Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/1022

 

 

 

 

  2023           10              24                                        2023/ДШМ/1022        

 

 Д.Н, Э.А нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1085 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Н, Э.А нарт холбогдох эрүүгийн 2306013512146 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... овгийн Д-ийн Н, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... хотод төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ............ мэргэжилтэй, “...” ресторанд ... ажилтай, ам бүл .., хүүхдүүдийн хамт .. дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамж .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ............../,

2. ... овгийн Э-ийн А, 1991 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, /РД: ............../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1890 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ял 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дууссан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялыг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар тогтоолоор дуусгавар болсон.

Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй баарны дэргэд хохирогч Э.Ц-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар цахилгаан бороохойгоор толгойн тус газарт нь цохиж хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь дагзанд няцарсан шарх үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.А нь 2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй баарны дэргэд хохирогч Д.Н-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зүүн нүдэн тус газар нь өшиглөсний улмаас биед нь зүүн дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Н, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Н, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.А-т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Д.Н нь цаашид гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Э.А-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А, Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Э.А-т ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг хохирогчид төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж дүгнэсэн. Гэвч түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Э.А-ын хувийн байдал, биеийн эрүүл мэндийн байдалд хүндээр тусч байгааг харгалзан дараах нөхцөл байдлуудыг үндэслэн оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Э.А нь Барилга угсралт, гадна шугам сүлжээний “М о” ХХК-д 2020 оны 4 дүгээр сараас сантехникчээр ажилласан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг эдлэхдээ дээрх ажлын байраа алдахгүйн тулд үндсэн ажлынхаа зэрэгцээгээр 3 сар гаруй хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан ажлыг давхар хийж гүйцэтгэсэн байдаг. Ингэж ажиллаж байхдаа олон жилийн өмнөөс өвдөж байсан нурууны мэдрэлийн судал дагасан өвдөлт нь сэдэрч, хамгийн сүүлд буюу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн МRI шинжилгээгээр нурууны хэд хэдэн үений хоорондын зөөлөн эдэд суулт үүссэн болох нь тодорхойлогдож “Бүсэлхийн ба бусад хэсгийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг” онош тавигдсан. “Гранд мэд” эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмчийн заавраар эмчилгээ хийлгэсэн боловч олигтой засал аваагүй, цаашид мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бөгөөд эмчийн заавраар хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар нэг байрлалд суух, удаан зогсох, явах, хэт тонгойж гэдийх давтамжтай хөдөлгөөн хийх, үсэрч харайх, хүнд ажил хөдөлмөр, ачааллаас чөлөөлөх заалттай байгаа юм.

Э.А-ын эрүүл мэндийн байдлыг харгалзан байгууллагын зүгээс түүнийг биеийн хүчний ажлаас чөлөөлж, 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс бригадын даргын ажилд томилсон бөгөөд түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал нь “М о” ХХК-ийн тодорхойлолт, уг компаниас Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтаар батлагдана.

Э.А нь ам бүл 5, эхнэр бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь одоогоор эрхэлсэн ажилгүй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд гэртээ ганцаар ажил хөдөлмөр эрхэлдэг хүн юм.

Э.А нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, өмнө бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан боловч шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж дуусгасан, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулснаас гадна эрүүл мэндийн хувьд биеийн хүчний ажил хийх боломжгүй болж, нуруу нугасны мэс засалд орох шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1085 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг хөнгөрүүлэн, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.А хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өмнө шүүхээс ял шийтгэгдэхдээ шөнөөр ажиллаж байсан. Торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдлыг харгалзаж хуульд заасан хэм хэмжээний дотор эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг оногдуулсан. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөн урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан. Нөгөөтэйгүүр нийтэд тустай ажил хийлгэх ялыг тодорхой тохиолдолд оногдуулж болохгүй гэсэн хуулийн хориглох хязгаарлалт Э.А-т үйлчлэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Н, Э.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.А нь 2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй баарны дэргэд хохирогч Д.Н-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зүүн нүдэн тус газар нь өшиглөсний улмаас биед нь зүүн дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Н-ийн “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг 00 минутын орчимд төрсөн дүү Н-ын хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын ойролцоо байдаг “И” нэртэй бааранд хамтдаа ороод хэд хэдэн пиво ууж байгаад тэндээс гараад гэр рүүгээ явсан. ...гэр хороолол руу явдаг замаар ороод явж байтал араас үл таних 2 залуу “хөөе” гэж дуудаад, араас гүйгээд ирсэн. Ирээд тэр залуучууд “хамтдаа өөр газарт очиж сууя” гэхээр нь би юм дуугараагүй байтал манай дүү дургүйцээд “үгүй” гэхэд тэр хоёр залуугийн өндөр нь манай дүүг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд нэлээн удаан манай дүү тэр залуутай маргалдаад байхаар нь харж зогссон. Сүүлдээ тэр залуу манай дүүг куртикнээс нь зулгаагаад түлхэхээр нь би түүнийг зөрүүлээд түлхээд тэр залуучууд бид нар руу дайрч манай дүүг үснээс нь зулгаасан. Намайг болохоор аль нь юм мэдэхгүй газарт унагахаар нь би газраас босох гэж байтал манай дүүг үсдээд муудалцаад байсан өндөр залуу миний зүүн нүд рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь миний цүнхэнд цахилгаан бороохой байсан болохоор цүнхнээсээ аваад ажиллуулж эхэлтэл нөгөө залуучууд зугтаачихсан. Бид нар араас нь хөөгөөд таксинд суух гэж байхаар нь барьж аваад цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн. ...” /хх 34/,

гэрч Д.Н-ын “...Тэр залуучууд нэлээн согтуу байдалтай байсан бөгөөд бид хоёрыг “хамтдаа юм ууж сууя, хамтдаа явъя” гэж байсан. Тэгэхээр нь би тэднийг эсэргүүцэхэд нөгөө хоёр залуугийн өндөр нь намайг “ямар их зантай гичий вэ, хаана явж байгаагаа мэдэж байна уу. Алцганасан пизда чинь” гэх мэтээр хараахад, манай эгч дундуур орж ирээд тэр залууг түлхээд намайг өмөөрөхөд бид нарыг зуурчихаад тавихгүй байхад манай эгчийг тэр өндөр нь түлхэж унагасан. Тэр үед би намхан залуутай зууралдаж намхан залуу нь намайг газарт унагаад босож ирж байхад манай эгч цохиулж байгаа мэт орилоод нүдээ дарчихсан байдалтай босож ирж байсан ба цүнхнээсээ цахилгаан бороохойгоо гаргаж ирээд дуугаргахад “юу вэ” гэж хэлээд шууд зугтаахаар нь бид хоёр араас нь хөөж гүйцээд “цагдаа руу явна” гэж хэлтэл өндөр нь намайг газарт унагаасан. Тухайн үедээ араас нь хөөж барьж аваад цагдаа дээр оччихоод буцаж нөгөө газартаа ирэхэд миний цүнх байхгүй болчихсон байсан. ...Тухайн үед манай эгч газарт уначихсан байхад намхан залуу нь надтай зууралдчихсан байсан ба өндөр залуу нь эгчтэй зууралдчихсан байж байгаад эгч маань газарт уначихсан байхад нөгөө өндөр залуу нь хувцаснаас нь зуураад хөлөөрөө өвдөглөөд дарчихсан байсан. Тэгээд эгч маань цахилгаан бороохойгоо дуугаргахад тэр залуучууд тухайн байрлалаасаа зугтаасан. ...” /хх 40/,

гэрч Б.С-ын “...удалгүй нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр гэнэтхэн машины баруун хойд хаалгыг налаад унасан бөгөөд дуугарахаар нь би гарч ирсэн ба машин эвдчихлээ гэхэд эрэгтэй нь би биш гэсэн зүйл ярьж байсан ба эмэгтэй нь болохоор цагдаа дуудчих ахаа гэж байсан. Тэр үед тэдэнтэй хамтдаа байсан бас өөр өндөр эрэгтэй, бас нэг эмэгтэй нар байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд зууралдаад байж байхад нь цагдаа дуудчихаад эргээд хартал ирчихсэн байсан өндөр эрэгтэйгийн хажууд байсан намхан эмэгтэйгийн нүүр хөмсөгний дээд хэсгээс нь цус гарчихсан байдалтай газар сууж байсан ба босож ирээд нөгөө хоёртойгоо зодолдоод цүнхнээсээ жижигхэн зүйл гаргаж ирээд муудалцаж байсан. Тэгэхэд цахилгаан бороохой дуугарч байгаа мэт дуу чимээ гарч эхэлсэн ба ганц хоёр л дуу гарч байсан. Тухайн хүмүүсийн хоёр эмэгтэй нь эгч дүү хоёр байсан гэж ойлгосон бөгөөд хөмсөг нь сэтэрсэн нь эгч нь байсан байх, харин хоёр эрэгтэй нь ямар харилцаа хамааралтай хүмүүс гэдгийг нь ойлгоогүй. Гэмтсэн гэх эмэгтэйг хамтдаа явсан өндөр залуу нь учруулсан байх боломжтой яг юугаар яаж цохиж байгааг нь бол би хараагүй. Сүүлд намайг ажигласнаар бол намхан залууг нь нүдээ гэмтээсэн гэх эмэгтэй цүнхнээсээ гаргаж ирсэн зүйлээрээ цохиж байх шиг байсан. ...” /хх 55/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2284 дүгээр шинжээчийн “...Д.Н-т зүүн дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох, журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 60-61/ гэх дүгнэлт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.А нь хохирогч Д.Н-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зүүн нүдэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нараас “...Э.А нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, өмнө бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан боловч шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж дуусгасан, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулснаас гадна эрүүл мэндийн хувьд биеийн хүчний ажил хийх боломжгүй болж, нуруу нугасны мэс засалд орох шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  хөнгөрүүлж торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

 Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцитай зүйл ангиас 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч Э.А нь хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэдий ч түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Н хохирсон байна.

Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Н-ийг “2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй баарны дэргэд хохирогч Э.Ц-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар цахилгаан бороохойгоор толгойн тус газарт нь цохиж хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь дагзанд няцарсан шарх үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, “...Д.Н-ийг хохирогч Э.Ц-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар цахилгаан бороохойгоор толгойн тус газарт нь цохиж хүч хэрэглэн халдсан. ...” гэж дүгнэж, Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Шүүх хохирогчийн санаатай, зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогч, эсхүл түүнтэй хамт байсан бусад этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан буюу учирч болох байсан нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуур буюу үйлдэл, үр дагавар /хохирол/-ын хоорондын шалтгаант холбоогоор, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримт, үйл баримтыг таслаж дүгнэсний улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогч Д.Н-ийн “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг 00 минутын орчимд төрсөн дүү Н-ын хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын ойролцоо байдаг “И” нэртэй бааранд хамтдаа ороод хэд хэдэн пиво ууж байгаад тэндээс гараад гэр рүүгээ явсан. ...гэр хороолол руу явдаг замаар ороод явж байтал араас үл таних 2 залуу “хөөе” гэж дуудаад, араас гүйгээд ирсэн. Ирээд тэр залуучууд “хамтдаа өөр газарт очиж сууя” гэхээр нь би юм дуугараагүй байтал манай дүү дургүйцээд “үгүй” гэхэд тэр хоёр залуугийн өндөр нь манай дүүг хэл амаар доромжилж эхэлсэн. ...Сүүлдээ тэр залуу манай дүүг куртикнээс нь зулгаагаад түлхэхээр нь би түүнийг зөрүүлээд түлхээд тэр залуучууд бид нар руу дайрч манай дүүг үснээс нь зулгаасан. Намайг болохоор аль нь юм мэдэхгүй газарт унагахаар нь би газраас босох гэж байтал манай дүүг үсдээд муудалцаад байсан өндөр залуу миний зүүн нүд рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь миний цүнхэнд цахилгаан бороохой байсан болохоор цүнхнээсээ аваад ажиллуулж эхэлтэл нөгөө залуучууд зугтаачихсан. Бид нар араас нь хөөгөөд таксинд суух гэж байхаар нь барьж аваад цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн. ...” /хх 34/,

гэрч Д.Н-ын “...Тэр залуучууд нэлээн согтуу байдалтай байсан бөгөөд бид хоёрыг “хамтдаа юм ууж сууя, хамтдаа явъя” гэж байсан. Тэгэхээр нь би тэднийг эсэргүүцэхэд нөгөө хоёр залуугийн өндөр нь намайг “ямар их зантай гичий вэ, хаана явж байгаагаа мэдэж байна уу. Алцганасан пизда чинь” гэх мэтээр хараахад, манай эгч дундуур орж ирээд тэр залууг түлхээд намайг өмөөрөхөд бид нарыг зуурчихаад тавихгүй байхад манай эгчийг тэр өндөр нь түлхэж унагасан. Тэр үед би намхан залуутай зууралдаж намхан залуу нь намайг газарт унагаад босож ирж байхад манай эгч цохиулж байгаа мэт орилоод нүдээ дарчихсан байдалтай босож ирж байсан ба цүнхнээсээ цахилгаан бороохойгоо гаргаж ирээд дуугаргахад “юу вэ” гэж хэлээд шууд зугтаахаар нь бид хоёр араас нь хөөж гүйцээд “цагдаа руу явна” гэж хэлтэл өндөр нь намайг газарт унагаасан. ...Тухайн үед манай эгч газарт уначихсан байхад намхан залуу нь надтай зууралдчихсан байсан ба өндөр залуу нь эгчтэй зууралдчихсан байж байгаад эгч маань газарт уначихсан байхад нөгөө өндөр залуу нь хувцаснаас нь зуураад хөлөөрөө өвдөглөөд дарчихсан байсан. Тэгээд эгч маань цахилгаан бороохойгоо дуугаргахад тэр залуучууд тухайн байрлалаасаа зугтаасан. ...” /хх 40/,

гэрч Б.С-ын “...Тэгээд хоорондоо хэрэлдээд зууралдаад байж байхад нь цагдаа дуудчихаад эргээд хартал ирчихсэн байсан өндөр эрэгтэйгийн хажууд байсан намхан эмэгтэйгийн нүүр хөмсөгний дээд хэсгээс нь цус гарчихсан байдалтай газар сууж байсан ба босож ирээд нөгөө хоёртойгоо зодолдоод цүнхнээсээ жижигхэн зүйл гаргаж ирээд муудалцаж байсан. Тэгэхэд цахилгаан бороохой дуугарч байгаа мэт дуу чимээ гарч эхэлсэн ба ганц хоёр л дуу гарч байсан. Тухайн хүмүүсийн хоёр эмэгтэй нь эгч дүү хоёр байсан гэж ойлгосон бөгөөд хөмсөг нь сэтэрсэн нь эгч нь байсан байх, харин хоёр эрэгтэй нь ямар харилцаа хамааралтай хүмүүс гэдгийг нь ойлгоогүй. ...Сүүлд намайг ажигласнаар бол намхан залууг нь нүдээ гэмтээсэн гэх эмэгтэй цүнхнээсээ гаргаж ирсэн зүйлээрээ цохиж байх шиг байсан. ...” /хх 55/ гэсэн мэдүүлгүүд,

Дээрх нотлох баримтуудаар Д.Н нь 2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй баарны дэргэд шүүгдэгч Э.А-т өшиглүүлэн өөртөө гэмтэл авсан бөгөөд дүү Д.Н-ыг Э.Ц газарт унагаан дарсан байдалтай байхад нь Э.Ц-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар цахилгаан бороохойгоор толгойн тус газарт нь цохиж хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь дагзанд няцарсан шарх үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэг маргаан үүссэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтын талаарх бусад нотлох баримтууд зэргээр Д.Н-ийн үйлдлийг хуулиар зөвшөөрөгдсөн буюу тулгарсан довтолгооны эсрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын хэмжээнд хийгдсэн үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх.. болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой” бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар  илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, өөрсдийг нь зодох, хүч хэрэглэх зорилгоо тодорхой илэрхийлж, шөнийн цагаар эмэгтэй хүнийг түлхэж унагаад нүүр луу нь өшиглөж байгаа Э.А-ын үйлдэл нь эгч дүү Д.Н, Д.Ннарын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээд Э.Ц-ын эрүүл мэндэд хохирол учруулсан Д.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа дүү Д.Нруу чиглэсэн хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан үндэслэлээр Д.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1085 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолд:

 

- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр шүүгдэгч Д.Н-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Д.Н-т холбогдох заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, 

                     ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                        Д.МӨНХӨӨ

                      ШҮҮГЧ                                                     Т.ШИНЭБАЯР