Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

            Шүүгдэгч Т.Б,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Бүрэнтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Үйлс овгийн Туяагийн Базаргүрт холбогдох 1803000010006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ү овогтой ТБ, 1985 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай,  эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 03-365 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЦВ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 13 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө Голомт банкны урд замд Тоёота Приус маркийн 88-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчин явган зорчигч 14 настай Б.Тэмүүлэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Бүрэнтөгс мэдүүлэхдээ: “...Ийм зүйл яриад зогсож байгаа шүүгдэгчид би гомдолтой. Одоогоор манай хүүхдийн эрүүл мэндийн байдал хазганаад явж байгаа. Бүрэн эдгээгүй. Миний хүү Тэмүүлэн осолд орсны улмаас шагайндаа гэмтэл авч хагалгаанд орсон. Хүү маань хичээлдээ явж чадаагүй тул гол хичээлүүддээ давтлага авч хичээлийн хоцрогдлыг арилгах хэрэгтэй байгаа тул 1.4 сая төгрөгийн сургалтын төлбөрийг нэхэмжилж байна. Миний эхнэр Хархорин захад павилон түрээслэж худалдаа эрхлэх ажил хийдэг. Хүүг осолд орсноос болж ээж нь ажлаа хийхгүй хүүг харж гэртээ байсан. Манай эхнэрийн ажлын байрны 1 сарын түрээсийн төлбөр 460.000 төгрөг байдаг тул уг төлбөрийг нэхэмжилж байна. Хүүгийн хагалгаанд 800.000 төгрөгийг шууд өгсөн. Сургалтын төлбөрийн урьдчилгаанд 500.000 төгрөгийг сая авлаа. Одоо 1.360.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэн мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 13 цагийн үед би хичээлээ тараад гэртээ харих зорилгоор өөрийн найз Тамирын хамт Чингэлтэй дүүргийн нутаг Голомт банкны урд замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явсан цагаан өнгийн суудлын машин нь миний зүүн хажуу тал руу мөргөөд зогссон. Энэ үед би зам дээр унасан. Тэгээд би босох гэтэл босож чадахгүй зүүн хөл хугарсан байсан ба дараа нь машины жолооч нь машинаасаа бууж ирээд 102, 103-т дуудлага өгсөн. Тэгээд эхлэж түргэн тусламж ирж эмч нь бууж ирээд намайг үзээд машиндаа суулгаад 1 танихгүй эгч надтай гэмтлийн эмнэлэгт дээр ирсэн. Харин жолооч нь тэр газраа буюу ослын газарт үлдсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн юм. Миний зүүн гарын тохой шалбарсан, зүүн хөл хугарсан. Өөр гэмтэлгүй явган хүний гарц нь гэрлэн дохиогүй байсан...” гэжээ /хх-41-42/.

Ө.Бүрэнтөгс нь мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: “...Ослоос хойш миний хүү Б.Тэмүүлэн нь ГССҮТ-д 5 хоног хэвтээд эмнэлгээс гарсан. Гэмтэлд хэвтсэн хугацаанд зүүн хөлийн хагалгаанд орсон ба хөлөндөө 3 хадаас тавиулсан. Одоо хичээлдээ яваагүй гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Одоо миний хүү Тэмүүлэнгийн биеийн   байдал   гайгүй   байгаа.   Гомдолтой   эмчилгээний   болон   цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ /хх-47/.

Иргэний хариуцагч Т.Дүүрэнжаргал мэдүүлэхдээ: “...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний төрсөн ах байгаа юм. Машин барих зөвшөөрөл өгсөн. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Уг өдрөө надад төрсөн ах Т.Б нь утсаар холбогдож зам тээврийн осол гаргасан талаар мэдэгдсэн. Миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй…” гэжээ/хх-33-34/.

Гэрч О.Тайванбат мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 13-14 цагийн үед би Чингэлтэй дүүргийн нутаг Голомт банкны чанх урд талаас ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар баруунаасаа зүүн чиглэлтэй машинуудын урдуур 4-5 хүмүүсийн хамт гарч явж байх үед хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гарах гээд 3 хүүхэд зогсож байсан. Тэгтэл тэр гурвын нэг хүүхэд нь явган хүний гарцаар гарах гээд хөл тавьтал зорчих хэсгийн нэг дүгээр эгнээгээр явсан цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь машиныхаа баруун гар талаар шүргэж хэсэг яваад зогссон. Тэгээд тэр хүүхэд явган хүнийг гарц дээр
унахаар нь би явж очтол тэр хүүхдийн зүүн хөл нь эргэчихсэн байхаар нь өөрийн
89092029 гэсэн утасны дугаараас 102, 103-т дуудлага өгсөн. Тэгээд хэсэг
хугацааны дараа цагдаа болон түргэн тусламж ирэхээр нь би яваад өгсөн. Тэр
машин нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч нарыг урдуураа гаргасан
зүйл байхгүй. Харин тэр машин нь эрчээрээ ирж шүргээд хэсэг яваад зогссон
юм...” гэжээ /хх-67/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №13763 дугаартай дүгнэлт:

1. Б.Тэмүүлэнгийн биед зүүн талын шилбэний шаант, тахилзуур ясны далд
хугарал, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид    энгийн    хөдөлмөрийн    чадварын    тогтонги    алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-69/. 

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай мөрдөгчийн магадалгаа: “…Toyota Prius маркийн 88-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Туяа овогтой Базаргүр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Бүрэнтөгс овогтой Тэмүулэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна…” гэжээ /хх-84/.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 13 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө Голомт банкны урд замд Тоёота Приус маркийн 88-70 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчин явган зорчигч 14 настай Б.Тэмүүлэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Үйлс овогтой Туяагийн Базаргүрийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчин явган зорчигчийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.Б нь хохирогчид эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.300.000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Бүрэнтөгсийн баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлсөн гэж үзэхээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Т.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ү овгийн Т Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч нь хохирогчид нийт 1.300.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Бүрэнтөгс нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН