Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

   2023        10           20                                           2023/ДШМ/38

 

 

Б.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор З.Наранчимэг,

Шүүгдэгч Б.Х-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2340000000032 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар шүүгдэгч Б.Х-г “Австрали улс руу сургалтын виз гаргаж өгнө гэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны 1 тоотод оршин суух А.А-аас 13.500.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 09  минутанд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлэн авах замаар хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон А.А-аас 13.500.000 төгрөгийг залилан авсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий айгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-гаас 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч А.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Шүүдэгч Б.Х- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие ...учруулсан хохирлоо 45 хоногт багтаан төлөх бүрэн боломжтой ...хохирогч А.А-д төлж барагдуулах 13.500.000 төгрөгийн хохирол төлбөр хугацааны хувьд хойшлогдон удааширч саатаж байна хэмээн үзэн, надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг эсэргүүцэж, мөн эрх зүйн байдлыг минь дордуулан цагдан хорьж байгаад гомдолтой байна. Цагдан хоригдож буй энэ хугацаанд үйлдсэн үйлдэлдээ, учруусан хохиролдоо, гэм буруугаа хүлээж, хохирогч А.А- болон гэр бүлээс нь чин сэтгэлээсээ уучлал эрэн, хүлцэл өчиж, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Иймээс дээр дурсан үндэслэл бүхий нөхцөл байдал болон миний хувийн эрх зүйн байдал зэргийг минь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ялаас өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүдэгч Б.Х- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлттэй байна. Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч авах хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй. Н өмгөөлөгчийг өөрийнхөө өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлттэй байсан боловч цагдан хорих байранд тог тасраад өмгөөлөгчтэйгөө уулзаж чадаагүй. Н өмгөөлөгчтэй сая уулзсан ч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй.

...би ...гэр ахуйн чимэглэл, сувинерын чиглэлээр онлайн худалдаа эрхэлдэг. Би Бор-Өндөрийн цагдаагийн байцаагч Ж өөрийнхөө бүх мэдээллийг өгч пэйж хуудасныхаа зургийг болон ойнлайн худалдаагаар зарж борлуулдаг гэр ахуйн чимэглэл, сувинерын зургийг, мөн Хятад улс руу явуулдаг бараа авах баримтуудын хуулбарыг өгсөн боловч хэрэгт авагдаагүй бөгөөд намайг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж бичсэн байна. Би тухайн үед хэргийн материалтай танилцаагүй байсан.

...Миний бие онлайн худалдаа эрхэлдэг болохоор надад хорих ялаас өөр төрлийн ял оногдуулбал хохирогчид хохирлыг төлөх боломжтой. Би урьд үйлдсэн болон энэ удаагийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Тухайн үед өр зээлээ төлөөд явах боломжтой байсан хэдий ч нөхөр маань зүрхний шигдээс болоод мөнгөний хэрэгцээ гарч машинаа зараад мөнгө төгрөгний хэрэгцээ гараад зээлээ төлж чадахгүй ийм байдалд хүрсэн. Би хохирогчид хохирол төлбөрийг нь барагдуулна...” гэв.

 

Хяналтын прокурор З.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Х- нь “Австрали улс руу сургалтын виз гаргаж өгнө” гэж А.А-аас 13.500.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 09  минутанд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлэн авах замаар хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон А.А-аас 13.500.000 төгрөгийг залилан авсан нь тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг нь шууд санаатайгаар үйлдэгддэг. Гэм буруугийн санаатай хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Х-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Х- нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдсэний улмаас хохирогчид үлэмж хэмжээний хохирол учирсан бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд залилах гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдэж 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ял, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан. Нийтдээ 3 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн ба засрал хүмүүжил олохгүй байна гэж үзэж байна. Энэхүү гэмт хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн ба шүүгдэгч нь харахад эрүүл саруул, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, давтан залилах гэмт хэрэг үйлдсэн ба шүүгдэгчийн өр, зээлтэй байдал нь уг гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-гийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. “Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

5. Шүүгдэгч Б.Х- нь “Австрали улс руу сургалтын виз гаргаж өгнө” гэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 дугаар байрны 1 тоотод оршин суух А.А-аас 13.500.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 09  минутанд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлэн авах замаар хуурч мэхлэн, 13.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч А.А-ы Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /ххХавтаст хэргийн 1 хуудас/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 хуудас/,

 

- Хохирогч А.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...Би 2022 оны 11 дүгээр сард зараас Австрали руу сургалтын виз гаргаж өгдөг гэх Б.Х- гэх хүнтэй утсаар холбогдон сургуульд элсэх төлбөр гэж нийт 13.500.000 төгрөг шилжүүлсэн боловч тухайн хүн миний визийг огт гаргаагүй, сургуульд элссэн гэж хуурамч бичиг өгсөн, тухайн бичиг нь зүгээр тэтгэлэг өгөх хүсэлт илгээж байгаа иргэдийн бөгөлдөг анкет байсан. Би тухайн хүнд үнэн байдлыг хэлэхэд “...би худлаа ярьсан юм аа, эгч нь чиний мөнгийг бага багаар төлье, чи цагдаа сэргийлэхэд битгий хандаач...” гэж гуйсан. Би “...тийм зүйл байхгүй ээ, та цагдаа дээрээ учраа ол...” гэж хэлээд ахиж холбогдоогүй. ...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10:33 цагт 13.500.000 төгрөгийг Б.Х- гэх эзэмшигчтэй дансанд нөхрийн данснаас шилжүүлсэн. ...Б.Х- гэх хүн надтай хоёр жи-мэйл хаягаар харьцаж байсан, мөн утсаар ярьж байсан боловч утасны дугаар нь устсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийнг 13-14 хуудас/,

 

- Гэрч Ц.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний эхнэр А.А- нь 2022 оны 11 дүгээр сард зараас Австрали руу сургалтын виз гаргаж өгдөг гэх Б.Х- гэх хүнтэй утсаар холбогдон сургуульд элсэх төлбөр 13.500.000 төгрөгийг миний данснаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10:33 цагт “Б.Х-” гэх эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн боловч тухайн хүн нь манай эхнэр А.А-ыг залилсан гэдгээ 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр хүлээн зөвшөөрч  “...тохиролцсон мөнгийг чинь өгье, цагдаад битгий хэл...” гэж гуйсан. ...тус 13,500,000 төгрөг нь миний эхнэр А-н мөнгө. ...тухайн хүнтэй огт уулзаж байгаагүй, манай эхнэр А.А- жи-мэйл хаягаар харьцаж байсан...” гэх мэдүүлэг   /хавтаст хэргийн 15-16 хуудас/,

 

- Б.Х-гийн TDB худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга /хавтаст хэргийн 20-21 хуудас/,

- Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би энэ хэргийг үйлдсэн, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 хуудас/,

 

- Б.Х-гийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүх хуралдаан даргалагчийн  “...хуурч мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэсэн. Энэ зөв үү” гэсэн асуултад шүүгдэгч “Зөв” гэж, даргалагчийн “...Зохиомол байдлыг зориудаар бий болгосон. Өөрөөр хэлбэл А-г Австрали руу явуулж чадахгүй худлаа байсан гэсэн нь зөв үү” гэсэн асуултад шүүгдэгч “Зөв” гэж, даргалагчийн “С гэдэг багш байдаг нь үнэн үү” гэсэн асуултад шүүгдэгч “байхгүй” гэж, даргалагчийн “...Хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу...” гэсэн асуултад “Тийм” гэж, даргалагчийн “Та өөрийнхөө дансаар 13.500.000 төгрөг авсан байна. зөв үү” гэсэн асуултад шүүгдэгч “Зөв” гэж, даргалагчийн “нэг ч төгрөг төлөөгүй байгаа юм уу” гэсэн асуултад шүүгдэгч “Тийм” гэж тус тус хариулсан шүүх хуралдааны тэмдэглэл /хавтаст хэргийн 105-106 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учируулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

8. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөөгүй нөхцөл байдал,  шүүгдэгчийн хувийн байдал /тухайлбал: өмнө нь энэ гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан/ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч авах хүсэлтийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдлыг /1.1 хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй; 1.2 өсвөр насны; 1.3 монгол хэл, бичиг мэдэхгүй; 1.4 бүх насаар хорих ял оногдуулж болох; 1.5 хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, 1.6 төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан/ хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Х- нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс шүүдэгч Б.Х-д шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 18 минутад мэдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй бөгөөд хэлэлцүүлэг эхэлснээс хойш өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж, 2 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, оролцогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Х- нь “Л.Н-г өмгөөлөгчөөрөө оролцуулахаар ярилцсан” гэх боловч түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, Л.Н өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр ирүүлээгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-гийн “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-гийн цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ