Г******* миний бие биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагчийг зөв тогтоох хүсэлтийг гаргахын зэрэгцээ шүүх хуралдаанд УБ сан (C)-ийн залуус буюу А.Алтан-очир, Д.Б нарыг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд гэрч /хариуцагч/ ээр оролцуулах хүсэлтийг гаргаж байна.

 

2.1.             Нэхэмжлэлд дурдсан барааны асуудал нь анх Б, А нар нь сан байгуулах талаар хариуцагчтай уулзсан байдаг. Улмаар 300 саяын тусламж хүсэж төсөл хөтөлбөр танилцуулсан. Энэ үед нэхэмжлэгчийн захирал хамт байдаг байсан юм. Нэхэмжлэгчийн захирал эхний ээлжид 100 саяын хөрөнгө оруулалт хийнэ үү, үүнийг тоног төхөөрөмжид зарцуулна гэсэн юм. Уг 100 саяыг Бн хэлсэн дансанд шилжүүлсэн байдаг. Улмаар нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжөө авлаа гэсэн зургийг хэрэгт өгсөн байдаг. Иймд тоног төхөөрөмжийг хариуцагч аваагүй юм. Хариуцагчийг буруу тогтоосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд байгаа баримтыг 7-р сард нөхөж зурсан юм. Нэхэмжлэгч нь танай компанид хөрөнгө оруулалт хийж байгаа гэж авсан гээд хариуцагчаас нөхөж зуруулсан. Тоног төхөөрөмжийг одоо А, Б нар ашиглаж байсан юм. Скүүтэр болон компьютерыг ломбардад барьцаалсан гэдэг. Дугуйг Ст хадгалуулсан гэж хэлдэг байсан юм. Бн Ст итгүүлснээр Г******* хариуцна гэчхээд Г*******д болохоор өгсөн мөнгөөр нь авсан гэж хэлсэн байдаг. Гэтэл шаардаад ирэхээр нь би хариуцъя гээд баримтад гарын үсэг зурсан гэв.

 

3.                   Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Тооцоо нийлсэн акт /ХХ7/, нэхэмжлэх 2 ширхэг /ХХ8, 9/

3.1.             Хариуцагчаас дараах баримтыг шүүхэд ирүүлсэн: Үйл ажиллагааны танилцуулга гэх хэвлэмэл хуудас нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй /ХХ34-69/, гэрэл зураг 10 ширхэг /ХХ70-74, 76/, нэхэмжлэх болон баталгааны хуудасны хуулбар нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй /ХХ78-85/, баталгаа гаргах нь гэсэн гараар бичсэн баримтын гэрэл зураг нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй /ХХ86/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 35,996,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь гэрээний үүрэгт нийт 35,996,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Хариуцагч Б.Г******* нь бусдын хэрэгжүүлэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр амлаж, мөнгөн хөрөнгө олгосон, улмаар худалдан авсан эд зүйлийн баримтад нөхөж гарын үсэг зурсан, бодитоор хүлээн аваагүй гэж маргасан.

 

4.                   Нэхэмжлэгч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний талаар нийт 35,996,000 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэх үйлдэж, хариуцагч хүлээн авч энэ талаар бараа хүлээлцсэн тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /ХХ8, 9, 7/

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд эдгээр баримтыг нөхөж үйлдсэн гэж тайлбарласан боловч хариуцагч нь холбогдох баримтад гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй, зөвшөөрч байна.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэхүү гэрээний дагуу худалдагч нь эд зүйлийг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээдэг.

4.1.             Харин хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй бодитоор барааг хүлээж авсан, эсхүл бусдаар хүлээн авхуулсан эсэх нь худалдах худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хэдийгээр барааг хүлээн аваагүй боловч өөрийн садан төрлийн хүн болох Д.Б, түүний найз А.А нарт нэгэнт тусална гэж хэлсэн бөгөөд тэд үйл ажиллагаандаа зориулж бараа бүтээгдэхүүн худалдан авсан тул баримтад нөхөж гарын үсэг зурсан гэж тайлбарлаж буйг дурдах нь зүйтэй.

Дээрхээс үзэхэд хариуцагч нь нэгэнт төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авч, улмаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас бараа бүтээгдэхүүний үнэ болох тооцоо нийлсэн актад дурдсан 35,996,000 төгрөгийг гаргуулна.

 

5.                   Хариуцагчийн бусдад туслах буюу бусдын үйл ажиллагаанд зориулж мөнгөн хөрөнгө олгосон, тэдгээр нь мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэх тайлбар нь энэ хэрэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин бусадтай байгуулсан гэх хэлцэлтэй холбоотой аливаа маргааны талаар жич нэхэмжлэл гаргавал энэ шийдвэр саад болохгүй.

 

6.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Г*******гаас 35,996,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ш*******” ХХК-д олгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ГАНБОЛД