Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2025/0009

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.Г,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,

              Хариуцагч: Өлгий сумын Засаг дарга

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчМ.С  нарын хоорондын газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Т.З, М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч Х.Г нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан, “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн Х.Гд холбогдох хэсгийн хүчингүй болгуулах”-аар  маргасан байна.

            2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

                2.1. Миний бие Х.Г нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, Хуст-3, 316 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 8312021914 дугаар бүхий 1000 м.кв газрыг таримал ой зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон.

            2.2. Засаг даргын захирамж гарсаны дараа сумын газрын даамал иргэний газар эзэшүих эрхийн гэрчилгээ гаргаж өгч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Би газар эзэмших эрхийн гэрчилгээ авсаны дараа тухайн газрыг тойруулж торон хашаа татаж, гар худаг гаргаж, тодорхой хэмжээний мод тарьж тохижуулж байсан. Гэтэл Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байв. Энэ талаар надад 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр утсаар мэдэгдсэний дагуу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр очиж захирамжийн хувийг авсан.

            2.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 тохиолдолыг хуульчилсан бөгөөд миний хувьд дээрх зүйл, хэсэгт заасан зөрчлийн аль нэгийг гаргаагүй.

Ийм байхад урьдчилан мэдэгдэхгүйгээр ямар нэгэн сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Х.Гы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Г нь 2024 оны  10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.2. Нэхэмжлэлийн шаардлага нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Х.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020  оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/246 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, Хуст-3, 316 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 8312021914 дугаар бүхий 1000 м.кв газрыг таримал ой зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон.

3.4. Засаг даргын захирамж гарсны дараа сумын газрын даамал иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээ авсны дараа тухайн газрыг тойруулж торон хашаа татаж, гар худаг гаргаж, тодорхой хэмжээний мод тарих ажиллагаануудыг хийсэн.

3.5. Өлгий сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчтэй  2024 оны 7 дугаар сард уулзаад, энэ талаар тайлбар авч байсан. Дараа нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, энэ талаар Х.Гд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэний дагуу 10 дугаар сарын 16-ны өдөр очиж  захирамжийн хувийг гардаж авсан.

3.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэл гаргасан.  Шүүхийн зүгээс үзлэг хийхэд,  нийтдээ 978 м2 газарт хашаа татсан, орох хаалгатай, дотор нь мод тарьсан нь тогтоогдсон.

3.7. Х.Г тухайн газарт бүрэн хэмжээгээр мод тариагүй дараах хэдэн шалтгаантай. Үүнд, 2020 оноос хойш Ковид-19 цар тахлын өвчин гараад хөл хорио тогтоосон. Монгол Улсын Их Хурлаас Коронавируст  халдвар /Ковид-29/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гараад, 2020 оны 4 дүгээр сараас, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд Монгол Улсад үйлчилж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан.  

3.8. Дараагийн шалтгаан нь Х.Гы биеийн эрүүл мэндийн  шалтгаантай холбоотой байсан. 2022 онд Х.Гы Улаанбаатар хотод  хагалгаанд орсон. Улаанбаатар хотод байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас  Улаанбаатар хотод түр хугацаагаар оршин сууж байсан. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалж хугацаанд мод тариагүй асуудал байна.

3.9. Газрын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай тоот тогтоолын 1.10 дугаар хэсэгт “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж заасан.  Х.Гтай газар эзэмших гэрээг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Хугацааны хувьд үүнээс тооцох ёстой гэж үзэж байна.

3.10. Газар эзэмшүүлэх гэрээнд  ойжуулах зориулалтаар газрыг олгосон боловч ямар хугацааны дотор, хэдэн ширхэг мод тарих бүрэн хэмжээнд ойжуулах талаар гэрээнд тодорхой тусгагдаагүй.  Иймд зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа  явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

4.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны  3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжийн дагуу  ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн зорилго нь зориулалтын дагуу  ашиглаагүй газар дээр үзлэг хийж, нотлох баримтаар баталгаажуулж, Засаг даргад танилцуулах ёстой байсан. Энэ газрыг иргэн Х.Г нь ойжуулах зориулалтаар эзэмшсэн. 2024 оны 5 дугаар сарын дундуур 5 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр очиж үзлэг хийхэд, торон хашааны тал нь нурсан, ямар нэгэн тарьсан мод байхгүй байдалтай байсан. Үүнийг зургаар баталгаажуулж аваад, Засаг даргад танилцуулж, Х.Гы өөрт нь  мэдэгдээд, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байгуулсан гэрээнд “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй бол” гэдгийг тодорхой тусгаад өгсөн. Энэхүү үндэслэлийн улмаас газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар эзэмших   гэрээнд хэдэн ширхэг мод тарих эсэх нь тусгагдаагүй гэж тайлбарлаж байна. Энэ гэрээний төслийг агентлагаас баталж өгдөг, үүний үндсэн дээр бид нар иргэнд гарын үсэг зуруулаад, гэрээгээ хийсэн. Бид газар дээр нь очиж үзлэг хийхэд, торон хашаа нурсан, дотор нь ямар нэгэн мод тариагүй байсан болохоор комисс хуралдаж байгаад Засаг даргаар захирамж гаргуулсан.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн газарт мод тарьж байсан гэж тайлбарлаж байна. 2024 оны 5 дугаар сарын байдлаар Х.Гы эзэмшсэн газар дээр ямар нэгэн тарьсан мод байхгүй байсан, тэр нь фото зургаар  нотлогдож байна. Х.Г нь эрүүл мэндийн шалтгаантай байсан  гэж тайлбарлаж байна.  Гэхдээ Х.Гы зүгээс бид нарт эрүүл мэндийн шалтгаантай гэдгийг мэдэгдсэн зүйл байхгүй.  Үзлэгийн явцад хэдэн ширхэг модыг хүйтрэх  үеэр нөхөж тарьсан байдалтай харагдсан.

4.4. Иймд эзэмшлийн газарт хуулийн хугацаанд   мод тарьсан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн Улсын гуравдугаар эмнэлгийн эмчийн магадлал гэж өгсөн баримтын хувьд яг хэзээ гаргаж өгсөн талаар огноо нь байхгүй  байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Гы тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Х.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Анх Өлгий сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн[1] хавсралтын холбогдох хэсгээр Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Харасай” гэх газраас 1000 м2 газрыг нэхэмжлэгчид хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлэх шийдвэрийг  үндэслэн сумын газрын даамал 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 000108500 дугаар Иргэний газар эзэмших гэрчилгээг[2] 50 жилийн хугацаагаар ойжуулах зориулалтаар олгож, тухайн өдөр 08301-2020/01455 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[3] байгуулжээ.

3. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын[4] дагуу  Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар[5]  байгуулагдсан ажлын хэсэг нь Өлгий сумын нутаг дэвсгэрээс таримал ой, мод үржлийн зориулалтаар олгогдсон газар нь Газрын тухай хууль зөрчсөн эсэхийг шалгах явцад эзэмшлийн газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзээд түүний эзэмшилд олгосон газрыг маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Ажлын хэсэг нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэл албан шаардлагад тусгагдсан  газруудыг шалгасан нь ажлын хэсгийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн  тайлангаар[6] тогтоогдож байх бөгөөд тухайн  шалгалтаар нэхэмжлэгч Х.Гы эзэмшил газарт татсан торон хашаа нь нурсан байдалтай, мод тарьж ойжуулах үйл ажиллагаа явуулаагүй байсан нь тогтоогдсон гэж хариуцагчаас тайлбарлан гэрэл зургийг[7] хэрэгт нотлох баримтаар гаргажээ.

5. Шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийхэд, нэхэмжлэгчид олгосон 1000 м2 газраас 978.8 м2 газрыг хашаалсан, хашааны зүүн талд нэг эгнээ болгон нийт 20 ширхэг мод, хашааны баруун талд  2 эгнээ болгож нийт 17 ширхэг мод, урд талд нэг эгнээ болгож нийт 3 ширхэг мод тарьсан  нь үзлэгийн тэмдэглэл[8], схем зураг[9], гэрэл зургуудаар[10] тус тус тогтоогдож байна.

6. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар сонсох ажиллагааг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хийсэн бөгөөд нэхэмжлэгч тухайн өдрийн тайлбартаа[11] “... торон хашаа татаж, 20 ширхэг мод тарьсан” гэж тайлбарлан мэдүүлжээ.

7. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд,  ажлын хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг газар дээр нь очиж шалгах үед буюу цаг хугацааны хувьд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд  нэхэмжлэгч нь эзэмшлийн газарт зөвхөн торон хашаа татсан байдалтай байсан ба  ойжуулах зориулалтаар мод тарьсан үйл ажиллагаа явуулаагүй,   дээрх хугацаанаас 2024 оны 7 дугаар сарын 18-ний өдрийг хүртэлх хугацаанд 20 ширхэг мод тарьсан, дараа нь шүүхээс үзлэг хийсэн хүртэлх хугацаанд үлдсэн 20 ширхэг модыг тарьсан гэж үзэхээр байна.

8. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн  40.1-т “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т ”Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

9. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”, мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тус тус заажээ.

10. Энэ маргааны хувьд нэхэмжлэгч нь гэрээнд  заасан зориулалт, нөхцөл, болзлын  дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх хуульд заасан эс үйлдэхүй нь  тогтоогдсон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, тодруулбал, газар эзэмшигч нь өвчтэй байсны улмаас өөр газар удаан хугацаагаар эмчлүүлж байсан, өөрөөс нь хамаарах  шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээ хийгдсэнээс хойш хугацаанд буюу 2021 оноос хойш эмчилгээ хийлгэж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд  түр оршин сууж амьдарч байсан нь хэрэгт авагдсан иргэний эрүүл мэндийн дэвтэр[12], “Номиун” эмнэлгийн эмчилгээний хяналтын карт[13], Улсын гуравдугаар төв эмнэлгийн магадлагаа[14], Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт[15], Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хаягласан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1107 дугаар тодорхойлолт[16] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

12. Иймд  хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй байх тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсний дагуу Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Х.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,  107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Гы  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Х.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 57 дугаар тал

[2] Хэргийн 60 дугаар тал

[3] Хэргийн 58-59 дүгээр тал

[4] Хэргийн 41-44 дүгээр тал

[5] Хэргийн 62 дугаар тал

[6] Хэргийн 63 дугаар тал

[7] Хэргийн 73 дугаар тал

[8] Хэргийн 67 дугаар тал

[9] Хэргийн 68 дугаар тал

[10] Хэргийн 69 дүгээр тал

[11] Хэргийн 38 дугаар тал

[12] Хэргийн 80-88 дугаар тал

[13] Хэргийн 90-93 дугаар тал

[14] Хэргийн 108 дугаар тал

[15] Хэргийн 96 дугаар тал

[16] Хэргийн 97 дугаар тал