| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2224000210047 |
| Дугаар | 2023/ДШМ/35 |
| Огноо | 2023-10-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/35
С.Даваадорж, Н.Балжинням нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Прокурор Б.Сансарбаяр
Шүүгдэгч Н.Балжинням
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа
Шүүгдэгч С.Даваадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Даваадоржийн давж заалдах гомдлоор Н.Балжинням, С.Даваадорж нарт холбогдох 2224000210047 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 08-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Улааны 8-817 тоотод оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар ял шийтгүүлж байсан, /ИВ95030812/ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Боржигон овогт Нямцэндийн Балжинням,
2. Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 08-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгүүлж байсан, /ИГ90100813/ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Боржгин овогт Сэрээтэрдоржийн Даваадорж,
Шүүгдэгч С.Даваадорж, Н.Балжинням нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Баян-Улааны 1 тоот эзэнгүй хашаанаас С.Жанчивчамбуу, Д.Раднаарагчаа нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Даваадорж нь ганцаараа 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 12-1220 тоотод байрлах “Жинст” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 1 литрийн “Jack daniels” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Vallantines” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Velvet” архи 2 ширхэг, 0.75 литрийн шар “Чингис” нэртэй архи 3 ширхэг, 0.75 литрийн “Evok” нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн “Mazenoro” нэртэй дарс 2 ширхэг, 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 6 ширхэг, 2.4 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 3 ширхэг, энгийн “Эссэ” тамхи 1 блок, гаатай “Dubliss” нэртэй тамхи 1 блок, гаагүй “Dubliss” нэртэй тамхи 1 блок, нарийн ягаан “LD” нэртэй тамхи 1 блок, дундын “Maild” нэртэй тамхи 1 блок, “Club LD” нэртэй тамхи 2 блок, цэцэгтэй ягаан алаг хэтэвч 1 ширхэг, “Rendi” гэсэн бичигтэй улаан өнгийн цаастай чихэр 500 грамм, “Трюфель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм, дарсан огурцы 500 грамм, шилтэй алаг салат 500 грамм, 90000 төгрөгийн “Мобиком”-ын нэгж, 100,000 төгрөгийн “Жи мобайл”-ын нэгж, 25000 төгрөгийн “Скайтел”-ын нэгж зэрэг 953,800 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө 100,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Отгонцоожид 1,053,800 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Шүүгдэгч С.Даваадорж нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА хорооны 13-1318 тоотод байрлах Н.Мөнхбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж жижиг хивс 2 ширхэг, 3 ширхэг том жижиг нийлсэн хуучин хивс, 50 кг ууттай Улаанбаатар гурил 1 ширхэг, хурганы элдээгүй арьснууд, хурганы арьсан дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эмэгтэй хүүхдийн дээл 1 ширхэг, 25 литрийн усны бетон 1 ширхэг, бугуйл хийхээр зүссэн сур 8 метр, өөхөн тос 30 кг, идээний цар 2 ширхэг, дээлийн торго 4 метр, дээлийн даавуу 3 метр, эрэгтэй куртка 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Энхчимэгт 2,861,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Боржгин овогт Сэрээтэрдоржийн Даваадорж, Боржигон овогт Нямцэндийн Балжинням нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Боржгин овогт Сэрээтэрдоржийн Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Боржгин овогт Сэрээтэрдоржийн Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Боржигон овогт Нямцэндийн Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваадоржид Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 551 /таван зуун тавин нэг/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 517 /таван зуун арван долоо/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 5 /тав/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваадоржид оногдуулсан 5 жил, 5 сар, 2 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Балжиннямд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч С.Даваадоржийн цагдан хоригдсон 419 хоног, шүүгдэгч Н.Балжиннямын цагдан хоригдсон 13 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн 2 метрийн урттай, шинэс төрлийн 34 ширхэг модыг С.Жанчивчамбууд, 76 ширхэг модыг Д.Раднаарагчаад хохиролд тооцон буцаан олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Mighty” маркийн 32-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6.500.000 төгрөг, Вонго маркийн 44-15 ЗАА дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч С.Даваадорж, Н.Балжинням нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Даваадоржийн урд хэсэгтээ үдээстэй, хагас түрийтэй хар өнгийн 1 хос гутлыг шүүгдэгч С.Даваадоржид олгож, 82 см урттай 4,5 см өргөнтэй, 1 см зузаан улбар шар өнгийн мод 1 ширхэг, 24 см урттай, 3 см зузаантай, 5 см өргөнтэй 1 ширхэг мод зэргийг устгаж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шинэс төрлийн 110 ширхэг модыг битүүмжилсэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын тогтоол, иргэний нэхэмжлэгч Т.Энхбаатарын эзэмшлийн “Mighty” маркийн 32-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 25, шүүгдэгчийн Н.Балжиннямын 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 32-93 ЗАА улсын дугаартай, 44-15 ЗАА дугаартай автомашинуудыг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Даваадорж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ...Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй байхад шүүх хохирол төлүүлэхээр дурдсан нь буруу байна. Өмнө нь анхан шатны шүүх хохирол төлөгдсөн гэж үзэж байсан бол одоо өөрөөр шийджээ. Иргэний нэхэмжлэгч нар нь хохирсон хохирол байхгүй, битүүмжилсэн модоо аваад хохиролгүй болох юм. Иймд шүүгдэгч надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн авч хэлэлцэж шийдэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.Даваадоржийн өмгөөлөгч С.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.Даваадорж өөрт оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэж гомдол гаргасан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу тухайн гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэж шийдвэрлэснийг үндэслэл муутай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь тухайн үед машины эзэмшигч нар шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг ойлгоогүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог учраас энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шүүгдэгч С.Даваадоржийн хувьд хэргийн талаар маргах зүйл байхгүй. Харин оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэсэн гомдол байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн тухайд хорих ялын хэмжээ нь 2-8 жил байдаг. Тийм учраас шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан үзэж хамгийн бага хугацаагаар буюу 2 жилийн хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Н.Балжиннямын өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд шүүгдэгч Н.Балжиннямын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байна, машин механизм ашиглаагүй гэж шийдсэн. Үүн дээр прокурор эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээс Н.Балжиннямыг машин механизм ашиглаж, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж шийдсэн. Н.Балжиннямын тухайд энэ зүйлчлэл дээр маргадаггүй. Шүүгдэгч Н.Балжинням гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу моднуудыг буцааж өгсөн. Зарим хохирлыг нь мөнгөн төлбөрөөр төлсөн. Нэгэнт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж харж байна. Шүүгдэгчийн ахуй амьдралын хувьд 2 бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч С.Даваадорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би давж заалдах гомдлоо дэмжиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.Балжинням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хулгайлах гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн. Би бага насны 2 хүүхэдтэй, хар бор ажил хийж амьдардаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Прокурор Б.Сансарбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын тухайд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхдээ тухайн шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг нь харгалзан үздэг. Энэ хэргийн шүүгдэгч нарын тухайд өмнө нь удаа, дараа гэмт хэрэг үйлдэж байсан. Үүнийгээ ухамсарлахгүй, дүгнэлт хийхгүйгээр дахин, дахин гэмт хэрэг үйлдээд байгаа нөхцөл байдал байдаг. Ялангуяа С.Даваадоржийн тухайд хулгайлах гэмт хэрэг үйлдчихээд, зорчих эрхийг хязгаарлах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Мөн Н.Балжиннямтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, дангаараа орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдаг учраас энэ гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг тогтоосон анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг шүүгдэгч нарын аль, алиных нь тухайд хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд С.Даваадорж өмнөх шийтгэх тогтоолоор хохиролгүй байж байгаад яагаад хохиролтой болов гэдэг байдлаар гомдол гаргасан гэж ойлгосон. Үүн дээр тайлбар хийхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй талаар дурдсан. Харин хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 2 хүний машин механизмыг ашигласан энэ үйлдэлд нь тухайн иргэний нэхэмжлэгч нарын машиныг буцааж олгоод, машины үнийг 2 шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдол гаргасан байсан. Энэ нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан машин механизмын үнийг гаргуулж, улсын орлого болгоно гэж хуульд заасны дагуу шүүх үнийн дүнг гаргуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх С.Даваадорж, Н.Балжинням нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч С.Даваадорж, Н.Балжинням нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян Улааны 1 тоот эзэнгүй хашаанаас С.Жанчивчамбуу, Д.Раднаарагчаа нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Даваадорж нь ганцаараа 2022 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан -Уул багийн Хөгжлийн 12-1220 тоотод байрлах “Жинст” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 1 литрийн “Jack daniels” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Vallantines” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “ Velvet “ архи 2 ширхэг, 0.75 литрийн Чингэс нэртэй архи 3 ширхэг, 0.75 литрийн “Evok” нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн “Mazenoro” нэртэй дарс 2 ширхэг, 2.4 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво 3 ширхэг, энгийн “Эссэ” тамхи 1 блок, гаатай “Dubliss” нэртэй тамхи 1 блок, гаагүй “Dubliss “нэртэй тамхи 1 блок, нарийн ягаан “ LD” тамхи 1 блок, дундын “Maild “ нэртэй тамхи 1 блок, “Club LD” тамхи 2 блок, цэцэгтэй ягаан алаг хэтэвч 1 ширхэг, “Rendi” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм,” ТрюФель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм, “ТрюФель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм, дарсан огурцы 500 грамм, шилтэй алаг салат 500 грамм, 90.000 мобикомын нэгж, 100.000 төгрөгийн Жи мобайлын нэгж, 25.000 төгрөгийн скайтелийн нэгж зэрэг 953.800 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө 100.000 төгрөг, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар авч хохирогч Б.Отгонцоожид 1.053.800 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Шүүгдэгч С.Даваадорж нь ганцаараа 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА хорооны 13-1318 тоотод байрлах Н.Мөнхбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж жижиг хивс 2 ширхэг, 3 ширхэг, том жижиг нийлсэн хуучин хивс, 50 кг ууттай Улаанбаатар гурил 1 ширхэг, хурганы эдлээгүй арьснууд, хурганы арьсан дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй хүүхдийн дээл 1 ширхэг, хурганы элдээгүй арьснууд, хурганы арьсан дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эмэгтэй хүүхдийн дээл 1 ширхэг, 25 литрийн усны бетон 1 ширхэг, бугуйл хийхээр зүссэн сур 8 метр, өөхөн тос 30 кг, идээний цар 2 ширхэг, дээлийн торго 4 метр, дээлийн даавуу 3 метр, эрэгтэй куртка 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Энхчимэгт 2.861.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан.
Хохирогч С.Жанчивчамбуугийн “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Баян Улааны 01 тоотод байрлах өөрийн эзэмшлийн эзэнгүй хашаанаас 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шинэс төрлийн 2 метрийн урттай 110 ширхэг мод хулгайд алдсан юм. Би тухайн моднуудыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр очоод үзэхэд алга болчихсон байсан юм. Тэгээд мод хулгайд алдсан талаараа цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болсон юм. Миний хулгайд алдсан моднууд нь шинж чанарын хувьд зүсвэрт ашиглах боломжтой хуурай, шинэс төрлийн моднууд байгаа юм...Харин дээрх 2 хүнээс авсан түлээний модноос арай гайгүй бүдүүн зүсүүлээд банз болгочихмоор 34 ширхэг модыг ялгаад тэр хашаанд хураасан байсныгаа хулгайд алдсан юм. Тухайн хашаанд миний дээрх 34 ширхэг модны хамт манай төрөл садан болох Раднаарагчаагийн эзэмшлийн 76 ширхэг мод байсан юм.Тэгсэн миний өөрийн эзэмшлийн 34 ширхэг модтой хамт Раднаарагчаагийн эзэмшлийн 76 ширхэг модыг хулгай хийгээд аваад явчихсан байсан юм...гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Раднаарагчаагийн “...Би ...өөрийн төрөл садан болох С.Жанчивсамбуу ах гэх хүний эзэмшлийн эзэнгүй хашаанд өөрийн эзэмшлийн 2 метрийн урттай 76 ширхэг модыг хураасан байсан юм. Тэгсэн С.Жанчивсамбуу ах 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр миний утас руу залгаад сумын төвд манай эзэнгүй хашаанд байсан модноос миний өөрийн эзэмшлийн 2 метрийн 34 ширхэг мод, чиний өөрийн эзэмшлийн 2 метрийн модноос бас алга болчихож хоёулаагийн мод нийлээд нийтдээ 110 ширхэг мод алга болсон байна гэж надад хэлсэн юм...Миний хулгайд алдсан моднууд бүгдээрээ 2 метрийн урттай, хуурай шинэс төрлийн моднууд байсан юм. Би хулгайд алдсан моднуудаа харвал танина.зарим нэг модыг нь хар өнгийн палмастороор дугаарлаж байсан юм...гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Л.Алтансүхийн”... Би өөрийнхөө Altaansuh Lhagwasuren гэсэн фэйсбүүк хаягнаас 2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр Тосонцэнгэл сумын фэйсбүүк групп дээр 2 метрийн мод худалдаж авна гэсэн зарыг байршуулж байсан юм. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг хөдөө явсан хойгуур манай эхнэрийн 99835830 дугаарын утас руу 89569446 дугаарын утаснаас залгаад зарын дагуу ярьж байна. 2 метрийн мод зарах гэсэн юм гэж хэлсэн байсан юм...Тэгээд би нөгөө залуугийн мод байгаа газарт очтол сумын төвд дэнж дээр ...эзэнгүй айлын хашаанд хойд талын хэсэгт 2 метрийн моднууд хураалгаастай байсан юм...Тэгээд удалгүй цэнхэр өнгийн Бонго маркийн автомашинаар 2 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг ачиж ирээд надад худалдсан юм. Надад мод худалдсан залуучуудыг Н.Балжинням, С.Даваадорж гэдэг хоёр залуу болохыг би сүүлд нь мэдсэн...Тухайн өдөр би тэр хоёроос 2 метрийн урттай 85 ширхэг мод худалдан авсан юм. Би 2022 оны 02 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд Н.Балжинням, С.Даваадорж гэх хүмүүсээс 2 метрийн урттай нийт 110 ширхэг модыг 1 ширхгийг нь 14.000 төгрөгөөр бодоод 1.540.000 төгрөг худалдан авч байсан юм”...гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Т.Энхбаатарын “...Тэгээд нөгөө танихгүй хоёр залуу тэр хашаанд байсан 2 метрийн моднуудаас миний автомашин дээр эхлээд 40 ширхгийг ачаад Алтансүхийн хашаанд авчирч буулгасан юм. Тухайн моднууд нь зүсвэрт ашиглах боломжтой 2 метрийн урттай хуурай моднууд байсан юм...Тэгээд би тэр үед бодохдоо энэ хоёр залуу Алтансүхэд мод худалдаж байгаа юм байна гэж ойлгосон... гэсэн мэдүүлэг,гэрч Л.Алтан-очир, Ө.Эрдэнэчимэг, яллагдагч Н.Балжинням, С.Даваадорж нарын мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хурд-од ХХК-ны хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт,
Мөн хохирогч Б.Отгонцоожийн “...Манайх Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-уул баг Хөгжил хороолол 12 дугаар гудамж 1220 тоотод “Жинст” нэртэй хүнсний 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг, би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүртээ сууж байгаад орой 22 цагт дэлгүүрээ хаагаад хашаандаа байх байшиндаа ороод хүүхдүүдийн хамт унтсан. Манай нөхөр хот руу явсан байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчим босоод дэлгүүртээ ортол манай дэлгүүрийн зүүн тийш харсан 2 ширхэг вакум цонхны хойд талынх нь цонхны гадна талд байх төмөр торон хаалтыг нь эвдээд шилийг нь хагалаад дэлгүүр хулгай орж 1 литрийн Jack daniels” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Vallantines” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “ Velvet “ архи 2 ширхэг, 0.75 литрийн Чингэс нэртэй архи 3 ширхэг, 0.75 литрийн “Evok” нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн “Mazenoro” нэртэй дарс 2 ширхэг, 2.4 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво 3 ширхэг, энгийн “Эссэ” тамхи 1 блок, гаатай “Dubliss” нэртэй тамхи 1 блок, гаагүй “Dubliss “нэртэй тамхи 1 блок, нарийн ягаан “ LD” тамхи 1 блок, дундын “Maild “ нэртэй тамхи 1 блок, “Club LD” тамхи 2 блок, цэцэгтэй ягаан алаг хэтэвч 1 ширхэг, “Rendi” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм,” ТрюФель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм, “ТрюФель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм, дарсан огурцы 500 грамм, шилтэй алаг салат 500 грамм, 90.000 мобикомын нэгж, 100.000 төгрөгийн Жи мобайлын нэгж, 25.000 төгрөгийн скайтелийн нэгж зэрэг 953.800 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө 100.000 төгрөг, улбар шар өнгийн шүүгээний шургуулгад байсан бэлэн 50 төгрөгийн дэвсгэртүүд ойролцоогоор 30.000 орчим төгрөг байсан, цэцэгтэй цагаан алаг хэтэвч 1 нь ширхэг, хэтэвчинд байсан хүмүүсийн картууд зэрэг зүйл алга болсон байсан...гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мягмаржавын “... Манай нөхөр Балжинням нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөө босоод ажилдаа явсан, тэгээд өдөр Даваадоржийн хамт архи үнэртүүлээд орж ирсэн..., манай нөхөр тэгээд тэр өдөр Даваадоржийн хамт архи үнэртүүлээд орж ирсэн. Тэгээд манайд найз Нацагдорж, түүний эхнэр Амаржаргал нар ирсэн байсан. бид нар 1 пиво, 1 шил архи хувааж усан. Тэгээд архиа ууж дуусаад би манай нөхөр Балжинням, найз Нацагдорж, Амаржаргал, Даваадорж бид нар такси дуудаад найз Амарзаяагийн гэрт ирсэн. Амарзаяагийн гэрт ирээд байж байгаад Нацагдорж, Даваадорж, Амарзаяа нар 1 шил архи аваад ороод ирсэн, харин Даваадорж ирээгүй. Тэгээд авч ирсэн архиа бид нар уучхаад Нацагдорж, Амаржаргал, Балжинням бид нар гараад явсан. Би Нацагдорж, Амаржаргал нарын хамт түрүүлээд явсан миний араас манай нөхөр Балжинням, Даваадорж, манай Мягмарсүрэн нар Нацагдоржийн гэрт гаднаас ороод ирсэн. Тэнд хэсэг байж байгаад бид нар гараад би нөхөр хүүхдийн хамт гэр рүүгээ явах гэтэл Даваадорж бид нарыг гэрийн үүдэнд буулгаад нөгөө таксигаар яваад өгсөн. Манайхаас гараад 30 орчим минутын дараа Даваадорж цагаан өнгийн ууттай зүйл авчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Амаржаргалын “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим байхаа ...Тэгээд Отгончимэгийн гэрт байж байгаад, Отгончимэгийн нөхөр Амарзаяа, манай нөхөр Нацагдорж, Даваадорж нар хамт гараад дэлгүүр орж архи авахаар явсан. Тэгээд тэр 3 гараад дэлгүүр орох гээд явж байтал Даваадорж гэнэт алга болчихсон гэсэн ...” гэсэн мэдүүлэг,
Гэрч У.Нацагдорж, яллагдагч С.Даваадоржийн мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 000000017 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Хурд -Од ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай “...шинжилгээний явц үр дүнг үндэслэн 2022 оны 03 сарын байдлаар Н.Мөнхбаярын байшингаас алдагдсан дээрх эд зүйлийн үнэлгээг 3.356.000 төгрөг гэж тогтоолоо...”гэсэн хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Балжинням, С.Даваадорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг, мөн шүүгдэгч С.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч Н.Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч С.Даваадорж нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх дэх хэсгээр давхар зүйлчилж, энэ зүйл хэсэгт заасан ялын дундаж хэмжээгээр ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч С.Даваадоржоос ...Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй, хохирогчид төлөх өр төлбөргүй байхад шүүх хохирол төлүүлэхээр дурдсан нь буруу байна... хохирол төлбөр байхгүй, битүүмжилсэн модоо аваад хохиролгүй болох тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд, шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хохирол хор уршгийн хир хэмжээ, шинж чанарыг харгалзан шүүгдэгч нарт ял оногдуулсан байх бөгөөд оногдуулсан ял нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял хүнддээгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулаагүй байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Даваадоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Даваадоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Б.АРИУНБАЯР