Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00430

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03572 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Нарантуяагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан орон сууцыг Т.Энхцэцэгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нарантуяа, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, гуравдагч этгээд Т.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 7-р хороо, 104-р байрны 101 тоот орон сууцыг Д.Дэлгэрмаагаас зар мэдээ сонинд нийтэлсэн зарын дагуу холбогдож, Капитрон банкны ипотекийн зээлийн барьцаанд байсан байрыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдаж авсан. Урьдчилгаа 35 000 000 төгрөгийг өгч үлдсэнийг нь банкны зээлийг төлж барагдуулсан. Банкинд 30 000 000 төгрөг, Д.Дэлгэрмаад 5 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдсэн мөнгөө банкинд тодорхой хугацаа, хуваарийн дагуу төлөхөөр нотариатаар гэрчлүүлсэн. 2018 оны 01 сард төлбөрөө төлж дуусгаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн гар дээрээ авсан. Тухайн үед Капитрон банкнаас надад үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрх нээгдлээ гэсэн албан бичиг хийж өгсөн. Тэр бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөхөд 2018 оны 02 сард надад үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсөн бичгийг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн албан бичгийг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хадгалж байгаад, 2018 оны 10 сард үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт гэрчилгээгээ солиулахаар мэдүүлэг өгсөн. Тухайн үед албан томилолтоор гадаадад байсан учир томилолтын хугацаагаа бүрэн дуусгаж ирээд 2018 оны 10 сард мэдүүлгээ бүрдүүлж өгсөн юм. Эдгээр нь нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн албан бичгийг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хамт өгч гэрчилгээ солиулах мэдүүлэг өгөхөд хүлээн авсан. Хураамж болох 20 000 төгрөгийг төлсөн. 7 хоногийн дараа хариу өгөхдөө Энэ гэрчилгээ хүчингүй гэрчилгээ байна. Та хүчингүй гэрчилгээ авч явж байгаа тул хурааж авлаа гэсэн хариу өгсөн. Энэ талаар Д.Дэлгэрмаад хэлж, 2018 оны 10 дугаар сарын 23-нд Д.Дэлгэрмаагийн хурууны хээгээр ТҮЦ машинаас 3 хувь лавлагаа гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн байцаагч хэрэв та тухайн байрыг худалдаж авсан нь үнэн юм бол зарахгүй байлгах хориг тавиул гэсний дагуу хориг тавиулсан. Д.Дэлгэрмаа энэ гэрчилгээг хүчингүй болсныг би мэдээгүй гэсэн. Энэ гэрчилгээ нь 2017 оны 4 сард хүчингүй болсон байтал би 2017 оны 8 сард авсан. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Дэлгэрмаа хурууны хээгээ оруулахад нэр дээр нь гарч ирсэн. Д.Дэлгэрмаагийн гэрчилгээ нь хүчингүй болсныг 2018 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл мэдээгүй. Т.Энхцэцэг Мөнхжаргал 2 хуйвалдсан. Би Т.Энхцэцэг гэдэг хүнийг мэдэхгүй. Тухайн үед Т.Энхцэцэг над руу утсаар холбогдоод та энэ байрыг худалдаж авсан юм уу, энэ байр шүүхийн шийдвэртэй байр байгаа юм, би Ж.Мөнхжаргалд өртэй энэ асуудал шүүхээр явж байгаа гэсэн. Т.Энхцэцэг би Ж.Мөнхжаргалаас мөнгөө авчихвал наад байр чинь надад хамаагүй гэсэн учир би тайвширсан. Гэхдээ тэр үед цагдаагийн байгууллагад хандсан. Т.Энхцэцэг, Ж.Мөнхжаргал хоёр нь худ ургийн холбоотой хүмүүс хоорондоо зохицох байх, би гэрчилгээгээ өөр дээрээ авчихвал болно гэж бодсон. Гэнэт Т.Энхцэцэг би энэ байрыг авах ёстой гээд бичиг баримт бүрдүүлээд ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 8 сард тухайн байрыг худалдаж авчихаад өнөөдрийг хүртэл миний дүү Болдбаатар гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэн ч ирж орон сууцыг хуулийн дагуу хураагдах гэж байгаа гэж хэлээгүй. Тэрэнд нь би гомдолтой байна. Энэ шүүхийн шийдвэрээр тухайн байр Т.Энхцэцэгт шилжүүлснийг хууль бус гэж үзэж, үнэн зөвийг олуулахаар шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/015532 албан бичгээр орон сууцыг Т.Энхцэцэгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг шийдвэрлэсэн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжлэх, хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6965 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Т.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Ж.Мөнхжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэг 48 810 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Ж.Мөнхжаргалын өмчлөлийн байрыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалган захирамжилсан. 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2234 дугаартай шийдвэрээр Ж.Мөнхжаргалаас 35 352 000 төгрөг гаргуулан, Т.Энхцэцэгт, мөн шүүхийн 2013 оны 9 сарын 25-ны өдрийн 2071 дугаартай захирамжаар 9 463 780 төгрөг, гаргуулан Т.Туулд тус тус олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу хариуцагч Ж.Мөнхжаргалын өмчлөлийн орон сууцны зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 171/13 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2014 оны 02 сарын 25-ны өдрийн 171/ 14 дугаартай тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг хураан, Ж.Мөнхжаргалын хадгалалт хамгаалалтад үлдээж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх 171/07, 171/10 дугаартай мэдүүлгүүдийг өгсөн. Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Баянгол дүүргийн улсын бүртгэгч С.Оюунчимэг нь ажлын алдаа гаргаж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, яаралтай үйлчилгээгээр бүртгүүлж, Д.Дэлгэрмаагийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээ бүртгэгдсэн байдаг. Иргэн Д.Дэлгэрмаагийн Ү-2205038697 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/365-р тушаалыг хүчингүй болгосон. Төлбөр төлөгч Ж.Мөнхжаргал шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, саад учруулж байгаад үндэслэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/7032 дугаартай албан бичгээр хандаж, тус хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол гарч, төлбөр төлөгч Ж.Мөнхжаргал цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа төлбөр авагч Т.Энхцэцэг, Туул нарт төлбөрийн үлдэгдэл болох 8 943 780 төгрөгийг төлж, өөрийн өмчлөлийн орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх тухай хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Хэрэг бүртгэлийн хэрэг хаагдаж, тус газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/15532 дугаартай албан бичгээр өмчлөх эрхийг төлбөр авагч Т.Энхцэцэгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх тухай албан бичиг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох 2-4/177 дугаартай тогтоол хууль зөрчөөгүй гарсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Мөнхжаргалтай мөнгөний асуудлаас болж, Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2234 дугаартай шийдвэрээр Ж.Мөнхжаргалаас 35 352 000 төгрөг гаргуулан надад өгөхөөр шийдвэр гарсны дагуу захирамж гаргуулж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Ж.Мөнхжаргал нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д.Дэлгэрмаагийн нэр дээр шилжүүлсэн. Ж.Мөнхжаргал нь 2015 он хүртэл тухайн байрандаа амьдарсан. Бичиг баримт дээр Д.Дэлгэрмаад шилжүүлсэн байсан боловч өмчлөгч нь Ж.Мөнхжаргал хэвээрээ байсан. Энэ асуудал Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримттайгаар шийдвэрлэгдсэн. Ж.Мөнхжаргал, Д.Дэлгэрмаатай үгсэн хуйвалдсан гэдэг нь өмнө асуудал. Энд яригдах асуудал биш гэж үзэж байна. Н.Нарантуяа нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зарын дагуу холбогдож, худалдаж авсан гэдэг боловч худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан. Энэ нь яаж нотлогдсон бэ гэвэл Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст өгсөн өргөдлийг нь харахад худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбаргүйгээр очсон байдаг. Худалдах худалдан авах гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн хуулбаргүйгээр очсоны дагуу би Монголын нотариатын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлд Нотариатч Бямбаа гэдэг хүнд холбогдуулан гомдол гаргасны дагуу тухайн гэрээ хууль бус хийгдсэн гэдэг шийдвэр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. Иймд энэ хүмүүсийг маргаан үүсгэх эрхгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан тус газрын 2020 оны 1/15532 дугаар албан бичгээр орон сууцыг Т.Энхцэцэгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг шийдвэрлэсэн шийдвэр, 2020 оны 4 сарын 20-ны өдрийн 2-4/177 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2014 оны 1 сарны 28-ны өдрийн 171/13 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2014 оны 2 сарын 25-ны өдрийн 171/14 дүгээр эд хөрөнгийг хураасан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай Н.Нарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Н.Нарантуяа нь Д.Дэлгэрмаатай 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2 өрөө орон сууцыг худалдан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн уед Д.Дэлгэрмаа нь Ж.Мөнхжаргалаас 2014 оны 01 дүгээр сарын О6-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, өмчлөгч байсан. Нэхэмжлэгчийн эзэмшлийн орон сууцны өмчлөх эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр орон сууцыг Т.Энхцэцэгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг шийдвэрлэж, эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Т.Энхцэцэгийн нэр дээр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаж байгаа болно. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2071 шийдвэрээр Ж.Мөнхжаргалаас 9 300 000 төгрөг гаргуулж, Б.Туулд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийг шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлж, 814 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор орон сууцыг битүүмжилж, хураан авсан байна. Энэхүү ажиллагаа нь төлбөр төлөгч Ж.Мөнхжаргалаас 9 300 000 төгрөг гаргуулж төлбөр авагч Б.Туулд олгохоор шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа юм. Харин Т.Энхцэцэгт 35 352 000 төгрөгийг Ж.Мөнхжаргалаас гаргуулах тухай Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 24-ний өдрийн 2234 дүгээр шийдвэр гарч. 2014 оны 02 сарын 19-ний өдөр 9860/5 дугаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар 2234 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч 238 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. Төлбөр авагч Б.Туул болон Т.Энхцэцэг нарын төлбөр төлөгчид холбогдуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэн явуулах шийдвэр гараагүй байхад ч шүүх хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахаар заасан тул энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.7, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 85 дугаар зүйлийн 85.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.5, 113 дугаар зүйлд заасантай нийцээгүй гэж маргаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 1/15532 дугаар орон сууцыг Т.Энхцэцэгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх тухай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2-4/177 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 171/13 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 171/14 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоол зэргийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын огноог буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2071 дугаар шийдвэрээр Ж.Мөнхжаргалаас 9 300 000 төгрөг гаргуулан, Т.Туулд, тус шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2234 дугаар шийдвэрээр Ж.Мөнхжаргалаас 35 000 000 төгрөг гаргуулан, Т.Энхцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 39-40, 60-63-р тал/. Баянгол дүүргийн шүүх нь Т.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Ж.Мөнхжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38 810 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх явцдаа буюу 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 6965 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Мөнхжаргалын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн байна. /хх-ийн 33-34-р тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн, төлбөр төлөгч Ж.Мөнхжаргалын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, тус хэлтэс нь Ж.Мөнхжаргалын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө, 104-р байр, 101 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205038697 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ. /хх-ийн 35-36-р тал/

 

Төлбөр төлөгч Ж.Мөнхжаргал нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Баянгол дүүргийн шүүх төлбөр авагч Т.Туулын хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 814 дүгээр гүйцэтгэх хуудас, төлбөр авагч Ж.Мөнхжаргалын хүсэлтээр 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 238 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус олгосон байна. /хх-ийн 38, 59-р тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн, 2013 оны 11 дүгээр сарын 07, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус үүсгэж, төлбөр төлөгч Ж.Мөнхжаргалын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө, 104-р байр, 101 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205038697 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилж, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хураажээ. /хх-ийн 42, 43, 48, 65-р тал/.

 

Гэвч төлбөр төлөгч Ж.Мөнхжаргал нь орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээгүй байхад 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Д.Дэлгэрмаатай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий хоёр өрөө орон сууцыг Д.Дэлгэрмаад 77 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд улсын бүртгэгч ажлын алдаа гаргаж, өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийг шалгаж үзэлгүйгээр орон сууцны өмчлөх эрхийг Д.Дэлгэрмаагийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 72-73-р тал/

 

Улмаар Д.Дэлгэрмаа нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргаж, тус шүүх 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4179 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1101 дугаар магадлалаараа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын Дээд шүүх 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 866 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ. /хх-ийн 83-89-р тал/

 

Түүнчлэн, төлбөр авагч Т.Туул, Т.Энхцэцэг нар нь орон сууцыг Д.Дэлгэрмаагийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 193-200-р тал/

 

Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 дугаар тушаалаар Д.Дэлгэрмаагийн өмчлөлд бүртгэгдсэн, хоёр өрөө орон сууцны 000295290 дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгожээ. /хх-ийн 90-92-р тал/ Ийнхүү маргаан бүхий орон сууцны бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсон байхад буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Д.Дэлгэрмаа нь Н.Нарантуяатай уг үл хөдлөх эд хөрөнгийг 55 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. /хх-ийн 6-р тал/

 

Нэгэнт Д.Дэлгэрмаагийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ дээрх байдлаар хүчингүй болсон байх тул төлбөр төлөгч Ж.Мөнхжаргал нь өөрийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг төлбөр авагч Т.Энхцэцэгийн өмчлөлд шилжүүлэх эрхтэй болжээ. Ийнхүү өмчлөгч болсон Т.Энхцэцэг нь Ж.Мөнхжаргалын Т.Туулд төлөх төлбөрийг төлөх тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргаснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2-4/177 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасанд нийцжээ. /хх-ийн 102-108-р тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Нарантуяа нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш байх тул түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж үзэх боломжгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03572 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 2014 оны 1 сарын 28-ны ... гэснийг 2014 оны 01 сарын 08-ны гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ