Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .......... сумын .......... багт оршин суух, .......... овогт Г-н Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч 320/2025/00203/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б нь Хөвсгөл аймгийн .......... суманд 1970 онд төрж, 1986 онд сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдэлд мал маллахаар илгээлтээр гарсан. 1988 оны .......... сараас үхэр маллаж байгаад 1989 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй, архив шатаж зарим баримт олдохгүй байгаа зэрэг шалтгааны улмаас миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байгаа юм.

Иймд Г.Б намайг Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдлийн .......... бригадад 1988 оны .......... сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: .......... овогт Г-н Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11/65 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3/188 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдлийн .......... бригадад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №670192 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-8, 39-40 дүгээр хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Т, А.Э нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 33-38 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Б-ын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Г.Б-ын нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газраас Г.Б-ын 1988-1989 оны хооронд ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-20, 22-25 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдлийн .......... бригадад 1988 оны .......... сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажилалж байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдлийн .......... бригадад 1988 оны .......... сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

.......... овогт Г-н Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Б-ын 1981 оны 6-12 дугаар сар, 1989 оны 1-9 дугаар саруудад тус тус .......... нэгдлийн .......... бригадад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, (хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдлийн даргын 1988-1989 оны тушаал шүүж үзэхэд Г.Б-ыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилт бүхий 11/65 дугаартай албан тоот, (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт .......... нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт үхэрчин, эрхэлж эхэлсэн он хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт .......... гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)

Гэрч Д.Тгийн ......Г.Б нь 1978 онд .......... сумын 8 жилийн сургуульд элсэн орж, 1986 оны онд 8 төгсөөд үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10 жилд сурч 10 дугаар ангиа 1988 онд төгсөж байсан. 10 жилийн сургуулиа төгсөөд ангиараа Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдэлд ангиараа илгээлт аван 1988 оны .......... сард малчнаар томилогдон очиж байсан. Ингээд 1990 оны 4 дүгээр сар хүртэл тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч А.Э-гийн ...... 1988 оны .......... сард Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдэлд ангиараа малчнаар томилогдон очиж байсан. Г.Б нь 1989 оны 10 дугаар сард цэрэгт татагдах хүртлээ малчнаар ажиллаж байсан. Би мөн 1988 оны .......... сард хамт илгээлтээр гарч ажиллаж байсан. Хөвгүүдийн тухайд 1989 оны 10 дугаар сард цэрэгт татагдах хүртлээ ажлаад үлдсэн хүүхдүүд нь 1990 оны 4 билүү 5 сар хүртэл ажиллаж байсан юм гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 34-35, 37-38 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдлийн .......... бригадад 1988 оны .......... сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Г.Б нь 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .......... овогт Г-н Б-ын Хөвсгөл аймгийн .......... сумын .......... нэгдлийн .......... бригадад 1988 оны .......... сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН