Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/1023

 

 

 

 

   2023          10             24                                         2023/ДШМ/1023

 

Т.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч,

яллагдагч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/1162 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Отгонжаргалын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.Г-д холбогдох 2206 0000 00847 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.. овгийн Т-ийн Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД:..../,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын зарим болох 1 жил 5 сарыг нэмж нэгтгэн 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжаар 7 сар 9 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Яллагдагч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “А ц” караокены нойлын өрөөнд иргэн Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөөнд орлоо” гэх асуудлаас болж маргалдан Ч.Н-гийн цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Г-ийн: “...Т.Г-тэй маргасан залуу доошоо суусан маягтай тонгойсон шалан дээр цус болсныг хажуугаар өнгөрч явахдаа харсан, ...Таксин дотор явж байхдаа Т.Г миний чихэнд “...мань чинь шаачих боллоо...” гэх гэж хэлсэн бөгөөд бид нар цааш үргэлжлүүлээд явцгаасан...” гэх мэдүүлэг /1 хх 132/,

Яллагдагч Т.Г-ийн өгсөн: “...Тэр залуу намайг заамдаж хоолой боохоо болиод намайг тавих үед би чөлөөтэй амьсгалсан. Энэ үед гаднаас Г.Г орж ирээд намайг татаад ... гээд намайг дагуулаад бид хоёр тэндээс гарч явсан...” /2 хх 11/ гэж мэдүүлсэн зэргээс гэрч Г.Г-ийн үйлдэлд эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд тодруулах шаардлагатай байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно...” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж,

мөн хуулийн 40.2.1-т “...хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх...” гэж,

мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...” гэж тус тус заажээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-т сэтгэцэд учирсан хор уршиг”-ийг тогтоолгохоор шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийлгэх шаардлагатай гэж дүгнэв.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасантай холбоотойгоор яллагдагч Т.Г-д холбогдох эрүүгийн 2206 00000 0847 дугаар хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, сиди 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор М.Отгонжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. Шүүгчийн захирамжид гэрч Г.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах зэрэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад огт хэлэлцэгдээгүй, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, тэмдэглэлд тусгагдаагүй, шүүх хуралдааны танхимд уншиж сонсгосон шүүхийн шийдвэрийн агуулгаас өөр асуудлын талаар дурдаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд тус тус хамаарч байна.

2. Прокуророос яллагдагч Т-ийн Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “А ц” нэртэй караокены ариун цэврийн өрөөнд иргэн Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөөнд орлоо” гэх асуудлаас болж маргалдан Ч.Н-гийн цээжин тус газарт хутгалж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн болно.

Гэтэл шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс хальж, гэрч Г.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулах шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар ...асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

3. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан байна.

Дээрх журмын 1.1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөн”,

2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.”,

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.”,

3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.”,

3.4-т “Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно” гэж тус тус зааснаас үзэхэд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд сэтгэцэд учирсан хор уршгийг дээрх аргачлалын дагуу шүүх өөрөө тогтоох боломжтой байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг заавал шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулан тогтоолгох шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд яллагдагч Г.Г-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/1162 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүүг эмэгтэй 00-н өрөө рүү орсон гэж амь насыг нь хохироосонд гомдолтой байна. Би тухайн 00-г очиж үзэхэд гадна талдаа эрэгтэй, эмэгтэй гэж бичсэн байсан боловч дотор талдаа ялгаа байгаагүй.  Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 491 дугаар Улсын Дээд шүүхийн тогтоолд “Шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаанд зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй ажиллагаа хамаарч болно” гэж заасан. Хэрэгт хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоогоогүй. Мөн хамт явсан байсан гэх гэрч Г.Гтэй нүүрэлдүүлэн байцааж, нөхцөл байдлыг тодруулах хүсэлтийг гаргасан боловч энэ талаарх ажиллагааг огт хийгээгүй учир нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгч нь шүүгдэгч биш яллагдагч гэдгийг хэлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхээс өөрийн дотоод итгэл үнэмшлээр, хэргийн бодит байдлын хүрээнд, хууль ёсны шийдвэр гаргасан. Түүнчлэн өмнө шүүхээс хэргийг буцаахдаа Ган-Эрдэнийг нүүрэлдүүлэн байцааж, хохирогчийн сэтгэл санаа байдлыг шинжээч томилон тогтоох, мэдүүлгийг газар дээр нь шалгах, мөн өмгөөлөгчийн гомдолд дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэхийг прокурорт даалгасан. Гэтэл мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийлгүй хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийг 18 сараас дээш хугацаагаар цагдан хорьж болохгүй” гэж заасан учир миний үйлчлүүлэгч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 Прокуророос Т.Г-ийг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “А ц” караокены нойлын өрөөнд иргэн Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөөнд орлоо” гэх асуудлаас болж маргалдан Ч.Н-гийн цээжин тус газарт хутгалж алсан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “...гэрч Г.Г-ийн үйлдэлд эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд тодруулах, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-т сэтгэцэд учирсан хор уршигийг тогтоолгохоор шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах. ...” шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Т.Г-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/1162 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч Т.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                            ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ  

 

                                            ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР