Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00304

 

 

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00304

Хөвсгөл аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Цхолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,093,103 (нэг сая ерэн гурван мянга нэг зуун гурав) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00305/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ц нь М ББСБ-ын мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *** тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Н.Ц нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 6 сарын 20-ны өдөр 700,000 төгрөгийг сарын 2,2% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. М ББСБ-ын зүгээс зээлийг төлж барагдуулах анхааруулах хуудас, шүүхэд шилжүүлэх мэдэгдэлийг хүргүүлсэн бөгөөд төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тохирч 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 175,000 төгрөгийг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлөөгүй байна. 2025 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар Н.Ц-ийн зээлийн гэрээний үүрэг нийт 1,093,103 төгрөг байгаа ба үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг, зээлийн хүү 378,825 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,278 төгрөг байна. Н.Ц нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,093,103 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч Н.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Ц би М ББСБ ХХК-аас нэхэмжилж үндсэн зээлийн төлбөр 700,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 378,825 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,278 төгрөг, нийт 1,093,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.Ц-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,093,103 (нэг сая ерэн гурван мянга нэг зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,093,103 (нэг сая ерэн гурван мянга нэг зуун гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,784 (гучин мянга долоон зуун наян дөрөв) төгрөгөөс 15,392 ( арван таван мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15,392 ( арван таван мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Ц-аас 30,784 (гучин мянга долоон зуун наян дөрөв) төгрөгийн тал хувь болох 15,392 ( арван таван мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ц-ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,093,103 (нэг сая ерэн гурван мянга нэг зуун гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,093,103 (нэг сая ерэн гурван мянга нэг зуун гурав) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,784 (гучин мянга долоон зуун наян дөрөв) төгрөгөөс 15,392 ( арван таван мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15,392 ( арван таван мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Ц-аас 30,784 (гучин мянга долоон зуун наян дөрөв) төгрөгийн тал хувь болох 15,392 ( арван таван мянга гурван зуун ерэн хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА