Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0359

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

улсын яллагч:  П.Болормаа

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706040630280 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б Б, / Иван гэж найзууд дууддаг/ 19  оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд   боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 6,  эхнэр 4 хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн  дугаар  хороо  дугаар гудамжны   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЦГ85011874,

       

Холбогдсон хэргийн талаар:

         Б.Б нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын -ны өдрийн 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Х А барилгын 4 дүгээр давхараас 22 ширхэг сантехникийн холболтын ир үзүүр бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан 4.041.440 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч  Б.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн өдөр би найзтайгаа нэг юм уусан байсан. Би өөр газарт ажил хийх гээд барилга дээр очиж ажлынхаа хувцасыг авахаар өдрийн 14.00 цагийн үед очсон. Ажлын хувцасаа авахдаа жижиг хайрцагтай зүйл байхаар нь аваад гарсан. Тухайн үед сантехникийн материал гэдгийг нь би мэдэж байсан. Тэгээд авч гараад 100 айлын барилгын материал дээр очиж зарсан. Тэгээд зарсан мөнгөнөөсөө 40.000 төгрөгийг нь өрөндөө өгөөд, үлдэгдэл мөнгөрөө хүүхэддээ чихэр, жигнэмэг авч өгсөн. Тэгээд гэртээ байж байтал орой найз маань, компаний захиралтай ирээд чи яаж байгаа юм бэ, компаниас юм авч гарсан чинь камерийн бичлэгт бичигдсэн байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь зарсан хүн дээрээ очиж сантехникийн материалуудаа авч буцаан өгсөн гэв.     

          Шүүгдэгч  Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би Хөдөө аж ахуйн автобусны буудлын хажуу талын 2 өндөр барилга дээр өрлөгө өрдөг байсан юм. Би 7-8 хоногийн өмнөөс ажиллахаа болиод өчигдөр 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 12.00 цагийн үед ажлыхаа хувцасыг авах гээд халамцуу яваад очсон. Тэгээд ажлын хувцасаа авчихаад гарах гэсэн чинь 4 давхарт сангийн өрөөний тэнд модон авдар байхаар нь тагийг нь татаад үзсэн чинь шуудайн дотор сангийн холболт хийдэг төмөрнүүд байсан. Тэгэхээр нь би ажлыхаа хувцасны хажуугаар тэдгээр зүйлүүдийг нь аваад явчихсан.  Миний авч явсан зүйл нь 20 гаруй ширхэг байсан би тоолж үзээгүй. Би жижиг холболт хийдэг юмнуудыг нь аваагүй, харин том холболтын төмөрнүүдийг нь авсан. Тэгээд би 100 айл ороод машины гидир шахагчтай хамт нөгөө сангийн төмрүүдээ нийлүүлээд танихгүй явж байсан хүнд 80.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд гэртээ хариад ганц юм уугаад сууж байсан чинь манай  бригадын залуу над руу яриад чи өдөр ирэхдээ ингэсэн байна ш дээ гэхээр нь би тиймээ өдөр авчихсан юм гэж хэлсэн. Тэгсэн манай захирал найз хоёр манай гэрт ирээд 100 айл орж нөгөө хүнээ хайж байгаад Б гэж хүн авсан гэдгийг нь мэдээд олоод очсон чинь өглөө бараануудаа Налайхын цаашаагаа ачуулчихсан гэж хэлсэн. Тэгээд Налайхад очоод аваад буцааж өгсөн гэжээ. /хх-ийн 17/

          Хохирогч Б:Э   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай компани Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн автобусны буудлын баруун талд баригдаж байгаа барилга дээр сантехникийн холболт хийж байгаа юм. Тэгсэн чинь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 4 давхарт модон авдар дотор байсан сангийн холболтын салдаг 63-ийн диаметртэй эр үзүүр 22 ширхэг, 20-ийн салдаг эр үзүүр 150 ширхэг байсан нь алдагдсан байсан. Тэгээд бид нар камер шүүж байгаад харсан чинь өмнө нь манай барилга дээр ажиллаж байсан Б гэх залуу согтуу багажны улаан саванд хийгээд аваад гарчихсан  байсан. Тэгэхээр нь өнөөдөр Б бригадын дарга нь дагуулж явж байгаад 63-н хэмжээтэй 21 ширхэг эр үзүүрийг нь бусдад зарсан байсныг нь олж ирсэн. Одоо 1 ширхэг 63-н эр үзүүр, 20-ийн эр үзүүр 150 ширхэг алдагдсан байна. Дээрх зүйлүүд нь бүгдээрээ шинэ байсан юм. 63-н эр үзүүр нь 1 ширхэг нь 183.700 төгрөгний үнэтэй, 20-н эр үзүүр нь 1 ширхэг нь 48670 төгрөгний үнэтэй, нийт хохирол нь 7.488.000 төгрөг болж байгаа юм гэжээ. /хх-н 8-10/

         Хохирогч Р.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Жаргалант дулаан ХХК-нд сантехникийн инженерээр ажилладаг бөгөөд манай компани нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах High-Apartment орон сууц, үйлчилгээний төвийн барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр High-Apartment орон сууц, үйлчилгээний төвийн барилгын 4 давхараас сангийн холболтын 63 мм-ийн диаметртэй эр үзүүр 22 ширхэг хулгайд алдагдсан бөгөөд үүнийг тус барилга дээр өрлөгийн ажлыг гүйцэтгэж байгаа Майт халзаа ХХК-нд урьд өмнө нь ажиллаж байсан Б.Б гэх залуу хулгайлсан байсан. 150 ширхэг 20 мм-ийн диаметртэй эр үзүүрийг байсан газрыг нь өөрчлөөд өөр газар тавьсан байсан бөгөөд барилгаасаа буцааж олсон. Б нь 63 мм-ийн диаметртэй эр үзүүр 22 ширхэгийг хулгайлан авсан бөгөөд үүнээс 21 ширхэгийг манай бригадын дарга Б нь Б.Б дагуулан явж байгаад худалдсан хүнээс нь буцаан авсан. Харин 1 ширхэгийг нь түүний ажилладаг Майт халзаа ХХК-аас төлж барагдуулсан. Б.Э 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа гарсан байгаа. Бид алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй гэжээ.   / хх-н 12-15/

         Гэрч  Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний төрсөн ах Б.Б  нь 1985 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуульд элсэн ороод 2001 онд 8 дугаар ангиа төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Ажил хөдөлмөрийн хувьд хувиараа барилгын заслын ажил хийдэг юм. Одоо 4-12 насны 4 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг юм. Манай ах хааяа л архи уудаг. Манай ах хүнд тусархуу, шударга, элдэв муу зуршилгүй хүн байгаа юм гэжээ. / хх-н 18-20/  

         Гэрч  Ж.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү Б.Б 1985 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Г.Н гэх эмэгтэйтэй суугаад 4 хүүхэдтэй болсон. Миний мэдэхийн хүү маань урд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.  Хулгайн хэрэг үйлдсэн талаар нь мэдсэн гэжээ. /хх-н 22-23/

         Дамно хөрөнгийн үнэлгээний газрын тайлан /хх-н 24-26/  63 диаметртэй сантехникийн эр үзүүр 22 ширхэг 4.041.400 төгрөг гэж үнэлсэн байна.       

          Б.Б  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-44/

         Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29-30/

     Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 34/, оршин суудаг хорооны тодорхойлолт /хх-н 36/ сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 24-32/ зэрэг болно.          

           Б.Б нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хай Апартмент барилгын 4 дүгээр давхараас 22 ширхэг сантехникийн холболтын ир үзүүр бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 4.041.440 төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

           Хохирогч Р.С  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн High-Apartment орон сууц, үйлчилгээний төвийн барилгын 4 давхараас сангийн холболтын 63 мм-ийн диаметртэй эр үзүүр 22 ширхэг хулгайд алдагдсан бөгөөд үүнийг тус барилга дээр өрлөгийн ажлыг гүйцэтгэж байгаа Майт халзаа ХХК-нд урьд өмнө нь ажиллаж байсан Б.Б гэх залуу хулгайлсан байсан. 150 ширхэг 20 мм-ийн диаметртэй эр үзүүрийг байсан газрыг нь өөрчлөөд өөр газар тавьсан байсан бөгөөд барилгаасаа буцааж олсон. Б нь 63 мм-ийн диаметртэй эр үзүүр 22 ширхэгийг хулгайлан авсан бөгөөд үүнээс 21 ширхэгийг манай бригадын дарга Б нь Б.Б дагуулан явж байгаад худалдсан хүнээс нь буцаан авсан. Гэсэн мэдүүлэг/ хх-н 12-15/

          Шүүгдэгч  Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. Тэгээд ажлын хувцасаа авчихаад гарах гэсэн чинь 4 давхарт сангийн өрөөний тэнд модон авдар байхаар нь тагийг нь татаад үзсэн чинь шуудайн дотор сангийн холболт хийдэг төмөрнүүд байсан. Тэгэхээр нь би ажлыхаа хувцасны хажуугаар тэдгээр зүйлүүдийг нь аваад явчихсан.  Миний авч явсан зүйл нь 20 гаруй ширхэг байсан би тоолж үзээгүй. Би жижиг холболт хийдэг юмнуудыг нь аваагүй, харин том холболтын төмөрнүүдийг нь авсан. Тэгээд би 100 айл ороод машины гидир шахагчтай хамт нөгөө сангийн төмрүүдээ нийлүүлээд танихгүй явж байсан хүнд 80.000 төгрөгөөр зарчихсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Б.Б нь тус компанид өрлөгчинөөр ажиллаж байгаад  ажлаа дуусгаад гарахдаа  тус барилгын 4 давхарт сантехникийн холбогч  төмөрнүүдийг нууцаар хууль бусаар авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Б.Б бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  хулгайлах гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.  

   Б.Б нь зарсан эд зүйлсээ буцааж аван хохирлыг бүрэн барагдуулсан ба хохирогч шүүгдэгчээс нэмж нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Б.Б нь  энэ хэргийн улмаас   цагдан хоригдсон  хоноггүй  болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Улсын яллагч шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтлэг үйлчилгээний газарт эдлүүлэх санал гаргасан болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байгааг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Б Б  бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  хулгайлах гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар   Б.Б 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Б.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийтлэг үйлчилгээний  төвд эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар              Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Б хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН