Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 124/2017/0001/З |
Дугаар | 221/МА2017/0399 |
Огноо | 2017-06-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2017/0399
2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар0221/МА2017/0399 | Улаанбаатар хот |
Л.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Г-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Л.Г- 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Л.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч Л.Г бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгон урьд эрхэлж байсан албан тушаал Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч тухайн ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн, ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлага, мэргэжил, ур чадварыг харгалзан үзэж Ц.Батсүрэнг илүү ажлын байрны шаардлага хангаж байна ...сонгон авч ажиллуулсан. Л.Г-ийг төрийн албан хаагч гэж үзэх үндсэн мэдээллүүд нь байхгүй учраас Л.Г-ийг төрийн жинхэнэ албан тушаалтан биш ...мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй” гэж үзсэн.
Би Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн гэх албан тушаал дээр ажиллаж байсан бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэх зөвхөн нэршил өөрчлөгдсөн болохоос ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад намайг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн.
Би дээд боловсролтой, мөн надад мэргэжил мэдлэг дутсан зүйл үгүй бөгөөд ажлынхаа чиглэлээр Улаанбаатар хотод Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт 8 удаагийн чадавхижуулах сургалт семинарт хамрагдсан.
Харин Ц.Б-ийн Нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны даргын орон тоо цомхтголд орсон байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар тус албан тушаалд томилогдсон Ц.Б-г сонгон шалгаруулалт хийж авна гэснийг илт зөрчсөн гэж үзэхээр байна.
Би 2014 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт төрийн албаны шалгалтад орж тэнцээд улмаар 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн байхад ямар ч үндэслэлгүйгээр төрийн албан хаагчийн шалгалтад ороогүй гэх аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан бичгийг шүүх үндэслэсэн нь огт үндэслэлгүй зүйл юм.
Би ганцаараа Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт очиж төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй манай байгууллагын 9 ажилтан хамт шалгалт өгсөн гэдэг нь анхан шатны шүүх хурал дээр яригдсан тул тэмдэглэлд бичигдсэн байгаа.
Миний Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт очиж төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцсэн албан бичиг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирсэн. Түүнийг эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө гаргаж өгөөгүй гэж үзэж байна.
Тухайн үед байгууллагын даргаар ажиллаж байсан И.О-ийн “...Л.Г Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт очиж төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцээд албан бичиг ирсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн албан хаагчийн тангараг өргүүлсэн” гэж гэрчийн мэдүүлэг өгснийг шүүх үнэлээгүй нь учир дутагдалтай.
Би 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар чөлөөлөгдөх үед 7 сартай жирэмсэн байсан нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичигт “Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар 100.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Г-т мэргэжил, мэдлэг, ур чадварт тохирсон албан тушаалд томилох нь зүйтэй” гэсэн, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр тухайн үед жирэмсэн байсан нь нотлогдон тогтоогдож байгаа.
Мөн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн” гэх орон тоо 21 аймаг, 9 дүүрэгт хэвээр хадгалагдан үлдэж хуучин судалгааны мэргэжилтнүүд ажлын байрандаа ажиллаж байна.
1.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн “Тэтгэлэг олгох тухай” Б/70 дугаар тушаал нь намайг ажлаас чөлөөлсөн эрх зүйн акт биш байхад ажлаас чөлөөлсөн гэж үзсэн.
2.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 дүгээр тушаалын хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Г-ийн эрхэлж байсан албан тушаалын нэр нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн байх ба харин гуравдагч этгээдийн ажлын байр буюу Нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны даргын орон тоо хасагдсан гэж үзсэн.
3.Л.Г-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг илт зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзсэн мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хуулийг зөв хэрэглээгүй, илт нэг талыг барьсан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэж гомдол гаргаж байна.
Маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар 100.1 дэх хэсэгт заасныг зөрчиж гарсан байх тул хариуцагч уг актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Г-ийг мэргэжил, мэдлэг, ур чадварт нь тохирсон ажлаар хангах нь зүйтэй юм гэж үзсэн боловч хариуцагчид даалгасан шийдвэр гаргаагүй байна.
Иймд Увс аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Увс аймгийн Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нэгдэж нийт 85 орон тоог 52 болгон цөөрүүлсэнтэй холбогдуулан хариуцагчаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шинээр бий болсон ажлын байранд мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг харгалзан албан хаагчдыг сонгон шалгаруулж авах нөхцөл байдал үүсчээ.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд уг хуралд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлага, мэдлэг ур чадварыг нь харгалзан үзэж томилох эрх бүхий албан тушаалтнаас Б илүү ажлын байрны шаардлага хангаж байна гээд сонгон авч ажиллуулсан” гэх боловч тухайн үед энэхүү ажиллагаа хэрхэн хийгдсэн болох талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзээд, хариуцагчийг энэхүү тушаалаа хүчингүй болгож, Л.Г-ийг мэргэжил, мэдлэг, ур чадварт нь тохирсон ажлын байраар хангах нь зүйтэй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэртэйгээ утга агуулгын хувьд зөрчилтэй болжээ.
Тухайлбал хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” 2016 оны Б/21 дүгээр тушаалыг үндэслэн Л.Г-т мөн өдрөөс эхлэн 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэснээс үзэхэд орон тоо хасагдсантай холбогдуулан түүнийг үүрэг ажлаас нь чөлөөлсөн байхад энэхүү тушаалыг илт хууль бус гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг зохих ажлаар хангах нь зүйтэй гэсэн нь ойлгомжгүй байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тооны дээд хязгаарыг, Увс аймгийн тухайд тус газрын Нийгмийн халамжийн хэлтэст Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн 1, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн 1 байхаар тус тус баталснаас үзэхэд шинэ бүтцээр бий болсон эдгээр ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзсэний үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр хасагдсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
Гэвч хэрэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт авагдсан, харин Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт авагдаагүй, хавтас хэргийн 87 дахь талд авагдсан ажлын байрны тодорхойлолт нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн буюу нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолт байна.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц-ын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 28 дугаар албан бичгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмнө болон одоо эрхэлж байгаа ажлын байрны чиг үүрэг, эрхлэх ажлыг зааж өгсөн гарын авлагыг нотлох баримтаар анхан шатны шүүхэд хүргүүлсэн гэх атал энэ нь хэрэгт байхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН