Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 0344

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: М.Оюунчимэг

улсын яллагч: С.Солонго

Ө н шүүгдэгч Б.О хууль ёсны төлөөлөгч Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн : Б.М

Ө н шүүгдэгч Б.О өмгөөлөгч Д.Батсүх

Ө н шүүгдэгч: Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бодонгууд овогт Б О холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806000000343 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Ө н шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бодонгууд овогт Б О,  20  оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д аймгийн  Ц суманд  төрсөн,  нас  сартай, эмэгтэй, бүрэн бус дунд   боловсролтой,  мэргэжилгүй, сургуульд сурдаггүй,  ам бүл 3,   эцэг, эх нарын  хамт Д аймгийн  Ц  сумын  дугаар баг Х гэдэг газар амьдарч байсан, Улаанбаатар хотод хойд эцэг Ш.Б  оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЖЛ02311505,

       

Холбогдсон хэргийн талаар:

         Б.О нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны орой 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т цайны газраас иргэн Б.А Самсунг эс-7 маркын гар тусыг хулгайлан авч 432.000 төгрөгийн  хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Ө н шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 03 дугаар сарын 03-ны орой 11.00 цагийн үед зүс таних А гэх ахын цайны газар очсон. Надад мөнгөний зайлшгүй хэрэг гараад утсыг нь авсан. Би хонох газаргүй байсан. Тэгээд хамт хонох гээд очсон. Тэгэхдээ хамт хононо гэж хэлж чадаагүй, ширээн дээр байсан утсыг нь аваад гарсан. Таксинд суугаад сансарт н.А гэх ахаар утсыг ломбарданд тавиулсан. Би маргааш өглөө нь н.А ахтай таарсан. Утас яасан гээд асуусан. Тэгээд утсыг нь тавьсан ломбарданд очсон чинь, утсыг ломбарданд тавьж өгсөн ах авсан байсан. н.А ах утсаа олж авна гээд таксины жолооч ах, бид хоёрыг цагдаад өгсөн. н.А гэдэг ахыг цагдаа дуудсан. Тэгээд утсыг нь авч өгсөн. Одоо хохирогч гомдол саналгүй гэж хэлсэн гэв.      

Хууль ёсны төлөөлөгч Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн : Б.М: Одоо О хичээл сургуультай болгож боловсрол эзэмшүүлэх үүднээс 21 нас хүртэл нь боловсрол олгодог нэг газартай очиж уулзсан байгаа. Мөн хүүхдээ тоохгүй байгаа эхэд нь хариуцлага тооцуулах хүсэлт тавьсан байгаа. О одоо Д явах сонирхолгүй байгаа. Манай төв болон би өөрөө цаашид үргэлж холбоотой байна гэж бодож байгаа гэв.

          Ө н шүүгдэгч  Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотод ээждээ туслаж амьдардаг юм. Би Халдвартын эцэст байдаг цайны газрын залуу болох Баяраа гэх ахтай цайны газар нь хоол идэж байгаад танилцаж хааяа цайны газрын үйл ажиллагаанд нь тусалдаг болсон. 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр орой 22.00 цаг өнгөрч байхад цайны газарт нь очоод хаалгыг нь нүдэж байгаад Баяраа ахтай уулзсан. Ингээд Баяраа ах намайг гэртээ оруулаад би түүний эхнэр О эгчтэй танилцсан. Бид нар юм ярьж сууж байгаад тэр хоёр унтаж амарлаа чи одоо харь гэхээр нь би за гээд гарсан. Гэрээс гарахдаа би ширээн дээр нь байсан Галакси Эс 7 эдж маркийн гар утсыг нь аваад гарсан. Тэгээд би ломбарданд тавих гээд 1 ломбард руу орсон боловч намайг насанд хүрээгүй байна гээд авахгүй гэхээр нь би гараад зам дээр зогсож байсан таксины жолооч ах дээр очоод ломбарданд утсаа тавих гэсэн юм. Та бичиг баримтаараа тавиад өгөөч гэхэд зөвшөөрсөн. Тэгээд өмнө нь орсон ломбард дээрээ ороод утсаа 200.000 төгрөгөөр тавьсан. Таксины жолоочид 40.000 төгрөг өгөөд уг таксины жолоочоор баруун 4 зам руу хүргүүлсэн. Таксины мөнгө гэж өгөөгүй. Тэгээд явж байхад таксины жолооч саяны тавиулдаг утас чинь нотой утас биш биз гэхээр нь би нотой гэхдээ миний таньдаг эгчийн утас байгаа юм мөнгөний яаралтай хэрэг гараад тавьсан юм гэж үнэнээ хэлсэн. Ингээд тэр жолооч надаас чи утсаа буцааж авах юм уу гэхээр нь би 3,4 хоногоос буцааж авна гэж хэлсэн. Тэгээд жолооч надаас ломбардны баримтыг  аваад чи 3,4 хоногоос авахгүй бол ах нь наад утсыг чинь авчих уу гэхээр нь би сайн хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр нөгөө утсаа авах гэж ломбарданд очсон чинь  ломбардны эзэн өчигдөр утас тавьсан  хүн чинь утсаа аваад явсан гэж хэлсэн. Ингээд орой нь 25 дугаар эмийн сангийн орчим явж байгаад Баяраа ахтай таараад бүх зүйлээ хэлсэн. Би нэг паабад 100.000 төгрөгний өртэй болчихсон байсан юм. Тэгээд өрөө дарах гээд утсыг авсан. Манай ээж Ц Ө аймаг руу ажлаар явсан утас нь холбогдохгүй байна гэжээ. /хх-ийн 8/               

          Хохирогч  Б.А  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн орой 23.00 цагийн орчимд зүс таних О гэх охин Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай Т цайны газрын хаалгыг тогшихоор нь оруулсан. Орж ирээд бухимдуу байна гээд нэг ширхэг тамхи татаад эхнэр О бид 2-той цайны газарт юм ярьж сууж байгаад гарсан. Эхнэр бид хоёр маргаашийнхаа хүнсийг бэлдээд жоохон завгүй байсан бөгөөд цайны газрын үйл ажиллагаа зогсчихсон байсан болохоор би утсаа цайны газрын үйлчилгээний ширээн дээр ил тавьчихсан байсан юм. О жоохон сууж байгаад гараад явсан бөгөөд би хаалгаа нээж гаргаж өгсөн. О гараад явсаны дараа утсаа хайгаад олоогүй. Миний хувьд О ямар нэгэн холбоо байхгүй манай цайны газраар хааяа орж ирж үйлчлүүлдэг юм. О их хөөрхөн ааштай болохоор манай эхнэр их сайн байдаг байсан юм. Би утсаа 1 жилийн өмнө Монтел дээрээс 750.000 төгрөгөөр худалдан авч байсан  юм гэжээ.  /хх-н 5-7/   

         Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримтууд /хх-н 3-4/:Хохирогч Б.А самсунг эс-7 эджи  маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн байна.

          Гэрч   Ч.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр орой 23.00 цагийн орчимд Сансарын тунелийн ойролцоо таксинд яваад машиндаа сууж байтал 1 хүн орж ирээд машины арын суудал дээр суухаар нь хаашаа явах юм гэсэн чинь ахаа би явахгүй харин нэг юм ярих гэсэн юм. Би утас ломбарданд тавих гэсэн чинь насанд хүрээгүй гээд авахгүй байна та надад тавиад өгөөч би таньд шовгорыг нь өгий гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай утас юм бэ гэсэн чинь би сая хүний машин шүргээд мөнгөний хэрэг гарчихлаа гэсэн. Жоохон нотой утас байгаа юм тултал нь тавиад хүний өр өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд энэ манай ээжийн утас байгаа юм би дараа нь ааваар авахуулчихна гэж хэлсэн. Тэгээд аав ээж хоёр хөдөө байгаа гэхээр нь би ломбарданд ороод утсыг 200.000 төгрөгөнд тавьсан. Охин надад 30.000 төгрөг өгсөн. Тэгээд баруун 4 зам орий гээд нэмээд 10.000 төгрөг өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр би хөдөө явах ажил гараад нөгөө ломбардны бичиг дээр байсан дугаар луу залгатал тийм хүн байхгүй гэсэн. Тэгэхээр нь би хөдөө яваад удах байх гэж бодоод 2018 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 17.00 цагийн орчимд нөгөө утсыг очиж авсан. Буцааж авахдаа би 218.100 төгрөгөөр авсан. Зовлонгоо яриад байхаар нь л би ломбарданд бичиг баримтаараа утсыг тавьсан гэжээ.  /хх-н 9/

          Гэрч   Ш.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Онон гэж хүүхдийг танина. Би О ээжтэй 2 жилийн өмнөөс эхлэн хамтран амьдарч байгаа юм. О бага байхдаа Д аймгийн Ц суманд эмээ өвөө дээрээ өссөн гэж ярьдаг бөгөөд эмээ нь 2017 оны хавар нас барсан юм. Түүнээс хойш О манайд ирсэн юм. Зуны амралтаараа хотод байж байгаад өвөл болохоор өвөө рүүгээ явдаг юм. 2017 оны 10 дугаар сард Дорнодын гэрээс гарч яваад сураггүй болсон ба Ц бид хоёроос зугтаагаад гэртээ ирэхгүй байхаар нь цагдаагаар зарлуулж байсан юм. Тэгээд олдоод гэртээ ирж 2-3 хоночихоод эргээд л алга болчихдог юм. Ээж Ц нь Ө аймаг  Ц суманд ажил хийхээр явсан. Ээж нь асрахдаа очно биз гэж ярьж байна лээ. Гэрээсээ яагаад зугтаад байдаг талаар нь мэдэхгүй байна гэжээ. /хх-н 10/

          Гэрч  С.Ж  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр орой 23.00 цаг болох гэж байхад 1 хүүхэд орж ирээд Галакси-7 маркийн гар утас тавих гэсэн юм гэхээр нь утсыг нь үзсэн бөгөөд уг хүүхэд жоохон хүүхэд болохоор нь авахгүй гэж хэлсэн. Тэгтэл 10-д минутын дараа нөгөө хүүхэд нэг залуу дагуулчихсан орж ирсэн. Тэр залууг манай ах байгаа юм гэж хэлсэн. Утсыг тавих гэхээр нь би хулгайн юм биш биз гэхэд үгүй үгүй гэсэн. Тэгээд тэр хоёр утсаа тавиад мөнгөө аваад гарсан. А гэх залуу энэ дүү утсаа авах байх гэж хэлсэн. Маргааш нь А ганцаараа ирээд утсаа аваад явсан гэжээ.  /хх-н 12/

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-н 14-15/ Самсунг эс-7  эджи маркийн гар утсыг 432.000 төгрөгөөр үнэлжээ.

          Б.О   эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-43,47/

    Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 21/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 24-32/ зэрэг болно.          

           Б.О нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны орой 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнгис цайны газраас иргэн Б.А самсунг эс-7 маркын гар тусыг хулгайлан авч 432.000 төгрөгийн  хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … 23.00 цагийн орчимд зүс таних О гэх охин Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай Тэнгис цайны газрын хаалгыг тогшихоор нь оруулсан. Орж ирээд бухимдуу байна гээд нэг ширхэг тамхи татаад эхнэр О бид 2-той цайны газарт юм ярьж сууж байгаад гарсан. Эхнэр бид хоёр маргаашийнхаа хүнсийг бэлдээд жоохон завгүй байсан бөгөөд цайны газрын үйл ажиллагаа зогсчихсон байсан болохоор би утсаа цайны газрын үйлчилгээний ширээн дээр ил тавьчихсан байсан юм. Би утсаа 1 жилийн өмнө Монтел дээрээс 750.000 төгрөгөөр худалдан авч байсан  юм гэсэн мэдүүлэг  /хх-н 5-7/   

          Гэрч   Ч.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Би утас ломбарданд тавих гэсэн чинь насанд хүрээгүй гээд авахгүй байна та надад тавиад өгөөч би таньд шовгорыг нь өгий гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай утас юм бэ гэсэн чинь би сая хүний машин шүргээд мөнгөний хэрэг гарчихлаа гэсэн. Жоохон нотой утас байгаа юм тултал нь тавиад хүний өр өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд энэ манай ээжийн утас байгаа юм би дараа нь ааваар авахуулчихна гэж хэлсэн. Тэгээд аав ээж хоёр хөдөө байгаа гэхээр нь би ломбарданд ороод утсыг 200.000 төгрөгөнд тавьсан. Охин надад 30.000 төгрөг өгсөн. Тэгээд баруун 4 зам орий гээд нэмээд 10.000 төгрөг өгсөн. …би хөдөө яваад удах байх гэж бодоод 2018 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 17.00 цагийн орчимд нөгөө утсыг очиж авсан. Буцааж авахдаа би 218.100 төгрөгөөр авсан. Зовлонгоо яриад байхаар нь л би ломбарданд бичиг баримтаараа утсыг тавьсан гэсэн мэдүүлэг   /хх-н 9/

          Гэрч  С.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … нөгөө хүүхэд нэг залуу дагуулчихсан орж ирсэн. Тэр залууг манай ах байгаа юм гэж хэлсэн. Утсыг тавих гэхээр нь би хулгайн юм биш биз гэхэд үгүй үгүй гэсэн. Тэгээд тэр хоёр утсаа тавиад мөнгөө аваад гарсан. А гэх залуу энэ дүү утсаа авах байх гэж хэлсэн. Маргааш нь А ганцаараа ирээд утсаа аваад явсан гэсэн мэдүүлэг   /хх-н 12/

           Ө н шүүгдэгч  Б.О   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ...Бид нар юм ярьж сууж байгаад тэр хоёр унтаж амарлаа чи одоо харь гэхээр нь би за гээд гарсан. Гэрээс гарахдаа би ширээн дээр нь байсан Галакси Эс 7 эдж маркийн гар утсыг нь аваад гарсан. Тэгээд би ломбарданд тавих гээд 1 ломбард руу орсон боловч намайг насанд хүрээгүй байна гээд авахгүй гэхээр нь би гараад зам дээр зогсож байсан таксины жолооч ах дээр очоод ломбарданд утсаа тавих гэсэн юм. Та бичиг баримтаараа тавиад өгөөч гэхэд зөвшөөрсөн. Тэгээд өмнө нь орсон ломбард дээрээ ороод утсаа 200.000 төгрөгөөр тавьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/     зэрэг болно.                

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

        Б.О нь Б.А цайны газраас гарахдаа ширээн дээр байсан Самсунг эджи 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Иймд Б.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

        Хохирогч Б.А Самсунг эс-7 эджи  маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн баримт байна. /хх-н 4/, шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Б.О  нь  энэ хэргийн улмаас 2 хоног цагдан хоригдсон  байх тул уг хугацааг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэсэн заалтыг хэрэглэхээр шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Бодонгууд овогт Б О  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Б.О 6 сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар    Б.О оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорьж эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.О 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг ШШГБайгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О   цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.О нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.О авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН