Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1052

 

 

 

 

 

   2023           10            31                              2023/ДШМ/1052                   

 

  Ш.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Мажигсүрэн,

яллагдагч Ш.Хын өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2089 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Мөнхтогоогийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дүгээр прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ш.Хт холбогдох 2109012541260 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шавь овгийн Ш.Х, 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг, Номтын 01-11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: НЭ98022418/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Яллагдагч Ш.Х нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байнгын шинжтэйгээр нэр бүхий 105 хохирогчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, “нэгээс хоёр өрөө байр түрээслэнэ, түрээсийн мөнгийг урьдчилан шилжүүлбэл зараа устгая, танд түрээслэнэ, аль түрүүлж урьдчилгаа төлбөр шилжүүлсэн хүнд байраа түрээслэнэ, та урьдчилгаа шилжүүлбэл байраа түрээслэхгүй танд хадгалж байя, урьдчилгаа мөнгө байршуулаад ирж түлхүүрээ ав” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух арга замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон, бусдын итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг байнгын шинжтэйгээр залилан авч амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад нийт 109.490.00 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн 4-2 тоотод иргэн Б.Солонгобаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхболдын яллагдагч Ш.Х нь бусдыг залилсан өөр үйлдэл байгаа ба тухайн хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2333000300055 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Ш.Хт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын хуулбарыг, мөн яллагдагч Ш.Хын ХААН банкны депозит дансны хуулгыг баримтаар гаргаж өгч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаанд тухайн дансанд “байрны урьдчилгаа”, “байр түрээс” зэргээр орлогын гүйлгээ хийгдсэн байгааг шалгуулах зэрэг хүсэлтийг гаргажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан. Яллагдагч Ш.Х нь дээрх үйлдлүүддээ аль алинд нь ял шийтгүүлээгүй байгаа тул түүний үйлдлүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх боломжтой.

Мөн Ш.Хт 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойших хугацаанд түүний ХААН банкны 5624004761 дансаар “байрны урьдчилгаа”, “байр түрээс” зэрэг утгатай орлогын гүйлгээ хийгдсэн байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх талаар шалгах шаардлагатай. Иймд өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан хүсэлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн монетон гинж 1 ширхэг, бэлэн 1.186.050 төгрөг, “Ред ми 5 жи” загварын гар утас 1 ширхэг, 15 ширхэг сиди зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, яллагдагч Ш.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхтогоо бичсэн эсэргүүцэл болон прокурор Л.Мажигсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШТ/134 дугаартай шүүхийн тогтоолоор “яллагдагч Ш.Хын бусдыг залилсан үйлдлүүдэд шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн хэргүүдээ нэгтгэн шалгуулмаар байна” гэсэн хүсэлтийг хүлээн авч, түүнд холбогдох хэргийг прокурорт буцааж байсан.

Хэргийг хүлээн авч Ш.Хт холбогдох хэргүүдийг нэгтгэсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш аймаг болон дүүргийн прокурорын газруудаас нийт 97 хэргийг нэгтгэн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл яллагдагч Ш.Х нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ нэг бүрчлэн хэлж шалгуулаагүй атлаа шүүхэд шилжүүлсний дараа дахин “хэргүүдээ нэгтгэн шалгуулах” гэсэн хүсэлтийг гаргаж, шүүх түүний хүсэлтийг хүлээн авч хэргийг удаа дараа прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Иймд яллагдагч Ш.Хт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтойгоос гадна шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Гэвч яллагдагч Ш.Х нь үйлдсэн хэргээ нэгтгэн шийдвэрлүүлнэ гэсэн үндэслэлээр удаа дараа хэргийг прокурорт буцаалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж, улмаар дахин гэмт хэрэг үйлдэж бусдыг хохироон, нийт 105 хохирогчид 109.490.000 төгрөгийн хохирол төлбөрийг огт төлөөгүй байгаагаас гадна хэргийн шийдвэрлэлт удааширч хохирогч нарын эрх зөрчигдөж байгаа нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2089 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Ш.Хын өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг 2022 оны 6 дугаар сард анхан шатны шүүхээс буцсанаас хойш 10 сарын хугацаанд мөрдөн байцаалтын болон прокурорын ажиллагаа хийгдээгүй явсаар 2023 оны 3 дугаар сард хэргүүдийг нэгтгэсэн. Энэ хугацаанд Ш.Хын цагдан хорионы хугацаа дуусч гарсан. Ш.Хыг хэргээ буцаалгаж, саад учруулсан гэж ярьдаг ч мөрдөгч, прокурор нь өнгөрсөн арван сарын хугацаанд 3 үйлдлийг нэгтгэж, хэргээ нэг мөр шүүхэд шилжүүлэхгүй удаасаар ажиллагаа хийгээгүй. Баянзүрх дүүрэгт дэх дээрмийн хэргээс 3 залилангийн үйлдлийг залилангийн хэрэгт нэгтгэж, дээрмийн хэргийг нь тусгаарлаж, Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Миний зүгээс өөр үйлдлүүд байгаа, хэргүүдийг нэгтгүүлэх талаар хангалттай хэлж, хүсэлтээ гаргасан, мөн Ш.Х ч мэдүүлэгтээ дурддаг боловч хүлээж авалгүй шүүхэд шилжүүлсэн. Яллагдагчаар татсан тогтоол байгаа учраас шүүхэд хандан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг буцаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор Д.Мөнхтогоогийн бичсэн эсэргүүцэлд үндэслэлд хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Ш.Хт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...түүний үйлдлүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх, орлогын гүйлгээ хийгдсэн байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх талаар шалгах шаардлагатай. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана. 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Ш.Хыг яллагдагчаар татсан тогтоолын хуулбарыг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн бөгөөд түүнийг прокурорын тогтоолоор хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно. ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурор Д.Мөнхтогоогийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2089 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2089 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Мөнхтогоогийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ