| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0001/З |
| Дугаар | 110/ШШ2025/0013 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 110/ШШ2025/0013
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, “Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, тус аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжийг үндэслэж “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалган үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн “гүйцэтгэлийн гэрээ”-нд хийсэн дүнгийн хуудас, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон аймгийн Засаг дарга нарын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцлах тухай илтгэх хуудсыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгч “Р” ӨЭМТ-ийн аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн /дугааргүй/ “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцлах тухай илтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй танилцаж үзлээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0311 дугаартай магадлалаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаартай захирамжаар баталсан ажлын хэсэг 2 сарын дотор “Р” ӨЭМТ-тэй байгуулсан 2023 оны гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг дахин хянаж, үнэлгээ хийх ёстой атал Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсэг “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дахиад дүгнэж, дахин өөр байдлаар үнэлгээ өгсөн нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаартай захирамжаар баталсан ажлын хэсэг 2 сарын дотор шинэ акт гаргаагүй тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1,1.1.3,1.1.4,1.1.5,1.1.6,1.2.1,1.2.2,1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.6 дахь шалгуур үзүүлэлтийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь , нийт хувь /ерөнхий дүн/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас” болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас тус тус хүчингүй болсон байна.
Иймд нэхэмжлэгч “Р” ӨЭМТ-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгч “Р” ӨЭМТ-ийн аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0008 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0311 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/0274 дугаартай хуралдааны тогтоолтой танилцаж үзлээ.
Гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамж нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалд нийцээгүй тул аймгийн Засаг дарга2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаартай захирамжаар өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсгийг дахин шинэчилж баталсан, уг ажлын хэсгээс "Р” ӨЭМТ-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг дахин хянаж, үнэлгээ хийж дахин шинэ захиргааны акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хэрэв энэ хугацаанд шинэ акт гараагүй тохиолдолд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн "Р ӨЭМТ" ББН-тэй байгуулсан гуравласан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас болон "Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын "Р ӨЭМТ ББН-тэй байгуулсан гуравласан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдэл хүчингүй болохоор шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаартай захирамжаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсэг “Р” ӨЭМТ-тэй байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №01 дугаартай гуравласан гэрээний хагас жилийн биелэлтийг дахин хянаж, үнэлгээ хийж дахин шинэ захиргааны акт гаргах ёстой байжээ.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар баталсан ажлын хэсэг нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Р” ӨЭМТ-тэй байгуулсан 2023 оны гурвалсан гэрээний хагас жилийн биелэлтийг дахин хянаж, үүнийг үндэслэж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Р” ӨЭМТ-тэй байгуулсан гэрээг цуцлах тухай акт гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна.
Иймд 2023 оны Засаг даргын А/855 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Р” ӨЭМТ-тэй байгуулсан 2023 оны гуравласан гэрээний хагас жилийн биелэлтэд хяналт, үнэлгээ хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн захирамжид заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
3. Хариуцагч аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгч “Р” ӨЭМТ-ийн аймгийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0311 дугаартай магадлалаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны захирамжаар баталсан ажлын хэсгийг “Р” ӨЭМТ-тэй байгуулсан гэрээний хагас жилийн биелэлтийг дахин хянаж, үнэлгээ хийж дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэснийг буруугаар ойлгож, алдаатай акт гаргаснаа нэхэмжлэгч шүүхэд хандсаны дараа олж мэдлээ.
Иймд, “Р” ӨЭМТ-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөр байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжийг үндэслэж “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалган үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн “гүйцэтгэлийн гэрээ”-нд хийсэн дүнгийн хуудас, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон аймгийн Засаг дарга нарын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцлах тухай илтгэх хуудсыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар болон аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбарласан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжийг үндэслэж “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалган үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн “гүйцэтгэлийн гэрээ”-нд хийсэн дүнгийн хуудас, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон аймгийн Засаг дарга нарын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцлах тухай илтгэх хуудсыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “Р” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, тус аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША