Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/1043

 

 

 

 

           2023           10            26                                          2023/ДШМ/1043

 

Э.Ит холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Д.Цолмон,

шүүгдэгч Э.И,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/843 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.И, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Ит холбогдох 2309000000492 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Бонтой овгийн Э.И, 1984 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Эрчим хүчний яаманд хуулийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 5 дугаар байрны 12 тоотод оршин суудаг, /РД:УГ84022918/; 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугээр зүйлийн 123.3, 124 дүгээр зүйлийн 124.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Э.И нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 5а байрны 11 тоотод хамтран амьдрагч Д.Цолмонтой маргалдаж, улмаар зүүн нүдний орчимд цохисны улмаас зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Иыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Иын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэж шүүгдэгч Э.Итай хэрүүл маргаан үүсгэж биед нь халдсан хохирогч Цолмонгийн хууль бус үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан боловч энэ нь шүүгдэгч Э.Иын үйлдлийг зөвтгөх гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй талаар шүүгдэгч Э.И нь хохирогч Цолмонгийн үйлдлийг зогсоож гарыг нь барьж байхдаа нүүрэн тус газарт нь цохисон үйл баримт тогтоогдсон байх тул өөрийн эрүүл мэндийн хууль бус довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж үзэхгүй. Шүүгдэгч нь өөрийн эсрэг тулгарсан довтолгооныг зогсоосныхоо дараа бусдын эрүүл мэндэд халдах санаа зорилго агуулан хүсэж үйлдсэн байх тул гэм буруугүйн хувьд болгоомжгүйгээр учруулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Э.Иын зүгээс мэдүүлэг өгөхдөө “унтаж байхад л цохиж зодоод хардаад эхэлсэн, учрыг нь тайлбарлах боломж олголгүй хүч хэрэглээд байхаар нь аргагүй эрхэнд “гэрээсээ гарья” гэж бодоод гутлаа өмсөх гэж байхад гутал булааж аваад цохиод эхэлсэн, хүч хэрэглэсэн үйлдлийг нь таслан зогсоохын тулд гутлыг нь булааж авах гэж байгаад санаандгүй цохисон, миний эхнэрийн нүд нь гэмтэлтэй учраас нүүр рүү нь цохиж болохгүй гэдгийг би маш сайн мэднэ” гэж мэдүүлгээ тогтвортой өгч байсан.

 Хэдийгээр шүүхийн дүгнэлтэнд дурьдагдсан хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэцүүлгийн шатанд өгсөн тайлбар болон мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй боловч тухайн үед сэтгэл санаа тогтворгүй байсан, өөр эмэгтэйгээс дуудлага ирэхээр нь ухаан санаа орж гараад уур хүрч байсан талаараа мэдүүлдэг. Гэртээ маргаан болж байх үед зарим болсон процессийг санахгүй байгаа талаар, гутлаа Ихбаяр булааж авсаныхаа дараа буюу довтолгоон төгссөний дараа цохисон уу эсхүл намайг болиулах гэж байхдаа биед нь халдсан уу гэдгийг тодорхой ялгаж салгаж хэлж чаддаггүй нөхцөл байдал хэрэгт баримтаар авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй болно. Хэдийгээр хохирогчийн биед энэ хуулийн тусгай ангид заасан хөнгөн хохирол учруулах гэмтлийн зэрэг учирсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байгаа эсэх дээр шүүхээс хангалттай дүгнэлт хийж чадаагүй.

Нөгөө талаасаа Э.Иын хувьд гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалахын тулд цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгч, маргаанаас татгалзахын тулд гэрээсээ хүртэл гарч явах үйлдлийг хийсээр байдаг. Энэ нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Э.Иын биед хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх олон тооны шарх сорви үүссэн байдаг зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтад хамаарч болохуйц нөхцөл байдлууд тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагчаар мэдүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгт “... Гараараа далайгаад дахин цохих гэхээр нь Цолмонгийн гарыг барьж болиулах гээд ноцолдож байхдаа нүүр рүү нь нэг удаа цохисон. Зогсоо зайгүй намайг цохиод байхаар нь болиулах гээд тийм үйлдэл хийсэн. ...Цохих санаа бодол байгаагүй. ...” гэх мэдүүлгийг шийтгэх тогтоолын 3 дугаар хуудаст “...Гараараа далайгаад дахин цохих гэхээр нь эхнэр Цолмонгийн гарыг барьж болиулах гээд ноцолдож байхдаа нүүр рүү нь нэг удаа цохисон. ...”, 4 дэх хуудаст “...Дээрх нотлох баримтуудаар шүүгчдэгч Э.И нь хохирогч Цолмонгийн үйлдлийг зогсоож гарыг барьж байхдаа нүүрэн тус газарт нь цохисон үйл баримт тогтоогдсон байх тул өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж үзэхгүй.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг тулгарсан довтолгооныг зогсоосныхоо дараа бусдын эрүүл мэндэд халдах санаа зорилго агуулан, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн хувьд болгоомжгүйгээр учруулсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж хохирогчийн шүүгдэгчийн биед халдаж буй идэвхтэй үйлдэл зогсоогүй байх цаг хугацаанд хийгдэж буй үйлдлийг довтолгоон дууссан гэж шүүгч дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгч хэт яллах талыг баримтлан, цагаатгах талын нотлох баримт, хэргийн эргэлзээтэй байдал бий болсон бол шүүгчдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимыг баримтлаагүй байна.

Хохирогчийн мэдүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэгт “...Тухайн явдал маш хурдан болсон тул яг ийм, тийм гэж тодорхойлж чадахгүй байна. Гэнэт миний бие юу болж байгааг сэхээрэхтэй болсон. ...” гэх мэдүүлэгт шүүгч дүгнэлт өгөөгүй байна. Түүнчлэн, шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн гарыг барьж болиулах гэж ноцолдож байгаад цохисон үйлдлийг санаатай үйлдэл гэж дүгнэхэд хангалтгүй бөгөөд тухайн үед хохирогчийн шүүгдэгчийн биед халдаж, зүй бус харьцсан үйлдэл, эс үйлдлийг болиулахаар ноцолдож байхад цохигдсон гэх талуудын мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлж буй нь шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх гэм буруугийн хэлбэр үгүйсгэгдэх төдийгүй, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчим алдагдсан гэж үзэж байна.

Хэргийн бодит нөхцөл байдлын хувьд “тухайн өдөр гэртээ үүрээр архи уусан орж ирээд унтаж байхад эхнэр хардаж босгож ирэхдээ “утсан дээрх юун танихгүй хүний дугаар байгаа юм бэ, өөр хүнтэй гадуур хоносон байна” гэж элдвээр хэлээд, нүүр нүдгүй самардаж, гэрээс гарах гэж байхад гаргахгүй, гутлаар чих рүү цохисон зүй бус зохисгүй үйлдлийн улмаас хохирогчийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан шалтгаан нөхцөл болсонд маш их гэмшиж байна.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үед нөхрийгөө хардаж эмэгтэй хүнээс зурвас ирэхээр нь уур хүрч хардсан. Нөхрөөсөө ямар учиртай хүн болохыг нь асуухад хариулаагүй, хувцасаа өмсөөд гарах гэхэд нь би уурлаад гутлыг нь булааж аваад толгой, чих рүү нь цохисон. Нөхөр маань намайг цохисон үйлдэл нь нь санаандгүй хийсэн үйлдэл гэж үзэж байна. Бид хоёр 10 гаруй жил хамт амьдрахдаа намайг нэг ч удаа зодож байгаагүй. Миний нүд гэмтэлтэйг нөхөр маань мэддэг бөгөөд намайг гэмтээхээр хүсэж үйлдсэн үйлдэл байгаагүй гэж үзэж байгаа. Тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангахгүй байна. Санаатайгаар намайг цохиогүй, анхан шатны шүүх хэргийн бодит байдалд дутуу дүгнэлт хийсэн. Тухайн өдрийн үйл явдал надаас эхэлсэн. Би өөрөө хийсвэрээр сэтгэж, хэрүүл эхлүүлсэн бөгөөд миний өөрийн идэвхитэй үйлдэл байгаа. Одоо би 7 сартай жирэмсэн, маш их харамсаж байна. Иймд манай нөхөрт холбогдох хэргийг хэрэсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн материалтай танилцахад хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг авсан байсан. Уг мэдүүлгүүдээс үзвэл хохирогчийн гарыг барьснаар дотолгоон дууссан гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр дүгнэсэн ба шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Довтолгооны хооронд буюу үйлдэл төгссөний дараа ямар нэгэн үйлдэл хийвэл аргагүй хамгаалалтад тооцохгүй. Хохирогчийн гарыг барьсны дараа шүүгдэгч үйлдэл хийж цохьсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангий 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл мөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаад үзэж хохирогчийн зүй бус үйлдэл байгаа гэж үзэж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Э.И нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 5а байрны 11 тоотод хамтран амьдрагч Д.Цолмонтой маргалдаж, улмаар зүүн нүдний орчимд цохисны улмаас зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Цолмонгийн “...Ихбаярын гар утас руу “Хулан” гэсэн дуудлага ирсэн байсан. Би түүнээс “юун Хулан гэж хүнээс дуудлага ирсэн юм бэ” гэж асуухад хариулахгүй, уурлаж байгаад нэг удаа баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Миний зүүн хамарнаас цус гарсан, мөн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн. ...Ихбаярыг орноосоо хэлсэн юм ойлгоод байгаа юм шиг, үгүй ч юм шиг жоохон согтолттой манараад босож ирэхээр нь нүүр, цээж хэсгийг нь гараараа уурандаа маажсан. Мөн толгой руу цохьсон. Гэртээ хоноогүй, өөр хүнээс дуудлага ирсэн болохоор өөр хүнтэй хоноод явчихлаа гэж бодоод маш их уур хүрсэн. Ихбаяр хувцасаа өмсөөд “би гарлаа” гээд үүд рүү очиход нь уурлаад, гутлыг нь аваад толгой руу цохьчихсон. Ихбаярыг ахиад цохих гээд гараа далайх үед гарыг минь барьж хийх үйлдлийг минь хорьж, миний нүүр хэсэг нүд рүү цохьсон байсан. Тухайн явдал маш хурдан болсон тул яг ийм тийм гэж тодорхойлж чадахгүй байна. ...” /хх 15-16, 18/,

Э.Иын яллагдагчаар өгсөн “...Ингээд гэрийн үүд хэсэгт маргалдаж, намайг гэрээс гарах гэтэл цээж, нүүр маажиж, толгой түрүүгүй цохьсон. Гутлаа өмсөх гэтэл гутал булааж аваад миний зүүн чих рүү цохьсон. Гараараа далайгаад дахин цохих гэхээр нь түүний гарыг барьж болиулах гээд ноцолдож байхдаа нүүр рүү нь нэг удаа цохьсон. Зогсоо зайгүй намайг цохиод байхаар нь болиулах гээд л тийм үйлдэл хийсэн. Үүнээс биш анхнаасаа цохих санаа бодол надад байгаагүй, гэмтэл учруулна гэж бодоогүй. ...” /хх 33/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “...Д.Цолмонгийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонго алдуулахгүй. ...” гэсэн 2772 дугаартай,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “...Э.Иын биед зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн 2767 дугаартай дүгнэлтүүд, илтгэх хуудас /хх 9/, аюулын зэргийн үнэлгээ /хх 10-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Э.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Иын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Э.И, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “...Э.Иын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргаггүй хамгаалалтад хамаарч болохуйц нөхцөл байдлууд тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.И нь хохирогч Д.Цолмонтой маргалдаж, улмаар зүүн нүдний орчимд цохисны улмаас зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгч Э.Иын дээрх үйлдэл нь хохирогч Д.Цолмонгийн өөр рүү нь чиглэсэн хууль бус халдлага, довтолгооноос өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэхээргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй. ...” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Э.И нь Д.Цолмонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хохирогч Д.Цолмонгийн гарыг барьсны дараа шүүгдэгч Э.И үйлдэл хийж цохьсон нь “Аргагүй хамгаалалт”-д хамаарахгүй байна. Иймд Э.Ит холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.И, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Харин, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг тэнсэх, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нь гутлаар чих рүү нь удаа дараа цохьсон, цээжинд зулгаралт үүсгэсэн зэрэг хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байх боловч шүүгдэгч Э.Иын хохирогч Д.Цолмонгийн халдашгүй байх эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, зодсон үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, харин энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Ит хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Э.И нь хохирогч Д.Цолмонг цохисон үйлдэлдээ маргаддаггүй, харин уг цохисон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж тайлбар гаргасан болно.

Түүнчлэн, шүүгдэгч Э.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, шүүгдэгч Э.Иын “...гутал булааж аваад цохиод эхэлсэн, хүч хэрэглэсэн үйлдлийг нь таслан зогсоохын тулд гутлыг нь булааж авах гэж байгаад санаандгүй цохисон бөгөөд цохисондоо харамсаж байна. ...” гэсэн, хохирогч Д.Цолмонгийн “...Ихбаярыг ахиад цохих гээд гараа далайх үед гарыг минь барьж хийх үйлдлийг минь хорьж, миний нүүр хэсэгт цохисон, гомдол саналгүй. ...” гэсэн мэдүүлгүүд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн харицлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.И, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан “...аргаггүй хамгаалалтад хамаарч болохуйц нөхцөл байдлууд тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Иыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Э.Иыг чөлөөлсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.И, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ