| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00324/И |
| Дугаар | 320/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/00329
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00329 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ийн Л-,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 320/2025/00324/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургуульд суралцан 8 дугаар ангиа төгсөөд 1988 онд тус сумын Алтантал нэгдэлд малчнаар элсэн орсон. Түүнээс хойш 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу нэгдэл татан буугдах хүртэл хугацаанд хонь, үхэр маллаж байсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаагаагүй. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 11/190 дугаар албан бичиг, Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс хүн жилийн батлах тухай 06 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын даргын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10/466 дугаар тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 3/05 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд (1988-1990 он) зэрэг нотлох баримт өгсөн. (хавтаст хэргийн 3-23 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Л-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.С-, Ж.Ээ нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26-30, 36-39 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Л- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Б.Л- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Л-гийн 1988 оны 7-12 дугаар сар, 1989 оноос 1990 оныг дуустал Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 9-22 дахь тал)
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн бүх гишүүдийн хурлаас тогтоох нь: 1. Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс, нэгдлийн гишүүдийн нэгдэлд ажилласан хүн жилийг 1, 2, 3-р хавсралтуудаар баталсугай... гэх бичилттэй Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс хүн жилийн батлах тухай 06 дугаар хурлын тогтоол, тус тогтоолын 1 дүгээр хавсралтын ...392. Б- Л- төрсөн он гэх хэсэгт 1972, нас гэх хэсэгт 19, нэгдэлд ажилласан жил гэх хэсэгт 3... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 5-6 дахь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Б-, 6. Нэр: Л-...14. Ажилладаг байгууллага: Алтан тал нэгдэл, ажилд орсон он: 1988, цех, тасаг бригад: Хоронтал, эрхэлдэг ажил: малчин, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум: Рэнчинлхүмбэ сум...бүртгэсэн он, сар, өдөр: 1988.09.21... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 28 дахь тал)
Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Б- Л-...10. Хаана ямар ажилтай: Хөвсгөл Рэнчинлхүмбэ 4-р бригад малчин...14. Хуудас бичсэн: 1988 он 12 сар 22 өдөр... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 29 дэхь тал)
Гэрч Д.С-ын ...Б.Л- нь 1988 онд 8-р анги төгсөөд малчин болсон хүн. Сургуульд үргэлжлүүлэн суралцаагүй, цэргийн алба хаагаагүй, Рэнчинлхүмбэ сумын Алтан тал Нэгдлийн 4-р бригадын малчин байсан. Би 1987-1989 онд цэргийн алба хаасан. 1989 оны 10 сард цэргээс ирээд нэгдэлд мал хүлээн авч байхад Б.Л- нэгдлийн хонь маллаж байсан. Үүнээс хойш нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. 1992 оны 6 сард анхны өмч хувьчлал болж нэгдэл тарж байсан. Б.Л- тасралтгүй ажиллаж байсан. Аав Б-, ээж Мандал, эгч Л-, ах Сүхээ нарын хамт нэгдлийн суурь хонь голлон маллаж байсан. Б.Л-ийн аав Б- гэж хүн улсын аварга малчин, АИХ-ын депатутат хүн байсан. Мал сайн малладаг, хөдөлмөрч ажилсаг хүн юм. Б.Л- нь 1997 онд айл гэр болж тусдаа гарсан. Б.Л- нь 2019 онд байхаа, аймгийн аварга малчин болж байсан. Багаасаа мал маллаж өссөн хүн юм даа.. гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 38 дахь тал)
гэрч Ж.Эийн ...Би 1976 оноос Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд элсэн малчнаар ажиллаж, нэгдэл тарах хүртэл тасраагүй ажиллаж байсан. Цэргийн албанд яваагүй. Б.Л- нь 1988 онд 8-р анги төгсөөд 1988 оны 7 сарын үеэс Рэнчинлхүмбэ сумын Алтан тал Нэгдлийн 4-р бригадад хоньчин болж, улмаар 1992 онд нэгдэл тарах хүртэл тасрахгүй ажиллаж байсан. Энэ хүн цэргийн албанд яваагүй. Нэг хуруу нь тасарчихсан юм. Тэгэхээр цэргийн албанд авахгүй л дээ, Б.Л-ид нэгдлээс авсан шагнал гэж байхгүй байх. Сүүлд хувийн малаа маллаад бол сум, аймгийн аварга малчин болсон... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 39 дэх тал)
Нэхэмжлэгч Б.Л-ийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Л- өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Б.Л-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Б.Л- цэргийн алба хаагаагүй тухай түүний тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын даргын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10/466 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 7, 38, 39 дэх тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 23 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Б-ийн Л-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА