Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/1035

 

   2023            10            26                                        2023/ДШМ/1035

 

 

М.О, Б.Бнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч М.О,

шүүгдэгч М.О, Б.Бнарын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1049 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.О, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2208017401710 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.О

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 

Б.Б

 

Шүүгдэгч М.О нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамж 15 тоот хашааны хойд талд иргэн М.Мын эд хөрөнгийг авах зорилгоор “чи намайг таних уу, гар утсаа өг, чи нэг л өдөөд байна даа, дүрнэ шүү” гэх мэтээр сүрдүүлэн хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдэн авсан,

шүүгдэгч Б.Бнь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны улаан дэлгүүрийн тоглоомын талбай дээр С.Нг “архи, пиво, тамхинд явж өгсөнгүй” гэх шалтгаанаар түлхэж унагаан зүүн шанаан тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч М.О, Б.Бнар бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 14-12 тоотод урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Бг гараараа цохих, шилэн аягаар гарыг нь зүсэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чигчий хурууны алга ясанд хугарал, зүүн шуунд шарх, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн дал, гуянд цус хуралт, чихний ард зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, Б.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Б.Бнарын цагдан хоригдсон тус бүр 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие эхнэр, охины хамт амьдардаг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Охин маань 1 нас 5 сартай бөгөөд одоо эхнэр маань жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ... би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Мыг дээрэмдсэн гэж худал мэдүүлсэн. Мөрдөн байцаагч Батхолбоо нь “... хамт байсан С, Г, Гийн найз гурвыг олохгүй байна, чи хэргээ ганцаараа даачих, тэгвэл ял авахгүй” гэж хэлсний дагуу би худал мэдүүлсэн. Сүхбат намайг Мыг дээрэмд гэж ятгасны дагуу би дээрэмдсэн. Хохирогчоос авсан гар утсыг Г авч заран бид 4 архи авч уусан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн байцаагч Б дээр миний үйлдсэн нэг дээрмийн хэрэг хянагдаж байгаа бөгөөд уг хэргийг энэ хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх хэргийг нэгтгэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос шүүгдэгч М.Оыг 2022 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамж 15 тоот хашааны хойд талд иргэн М.Мын эд хөрөнгийг авах зорилгоор “чи намайг таних уу, гар утсаа өг, чи нэг л өдөөд байна даа, дүрнэ шүү” гэх мэтээр сүрдүүлэн хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдэн авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Бийг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны улаан дэлгүүрийн тоглоомын талбай дээр С.Нг “архи, пиво, тамхинд явж өгсөнгүй” гэх шалтгаанаар түлхэж унагаан зүүн шанаан тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн гэмтэл, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч М.О, Б.Бнарыг бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 14-12 тоотод урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Бг гараараа цохих, шилэн аягаар гарыг нь зүсэх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чигчий хурууны алга ясанд хугарал, зүүн шуунд шарх, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн дал, гуянд цус хуралт, чихний ард зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.О, Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруу, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах дүгнэлтэд яллах үндэслэл болгосон нотлох баримтуудаар нотлогдсон болох, нотлох баримтын агуулга, аль нотлох баримтууд нь аль шүүгдэгчийн буруутгаж буй гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болох талаар тус тусад нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүх хохирогч Б.Бгийн “... Билгүүн гэх залуу хажуунаас нь орж ирээд хөл гар бариад мөн цохиж аваад байсан. Би тухайн үед орон дээр яаж ч чадахгүй, намайг хөдөлгөхгүй дээрээс нүүр нүдгүй нүдээд байхаар нь би гараараа толгой хэсгээ хамгаалаад байж байсан чинь Билгүүн гэх залуу сандлаар миний толгой хэсэг рүү цохиж мөн толгой хэсэгт Оогий гэх залуу шил хагалж миний гарыг зүсчихсэн юм. ...” /1хх 90-91/, гэрч Д.Гэндэнжамцын “... Бнь сандал авч байгаад Бгийн гар хэсэг рүү цохисон. Тэгсэн чинь О стакан аваад Бгийн толгойн дээр хагалснаа хагархай шилээр гарыг нь зүсээд байсан. ...” /1хх 95-96/, гэрч Д.Эрдэнэцэцэгийн “... Б орон дээр хэвтээд хоёр гараараа толгойгоо хамгаалаад хэвтэж байхад нь Бцээж, гуя хэсэг рүү нь гараараа цохиж авч хөлөөрөө хөл рүү нь өшиглөж сандлаар гар луу нь цохиж авсан. ...” /1хх 98-99/, гэрч Н.Чингүүний “... Бгийн гарыг О шилээр зүссэн байх, харин Бсандлаар цохиж аваад байх шиг байсан. ...” /1хх 101-102/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын “... зүүн чигчий хурууны алга ясанд хугарал, гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн шуунд шарх, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн дал гуянд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 123/ гэсэн мэдүүлгүүдийг хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхээр байна.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЗ/1721 дугаар шүүгчийн захирамжаар “... хөнгөн, хүндэвтэр зэргийг ялган дүгнэсэн шинжээчийн дүгнэлт тус бүр гараагүй байхад зөвхөн шинжээчийн мэдүүлэгт үндэслэн Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялган зүйлчилсэн нь үндэслэлгүй ...” гэж дүгнэн шүүх хуралдааныг хойшлуулсан боловч энэ хугацаанд дээр дурдсан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргалгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн бусдын эрүүл мэндэд бүлэглэн хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Бгийн биед хүндэвтэр хохирол учруулсан талаарх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн биед хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан талаарх шинжээчийн мэдүүлэг, уг үйл баримтын талаарх хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийн талаар хууль ёсны дүгнэлт өгөлгүйгээр дан ганц шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн гэх мэдүүлэгт үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

 

Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой билээ.

 

Хохирогч, гэрч, шинжээчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйхэмээн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Түүнчлэн, шүүгдэгч М.О нь дээрмийн гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд хэргийн материалыг судлан үзэхэд, тухайн хэрэг учрал болох үед шүүгдэгчтэй хамт явсан гэх 3 хүнийг энэ хэрэгт оролцсон оролцоо байгаа эсэхийг шалгаж тодруулж, үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоолгүйгээр шүүгдэгчийн хэргээ хүлээсэн гэх мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч М.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1049 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч М.О, Б.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                          М.АЛДАР

 

           ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ