Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  С*******ын У*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай болохоо тогтоолгох тухай 304/2025/00162/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч С.У*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч С.У******* нь нөхөр С.Б*******тэй хамтын амьдралтай болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон. Би өөрийн нөхөр болох С*******гийн Б*******тэй 1996 онд анх танилцаж, хайр сэтгэлтэй болж 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуримаа хийж гэр бүл болж хамт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд том xүү Б.А******* 1997 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, дунд хуу Б.Г******* 2000 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, бага хуу Б.М******* 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус төрсөн. Бид хамтран амьдарсан хугацаанаас эхлэн одоог хуртэл хувийн малаа маллан хамт амьдарч байна. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс нөхрийн нэр дээр гардаг бөгөөд бид хоёр 1996-2006 он хүртэл гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас тухайн онуудын малын А данс надад хамааралгүй болоод байна. Иймд нотлох баримтуудыг үндэслэн нөхөр С*******гийн Б*******тэй 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг маань тогтоож өгнө үү. гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн засаг даргын 2025 оны 01 дүлгээр сарын 06-ны өдрийн 2/15 дугаар албан тоот /хэргийн 4-р хуудас/,

-Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-1997 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б*******ийн А*******, 2000 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Б*******ийн Г******* нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б*******ийн М*******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/.

3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Д.Я*******, Ч.С******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

4.Шүүх санаачилгаараа Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны тооллогын лавлагааг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.У*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нөхөр С.Б*******тэй хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

1.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.1.Хүсэлт гаргагч С.У******* нь нөхөр С.Б*******тэй 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хамтран амьдрах болсон бөгөөд тэдний дундаас 1997 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү Б*******ийн А*******, 2000 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүү Б*******ийн Г*******, 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б*******ийн М******* нар төрсөн ба эцгийн мэдээлэл хэсэгт С*******гийн Б******* гэж бичигдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,

1.2. Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №03-10/2158 дугаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын бүртгэлд ...өрхийн тэргүүн С*******гийн Б*******, эхнэр С*******ын У*******... гэж бүртгэгдсэн тухай лавлагаа,

1.4. Гэрч Д.Я*******, Ч.С******* нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар С*******ын У*******, С*******гийн Б******* нарыг 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА