| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2023/0062/З |
| Дугаар | 110/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 110/ШШ2025/0012
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн С.Еркеш би, “Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, тус аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан, “БӨАЭМГ/202309003 дугаартай, “Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах” тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Р” БГБХ нөхөрлөлөөс , тус аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “БӨЭМГ/202309003 дугаартай шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэл гаргасан.
“Р” өрхийн эрүүл мэндийн төвийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах тендер зарлах, шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шаардлагагүй гэж үзсэн байгаа. Иймд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.“Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, “БӨАЭМГ/202309003 дугаартай, “Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах” тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг тус аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан 2022 оны гэрээний хэрэгжилтийн хагас, бүтэн жилээр ,2023 оны гэрээний хэрэгжилтийг хагас жилээр дүгнэсэн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас уг өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурвалсан гэрээг дуусгавар болгосныг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгосонтой холбогдуулан шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалт зарлажээ.
3. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0008 дугаар шийдвэрээр “Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний холбогдох хэсэг, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0311 дүгээр магадлалаар “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны захирамжаар байгуулагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсгээс “Р ӨЭТМ” ББН- тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг дахин хянаж, үнэлгээ хийж дахин шинэ захиргааны акт гарах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Р ӨЭТМ” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас болон “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Р ӨЭТМ” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдлийг түдгэлзүүлсэн” байгаа.
4. Уг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд аймгийн Засаг даргын 2023 оны захирамжаар байгуулагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсгээс “Р ӨЭТМ” ББН- тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг дахин хянаж, үнэлгээ хийж дахин шинэ захиргааны акт гаргаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул дээрх магадлалд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй бол Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Р ӨЭТМ” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдэл болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Р ӨЭТМ” ББН-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэж зааснаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурвалсан гэрээг дуусгавар болгосон 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас” хүчингүй болсон байна.
5. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн шүүхэд гаргасан “БӨАЭМГ/202309003 дугаартай, “Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах” тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Р” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ