Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/1007

 

Б.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1041 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Энхболд, хохирогч Б.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Эт холбогдох 2308 00000 1206 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Э, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:...../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 628 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 12 дугаар гудамжны 37 тоотод найз эмэгтэй Б.Сг хардсаны улмаас түүнтэй маргалдан муудалцаж, улмаар хайчаар хүзүү хэсэгт нь хатгаж, эрүүл мэндэд нь “хүзүүнд нэвтэрч төвөнх ба цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ын Э-ыг Эрүүгийн хуулий тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Эт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын хүү Э.Эрхэст асран хамгаалагч тогтоох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, эдлэх хорих ялыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие найз охин Б.Сгийн биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би өндөр настай ээж, өөрийн хүү болох Э.Эрхэсийн хамт амьдардаг. Миний хүү Э.Эрхэс нь 9 настай 4 дүгээр ангид суралцдаг. Миний ээж Г.Тунгалагтуяа нь байнга зүрх нь өвдөж эмчийн хяналтад байдаг. Хөл нь өвдөж хол явж чаддаггүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уураа захирч чадалгүй болчимгүй үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Би хоригдсон энэ хугацаанд өөртөө дүгнэлт хийж дахин архи уухгүй, ээж, хүү хоёроо асарч, хүн шиг хүн болох ёстойг маш сайн ойлгож мэдлээ. Миний ар гэрийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэжээ.

            Хохирогч Б.С гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүгдэгч Б.Этай хамтран амьдарч байсан ба хувийн таарамжгүй харьцаанаас болж бид 2 маргалдаж, улмаар миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед би гэртээ хүмүүс цуглуулж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Д.Мягмардорж янз бүрийн маягаар холбоо үүсгэж Б.Эт эвгүй сэтгэгдэл үүсгэсэн нөхцөл байдлаас болж энэ гэмт хэрэг гарах болсон. Одоо миний бие сайжирч, эрүүл саруул болсон зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилсан. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэхээр хуульчилсан. Шүүгдэгч Б.Эын хувьд гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчийг шууд гэмтлийн эмнэлэгт хүргэсэн, эмчилгээнд шаардлагатай эд зүйлсийг авч өгч байсан. Мөн хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан дүгнэлт хийж гэмшиж буйгаа илэрхийлж, тухайн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Бага насны хүүхэд болон өндөр настай ээжтэйгээ амьдардаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” боломжийг шүүгч эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж болохоор хуульчилжээ. Иймд шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогчид учруулсан гэмтэл зэргийг харгалзаж 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Энхболд, хохирогч Б.С нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Эын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Б.Э нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 12 дугаар гудамжны 37 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз эмэгтэй Б.Сг хардсаны улмаас түүнтэй маргалдан муудалцаж, улмаар хайчаар хүзүү хэсэгт нь хатгаж, эрүүл мэндэд нь “хүзүүнд нэвтэрч төвөнх ба цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сгийн “...2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уул 12 дугаар гудамжны 37 тоотод байрлах манай гэрт найз залуу Б.Э, найз Д.Мягмардорж бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Нэлээн сууж байгаад Д.Мягмардорж гадаа машин руугаа ороод унтаад өгсөн. Найз залуу Б.Э бид хоёр архи уугаад сууж байтал Б.Э намайг найз Д.Мягмардоржтой хардаад элдэв янзаар хэлээд би “салъя” гээд нэг хэлчихсэн чинь салахгүй гэх мэтээр маргалдаж байгаад гал тогооны шүүгээний шургуулгаас хар улаан өнгийн иштэй хайч аваад зүүн талын хүзүү хэсэгт 2 удаа хатгачихсан. ...Өөр цохиж зодсон асуудал байхгүй. ...” /хх 16-17/,

гэрч Д.Мягмардоржийн “...19 цагийн үед гэрт нь ороход Б.Сгийн найз залуу Баяраа надад “би найз охиныхоо хүзүү рүү нь хайчаар хатгачихлаа” гээд хэлэхээр нь “юу яриад байгаа юм” гэж Сэргэлэн, Баяраа хоёртой шууд гэрээс нь гараад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр ирсэн. ...” /хх 26-27/,

шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...цуг архи ууж байхдаа найз Б.Сг Д.Мягмардоржтой хардаад хэрүүл маргаан үүсгээд маргалдаж байхдаа гал тогооны шүүгээнээс улаан хар өнгийн иштэй хайч аваад Б.Сгийн хүзүүний зүүн тал хэсэгт баруун гартаа барьж байсан хайчаар 2 удаа хатгачихсан. Б.Сгийн хүзүүнээс цус гараад байхаар нь би айгаад сандрахдаа бентээр хүзүүг нь боогоод цусыг нь тогтоогоод сандарсан байдалтай байж байхад Б.С гэрээс гараад найз Д.Мягмардоржтой уулзсан бололтой цуг гэрт орж ирсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 75-76/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7909 дугаартай “...Б.Сгийн биед хүзүүнд нэвтэрч төвөнх ба цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 28-29/ гэх дүгнэлт,

дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Эын найз эмэгтэй Б.Сг хардсаны улмаас түүнтэй маргалдан муудалцаж, улмаар хайчаар хүзүү хэсэгт нь хатгаж, эрүүл мэндэд нь “...хүзүүнд нэвтэрч төвөнх ба цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх...” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн шинжийг агуулсан бөгөөд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ялаас хамгийн бага буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд биш ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаарх шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1041 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Энхболд, хохирогч Б.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны энэ өдрийг хүртэл 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1041 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Энхболд, хохирогч Б.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ