Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

   2023        10           20                                           2023/ДШМ/39

 

 

Б.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор З.Наранчимэг,

Хохирогч Б.Б-,

Шүүгдэгч Б.Д-, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Д-т холбогдох эрүүгийн 2339002340251 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-тай "хувцас угаасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бүсэлхий хэсэг рүү баруун гараараа цохиж, баруун, зүүн хацар руу нь алгадаж хохирогч Б.Б-ын биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс шүүгдэгч Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж,

- Хохирогч Б.Б- нь эмчилгээний зардал 500.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Б.Д-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Д-т 700.000 төгрөгийн мөнгөн торгууль оногдуулж, надад хохирол төлбөр гаргаж шийдвэрлээгүй.

Миний бие Б.Д-тай 2012 оноос эхлэн гэр бүл болон амьдарч байна. Энэ хугацаанд Б.Д- нь бие махбодод гар хүрч удаа дараа гэмтэл учруулж, бэртээж, сэтгэл санааны гүн хямралд оруулж ирсэн. Энэ бүхнийг олон жил тэвчсэний эцэст түүний энэ байдал өөрчлөгдөөгүй тул би цагдаагийн байгууллагад зохих шийтгэлийг нь шударгаар хүлээлгүүлэхээр хандсан. Цагдаа, прокрор, шүүхийн байгууллагад хэрэг шалгагдаж байхад Б.Д- нь надтай ганц ч удаа уулзаагүй, уучлалт гуйгаагүй, гэр бүл, үр хүүхдүүдээ удаа дараа хүчирхийлсээр байна. Ингээд би шүүх хуралдаан дээр түүнд хичнээн гомдолтой байгаагаа хэлсэн, тэрээр надад эмчилгээний зардал өгөөгүй байдал зэргийг хэлсээр байтал анхан шатны шүүх түүнд торгуулийн хөнгөн шийтгэл оногдуулсан.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн тохиолдолд хөнгөрүүлэхээр тусгасан. Мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх талаар тусгасан. Гэтэл Б.Д- нь намайг зодсон хэрнээ эмнэлэгийн туслалцаа үзүүлээгүй, эмчилгээний зардлыг төлөөгүй, үйлдсэн гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийллийг давтамжтай үйлдсэн, хувийн байдлын хувьд 2015 онд намайг хүчирхийлж цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан, үйлдсэн гэмт хэрэгтээ огтхон ч гэмшээгүй байхад түүнд торгуулийн шийтгэл оногдуулсанд үнэхээр их гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдааны маргааш нь би хүүхдүүдээ аваад Б сум гарах гээд явж байтал Б.Д- нь машинтайгаа явж байгаад тааралдахаар нь уулзах гээд араас нь сигналдаад дохио өгөөд байхад зугтаагаад яваад өгсөн. Шүүх хурал дээр гэм буруугаа хүлээж байна гэж худал хэлчхээд, шүүхийн танхимаас гарангуутаа танихгүй хүн шиг шууд л яваад өгсөн. Одоог хүртэл гэм буруугаа хүлээсэн зүйл байхгүй байгаагаар барахгүй намайг хүүхдүүдтэй маань гэрээс хөөж, хүүхдүүдийнхээ төрөөс өгч байгаа мөнгийг бидэнд өгөхгүй өөрөө үрж, мал ахуйнаас маань ч өгөхгүй, утсаа ч авахгүй, фэйсбүүкээр хариу ч байхгүй, огтын танихгүй хүн шиг байгаа. Б.Д- нь гэр бүлээ хүчирхийлээд өөрийн үүрэг, хариуцлагаа мэдэхгүй байгаа учраас гомдолтой байна.

Одоо би хүүхдүүдтэйгээ Батноров суманд аав ээжийнхээ хашаанд гэр бариад очоод байгаа ба бага хүүхэд маань хүнд өвчтэй 6 сараас хойш Улаанбаатар хот руу ирж очин, мөнгөгүйн улмаас хагалгаа нь хойшлогдсоор байгаа юм. Ингэж Б.Д- нь гэр бүлийн хүчирхийлэлийг одоог хүртэл үйлдсээр л байна.

Б.Д-т зодуулснаас болоод одоог хүртэл бие минь өвдсөөр байгаа бөгөөд урьд нь эмчилгээний зардал 500.000 төгрөг гарсан. Би шүүх хуралдаан дээр өөрийн эмчилгээний зардлын баримтуудаа авч очсон байсан боловч шүүгчийн асуултыг буруу ойлгосоны улмаас баримтаа өгч чадаагүй. Гэхдээ баримт байгаа, Б.Д-аас 500.000 төгрөг нэхэмжилж байгаагаа хэлсэн.

Иймд анхан шатны шүүх Б.Д-т үндэслэлгүйгээр хөнгөн шийтгэл оногдуулсан, хохирол төлбөрийг зөв шийдвэрлээгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Д-ын үйлдэлд тохирсон  шийтгэл оногдуулж, миний эмчилгээний зардлыг Б.Д-аас гаргуулж өгнө үү.

Анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болсон бөгөөд шүүх хуралдаан болсноос хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг надад гардуулж өгөх атал гардуулаагүй, би 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн биеэр шүүх дээр ирж шүүгчийн туслахтай уулзахад 8 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа дуусна гэхээр нь би гомдлоо өгсөн. Б.Д- анх удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж худал мэдүүлсэн. Б.Д- нь 2015 он, 2022 оны 11 дүгээр сард удаа дараа хүчирхийлэл үйлдсэн атлаа үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Д- нь цагдаад мэдүүлэг өгөхдөө  2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр анх удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мэтээр мэдүүлэг өгсөн. Миний бие удаа дараа хүчирхийлэлд өртсөн гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүйгээс болж Б.Д- нь анх удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн юм шиг харагдаж байна.

Иргэний болон эрүүгийн хэргүүд хоорондоо ялгаатай асуудал. Б.Д-ын мал өгсөн гэх асуудал энэ хэрэгт огт хамааралгүй. Б.Д- тухайн үед эмчилгээний зардал нэхэмжилсэн бол өгөх байсан гэж худал ярьж байна. Б.Д- ээж, дүү нарын хамт ам бүл дөрвүүлээ Хэнтий аймагт амьдардаг гэж байна. Гэтэл би нөхөр, хүүхдүүдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг гэж явдаг. Б.Д- намайг эхнэрээ гэж боддоггүй учир хүчирхийлэл үйлдэх нь аргагүй юм байна гэж бодож байна. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

 

Хяналтын прокурор З.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-тай "хувцас угаасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бүсэлхий хэсэг рүү баруун гараараа цохиж, баруун зүүн хацар руу нь алгадаж хохирогч Б.Б-ын биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч Б.Д- нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэний улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал, нийгмийн ёс суртахуун, хүмүүс хоорондын харилцааны ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, уур бухимдлаа барьж чадахгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Гэмт хэрэг гарах сэдэл нь “хувцас угаагаагүй” гэх шалтгаан харагддаг.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Б.Д- нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Хохирогч Б.Б- нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй ба холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байна.

 Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч миний зүгээс шүүгдэгч Б.Д-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан боловч анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Б.Д-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 563 тооны малтай ба уг малаа өөрөө маллан амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гэж үзэж байна. Хоорондын таарамжгүй харилцаа, хэрүүл маргаанаас болж эхнэртээ гар хүрсэн нь миний буруу, харамсаж байна. Б.Б- тухайн үед эмчилгээний зардал нэхэмжлээгүй, хэрэв нэхэмжилсэн бол би өгөх байсан. Би Б.Б-тай холбоотой байгаа, 100 гаруй мал эхнэр, хүүхдүүддээ өгсөн. Би эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдрахыг боддог. Би Б.Б-ыг хөдөө амьдруулах гэж хичээсэн боловч амьдраагүй. Би Б.Б-д “өвөл, хавартаа ганцаараа байх хэцүү байна, ирж тус болооч” гэж зөндөө хэлэхэд “аав ээж маань хэцүү байна, хүүхдээ аваад явдаг юм билүү” гэж хариулсан. Ийм хариултыг сонсоод хүн гомддог юм байна лээ. Би гэр бүлтэйгээ хамт байхыг хүсдэг тул өвлийн хүйтэнд оройдоо мотоциклтой ирээд өглөө эрт мал руугаа буцаад явдаг байсан. Хоёр тусдаа амьдрах хэцүү. Бид хоёр гэрлэлтээ цуцлуулах гээд иргэний шүүхэд хандсан байгаа. Мал маллаж амьдралаа залгуулж байгаа болохоор би төвд орж ирэх боломжгүй байдаг” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Б.Д-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгодог бол, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн,  хамтран амьдрагч, асран хамгаалагч,  харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж,  хамгаалалтад байгаа этгээд, тухайн  гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;  тусдаа амьдарч байгаа төрүүлсэн,  үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн  авсан эцэг, эх, ах, эгч, дүү; гэрлэлтээ цуцлуулсан эхнэр,  нөхөр, хамтран амьдарч байсан,  эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд” гэж ойлгодог.

 

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл" гэж “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заажээ.

 

6. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.

 

7. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.

 

8. Гэр бүлийн хүчирхийллийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

9. Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-тай "хувцас угаасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бүсэлхий хэсэг рүү баруун гараараа цохиж, баруун зүүн хацар руу нь алгадаж хохирогч Б.Б-ын биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхөр Б.Д-тай 2012 оноос хойш хугацаанд амьдарч байгаа. Харин 2023 оны дугаар сарын 17-ны өдөр би найз Ч-ын хамтаар өдрийн 13 цагийн орчимд тус бүрдээ 1 лааз пиво уучхаад тухайн өдрийнхөө 23 цагийн орчимд 3 хүүхдийнхээ хамтаар өөрийн гэртээ амарч байхад гаднаас манай нөхөр Б.Д- орж ирээд хажууд сууж байснаа гэнэт “чамаас пиво үнэртээд байна” гэхээр нь би “Ч-тай нэг лааз пиво уусан юм аа” гэсэн чинь Б.Д- “чи бол 3 хүүхдээ хаяж яваад архидаад, банзалдаад явдаг янхан хүүхэн юм байна” гээд намайг хэвтэж байхад баруун гараа зангидаж байгаад элэгдэхээр нь босоод ирсэн чинь намайг баруун зүүн хацар дээр ээлжилж алгадаад, дараа нь үсдээд авахаар нь би уйлаад чарласан чинь манай хүүхдүүд сэрсэн. Түүнээс хойш хэрүүл хийгээд дарамтлаад байхаар нь утсаа аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд 2023 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрийг шилжих шөнийн 00 цаг 10 минут болж байсан. ...тухайн үед миний хацарт жоохон хөхрөлт үүссэн, толгой минь хавагнаад бас өвдөөд байсан. ...Б.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 5-6 хуудас/,

 

- Гэрч Г.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед найз Б.Б-ын хамтаар манай гэрт тус бүрдээ 1 лааз пиво ууцгаасан. ...Б.Б- 14 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харилаа гээд гараад явсан. ...маргааш өглөө нь буюу 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Б- “...Б.Д- орой 23 цагийн үед ирээд намайг чамтай цуг пиво уулаа гээд элэгдээд толгой руу алгадаад цохисон...” гэж хэлж байсан. Би хажууд нь байгаагүй болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 11-12 хуудас/,

 

- Насанд хүрээгүй гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг унтаж байгаад сэрэхэд манай ээж Б.Б-ыг манай аав Б.Д- 2023 оны 5 дугаар сарын 17-ны орой алгадаад түлхэж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 15 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 241 дугаартай: “Б.Б-ын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. ....дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 21-22 хуудас/,

 

- Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2023 оны 5 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд эхнэр Б.Б-д “гэр орноо цэвэрлэсэнгүй, хувцас угаасангүй” гээд хэлсэн чинь миний өөдөөс элдвээр хэлээд байхаар нь маргалдаж улмаар Б.Б- өндийгөөд ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нүүр рүү нь хүчтэй түлхэх үйлдэл хийсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж бас харамсаж байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 32-33 хуудас/,

 

- Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /1 хавтаст хэргийн 57 хуудас/,

 

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 хавтаст хэргийн 58 хуудас/,

 

- Хохирогчоос Б.Б-аас мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 хавтаст хэргийн 59-60 хуудас/,

 

- Холбогдогч Б.Д-аас мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 хавтаст хэргийн 61-62 хуудас/,

 

- Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл /1 хавтатс хэргийн 63-65 хуудас/,

 

- Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /1 хавтаст хэргийн 83 хуудас/,

 

- Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /1 хавтаст хэргийн 84 хуудас/,

 

- Эрх бүхий албан тушаалтын хариу мэдэгдэх хуудас /1 хавтаст хэргийн 85 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

10. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

11. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

12. Анхан шатны шүүх шүүгдэгчийн урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мал маллан амьдардаг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс ялыг хүндрүүлэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

13. Анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Д- нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Б.Б- нь эмчилгээний зардал 500.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар уг хохирол нь тогтоогдохгүй байна...” гэж дүгнээд хохирогч Б.Б-ыг эмчилгээний зардал 500.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Д-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд харшлаагүй байна. 

 

14. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Б.ДЭНСМАА