Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 110/ШШ2025/0011

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: М.Ж

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,

              Хариуцагч: Өлгий сумын Засаг дарга

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С  нарын хоорондын газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Т.З, М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч М.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн М.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар  маргасан байна.

            2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

                2.1. Миний бие М.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/304  дүгээр захирамжаар Баян-Өлгий Өлгий сумын 6 дугаар баг, Женисхан-1, 103 а тоот хаягт байршилтай, нэгж талбарын 8312021854 дугаар бүхий 1161 м.кв газрыг таримал ой зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон. Засаг даргын захирамж гарсны дараа сумын газрын даамал иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

2.2. Би газар эзэмших эрхийн гэрчилгээ авсны дараа тухайн газрыг тойруулж хашаа татсан, мод тарих гэсэн боловч тэнд үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудын зүгээс хориглож тариулаагүй. Тэгэхээр нь зориулалтыг өөрчлөх хүсэлтийг гаргасан боловч тодорхой шийдвэр гаргаагүй байсан. Гэтэл Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байв.

2.3. Би дээрх захирамжийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр очиж гардаж авсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” 7 тохиолдлыг хуульчилсан бөгөөд миний хувьд дээрх зүйл, хэсэгт заасан зөрчлийн аль нэгийг гаргаагүй.

 

2.4. Ийм байхад урьдчилан мэдэгдэхгүйгээр, ямар нэгэн сонсох ажиллагаа явуулахгүйгээр  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсны дагуу энэхүү  нэхэмжлэлийг гаргаж байна.

2.5 Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, миний эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн  М.Ж надад холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

3.1. Миний бие энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгч  М.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.  Нэхэмжлэгч М.Ж тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засга даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн М.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэл гаргасан.

3.2. Нэхэмжлэлийн үндэслэл нь М.Жд Өлгий сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар Өлгий сумын 6 дугаар багаас 1161 м.кв газрыг таримал ой зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Үүний дагуу Өлгий сумын газрын даамлаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Тухайн газарт мод тарихаар бэлтгэл ажлуудыг хангаад явж байхад “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 30 тоот дугаар албан бичгээр “Тухайн газарт шатахуун түгээх станц байгаа, гал гарах аюултай байгаа учраас тэнд мод тарих боломжгүй” талаар мэдэгдсэн.

3.3. Үүний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын Засаг даргад  дээрх шалтгааны улмаас мод тарих боломжгүй учраас газрын зориулалтыг өөрчлөх тухай хүсэлт гаргасан.  Уг хүсэлтийг сумын газрын даамал Засаг даргад танилцуулсан боловч ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй. 

3.4 Иймд хүндэтгэн үзэх тодорхой шалтгаантай байхад газар  эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй.  Тийм учраас нэхэмжлэгч М.Жы нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт:

4.1. Нэхэмжлэгч М.Жы нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 02-15/-04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн.

4.2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, М.Ж нь таримал ой нь зориулалтаар эзэмшсэн байна.

4.3. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт тайлбарласан.

4.4. Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа явуулсан.

4.5. Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан хугацаанаас эхлэн мод тарьж ургуулж, ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байжээ.

Иймд М.Жы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье  гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

5.1.  2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр  Баян-Өлгий аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын гол үндэслэл нь таримал ойжуулалтын зориулалтаар эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай даалгаж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг маань албан шаардлагад  тусгагдсан иргэдийн  эзэмшсэн газар дээр нь очиж зурагжуулалт хийсэн. Ингэхдээ нэхэмжлэгч  М.Жы эзэмшсэн газар нь хашаа татагдаагүй, ямар нэгэн ойжуулалт явагдаагүй  учраас газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон.

5.2. Захирамжийн үндэслэл нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зын шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

6.1. Нэхэмжлэгч М.Ж нь газар эзэмших зориулалтыг үйлчилгээ явуулах зориулалтаар буюу авто засварын газрын үйл ажиллагаа явуулах зориулалтаар өөрчилж өгөх тухай өргөдөл гаргасан. Уг өргөдөл би хүлээн авсан,  тухайн газрын хоёр талд нь хоёр шатахуун түгээх станц байсан, газраа өөр зориулалтаар ашиглахаар өөрчилж өгөх боломжгүй байсан, мөн тухайн газар хоёр талын шатахуун түгээх станцаас 50 метрийн зайтай байсан учраас газрын зориулалтыг өөрчилж өгөх боломжгүй  талаар амаар хариу өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Жаас Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн М.Жд холбогдох хэсгийн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчид анх Өлгий сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/304 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн[1] хавсралтын холбогдох хэсгээр Өлгий сумын 6 дугаар баг буюу  “Хөх толгой” багт  байршилтай газраас 1161 м2 газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан, уг шийдвэрийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сумын газрын даамал нь нэгж талбарын 8312021854 дугаар бүхий  000108361 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг[2] олгосон, улмаар тухай өдөр нэхэмжлэгч болон газрын даамал хооронд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[3] байгуулжээ.

3.  Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын[4] дагуу  Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар[5] байгуулагдсан ажлын хэсэг нь Өлгий сумын нутаг дэвсгэрээс таримал ой, мод үржлийн зориулалтаар олгогдсон газар нь Газрын тухай хууль зөрчсөн эсэхийг шалгах явцад эзэмшлийн газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзээд түүний эзэмшилд олгосон газрыг маргаан бүхий Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн холбогдох хэсгээр[6]  хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Ажлын хэсэг нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэл албан шаардлагад тусгагдсан  газруудыг шалгасан нь ажлын хэсгийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн  тайлангаар[7] тогтоогдож байх бөгөөд тухайн  шалгалтаар нэхэмжлэгч М.Жы эзэмшил газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох  нь тогтоогдсон гэж хариуцагчаас тайлбарлан гэрэл зургийг[8] хэрэгт нотлох баримтаар гаргажээ.

5. Шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийхэд, нэхэмжлэгчид олгосон 1160 м2 газрыг хашаалаагүй, уг газар нь хоосон, ойжуулах зориулалтаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох  нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл[9], схем зургаар[10] тус тус тогтоогдсон.

7. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд,  ажлын хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг газар дээр нь очиж шалгах үед болон шүүхээс үзлэг хийхэд нэхэмжлэгч нь ойжуулах зориулалтаар олгосон эзэмшил газраа хуульд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй болох нь тогтоогдсон гэж үзлээ.

8. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн  40.1-т “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т ”Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

9. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”, мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тус тус заажээ.

10. Энэ маргааны хувьд нэхэмжлэгч талаас өөрт нь ойжуулах зориулалтаар олгосон газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээ  “… “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 30 тоот дугаар албан бичгээр “Тухайн газарт шатахуун түгээх станц байгаа, гал гарах аюултай байгаа учраас тэнд мод тарих боломжгүй” гэж мэдэгдсэн, энэ талаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын Засаг даргад  дээрх шалтгааны улмаас мод тарих боломжгүй учраас газрын зориулалтыг өөрчлөх тухай хүсэлт гаргахад шийдвэрлээгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... зориулалтыг өөрчлүүлэх талаар хүсэлт гаргасан нь үнэн, тухайн газрын зориулалтыг өөрчлөх боломжгүй талаар амаар хариу өгсөн” гэж тус тус тайлбарласан байх ба дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй.

11. Тодруулбал, нь гэрээнд  заасан зориулалт, нөхцөл, болзлын  дагуу тодорхой зориулалтаар төрөөс нэхэмжлэгчид газар эзэмших зөвшөөрлийг олгосоор байхад бусад этгээдийн шаардлагаар  газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх  үндэслэл нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, нэхэмжлэгч нь 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчөөгүй гэж дүгнэлээ.

12. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн М.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Жы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан   “ Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн М.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 5 дугаар тал

[2] Хэргийн 6 дугаар тал

[3] Хэргийн 32 дугаар хуудасны ар тал, 33, 34 дүгээр тал

[4] Хэргийн 26-29 дүгээр тал

[5] Хэргийн 54 дүгээр тал

[6] Хэргийн 7-8 дугаар тал

[7] Хэргийн 25 дугаар тал

[8] Хэргийн 21 дүгээр тал

[9] Хэргийн 39 дүгээр тал

[10] Хэргийн 41 дүгээр тал