Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

   2023        10           20                                           2023/ДШМ/37

 

 

О.Н-, О.Д- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч О.Н-, О.Д-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н-, О.Д-, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Н-, О.Д- нарт холбогдох эрүүгийн 2239001920267 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч О.Н- О.Д- нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр машин механизм буюу Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Супер Даюун” маркийн мотоцикль ашиглан хохирогч Ч.О-гийн эзэмшлийн зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хул азарга, хүрэн байдас, хээр байдас, хоёр хүрэн даага буюу олон тооны адууг хулгайлж нийт 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч О.Н-, О.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх:  Шүүгдэгч О.Н-, О.Д- нарыг “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “С” маркийн мотоцикл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мотоциклийн үнэ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хохирлоо төлж барагдуулсан, бага насны хүүхдүүдтэй, мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Иймд надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жил болгож хөнгөлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч О.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би урьд нь хэрэгт холбогдож байгаагүй, 2-10 насны 4 хүүхэдтэй, хүүхдүүд бага ээжиийнхээ асрамжаас гараагүй учир эхнэр маань ажил төрөл хийх боломжгүй, би хүний мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг юм.

Миний ар гэрийн байдал, анх удаа хэрэгт холбогдсон, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жил болгож хөнгөлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Ч.О- нь Хэнтий аймгийн Биндэр суманд амьдардаг, түүний 5 тооны адуу нь сум дамнан, нутаг бэлчээрээсээ гарч 50 км газарт өөрийн хөлөөр гүйн очиж иргэн О.Д-, 0.Н нарын адуутай 1 сар гаруй хугацаанд усанд хамт орж, хамт бэлчээрт гарч байсан ба шүүгдэгч О.Д-, О.Н- нарын өмчлөлийн адуунд хохирогч Ч.О-гийн 5 тооны адуу ирж нийлсэн байна. Тухайн үед танихгүй айлын адуу ирж нийлээд явахгүй байгаа, хэний адуу болох талаар О.Д-, О.Н- нар нь ойр орчим нутаглах нутгийн хүмүүсээс сураглаж, хэлж байсныг гэрч Б.Э, О.У, С.Г нар мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч О.Д-, О.Н- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “бусдын алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, зүйчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч О.Н-, О.Д- нарын гаргасан давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Шүүгдэгч О.Н-, О.Д- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримтын талаар маргадаггүй, хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан.

О.Д- нь 2-10 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь сумын төв дээр хүүхдүүдээ харж сургууль, цэцэрлэгийн асуудлыг хариуцдаг бол О.Д- нь хөдөө хүний мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг.

О.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 0-3 насны 3 хүүхэдтэй, ар гэр амьдрал ахуйгаа авч явдаг.

Шүүгдэгч нар нь анхнаасаа хулгайн хэргээр ашиг хонжоо олох гэсэн идэвхтэй үйлдлээр хэрэг үйлдээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг барагдуулж хохирогчийг хохиролгүй болгосон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.

О.Д-, О.Н- нарт холбогдох эрүүгийн хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар 3 удаа хэлэлцэгдэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэлийг гаргахдаа хохирогч Ч.О-гийн мэдүүлэг, гэрч Ө.Д, Г.Б нарын мэдүүлэг, Ө.Д-н дансны хуулга зэргийг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн.

Хохирогч Ч.О- нь мэдүүлэг өгөхдөө “би мал дээрээ байдаггүй, сардаа нэг удаа очиж малаа хардаг, манайх малчинтай, би 8 сард очиход манай 5 тооны адуу байхгүй байсан, нутгийн хүн “сарын өмнө 2 сумын нутгийн зааг дээр харагдаж байсан, түүнээс хойш харагдахаа больсон” гэж хэлж байсан гэх мэдүүлгийг өгдөг. Хохирогч Ч.О- нь “малаа алдсан” гэх мэдүүлгийг өгсөн болохоос биш хулгайн гэмт хэргийг нотолсон мэдүүлэг өгдөггүй. Харин гэрч Г.Б нь Ч.О-гийн 5 тооны адууг авч ажилласан гэдгийг нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн.

Хавтаст хэрэгт гэрч Б.Э-, О.У-, С.Г- нарын мэдүүлэг авагдсан. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “алдуул мал завших” гэмт хэргийн шинжтэй юм. Учир нь уг адуу сар гарны өмнө өөрийн нутгаас хөлөөрөө сум дамнан очиж өөр айлын адуутай нийлсэн байдаг. Саахалт айлын хүмүүс танихгүй 5 тооны адуу явж байсан гэдгийг бүгд мэддэг.

Анхан шатны шүүх О.Н-, О.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж 2 ч удаа шийдвэрлэж байсан. Харин прокурор 3 дахь удаагаа эсэргүүцэл бичихэд нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлээр шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Бусдын алдуул мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчийг хууль бусаар авсан байхыг шаарддаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5, 17.12 дугаар зүйлүүд ижилхэн шинжийг агуулдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл дээр ч гэсэн бусдын алдуул малыг хулгайлахдаа алдуул мал байна гээд бүлэглээд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байж болно. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болгоныг хулгайн гэмт хэрэг гэж үзэх нь учир дутагдалтай.

 Гэмт хэргийг ямар байдлаар үйлдсэн, ямар байдлаар очсон, тухайн үед уг адуу нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүс дээр очсон байсан эсэхийг тогтоох хэрэгтэй. Шүүгдэгч О.Н-, О.Д- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын хүрээнд биш хэргийг бүхэлд нь судалж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдлооо дэмжиж байна” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О.Н-, О.Д- нар нь бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэх үйл баримт тогтоогдсон. Дээрх 5 тооны адуу бэлчээрээсээ гараад тухайн нутаг дэвсгэрт ирж бэлчээрлэж байсан гэх үйл баримтыг гэрчүүд мэдүүлдэг.

Шүүгдэгч нар нь “эзэн нь олдохгүй байна зарж борлуулъя, мөнгө болгоё” гэж үгсэн тохиролцож уг 5 тооны адууг хашаанд хашиж, тээврийн хэрэгслээр тээвэрлэж аймаг дээр ирж зарж борлуулж байгаа нь нууц далд аргаар хууль бусаар бусдын өмчлөлийг авч байгаа хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн үүргээ биелүүлэхгүй шууд зарж борлуулж байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Бусдын алдуул эсхүл нутаг орноосоо гарсан малыг хууль бусаар хашиж авч явж байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох бусдын малыг нууц далд аргаар, шунахайн сэдлээр хууль бусаар авсан гэсэн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-, О.Д-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр О.Н-, О.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

5. Шүүгдэгч О.Н-, О.Д- нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг “Уртын адаг” гэх газраас машин механизм буюу мотоцикль ашиглан хохирогч Ч.О-гийн олон тооны адууг хулгайлж 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 13 хуудас/,

 

- Хохирогч Ч.О-гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 14 хуудас/,

 

- Хохирогч Ч.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын эхээр буюу 04, 05-ны үед миний адуунаас зүүн талын гуян дээрээ сартай дөл тамгатай хойд хоёр хөл нь бэлэвсэн хул зүсмийн азаргатай 4 тооны адуу алга болоод би ...нэг cap гаруй хугацаанд хайж сураглаад ямар нэгэн сураг гараагүй. Сүүлд бараг 2 сарын дараа Биндэр сумын малчин Н гэх хүний хүү У “...намайг малдаа явж байхад Баян-Адарга, Биндэр сумын зааг “Баруун булаг” орчимд харагдаад байдаг байсан, сүүлдээ харагдахаа байсан...” гэж хэлсэн. ...зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хойд хөл нь бэлэвсэн хул зүсмийн азарга, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн байдас, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хээр зүсмийн байдас, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн даага, зүүн талын гуяндаа сартай хас тамгатай хүрэн зүсмийн даага гэх зэрэг 5 тооны адуугаа алдсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 18-19 хуудас/,

 

- Гэрч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын сүүлээр ...Д “Н бид хоёр хэдэн адуу аймгийн төв рүү оруулж мөнгө болгох гэсэн чинь машин асахаа байчихлаа, чи машинаа өгөөч” гэхээр нь би “машинаа өгч явуулмааргүй байна, би өөрөө явж өгвөл болно” гэтэл Д- “яваад ирэх шатахууныг чинь хангалттай хийж өгнө” гэхээр нь би машинтайгаа явахаар болсон. Тэгээд би Н-, Д- нараас “ачих адуу чинь хаана байгаа юм бэ” гэхэд тэр хоёр “танай өвөлжөөн дээр хашиж байгаад бариад уячихсан байгаа” гээд Н-ынд очиж О-г аваад бид дөрөв манайд очиход хул зүсмийн азарга, мөн хүрэн даага, халтар шүдлэн байдас, нөгөө хоёрыг нь анзаараагүй бараан зүсмийн хоёр адуу байсан ...тухайн үед цаг шөнийн 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Бид гурав адуунуудаа ачаад Баян-Адарга сумын төв орох замдаа би Н-аас “гарал үүслийн бичгээ яах юм бэ” гэхэд Н- “кодыг нь авчихсан байгаа” гэж хэлсэн... Бид гурав аймгийн төвд очоод Н-н бойнд адуугаа буулгаж Н-, Д- нар бууж адуугаа зарсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 22-24 хуудас/,

 

- Гэрч Ө.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын сүүлээр ...манай нөхөр... “...би аймаг явахаар боллоо. Д-, Н- хоёр мал ачаад аймаг орж өгөөч гэнэ ээ...” гэж хэлээд явсан... 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр миний ХААН банкны  тоот дансанд 1.000.000 төгрөгийн “Б” гэсэн гүйлгээний утгатай орлого ороод тэр өдрөө эргээд цуварч гарсан байсныг сүүлд 2022 он гарснаас хойш сумын төв орж гүйлгээ хийхдээ мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 36-38 хуудас/,

 

- Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “би ...2021 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын эхэн хүртэл  Н- гэх айлд түр очиж бог малыг нь хардаг байсан юм. 2021 оны 8 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчим Н- түүний хоёр найз болох Д-, Б- нар бүхээгтэй хөх өнгийн машинтай ирээд “адуу ачилцаад өгөөч” гэхээр нь би хамт явж Б-ы өвөлжөөн дээрээс 5 тооны адуу ачилцаж өгсөн... Хул зүсмийн азаргатай бараан голдуу 5 тооны адуу байсан... Тэр гурвыг адуу ачсанаас 3 сарын дараа манайхаар О гэх залуу “хул азаргатай 5 тооны адуу харагдав уу” гээд сураглаад явж байсан. Тэгтэл нэг өдөр Н- надад “бид нарыг адуу ачсан талаар хүнд хэлээгүй биз, ямар нэгэн хүнд хэлээд хэрэггүй шүү, хүн асууж сураглаж ирвэл чимээгүй байгаарай” гэж байсан..." гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 41-42 хуудас/,

 

-Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШД-219 дугаартай: “.... 5 тооны адууны зах зээлийн үнэлгээ 5.180.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 63-65 хуудас/,

 

-О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 7 дугаар сард Д- бид хоёрын адуунд зүс бүхий 5 тооны адуу нийлж бэлчээд хамт усандаа ороод цуг яваад 1 cap гаран болсон. Ингээд дээрх 5 тооны адууг хүн сурж ирэхгүй болохоор нь Д- бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д-ийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикльтой адуун дээрээ цуг ирээд дээрх 5 адууг ялгаж айлын өвөлжөөний хашаан дээрээ авчраад орой нь ачааны машинд ачиж Хэнтий аймгийн төвд авчирч зарж борлуулсан. Д- бид хоёр бусдын 5 тооны адууг хулгайлаагүй. Дээрх мотоцикл Д-ийнх бөгөөд одоо эвдрээд алга болсон байх ...би бусадтай бүлэглэн дээрх 5 тооны адууг зарж борлуулснаа хүлээн зөвшөөрч байна. ...бид хоёр хохирол мөнгөө барагдуулж хохирогчид 4 унагатай гүү, 2 шүдлэн байдас нийт 10 тооны адуу өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 83-85 хуудас/,

 

-О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 7 дугаар сард шиг санаж байна манай адуунд 5 тооны адуу нийлж бэлчээд, усанд ороод, бэлчээрт цуг яваад 1 cap гаран болсон. Ингээд дээрх 5 тооны адууг хүн сурж ирэхгүй болохоор нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз Н-тай миний эзэмшлийн улаан мотоциклийг унаж яваад 5 адууг ялгаж хашаан дээрээ авчраад орой нь ачааны машинд ачиж Хэнтий аймгийн төвд авчирч зарж борлуулсан ...хохирогч Ч.О-гийн хохирлыг бид хоёр 2022 оны 7 дугаар сарын эхээр өгсөн. ...Н- бид хоёр хохирогчид 4 унагатай гүү, 2 шүдлэн байдас нийт 10 тооны адуу өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас/,

 

-О.Н-ын эзэмшлийн Хаан банкны Депозит дансны хуулга /1 хавтаст хэргийн 102-106, 127-128 хуудас/,

 

-О.Д-ийн эзэмшлийн Хаан банкны Депозит дансны хуулга /1 хавтаст хэргийн 121 хуудас/,

 

-О.Ө.Д-ын эзэмшлийн Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 130-133 хуудас/,

 

-Хохирогч Ч.О-гийн “.... Д-, Н- нар нь 5 толгой адууны хохирлыг бүрэн барагдуулсан болно. Хохиролд: 4 толгой унагатай гүү, 2 шүдлэн байдас, нийт 10 толгой адуу өгсөн. Нэхэмжлэл, гомдол санал байхгүй тул хэргийг хөнгөн шийдэж өгнө үү..." гэсэн тодорхойлолт /1 хавтаст хэргийн 207 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой,  хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

7. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Н-, О.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

8. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

9. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл “...шүүгдэгч О.Д-, О.Н- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч О.Н-, О.Д- нар нь алдуул мал олсон талаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлэлгүй дур мэдэн захиран зарцуулсан үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

 

Харин шүүгдэгч нар “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан ...оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жил болгож өгнө үү” гэсэн агуулгатай  гомдол гаргасан ба шүүхээс “шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх санал гаргасан, ...мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй...” гэсэн үндэслэлээр 2 жилийн хорих ял оногдуулсан байна.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх ...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ...болно” гэж заасан ба өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар өөр байр суурь илэрхийлснийг дээрх хуулийн зохицуулалтад хамруулах үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарын гомдлыг хангаж шүүгдэгч О.Н-, О.Д- нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “2 (хоёр)” гэснийг “1 (нэг)” гэж, 3 дахь заалтын “2 (хоёр)” гэснийг “1 (нэг)” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-, О.Д- нарын цагдан 87 (наян долоо) хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ