Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00546

 

 

 

 

 

 

 

 

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00376 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02639 тоот захирамжаар манай компаниас 495 277 364 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгох, төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан манай компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203008726 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп гудамж, 6 дугаар байр, 3 давхарт байрлах 246.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргасан. Манай компанийн талаас 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20/18 тоотоор хүргүүлсэн үнийн саналыг үл харгалзан, Н- нь шинжээч томилон барьцаанд байгаа манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 1 416 162 200 төгрөгөөр үнэлсэн байна. Барьцаа хөрөнгийн байршлын давуу тал, онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ гэж манай тал үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу манай компани шинжээчийн үнэлсэн үнэлгээнд гомдол гаргаж байна. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ГГ2019/02639 дугаар захирамжаар Т- ХХК-иас 492 586 282.02 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ. Хэрэв дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Худалдаа хөгжлийн банк ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Н-т албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, тус өдрийн 20390247 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн. Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцож, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Т- ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20/18 албан бичгээр хураасан хөрөнгийн үнэлгээг 2 589 300 000 төгрөгөөр үнэлсэн тухай албан бичиг ирүүлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК бодит байдалд нийцээгүй хэт өндрөөр үнэлсэн байна гэж үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг Мөнх-Оргил трейд ХХК нь 1 416 162.2 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг талуудад 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 3 хоногийн дотор уг шийдвэрт зааснаас багагүй үнээр худалдан борлуулж болох тухай санал ирүүлэх 4-129/34346 дугаар мэдэгдлийг Т- ХХК-ийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр 20/19 албан бичгээр өөрсдөө бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааг олгож 20390247/07 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 184/ШЗ2020/14338 дугаар захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх гаргасан шийдвэртээ үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийн шаардлагын талаар шийдвэрийн 4 дүгээр нүүрний 28-32 дугаар мөрүүдэд ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэг хүлээх бөгөөд хөрөнгийн давуу тал, онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа нотолсон үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, нотлох баримт бүрдүүлээгүй байна, шийдвэрийн 4 дүгээр нүүрний 33-37 дугаар мөрүүдэд ... хариуцагч Н- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгө үнэлэх ажиллагааг тус тус гүйцэтгэсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна гэж үзсэн. Гэвч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг жишихдээ 240 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 100 м.кв обьекттой жишиж үнэлсэн нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн тухай тайлбар, үндэслэлийг харгалзан үзээгүй нь нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай одоо болон ирээдүйд ч хөрөнгийн үнэлгээ нь өсөх үл хөдлөх хөрөнгө бөгөөд зах зээлийн өнөөгийн үнэлгээтэй илт зөрчилдөж үнэ ханшаас доогуур үнэлгээг хуулийн дагуу явагдсан гэж үзсэн нь процессийн хувьд алдаатай байна. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон, дуудлага худалдаанд оруулах үнэлгээг тогтоох шинжээчийн дүгнэлтийн хуульд заагдсан хэлбэрт гомдол гаргаагүй бөгөөд тухайн үнэлгээг тогтоохдоо маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн м.кв болон зах зээлийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн тэрхүү процессийн үйл ажиллагаанд холбогдуулан гомдол гаргасан боловч хуульд заасан хэлбэрийг хангасан гэж үзэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасанд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ГГ2019/02639 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т- ХХК нь 492 586 282.02 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөх, дурьдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 23-26-р тал/

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 138 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 20-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, нэхэмжлэгч Т- ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Олимпийн гудамж, 6 дугаар байр, 3 давхарт байрлах, 246.6 м.кв талбайтай, эрхий улсын бүртгэлийн Ү-2203008726 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хураасан байна. /хх-ийн 30, 35, 41-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч Т- ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг 2 589 300 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-47, 48-р тал/

 

Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/432 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-ийн 49-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь барьцаа хөрөнгийг 1 416 162 200 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч байгууллага нь уг үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 55-87-р тал/. Иймд хариуцагч байгууллагыг үнэлгээ гаргуулах ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай, ирээдүйд үнэлгээ нь өсөх боломжтой байхад зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, мөн 240 м.кв талбайг 100 м.кв талбайтай харьцуулсан нь үндэслэлгүй гэжээ.

 

Гэвч шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн. Ингэж үнэлэхдээ зах зээлийн хандлагын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч, үл хөдлөх эд хөрөнгийг жишиг хөрөнгийн нэгж талбайн үнэтэй харьцуулах байдлаар эцсийн үнэлгээг гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ