Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 143

 

 П.А-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны

санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Содномд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:           Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай” 161 дүгээр актыг хүчингүй болгуулах”

            Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0090 дүгээр магадлалтай,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Содномын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай” 161 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн П.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0090 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгч Э.Д би П.А-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймаг дахь Санхүүгийн хяналт Аудитын албанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0090 тоот магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Гомдол гаргаж буй үндэслэлээ тайлбарлавал, Анхан шатны шүүх нь “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй ба шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо нэхэмжлэгч нь тухайн байгууллагад өөр ажил, албан тушаалд ажиллаж, тийнхүү хөдөлмөрлөсний төлөө авсан цалин, хөлсийг нь нөхөн олговорт суутган тооцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах нөхцөлийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй юм...” гэж заасан нь ойлгомжгүй бас үндэслэлгүй байгаа талаар би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан.

5. Учир нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байдаг атал өмнө гарсан шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг шүүх хүчингүй болгоод байгаа юмуу, эсвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж өөрчлөөд байгаа юу, эсвэл шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн заавал биелэгдэх шинжтэй биш, байгууллага албан тушаалтан өөрийн үзэмжээр шүүхийн шийдвэрийг өөрчлөн биелүүлж болно гэж дүгнээд байгаа юмуу агуулгын хувьд ойлгомжгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын талаар заасан байдаг. Тэгвэл хуульд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтанд нөхөн олговор олгох талаар заасан байгааг цалин хөлс гэсэн агуулгаар ойлгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч нь цалин хөлс давхардуулан авч төсөв хохироосон гэж дүгнэснийг анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь урьд нь шүүхээс нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 2.268.139 төгрөг нь ажилгүй байсан хугацааны цалин бус харин ажилгүй байсан хугацааны олговор юм.

7. Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг цалин хөлс давхардуулан авч төсөв хохироосон гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл П.А-г ажлаас үндэслэлгүй халж, уг захирамж нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон албан тушаалтан болох тухайн үеийн Засаг дарга П.Батболдын уг хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг буцааж төлүүлэх талаар акт тогтоох нь аудитын байгууллагын үүрэг гэж үзэж байна. Энэхүү хохиролд ажилтныг буруу халснаас төрөөс ажилтанд төлсөн зардал болох ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсөн зардлууд бүгд орно. Төрд учирсан энэхүү хохирлыг тухайн ажилтныг үндэслэлгүй халсан албан тушаалтнаар төлүүлж, төрийг хохиролгүй болгох талаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэж үзэж байна.

8. Гэтэл Аудитын байгууллага нь уг хуулийн заалтын дагуу гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх талаар акт тогтоогоогүй атлаа ажилгүй байсан хугацааны олговроо хуулийн дагуу авсан ажилтнаар олговрынх нь зарим хэсгийг буцааж төлүүлэх шийдвэр гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498.5 дахь зохицуулалт нь энэ маргааны хувьд хамааралгүй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн 2 шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн маргаан бүхий актад төрд учирсан хохирлын талаар дурдсан атал тухайн хохирлыг хэн хариуцах талаар дүгнэх нь хэрэгт хамааралтай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан албан тушаалтан тэгвэл энэ тохиолдолд төрд учирсан ямар хохирлыг хариуцах талаар дурдах хэрэгтэй байна. Мөн маргаан бүхий захиргааны актад төрд 1.513.593 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэснийг нэхэмжлэгч тал баримтаар няцааж, төрд хохирол учраагүй гэж мэтгэлцэж байхад энэ асуудал дээр шүүх дүгнэлт хийгээгүй байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/2019/0090 тоот магадлалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч П.А-ийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай” 161 дүгээр актаар “шүүхийн шийдвэрээр цалин авахдаа албан тушаалын цалингийн шатлалын зөрүүгээр бус, албан тушаалын цалинг давхардуулан авсан 1513593 төгрөгийн зөрчил нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчсөн” гэж үзэж, нөхөн төлбөрийн 1513593 төгрөгийг төлж, төсвийг хохиролгүй болгохыг нэхэмжлэгч болон санхүүгийн ажил хариуцаж буй бусад этгээдэд хариуцуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

11. Нэхэмжлэгч П.А нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн /2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс/ байх ба тэрээр ийнхүү санхүүгийн албаны даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар тус газарт төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр мөн өдрөөс эхлэн томилогдон, мэргэжилтний ТЗ-3 зэрэглэлийн 2 дахь шатлалаар цалинжин ажиллаж байжээ. 

12. Гэвч нэхэмжлэгч нь энэ хугацаанд дээрх, ажлаас чөлөөлсөн Б/73 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр П.А-г ажлаас чөлөөлсөн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинд 1844192 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

13. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан, нэхэмжлэгч П.А нь санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа, тус газарт мэргэжилтнээр шууд томилогдон ажилласан байх бөгөөд шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул хуулийн энэхүү заалтын дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн ажилд эгүүлэн тогтоогдсон өдөр хүртэлх хугацааны албаны дарга болон мэргэжилтний цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг авах эрхтэй байхад нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох 1513593 төгрөгийг авсан нь тогтоогджээ. 

14. Иймээс нэхэмжлэгч П.А-аар санхүүгийн албаны дарга, мэргэжилтний цалингийн зөрүүгээр бус, албан тушаалын цалинг давхардуулан авсан 1513593 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 161 дүгээр акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэнтэй нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг цалин хөлс давхардуулан авч төсөв хохироосон гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл П.Аг ажлаас үндэслэлгүй халж, уг захирамж нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон албан тушаалтан болох тухайн үеийн Засаг дарга П.Батболдын уг хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг буцааж төлүүлэх талаар акт тогтоох нь аудитын байгууллагын үүрэг гэж үзэж байна” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

16. Учир нь, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг ажлаас халсан албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас улсад учирсан хохирлын асуудлыг шийдвэрлээгүй, харин  нэхэмжлэгч П.А нь шүүхийн шийдвэрийн дагуу цалин авахдаа албан тушаалын цалинг /1513593 төгрөгийг/ давхардуулан авсан зөрчил гаргасныг илрүүлж, уг төлбөрийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүх тухайн акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл гомдолд заасан үндэслэл нь уг маргаанд шууд хамааралгүй байна. 

17. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0090 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ

               ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА