Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Л*******ийн О*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00120/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.

Хүсэлт гаргагч Л.О******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Л.О******* миний бие 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан ба энэ байдлыг хөдөлмөрийн дэвтэр байхгүй болно. Булган аймгийн Архивын газраас ажиллаж байх хугацааны жилийн лавлагаа гарахгүй байгаа ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын архив шатсан болно.

Иймд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-

-Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

- Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ахуй үйлчилгээний төвийн баримт байхгүй болохыг тодорхойлсон албан бичиг /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав компанийн байранд 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гал гарсан болохыг тодорхойлсон тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,

-Ажиллаж байсан үеийн гэрэл зураг /хэргийн 6-9-р хуудас/.

-хамт ажиллаж байсан Т.Б*******, Д.Б*******нарын баримтууд /хэргийн 10-15-р хуудас/.

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Т.Б*******, Д.Б*******нараас гэрчийн мэдүүлэг авсан.

4.Шүүх санаачилгаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, Үндэсний төв Архиваас 1989 оны Хүн ам, орон сууцны тооллогын лавлагааг гаргуулан авсан болсон.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.О*******ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Л.О******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болох нь гэрэл зураг, ХААТР-1 маягтын 14.-т ажилладаг байгууллага Ахуйн үйлчилгээ, ажилд орсон он 1988, эрхэлдэг ажил оёдолчин, эрхэлж эхэлсэн он 1988, оршдог сум Хутаг-Өндөр гэсэн бичилт, 1989 оны Хүн ам, орон сууцны тооллогын өрхийн хуудаст Л******* О*******, ..эрхэлдэг ажил НАҮ оёдолчин, тооллогын он, сар, өдөр нь 1989 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэж бичигдсэн бичилтүүд болон гэрч Т.Б*******, Д.Б*******нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд хүсэлт гаргагчийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л*******ийн О*******ийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА