Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2025/0008

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Б.Е,

              Нэхэмжлэгч: Х.А,

              Нэхэмжлэгч: М.Ц,

              Нэхэмжлэгч: Д.Б,

              Нэхэмжлэгч: К.Е,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А,

              Хариуцагч: Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,

              Хариуцагч: Булган сумын Сонгуулийн хорооны дарга Д.А

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчХ.З,

              Хариуцагч: Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагч Ш.Д

              Гуравдагч этгээд: Б.Р

              Гуравдагч этгээд болон хариуцагч Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С нарын хоорондын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаантай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Е, М.Ц, К.Е, Д.Б /цахимаар/, Х.А /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Булган сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч Б.Е нарын 5 хүнээс анх тус шүүхэд “Булган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 27 дугаар тогтоол хууль бус байсныг тогтоолгох (1), сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны  10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан “Төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах (2), М.Е сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон тогтоолыг хүчингүй болгох (3), Б.Р сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгох (4) тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

              2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Булган сумын Засаг даргаар Б.Р томилох тухай” Б/45  дугаар захирамжийг хүчингүй болгуулах (5), Булган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 26 дугаар тогтоолыг хүчингүй болгох (6), Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлаж, хуралдуулахыг Булган сумын Сонгуулийн хорооны даргад даалгах (7) гэж тус тус ихэсгэсэн.

              3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан:

3.1. Баян-Өлгий аймгийн Булган сумын сонгуулийн хороо нь хуульд зааснаар сонгуулийн ур дүнгээр олонхын санал авсан төлөөлөгчдийн нэрсийг олон нийтэд зарлаж, улмаар тогтоол гарган тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдэж, анхдугаар хуралдааныг товлон зарлах үүрэгтэй байдаг юм.

3.2.  Гэтэл Булган сумын сонгуулийн хорооны дарга Д.А  нь сонгуулийн үр дүнг олон нийтэд зарлахгүйгээр 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 27 дугаар тогтоол гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр анхдугаар хуралдаан зарласан гэдгийг Ардчилсан намын бүлгээс сонгогдсон 8 төлөөлөгчдөд мэдэгдэхгүйгээр нууцаар хуралдаан хийсэн учраас, үүнд 5 төлөөлөгч шүүхэд гомдол гаргаж байна.

3.3. Булган сумын сонгуулийн хорооны дарга Д.А нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 27 дүгээр тогтоолыг нөхөн гаргасан бөгөөд Ардчилсан намаас сонгогдож, олонхын санал авсан нэр дэвшигчдэд хурлын товыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Үүнээс болж дээрх нэхэмжлэл гаргаж буй нэр дэвшигчид буюу сумын ИТХ-ын сонгуульд олонхын санал авч сонгогдсон нэр дэвшигчдийн анхдугаар хуралдаанд оролцох, Хурлын даргыг сонгох, Засаг даргаар нэр дэвшүүлэх асуудалд саналын эрхтэй оролцох эрх нь ноцтой зөрчигдсөн. Хурлын даргыг нууцаар нэр дэвшүүлдэг бөгөөд тухайн хуралдаанд сонгогдсон төлөөлөгчдийн хэн нь ч Хурлын даргаар сонгогдох боломжтой байсан.

3.4. Сумын Засаг дарга, Хурлын даргыг 4 жилийн хугацаатай томилсон бөгөөд тэдний 4 жилийн хугацаа дуусаагүй байхад энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр олонх болсон төлөөлөгчдийн дундаас Хурлын даргыг томилсон, Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан нь хууль бус байна. Булган сумын сонгуулийн хорооны дарга Д.А нь анхнаасаа улс төржиж хууль бусаар ажилласан.

Жич: МАН-аас нэр дэвшигчдийн гэр бүлийн гишүүдийг сонгуулийн хорооны ажилтнаар томилон ажиллуулсан, сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа ажилтнуудын санал өгөх байрыг урьдчилж өөрчилж өгөөгүйгээс болж сонгуулийн хэсгийн хороонд ажилласан ажилтнууд санал өгөх эрхээ эдэлж чадаагүй. Бид сонгуулийн хорооны даргын сонгуулийн уед гаргасан хууль бус ажиллагаатай холбоотой урьд өмнө нь цагдаагийн  байгууллагад болон шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй байсан. Бидний гомдол гаргаагүйг далимдуулаад сүүлдээ анхдугаар хуралдаан товлон зарласан гэдгээ хүртэл нууж. нууцаар хуралдаан хийж, бидний эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

3.5. Хууль бус хуралдаан тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга  Булган Сумын Засаг даргаар Б томилсон учраас хүчингүй болгох үндэслэлтэй байна.

3.6. Булган сумын сонгуулийн хорооны даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 26 дугаар тогтоолоор хуралдаан хийсэн мэтээр хариуцагчаас тайлбар хүргүүлэн шүүхэд баримт гаргаж өгсөн байна. Уг тогтоолыг сонгуулийн хорооны 27 дугаар тогтоолоор хүчингүй болгуулж байсан. Гэтэл хариуцагчаас 26 дугаар тогтоолын дагуу хуралдаан хийсэн талаар баримт гаргаж өгсөн учраас 26 дугаар тогтоолыг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ тодруулах болсон. Хэрэв анхдугаар хуралдааныг шүүхээс хууль бусаар явагдсан гэж бидний нэхэмжлэлийг хангасан тохиолдолд анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах шаардлагатай болно. Тэр үүднээс анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах талаар сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргуулахыг хүсэж нэхэмжлэлээ тодруулж, ихэсгэж байна гэжээ.

 4. Нэхэмжлэгч Б.Е, М.Ц, Х.А, К.Е, Д.Б  нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Нэхэмжлэгч Б.Еаас: 2024 оны Булган  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг Ардчилсан Намаас сонгогдсон 8 төлөөлөгчид мэдэгдэхгүйгээр анхдугаар хуралдааныг явуулсан учраас анхдугаар хуралдааныг хүчингүй болгож өгнө үү. Бид нарын анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг  байгуулах зэрэг  үйл ажиллагаанд  оролцох зэргийг эрхийг хязгаарласан,  бидний эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Над руу Д.А утасдсан байна, гэхдээ би утас аваагүй, Утсаар залгасан баримтад  24 секунд гэж заасан байна, энэ хугацаанд  ямар нэгэн зүйл ярих боломжгүй гэв.  

4.2. Нэхэмжлэгч М.Ц 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б надад 27 дугаар тогтоол гэж авчирч өгсөн ба би “… амралтын өдөр хүлээж авахгүй, хүн бүрт мэдэгдэх ёсгүй” гээд тогтоолын зургийг татаж авсан. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би ажил дээр 17:00 хүртэл байсан, хэн ч ямар нэгэн тогтоол авчирч өгөөгүй. 27 дугаар тогтоолоор 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Бид одоо хүртэл төлөөлөгчийн бүрэн эрхээ аваагүй, хуралдаанд  оролцож чадахгүй байна.  Т.Б ирээд “танд энэ тогтоолыг өгөх гэж байна” гэж хэлсэн. Анхдугаар хуралдааны талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Тогтоолын зургийг авсан, гэхдээ тогтоолтой танилцаж амжаагүй гэв.

4.3. Нэхэмжлэгч Х.А Анхдугаар хуралдааны товыг бид нарт мэдэгдээгүй. Бидний эрхийг зөрчсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.  

4.4.. Нэхэмжлэгч Т.Б Орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшиж сонгогдсон, анхдугаар хуралдааны товыг бид нарт мэдэгдээгүй. Анхдугаар хуралдааны товыг Ардчилсан Намын дарга Д.Б бид нарт мэдээгүй, тухайн тогтоолыг бидэнд хүргүүлээгүй тул хуралдаанд   оролцуулаагүй гэх үндэслэлээр гомдол гаргасан. Надад хуралдааны товыг хэлэх үед аль хэдийн хуралдсан байсан гэв

4.5. Нэхэмжлэгч Ш.Е: Эхлээд Булган сумын орон нутгийн сонгуулийн дүнгээр бий болсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлах ёстой байсан. Бидний эрхийг зөрчиж, анхдугаар хуралдааныг хийсэн. Улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг болон Засаг даргыг сонгосон, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан зэрэг ажиллагаануудыг хууль зөрчиж хийсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ бүх ажиллагаа сонгуулийн хорооны буруутай үйл ажиллагааны улмаас болсон. Сонгуулийн хороо тогтоолыг буруу гаргасан, анхдугаар хуралдаан 26 дугаар тогтоолоор явагдсан, харин 26 дугаар тогтоол нь  27 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Миний хувьд хүчингүй тогтоолоор хуралдсан тул мөн адил хуралдаан хүчингүйд тооцно гэж үзэж байна. Би урьд нь 5 удаа сумын иргэдийн төлөөлөгчийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Өмнө  нь анхдугаар хуралдаантай холбоотой ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Одоо анхдугаар хуралдааны товыг мэдэгдэх бүх боломж нээлттэй байдаг. Харин бид нарт ямар нэгэн хэлбэрээр анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй  гэв.

5. Нэхэмжлэгчдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Сонгуулийн хорооноос хууль журмын дагуу бусад төлөөлөгчдийн оролцох эрхийг нь хангахгүйгээр, нийтэд мэдээлэхгүйгээр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгуулийн хорооны дүнг өргөн мэдүүлэхгүйгээр, өргөн мэдүүлсний дараа 14 хоногийн хугацаа эхлэхийг хүлээхгүйгээр хуралдсан 2 шалтгаан байсан.

5.2. Нэгдүгээрт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонх нь Ардчилсан Намаас сонгогдсон. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Ардчилсан Намаас сонгогдохоор болсонтой холбоотой Монгол Ардын Намаас олонх гишүүн сонгогдсон зарим нэг сумууд аймгийн шинэ Засаг дарга томилогдохоос өмнө нь яаралтай хуралдаад, сумын Засаг даргыг баталгаажуулж авах санаатай байсан.

5.3. Хоёрдугаарт,  МАН-аас сонгогдсон Булган сумын иргэдийн Төлөөлөгчид өөрсдөө дотроос нь 13 төлөөлөгч нь нэг талд, 5 төлөөлөгч нь тусдаа саналын зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл, 5 төлөөлөгчид нэмэгдээд АН-аас сонгогдсон 8 төлөөлөгч хуралдаанд оролцвол тус сумын Хулын дарга, Засаг даргад өрсөлдөх нөхцөл байдал үүснэ гэх байдлаар АН-аас сонгогдсон 8 төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд оролцох эрхийг нь зөрчсөн.

5.4. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сонгуулийн хорооноос тогтоол гаргаж байгаа нь сонгогдсонд тооцсон шийдвэр юм.  Тэр хугацаанд сонгуулийн хороо, сонгуулийн үр дүнтэй холбоотой хэн нэгэн гомдол гаргаагүй учраас сонгогдсон төлөөлөгч нарыг сонгогдсонд тооцох тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын хувьд хүчин төгөлдөр тогтоол гэж үзэж байна.

 5.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх хэсэгт зааснаар сум, дүүргийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь хэсэгт “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан, хуулийн  хоёр процесс зөрчигдсөн. 

5.6. Аймгийн Хуралд өргөн мэдүүлсний дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна” гэж заасан зохицуулалтыг давхар зөрчсөн.  Аймгийн  Хуралд өргөн мэдүүлэхгүйгээр анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулсан. Х. өмгөөлөгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Б мэдэгдсэн гэж тайлбарлаж байна.

 5.7. Гэхдээ аймгийн Хуралд өргөн мэдүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Булган сум нь аймгийн төвөөс алслагдсан газар, 10 дугаар сарын 16-ны өдөр гарсан тогтоолыг 17-ны өдөр ирээд мэдүүлсэн гэж худлаа ярьж байна. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анхдугаар хуралдааны товыг зарласан гэж байгаа нь худлаа.  Тухайн холбогдох хуульд аймгийн Хуралд өргөн мэдүүлснээр хойш 14 хоногийн хугацаанд зарлан хуралдуулна гэж заасан. Сонгуулийн хорооноос Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсонд тооцсон тухай  тогтоол 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарч албажсан, тухайн тогтоолыг нийтэд мэдээлэх, өргөн мэдүүлэх зэрэг зохицуулалт бүр зөрчигдсөн гэж үзэж байна. 

5.8. Анхдугаар хуралдааны товыг Ардчилсан Намын дарга Д.Б мэдэгдсэн гэж байгаа боловч Д.Б хуралдаан болж өнгөрсний дараа буюу 10 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш файлаар тогтоол явуулсан, тухайн тогтоолын нээж харах гэхээр нээгдэхгүй байсан. Дараа нь үдээс хойш 15:00 цагийн үед “ Хуралдаанаас төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрчихлөө” гэж чат бичсэн. Харин хуралдааны  тэмдэглэл дээр 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16:30 минутад хуралдаан эхэлсэн гэж тусгасан. Тэгэхээр яг хуралдаан хэзээ эхэлсэн гэдэг нь тодорхойгүй.

5.9. Ардчилсан Намаас сонгогдсон Д.Б гэдэг хүнд мэдэгдсэн, түүнийг гэрчилсэн гэрч байгаа гэж тайлбарлаж байна. Гэрчийн мэдүүлэг нь хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох ёстой. Сонгуулийн хороонд бүгдтэй нь  харилцах тоног төхөөрөмж утас байсан. Ардчилсан Намаас сонгогдсон 8 төлөөлөгчид утасдаад, товыг мэдэгдсэн бол Ардчилсан Намаас сонгогдсон төлөөлөгчид бүлэг болоод, хуралдаанд хэлэлцэх асуудлыг урьдчилж хэлэлцэж оролцох байсан.

5.10. Ардчилсан Намын дарга Д. Б ямар тогтоол явуулсан нь мэдэгдэхгүй, файлаар явуулсан тогтоол нээгдэхгүй байсан. Шүүхэд өгсөн Д.Бийн  гэрчийн мэдүүлэгт “би тов мэдэгдэх үүрэггүй, би төлөөлөгч нарыг төлөөлөхгүй” гэж мэдүүлсэн.  Иргэдийн Төлөөлөгчид иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний төлөөлж болж сонгогдсон, тэдгээрт анхдугаар хуралдааны товыг Д.Б мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

5.11. Анхдугаар хуралдаан нь бусад хуралдаанаас илүү онцлогтой хуралдаан юм. Үүнд, Сонгуулийн хорооны тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ, хуралдааны дэгийг батална, зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах зэрэг асуудлыг ярилцдаг чухал хуралдаан.

5.12. Тухайн өдрийн хуралдаанд оролцсон 13 төлөөлөгч нь сонгуулийн хорооны дарга Д.Ад хууль бусаар нөлөөлсөн. Сонгуулийн хорооноос төлөөлөгч нарт товыг мэдэгдэх үүргийг биелүүлэхэд нь саад учруулсан. Мөн сонгуулийн хорооны шийдвэрийг аймагт өргөн мэдүүлэх ажиллагаанд саад учруулсан. Засаг даргыг сонгосон үед 13 төлөөлөгч оролцсон,  5 төлөөлөгч нь хуралдааныг орхин явсан.

5.13. Иймд цөөнхийн эрх ашгийг зөрчсөн хууль бус хуралдаан байсан учраас хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгож, хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэж сумын Засаг даргаар  томилж захирамж гаргасан аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг Сонгуулийн хороонд даалган шийдвэрлэж өгнө үү.

5.14. Гуравдугаарт, хүчингүй болсон тогтоолоор хуралдаан хийсэн.  27 дугаар тогтоол байхгүй гэж ярьж болохгүй. Хуралдааны даргад өргөн мэдүүлсэн тогтоол 27 дугаар тогтоол байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

5.15. Сонгуулийн хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш нь аймгийн Хуралд мэдэгдэх албагүй, мэдэж байх ёстой гэх байдлаар тайлбарлаж байна.  Аймгийн Хуралд сумын сонгуулийн хороод гаргасан шийдвэрийг албан ёсоор өргөн мэдүүлэх үүрэгтэй.

5.16. Анхдугаар хуралдаанд нь аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдсаны дараа, аймгийн Засаг дарга сонгогдсоны дараа зарчмын дагуу явагдана гэдгийг мэдсээр байж яаруу, хууль зөрчиж хуралдааны  хийж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ Ардчилсан Намаас сонгогдсон 8 төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдээд, хуралдаанд оролцох эрхийг хангаж, хуралдааныг үргэлжлүүлсэн тохиолдолд  асуудал байхгүй байсан гэв.

6. Хариуцагч Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан даргалагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт:

6.1. Монгол улсын иргэн Ш.Д би Баян-Өлгий аймгийн Булган сумын ИТХ-ын  төлөөлөгчөөр 2024 оны 10 дугаар сарын 11-ны өдөр сонгогдсон.

Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 10 цагаас хуралдах тухай товыг Булган сумын ИТХ-ын ажлын албанаас сонсоод хуралдаанд  очсон. Ингээд хуралдааны танхимд 17 төлөөлөгч байсан ба хуулиар анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч удирдан явуулах ёстой байсан. Ш.Д би хамгийн ахмад төлөөлөгч учраас анхдугаар хуралдааныг даргалахаар болсон.

6.2. Анхдугаар хуралдаанд АН-аас сонгогдсон 8 төлөөлөгчийг оролцуулах талаар сумын ИТХ-ын ажлын алба болон миний бие удаа дараа мэдэгдсэн боловч тэд хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Ингээд хуралдааныг тэд нарын оролцоог хангахын тулд түр завсарлуулж байсан. Ингээд АН-аас сонгогдсон 8 төлөөлөгч хуралдаанд ирээгүй тул 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 18 цагийн орчимд хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

Өөрөөр хэлбэл, Ш.Д би Баян-Өлгий аймгийн Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулан улмаар сумын ИТХ-ын 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, сумын ИТХ-ын хуралдааны дэгийг баталсан тогтоолын төслийг тус тус батлуулсан.

6.3.  Баян-Өлгий аймгийн Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд сумын МАН-ын бүлгээс сумын ИТХ-ын төлөөлөгч М.Ейн нэрийг дэвшүүлсэн. Ингээд тооллогын комисс байгуулан нууцаар санал хураалт явуулан сумын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын санал авсан М.Ейг сумын иргэдийн Төлөөгчдийн Хурлын даргаар сонгож, тогтоолын төслийг олонхын саналаар баталсан.

6.4. Ш.Д нь би Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхийг шинээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон М.Есенкелдэд шилжүүлсэн. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдсан хэлэлцэх асуудлыг бүгдийг хэлэлцээд өндөрлөсөн.

6.5. Иймд Баян-Өлгий аймгийн Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид Б.Е, Х.Б, М.Ц, Д.Б, К.Е болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

7. Хариуцагч Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбарт:

7.1. Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 10 цагаас хуралдах тухай товыг сумын ИТХ-ын ажлын албанаас сонссон. Хуралдааны танхимд сумын МАН-ын бүлгээс сонгогдсон 17 төлөөлөгч байсан ба нэгжийн хуулиар анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч удирдан явуулах журамтай юм.

7.2. 2024 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн дотор хамгийн ахмад нь Ш.Д хуралдааныг удирдан явуулсан. Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын анхдугаар хуралдаанд АН-аас сонгогдсон 8 төлөөлөгчийг оролцуулах талаар тус сумын ИТХ-ийн ажлын албанаас удаа дараа шаардсан боловч тэд хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Ингээд хуралдааныг түр завсарлуулан сумын ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчдийн оролцоо хангахаар ажлын алба ажилласан. Гэвч АН-аас сонгогдсон 8 төлөөлөгчид сумын ИТХ-ийн анхдугаар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2024 оны 10-р сарын 21-ны өдрийн 18 цагийн орчимд хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

7.3. Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг Ш.Д нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулан улмаар сумын ИТХ-ийн 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, сумын ИТХ-ын хуралдааны дэгийг баталсан тогтоолын төслийг тус тус баталсан. Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд сумын МАН-ын бүлгээс баталсан. Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд сумын МАН-ын бүлгээс М.Е миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд тоолгын комисс байгуулан нууцаар санал хураалт явуулан сумын ИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхын саналаар М.Е намайг Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгож, тогтоолын төслийг баталсан.

7.4. Дараа нь Булган сумын МХН-ын Булган сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн Б.Рийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхын саналаар Б.Рийг Булган сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолын төслийг баталсан. Миний бие М.Е Баян-Өлгий аймгийн Булган сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зөв явагдсан гэж үзэж байна.

 Иймд Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид Б.Е, Х.Б, М.Ц, Д.Б, К.Е болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

8. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1  Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Б.Рийг Булган сумын Засаг даргаар томилуулахаар ирүүлсэн тогтоолыг хүлээн авч, Авлигатай тэмцэх газар руу хөрөнгө орлого, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсны үндсэн дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн  хүрээнд Б.Рийг Булган сумын Засаг даргаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/45 дугаар захирамжаар томилсон. Үүнээс өөр аймгийн Засаг даргаас гарсан ямар нэгэн шийдвэр байхгүй гэв.

9. Хариуцагч Булган сумын Сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбарт:

9.1. Аймаг, нийслэл,сум,дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай 17 дугаар зүйлийн 17.3.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай" 24-р тогтоолыг гаргаж,  2024 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр 11 цаг 10 минутад сумын ИТХ-ын дарга Х.Адилханд уламжилсан.Сумын ИТХ-ын дарга Х.Адилхан албан өрөөндөө хүлээж авсан. Сумын хамгийн олон дагагчтай цахим хаягт нийтэлж олон нийтэд мэдээлсэн.

9.2. Монгол улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5,  Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.4 дэх заалтуудыг үндэслэн анхдугаар хуралдааны товыг сумын сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолыг  гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт болохоор хуулийн дагуу зарласан болно.Сумын сонгуулийн хорооны ажлын хэсэг анхдугаар хуралдааны тов гаргасан тогтоолыг МАН, АН-ын бүлэг, сумын ИТХ-ын  ажлын алба болон бусад албан тушаалтнуудад танилцуулж ажилласан.

Анхны  хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 10 цагт эхлээгүй хүлээгдэж оройн 4 цаг 30 минутад МАН-ын 17 төлөөлөгч хурлын танхимд хүрэлцсэн ирсэн. Сумын сонгуулийн хороо АН-ын даргад цахимаар болон утсаар ярьж, хамгийн олон санал авч сонгогдсон төлөөлөгчийн хуралдаанд оролцуулах талаар мэдэгдсэнээс хойш 1  цаг гаруй хүлээж анхны хуралдааныг эхэлсэн. Сонгуулийн хорооны дарга миний бие анхны хуралдааныг нээж үг хэлж, сонгуулийн үйл ажиллагааны тайлан болон хамгийн олон санал авч сонгогдсон 25 төлөөлөгчийн нэрийг танилцуулсан.

9.3. Төрийн албан хаагч аливаа нам эвслийг дэмжих, дэмжихээ илэрхийлэх ямар нэгэн нам, эвслийн гишүүн байх нь хуулиар хориглосон тухай хуулийн заалтыг баримталж ажилласан.  Сонгуулийн ажлыг зохион байгуулахдаа төрийн албан хаагч  нарыг сонгуулийн тухай хуулийн дагуу томилж ажиллуулсан  болно.Сонгуульд  ажиллах хүсэлтийг тухайн албан хаагч сонгуулийн цахим хуудсаар дамжуулан ирүүлдэг учир хүсэлтийг хүлээж авч сонгуулийн хорооны 7 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж олонхын саналаар томилж баталгаажуулах үүрэгтэй юм.

Төрийн албан хаагч нар өөрсдийн ажиллах хэсгийг, хороогоо өөрсдийн хүсэлтээр шийддэг учир аливаа байдлаар сонгуулийн  хорооны дарга болон хорооны гишүүд төрийн албан хаагч нарыг ялгаварлан хувийн ашиг сонирхлоор томилох боломжгүй юм. Сонгуульд ажилласан төрийн албан хаагч нарын үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд сумын сонгуулийн хороо ямар нэгэн байдлаар халдаагүй болно. Сонгуулийн 7 хэсэг ажилласан төрийн албан хаагч нар хэсгийн хорооныхоо даргад мэдэгдэж ээлжлэн ирж өөрсдийн  харьяаллын хэсгийн хороодод саналаа егсөн юм.

 

9.4. Сумын сонгуулийн хорооны дарга Д.А би төрийн ажлыг гүйцэтгэхдээ Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зуйг эрхэмлэн дээдэлж хуульд хориглосон аливаа зүйлсээс ангид байсан болно.Сумын сонгуулийн хороо зөвхөн тухайн шатны сонгуулийг зохион байгуулах, анхдугаар хуралдааны товыг зарлах, сонгуулийн дунг танилцуулах үүрэгтэй юм.

9.5. Монгол Улсын  Засаг Захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.4 дэх заалтуудыг үндэслэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10-р сарын-13-ний өдрийн 10 цагт зарласан боловч тухайн шатны ИТХ-ын дарга Х.Адилханы ойрын хамаатан нас барсан гэх шалтгаанаар өөрийн биеэр сумын сонгуулийн хороонд ирж хурлын бэлтгэл ажлыг хангах боломжгүй талаар хэлсэн.Тухайн үед хурлын ажлын албанд хүн байхгүй хурлын танхимд төрийн туг, сандал ширээ байхгүй байсан.

9.6. Хурлын бэлэн байдлыг хангаж өгөх талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч ИТХ-ын дарга Х.Адилхан боломжгүй гэсэн хариу тайлбар өгсөн, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн сумын хэмжээнд цас ихээр орж хөдөө мал дээр  байгаа төлөөлөгч нар анхдугаар хуралдаанд оролцох боломжгүй байдал үүссэн. Уг хоёр шалтгааныг харгалзан үзэж, сумын сонгуулийн хороо анхны хуралдааны товыг сунгаж 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болгож өөрчилсөн.

2024оны 10 дугаар сарын 16-ний өдөр гарсан 25 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон болно. Хүний эрхийг дээдлэх , хүндэтгэн үзэх шалтгаан, хүсэлтийг хүлээж авах зэрэг сумын сонгуулийн хороо хуулийн дагуу ажилласан болно.Сонгуулийн хороонд сонгуульд оролцох намын  хүсэлтээс эхлэн бүх баримт бичгийг Ардчилсан намын дэд дарга албан тушаалтай М.Цэд бүрдүүлж өгсөн. Анхдугаар хуралдааныг зарласан тогтоолыг сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Т.Б  ИТХ-ын дарга X Адилхан болон АН-ын дэд дарга М.Цэд тогтоолыг уншиж танилцуулсан боловч тогтоолыг авахаас татгалзсан болно.

9.7. Сумын АН-ын хорооны дарга Д.Б аймагт оршин суудаг тул тогтоолыг файлаар явуулсан болно. Хурлын тов зарласантай холбоотой намын бүлгүүдээс сумын сонгуулийн хороонд хүсэлт гомдол ирээгүй болно. Холбогдох хууль тогтоомжид төлөөлөгч нарт зайлшгүй урилга тарааж, хурлын тов мэдэгдэхээр тусгасан заалт  байхгүй тул тухайн үед намын бүлэг болон дарга нарт тогтоолыг хүргүүлж танилцуулсан болно.

9.8. Булган сумын сонгуулийн хороо хуульд заасны дагуу анхны хуралдааны товыг зарлаж, МАН, АН-ын дарга нар болон эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлсэн. Тов зарласан хугацаанд МАН-ын 17 төлөөлөгч хурлын танхимд хүрэлцсэн ирсэн. АН-аас сонгогдсон 8 төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр хурлын танхимд ирээгүй болно.Тухай үед тов зарласантай холбоотой намуудаас гомдол, санал, хүсэлт сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй.

9.10 Хуралдаан эхлэхээс өмнө АН-ын дарга Д.Бтэй утсаар холбогдож сонгогдсон төлөөлөгч нарыг хуралд оролцуулах талаар мэдэгдсэн болно. Төлөөлөгч Б.Еад хуралдааны товыг утсаар мэдэгдсэн.Төлөөгч Д.Бд биечлэн мэдэгдсэн тухайн үед бусад төлөөлөгч нар хамт байсан болно.Тухайн үед ИТХ-ын дарга байсан Х.Адилхан зарим төлөөлөгч нарт тухайн шатны ИТХурал анхны хуралдааныг зарлана, урилга тарааж дуудна  гэсэн буруу ойлголт өгч сонгуулийн хорооны ажилд саад учруулсан. Анхны хуралдаан хуулийн дагуу явагдсан болно гэжээ.

10. Хариуцагч Булган сумын Сонгуулийн хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

10.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 73.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн,  Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олонхын санал авсан нэр бүхий сонгогчдыг, сонгуулийн үр дүнгээр сонгогдсонд тооцох тухай 24 дүгээр тоот тогтоолыг гаргасан. Тухайн тогтоолоор сонгогчдын бүрэн эрх баталгаажсан.

10.2. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 10 минутад сонгуулийн дүнгийн талаар нэгдсэн дүгнэлтийг гаргаж, тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан Х.Адилханд уламжлан өгсөн. Үүнийг Х.Адилхан нь хүлээж авч, сумын хамгийн олон дагагчтай фейсбүүк цахим хуудаст нийтэлсэн. Түүнийг нийтэд мэдээлсэн талаар нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд нийтэд мэдээлээгүй гэдэг асуудал нь үүгээр үгүйсгэгдэнэ.

10.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх, 73 дугаар зүйлийн 73.4 дэх заалтуудыг  тус тус үндэслэн “Сонгуулийн хороо анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна” гэсэн хуулийн үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 25 дугаар тогтоол гаргаад, анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт тус сумын Засаг даргын Тамгын газарт хийхээр товыг гаргасан.

10.4. Гэхдээ тухайн үед бүрэн эрх нь дуусгавар болоогүй байсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Адилханы  ойрын хамаатан нь нас барж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан тул түүний саналыг харгалзаж, тухайн өдөр товлосон хурлыг хойшлуулах шаардлага гарсан.  Мөн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Булган сумын хэмжээнд их хэмжээний цас орсон учраас иргэдийн төлөөлөгчид  анхдугаар хуралдаанд оролцох боломж хангагдах эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон тул Х.Адилханы санал болон цаг агаарын хүндэрсэн нөхцөл байдлуудыг харгалзаж,  хуралдааныг хойшлуулахаар товлож, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт хуралдуулахаар  тус сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тоот тогтоол гаргасан. Маргаан бүхий 27 дугаар тоот тогтоол байна. 26 дугаар тогтоолд техникийн шинжтэй алдаа гарсан тул  алдааг засаж 27 дугаар тогтоол гаргасан.

10.5. Хууль ёсны тогтоол гэдэг нь юугаар нотлогдоно гэхээр Захиргааны хэргийн шүүхээс аймгийн Сонгуулийн хорооноос авсан нотлох баримтаар зөвхөн Булган сумын сонгуулийн хорооны анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай 2024 оны  10 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоол авагдсан. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хороонд баталгаажуулж явуулсан тогтоол нь 26 дугаар тогтоол байна.

10.6. Ардчилсан Намаас сонгогдсон 8 иргэдийн төлөөлөгч анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй гэж тайлбар гаргаж байна. Гэтэл тухайн төлөөлөгчид анхдугаар хуралдааны зарыг хүргүүлэх тухай Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуульд тусгайлсан заасан зохицуулалт байхгүй.

Харин анхдугаар хуралдааны зарлан хуралдуулах тухай тогтоолыг Булган сумын Ардчилсан Намын дарга Д.Б, орлогч дарга М.Ц нарт тус тус мэдэгдсэн. Энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

10.7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт зааснаар “Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно” гэж заасан.

Энэ хуулийн заалтын дагуу Сонгуулийн хороо  Булган суманд сонгогдсон бүх төлөөлөгчдийн бүрэн эрхийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын иргэдийн төлөөлөгчид сонгогдсонд тооцох” тухай 24 дүгээр тогтоол гаргаснаар бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тул Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэй болсон байгаа учраас Сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай 27 дугаар тогтоол үйлдсэн явдал нь хууль зөрчөөгүй бөгөөд хууль ёсны тогтоол гэж үзэж байна.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт зааснаар анхдугаар хуралдааныг сонгуулийн хороо зарлан хуралдуулах тухай зохицуулалт байгаа учраас анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах асуудлыг сонгуулийн хороо санаачлан гаргасан нь хуульд нийцнэ.

10.8. Мөн  2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр анхдугаар хуралдаан бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө нь өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Адилханы бүрэн эрх нь дуусгавар болоогүй байсан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хэвээрээ ажиллаж байсан болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах үүрэгтэй. Нэгэнт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Адилханд анхдугаар хуралдааныг зарлах хуралдуулах тухай тогтоолыг гардуулан өгч, мэдэгдсэн учраас Х.Адилхан мөн адилхан тухайн хуралдааны бэлтгэл ажлыг хангах чиг үүрэгтэй байдаг. Мөн Х.Адилхан Ардчилсан Намын гишүүн учраас гишүүнчлэлийн хувьд Ардчилсан Намаас сонгогдсон 8 гишүүнд хуралдааны товыг мэдэгдэх үүрэгтэй байсан.

10.9. Тус хэрэгт гэрчээр асуугдсан Ардчилсан Намын дарга  Д.Б нь “би анхдугаар Хуралдааны зарласан тогтоолыг төлөөлөгчид мэдэгдэх үүргийг хүлээхгүй” гэдэг байдлаар хандсан байна. Энэ нь зарчмын хувьд хуульд нийцэхгүй гэж ойлгож байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.1 дэх хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан Намын дарга Бахытбек нь сонгууль эхэлснээс хойш нэр дэвшүүлэх, сонгуулийн санал хураалт явуулах зэрэг бүх л үйл ажиллагаанд намыг төлөөлж  оролцож байгаа. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Сонгууль эрхэлсэн байгууллагыг дараах этгээд удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх хэсэгт “аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан бол сонгууль эрхэлсэн байгууллагын удирдана” гэж зохицуулсан. Тухайн чиг үүргийн хүрээнд сонгуулийг зарлан хуралдуулсан тогтоолыг фейсбүүк хаягаар явуулсан, дараа утсаар мэдэгдсэн.  Утсаар мэдэгдэхэд “би манай намаас сонгогдсон 8 төлөөлөгчид мэдэгдсэн” гэдэг мэдээллийг өгсөн. Энэ нь Хурлын нарийн бичгийн дарга  Т.Аийн мэдүүлэг, Сонгуулийн хорооны дарга Д.Ан тайлбар, мөн Д.Агийн утаснаас авсан бичлэгээр нотлогдон тогтоогдож байна.  

10.10. Иймд анхдугаар хуралдааны товыг Ардчилсан Намын дарга Д.Б, М.Ц нар мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн хорооны дарга  АН-аас сонгогдсон 8 гишүүнд мэдэгдээгүй гэж буруутгах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, 8  гишүүн Ардчилсан Намаас нэр дэвшихдээ, Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрийг сурталчилж, үүнийг дагаж мөрдөж, сонгуульд оролцсон. Иймд намын нэрийн өмнөөс, намын гишүүдийн өмнөөс сонгогдож байгаа учраас сонгуулийн хороо Ардчилсан Намын даргад мэдэгдсэнээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

            10.11. Хоёрдугаарт, нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нар Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Булган Сумын Сонгуулийн хорооны даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай 26, 27 дугаар тогтоолууд хууль бус болохыг тогтоолгох, мөн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товлон зарлаж хуралдуулахыг Булган сумын Сонгуулийн хороонд даалгах тухай хоёр үндэслэлээр шаардлага гаргасан.

Миний хувьд дараах байдлаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх заалтад “дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн 16.2.12 дахь заалтад  “аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй” болгох эрхийг өгсөн байдаг юм. Мөн хуулийн 19 дүгээр зүйлд Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт, ажлын чиг үүргийн хувиарлалтыг тодруулан зааж, 19 дүгээр зүйлийн 19.19 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ” гэж хуульчлагдсан.

10.12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.10 дэх хэсэгт “аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо” байхаар заасан учир нэхэмжлэгч нар Булган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн анхдугаар хуралдааны товлон зарлах тухай  26, 27 дугаар тогтоолын хууль бус болохыг тогтоолгох буюу сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар гомдлыг дээд шатны буюу аймгийн сонгуулийн хороонд хандаж, гомдол гаргах байсан.

10.13. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 14.10, 16 дугаар зүйлийн 16.2.12, 19 дүгээр зүйлийн 19.19 дэх хэсэг, 19.20 дахь хэсгүүдээр доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, хууль бус үйл ажиллагааны талаар, гомдлыг дээд шатны сонгуулийн хороо шийдвэрлэхээр нарийвчлан зааснаас гадна мөн хуулийн 81 дүгээр зүйлд Орон нутгийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяаллыг тусгайлан заасан.

10.14. Тухайлбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана” гэж зааж маргааны харьяаллыг тогтоосон. Мөн хуулийн 81.3 дэх хэсэгт “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт нь маргааны харьяаллыг сонгож хэрэглэх заалт биш бөгөөд дээд шатны сонгуулийн хороо маргааныг хянан шийдвэрлэсний дараа шүүх шийдвэрлэнэ гэх ойлголт юм. Хэрэв харьяаллыг сонгож хэрэглэхээр байсан бол  тухайн хуулийн заалтад “дээд шатны сонгуулийн хороо, эсхүл захиргааны шүүх шийдвэрлэнэ” гэж тодруулж заах ёстой байсан.

10.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт  зааснаар  хуульд тусгайлан заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой байтал шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4.4 дэх хэсэгт заасан “Захиргааны хэргийн  шүүхийн харьяаллын бус маргаан” байна. Уг нь,  нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл нь сонгуулийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой гомдол байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1 дэх  хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул тус шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн байр сууринаас хандаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт “гомдол" гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан. Иймд энэ үндэслэлээр гомдол гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд  30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан боловч сонгуулийн үйл ажиллагааны онцлог, маргааны төрөл, хор уршиг зэргийг харгалзан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан.

 Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болох  Булган сумын Сонгуулийн хорооны анхдугаар хуралдаан зарлах тухай 26,27 дугаар тогтоолууд нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан байхад нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлийн 2024 оны10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн  81.4 дэх хэсэгт заасан өргөдөл гомдол, нэхэмжлэл гаргах 7 хоногийн хугацаа хэтэрснийг илтгэж байна.

10.16. Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан  гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзвэл  нэхэмжлэл нар хүндэтгэн үзэх шалтгааныг дурдаж,  нотлох баримтуудыг хавсаргаж, тус шүүхэд хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг гаргаж сэргээх байсан. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй,  нэхэмжлэгч нарын Сонгуулийн хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

11. Гуравдагч этгээд Б.Рээс шүүхэд гаргасан тайлбарт:

11.1 Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан. Уг хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Сумын Монгол Ардын намын бүлгээс сумын Засаг даргад Б.Рминий нэрийг дэвшүүлж, улмаар тус анхдугаар хуралдаанд  оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар намайг Булган сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсан. Уг нэр дэвшүүлсэн тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Би хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт гаргасан ба ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэж хариу гарсан.

Ингээд намайг аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар  Булган сумын Засаг даргаар томилсон. Одоо би Булган сумын Засаг даргын ажлыг аваад нэг сар болж байна. Төрийн төлөөлөгчийн ажил хэвийн явагдаж байна.

Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд хуралдсан гэж үзэж байна гэжээ.

12. Гуравдагч этгээд болон хариуцагч сумын Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагч Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дарга М.Е болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Р нар шүүхэд бичгээр тайлбар гаргасан. Тэдгээрийн гаргасан тайлбартай хэргийн оролцогч нар танилцсан байх.

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр анхдугаар Хуралдаан зарласныг бүгд мэдсэн, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Е нь нууц санал хураалтын дүнгээр 13 хүний саналаар сонгогдсон. Түүнээс хойш 3 сар гаруй хугацаагаар үйл ажиллагааг хийгээд явж байна. Булган сумын Засаг даргаар Б.Рийн нэрийг дэвшүүлсэн. Тус сумын Засаг даргар Б.Рийн нэрийг дэвшүүлсэн тухай тогтоолыг Авлигатай тэмцэх газарт хянагдаад, Б.Р нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар Булган сумын Засаг даргаар томилогдсон.   Тухайн үед өмнө нь Булган сумын Засаг даргаар ажиллаж байсан хүнээс албан ёсоор  тамга, тэмдгээ хүлээж авсан.

Иймд Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу явагдсан. Булган сумын Сонгуулийн хороо хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна. Сонгуулийн хороо нь МАН-ын 18 төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдээд, АН-ын 8  төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдэхгүй гэсэн ойлголт байхгүй.

Мөн тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Е өөрөө мэдэж байх ёстой. Анхдугаар хуралдааныг 14 хоногийн хугацаанд зарлан хуралдуулах ёстой, хуулийн хугацаанд зарлан хуралдуулсан. Ийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Е нарын 5 хүнээс Баян-Өлгий аймгийн Булган сумын  Сонгуулийн хорооны дарга Д.А, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдаан даргалагч Ш.Д, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “Булган сумын Сонгуулийн хорооны даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 26, 27 дугаар тогтоолуудыг[1] хууль бус байсныг тогтоох (1), сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолыг[2] (2), Монголханы Есенкелдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон тогтоолыг[3] (3),  Бердиханы Рахымбекийг  сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг[4] (4), аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Булган сумын Засаг даргаар Бердиханы Рахымбекийг томилох тухай” захирамжийг[5]  (5) тус тус хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлахыг Булган сумын Сонгуулийн хороонд даалгах (6) шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан  бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслээд,

 нэхэмжлэгчдээс гаргасан Булган сумын Сонгуулийн хорооны даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 26, 27 дугаар тогтоолуудыг хууль бус байсныг тогтоох (1), сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлахыг Булган сумын Сонгуулийн хороонд даалгах (6) шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Б.Е, Х.Б, Д.Б, К.Е нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  анхдугаар хуралдааны Монголханы Есенкелдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон 04 дүгээр  тогтоолын М.Ед холбогдох хэсгийг (3), Бердиханы Рахымбекийг  сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн 05 дугаар тогтоолыг (4), аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Булган сумын Засаг даргаар Бердиханы Рахымбекийг томилох тухай” Б/45 дугаар захирамжийн Б.Рт холбогдох хэсгийг (5) тус тус хүчингүй болгож,

нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  анхдугаар хуралдааны “Төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 02 тогтоолыг (2) хүчингүй болгуулах шаардлагыг болон нэхэмжлэгч М.Цийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Булган сумын Сонгуулийн хороо нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 24 дүгээр  “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолоор[6] сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж олонхын санал авсан 25  төлөөлөгчийг сонгогдсонд тооцож, нэрсийг нь  хавсралтаар баталж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан Булган сумын нэгдсэн группийн цахим хуудсанд тавьсан мэдээллээр[7] болон гэрч Х.Адилханы мэдүүлгээр[8] тогтоогдож байна.

4. мөн Сонгуулийн хороо нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 25 дугаар “Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлах тухай” тогтоолоор[9] сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт товлон зарласан  боловч уг тогтоолыг   2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар “Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлах тухай” тогтоолын[10] 2 дах заалтаар хүчингүй болгож, 1 дэх заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг тухайн оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талаас дээрх 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосон сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоол гарсан гэж уг тогтоолын хуулбар хувийг шүүхэд гаргаж өгсөн байх ба  хариуцагчаас энэ талаар шүүхэд  “... 27 дугаар тогтоол нь техникийн шинжтэй алдаатай гарсан тогтоол, энэ тогтоолыг гарсан гэж үзэхгүй, анхдугаар хуралдаан 26 дугаар тогтоолын дагуу явагдсан” гэж тайлбарласан тул бодит байдалд  үр дагавар бий болгосон, үйлчлэлтэй 27 дугаар тогтоол гарсан гэж үзэх боломжгүй байна.

6. Сумын Сонгуулийн хорооноос анхдугаар хуралдааныг товлон зарласан тогтоолыг сумын МАН-ын дарга Б.Рт, сумын АН-ын дарга Д.Б нь аймгийн төвд амьдардаг тул сумын намын дэд дарга М.Цэд тус тус танилцуулсан гэж тайлбарласан боловч шүүх хуралдааны явцад Д.Цэрэнчимэд нь сумын намын дэд даргын сонгуульт ажлыг хашдаггүй, тогтоолтой танилцсан боловч намын бусад төлөөлөгчдөд мэдэгдээгүй гэж  мэдүүлсэн.

7. Товлон зарлагдсан анхдугаар хуралдаанд нийт 25 төлөөлөгчөөс МАН-аас сонгогдсон 17 төлөөлөгч хүрэлцэн ирсэн, АН-аас сонгогдсон 8 төлөөлөгч ирээгүй тул олонх хүрэлцэн ирсэн үндэслэлээр хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16:30 цагт эхэлж, тухайн хуралдаанаар “Хурлын дэг батлах тухай”, 01 дүгээр тогтоол[11]“ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 02 дугаар тогтоол, “Санал хураалтын тооллогын комисс байгуулах тухай” 03 дугаар тогтоол[12], “Хурлын дарга сонгох, чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоол, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг тус тус батлан гаргасан үйл баримт тогтоогдож байна.

8. Нэхэмжлэгчид нь “... хариуцагчаас анхдугаар хуралдааны товыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул анхдугаар хуралдаанд оролцох, Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудалд саналын эрхтэй оролцох эрх зөрчигдсөн” гэж маргажээ.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, анхдугаар хуралдааны товыг зарласан маргаан бүхий 26 дугаар тогтоолыг сумын МАН-ын дарга Б.Рт 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу Баасан гарагт хүргүүлсэн, тэрээр хүлээж авсан, сумын АН-ын дарга Д.Б нь аймгийн төвд амьдардаг тул төлөөлөгчөөр сонгогдсон М.Цэд мэдэгдэхээр гэрт нь очиж танилцуулахад “... би хариуцахгүй, намын дарга биш гэж”  хүлээн авахаас татгалзаад, зургийг утсаар татаж авсан, бусад АН-аас сонгогдсон төлөөлөгчдөд анхдугаар хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй, урилга тараагаагүй  болох нь  сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Т.Б ы шүүхэд өгсөн мэдүүлгээр[13] тогтоогдож байна.

            10. Харин хариуцагч Сонгуулийн хорооны дарга “... анхдугаар хуралдааны товыг сумын АН-ын дарга Д.Бтэй утсаар болон хувийн мессенжер чатаар мэдэгдсэн, нэхэмжлэгч Б.Еад утсаар мэдэгдсэн, хуралдаан болох өдөр Д.Бтай сумын Засаг даргын Тамгын газрын байрны урд талд тааралдаж биечлэн мэдэгдсэн” гэж тайлбарласан байх ба энэ нь нэхэмжлэгч Б.Еын 94554949 дугаарт 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16:12:52 цагт,  Д.Бийн 88055858 дугаарын утас руу хариуцагч Сонгуулийн хорооны дарга 2024 оны 10 дугаар сарын 21-ний  өдөр хуралдаан эхэлсний дараа буюу 18:13:05 цагт тус тус залгасан нь, түүний мессенжер Facebook хаяг дах чат руу мөн өдөр өдрийн 2:36 цагт анхдугаар хуралдаан зарласан тогтоолыг явуулсан нь, мөн 3:30 цагт “… ирц бүрдэхгүй байгаа учир хурал одоо хүртэл эхлээгүй байна. Өнөөдөр бүгд цугларвал төлөөлөгч нар бүгд гар өргөж батламжлах байх” гэж захиа бичсэн нь,  хэрэгт авагдсан хариуцагч Д.Агийн шүүхэд гаргаж өгсөн түүний утасны хэрэглээний 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16:12:52 цагаас 2024 оны 10 дугаар сарын 31 өдрийг дуусталх хуулгаар[14],  Д.Бийн Facebook хаяг дах чатад бичигдсэн захиагаар[15] тус тус батлагдаж байна.

11. Дээрх үйл баримтын талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Е нь  “... хариуцагчаас миний утас руу залгасан гэх боловч  түүнтэй яриагүй, утасны хэрэглээний хуулганд надтай ярьсан ярианы хугацааг 24 секунд гэж  заасан байх тул ярьсан гэж үзэх боломжгүй, надад хуралдааны товыг мэдэгдээгүй” гэж, нэхэмжлэгч Д.Б нь “... анхдугаар хуралдаан хуралдсаны  дараа мэдэгдсэн болохоор би оролцоогүй” гэж,   мөн  гэрч Д.Б нь “...2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний хувийн чат руу Д.Агаас  захиа ирсэн нь үнэн, файл нь нээгдэхгүй байсан. Түүн рүү утасдаж ямар файл явуулсан талаар асуухад тогтоол гэсэн, ямар агуулгатай тогтоол гэдгийг асуугаагүй, ... төлөөлөгчдөд миний хувийн чат руу ирсэн захианы талаар мэдэгдээгүй” гэж  шүүхэд өгсөн  мэдүүлэгтээ[16] тус тус тайлбарлажээ.

12. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч М.Цэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны товыг  сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга хуралдаан болохоос 3 хоногийн өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр биечлэн мэдэгдсэн, харин сумын АН-ын дарга Д.Б болон нэхэмжлэгч Д.Бт  хуралдаан болох өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч Б.Еад мэдэгдсэн эсэх нь тодорхой бус, нэхэмжлэгч Х.Б, К.Е нарт албан ёсоор мэдэгдээгүй гэж үзэхээр байна.

13. Хариуцагч сумын Сонгуулийн хорооны даргаас  “... анхдугаар хуралдааны товыг төлөөлөгчдөд мэдэгдэх үүргийг сонгуулийн хороо хүлээхгүй” гэж  тайлбарласан боловч тов тогтоосон 26 дугаар тогтоолд хуралдааны товыг мэдэгдэх асуудлыг бусдаар гүйцэтгүүлэхээр заагаагүй байх тул өөрийн гаргасан шийдвэрээ чиглэгдсэн этгээдэд өөрөө мэдэгдэх үүрэгтэй гэж үзлээ.

14. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт улс даяар 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдсан, Булган сумын Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай”  24 дүгээр тогтоолоор хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэрийг гаргасан, Булган сумын нэгдсэн группийн цахим хуудсанд мэдээлсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн  зэрэг нь  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ”, 73.4-т заасан “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ “ гэсэнтэй тус тус нийцжээ.

15.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна …”  гэсний дагуу сумын Сонгуулийн хороо анхдугаар хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10:00 цагт хуралдуулахаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  буюу  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  өргөн мэдүүлсэн өдөр 26 дугаар тогтоолоор товлон зарласан.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заажээ.

17. Анхдугаар хуралдааныг товыг зарласан  сумын Сонгуулийн хорооны тогтоол нь захиргааны актын гадагш чиглэсэн үйлчлэлтэй  шинжийг агуулаагүй, анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай  зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан дотогш чиглэсэн акт байх тул нэхэмжлэгчдээс гаргасан “сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 26,27 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоох, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлахыг сумын Сонгуулийн хороонд даалгах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т  заасан “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-т заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            18.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна”, 39.1.1-т “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 39.1.3-т “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах”, 39.1.4-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” , 53 дугаар зүйлийн 53.1-т “Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”,  53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй…”, 56 дугаар зүйлийн 56.5.1-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”  гэж тус тус заажээ.

19. Нэхэмжлэгч Б. Ерболат, Д.Б, Х.Б, К.Е нарт сумын Сонгуулийн хорооноос албан ёсоор анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй, үүнийг хариуцагчаас үгүйсгээгүй,  сумын АН-ын дарга Д.Б, нэхэмжлэгч Д.Б нарт  хуралдаан болох өдөр мэдэгдсэн гэх боловч сумын АН-ын дарга Д.Б нь  АН-аас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсонд тооцогдсон  төлөөлөгчдөд тухайн өдөр мэдэгдээгүй, мэдэгдсэн гэж үзэх тохиолдолд  цаг хугацааны хувьд тэднийг шууд  оролцуулах  боломжгүй байдалтай байсан, Д.Бын хувьд урьдчилж мэдэгдсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчдийн анхдугаар хуралдаанд таслах эрхтэйгээр оролцох, Хурлын  болон Засаг даргад нэр дэвшүүлэх, нэр дэвших, өөр бусад хэлэлцэх асуудлуудад санал гаргаж оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нь зөрчигдсөн гэж үзээд, “Хурлын дарга сонгох, чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолын М.Ед холбогдох хэсгийг, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг, 05 дугаар тогтоолыг үндэслэж гарсан аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/45 дугаар захирамжийн Б.Рт холбогдох хэсгийг тус тус  хүчингүй болгуулах шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

20. Харин анхдугаар хуралдаанаас гаргасан ““ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 02 дугаар тогтоол нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, тэдний эсрэг чиглэгдээгүй, тэдний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

21. Нэхэмжлэгч М.Цэд анхдугаар хуралдааны товыг мэдэгдсэн нь тогтоогдсон бөгөөд түүний төлөөлөгчийн хувьд хуульд заасан дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхол  нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн хуралдаанд оролцоогүй байх тул  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

22. Энэхүү маргаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлах, мөн уг анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэр нь  хууль ёсны эсэхийг тогтоолгох асуудалтай холбоотой маргаан бөгөөд энэ  асуудалд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулагдсан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, гомдол гаргахад шаардагдах урьдчилан шийдвэрлэх журмын үйлчлэл нь хамааралгүй тул “… энэ маргааныг шүүх шууд хүлээж авахгүй” гэж  шүүх хуралдаанд тайлбарласан хариуцагч Булган сумын  Сонгуулийн хорооны дарга Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Е, гуравдагч этгээдийн Б.Рийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Е нарын 5 хүнээс гаргасан ” Булган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 26, 27 дугаар тогтоолуудыг хууль бус байсныг тогтоож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлахыг сумын Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3, 39.1.4, 53 дугаар зүйлийн  53.2, 56 дугаар зүйлийн 56.5.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Е, Х.Б, Д.Б, К.Е нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдааны “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолын М.Ед холбогдох хэсгийг, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Булган сумын Засаг дарга Б.Еыг ажлаас чөлөөлж, Б.Рийг Булган сумын Засаг даргаар томилох тухай” Б/45 дугаар захирамжийн Б.Рт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  анхдугаар хуралдааны “Төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 02 тогтоолыг (2) хүчингүй болгуулах шаардлагыг болон нэхэмжлэгч М.Цийн   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчдаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчдэд олгосугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 22 дугаар тал

[2][2] Хэргийн 35 дугаар тал

[3] Хэргийн 38 дугаар тал

[4] Хэргийн 39 дүгээр тал

[5] Хэргийн 60 дугаар тал

[6] Хэргийн 23, 24  дүгээр тал

[7] Хэргийн 45 дугаар тал

[8] Хэргийн 128-129 дүгээр тал

[9] Хэргийн 132 дугаар тал

[10] Хэргийн 22 дугаар тал

[11] Хэргийн 30 дугаар тал

[12] Хэргийн 37 дугаар тал

[13] Хэргийн 77 дугаар тал

[14] Хэргийн 102 дугаар тал

[15] Хэргийн 46, 80 дугаар тал

[16] Хэргийн  88-89 дүгээр тал