| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0573/З |
| Дугаар | 128/ШШ2025/0074 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2025/0074
2025 01 22 128/ШШ2025/0074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч М.Бадамгаравыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Э******* НҮТББ /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс,
Гуравдагч этгээд: М*******ын Н******* /РД:*******/,
Маргааны төрөл: Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй гэх зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ба, М.Г, гуравдагч этгээд М.Н*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Т нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Рын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн М.Н******* Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст “Э******* НҮТББ тогтоосон хугацаанд цалин хөлс олгоогүй” гэх гомдол 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргаж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
2.2. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар Э******* НҮТББ-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар хохирол нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулж, 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ:
1/ Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтын зөрчил нь ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг ойлгохоор байна. Гэтэл байгууллагад цалин хөлс тавих эх үүсвэр байгаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг дансны хуулгаар тайлбарласан боловч улсын байцаагч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг, цалин хөлсөө тавих бодит боломж байгаа эсэхийг харгалзаж үзээгүй. Байцаагчийн тайлбарт Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсвэл саатуулсан” гэсэн байсан. Гэхдээ хэргийг хянан шалгах явцад манай байгууллагын аль ч дансанд цалин олгох ямар ч санхүү байхгүй гэдэг нь тогтоогдож байгаа.
Бодит байдалд манайх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, ашгийн бус байгууллага. 2022, 2023 онуудад цагдаагийн байгууллагатай хамтарч дижитал иргэншил, кодчиллын хөтөлбөр, дижитал иргэншлийн хөтөлбөрүүдийг сургуулиудад үнэгүй зааж байсан. 2020-2022 онуудад Хов аймаг, Казак үндэстэн, Дархан хотуудад ашгийн бус чиглэлээр хүүхдүүдэд IT-ийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үйл ажиллагаагаа явуулахад хандив босгодог, сайн дурын хандивлагчид хийсэн үйл ажиллагаагаа тайлагнаж дараагийн хандиваа авдаг. Хандив зогссоноор байгууллага төлөвлөгөөгүй, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Ц.Р байцаагчид манайх компани биш төрийн бус байгууллага бөгөөд захирал нь сайн дураараа захирал болсон. Хандиваар санхүү босгох ажлыг гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл сайн дураараа хамтын үүргээр биелүүлдэг гэдгийг удаа дараа тайлбарлахад “компани” гэж, удирдах зөвлөлийн гишүүдийг “хувьцаа эзэмшигчид” гэж ярьж байсан. Манайд жилийн эцсээр ч юм уу хувьцаа зэрэг ашиг авдаг хүн гэж байхгүй гэж тайлбарласан боловч Ц.Р байцаагч зөрчил шалгах явцдаа байгууллагын онцлогийг огт ойлгохыг хүсээгүй, компани ажилтан ажиллуулсан бол цалингаа өгөх нь зөв гэж үзсэн. Гэтэл гүйцэтгэх захирал байсан М.Н******* нь хамтын үүрэгтэй бөгөөд хандив хэрхэн босгох, зогссон бол яах талаар хамтдаа үүрэг хүлээж байсан.
2/ М.Н******* нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул цалин хөлс тавих, байгууллагын данснаас гүйлгээ хийх эрхийг өөрөө хэрэгжүүлж байсан. цалин хөлс тавих мөнгөн хөрөнгө байгууллагын дансанд байсан бол цалингаа өөртөө тавьчих байсан. Байгууллагын цахим данс, гүйлгээ хийх эрх, нууц үг нь М.Н*******д байгаа. Тэрээр цалингаа өөрөө тавих, нийгмийн даатгалын тайлан, шимтгэлийг цахимаар илгээж, шилжүүлэх бүрэн боломжийг удирдах зөвлөлөөс бүрдүүлсэн, М.Н******* нь цалинг тавих эрхтэй, банкны гүйлгээ хийх эрх бүхий цорын ганц этгээд.
М.Н******* нь гүйцэтгэх захирал албан тушаалтай гэдгийг “цалин хөлс хугацаандаа олгогдоогүй” гэх энэ асуудалд эрх бүхий албан тушаалтан зайлшгүй харгалзан үзэхээр байхад харгалзаагүй, "хөдөлмөрийн хөлс олгоогүй л бол энэ нь зөрчил” гэсэнд гомдолтой байна. Учир нь төрийн бус байгууллагын хувьд гүйцэтгэх захирал нь төсвөө бүрдүүлж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж, банк санхүүгийн байгууллагад төрийн бус байгууллагыг төлөөлдөг эрх бүхий албан тушаалтан юм.
Ийнхүү гүйцэтгэх захирлын эрх, үүргийнхээ дагуу байгууллагын үйл ажиллагаанд гарсан асуудлуудыг шийдэж цалингаа бий болгох бүхий л боломж М.Н*******д байгаа гэдгийг эрх бүхий албан тушаалтанд тодорхой тайлбарласан ч харгалзаагүй.
3/ Бодит нөхцөл байдалд байгууллага болон М.Н*******ын хооронд хөрөнгө санхүүгийн үлэмж маргаантай байсныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд бичгээр тайлбараа хүргүүлж тайлбарласан ч улсын байцаагч харгалзаж үзээгүй. Гомдол гаргагч, манай байгууллагад гүйцэтгэх захирал албан тушаалтай М.Н******* нь 2023 оны 06, 08 саруудад төрийн бус байгууллагын орлогоос үндэслэлгүйгээр их хэмжээний ашгийг өөртөө цалин гэж шилжүүлэн авсан. Энэ нь нийт 9,000,000 (есөн сая) гаруй төгрөг болж байгаа бөгөөд үүнтэй холбоотой баримтыг бид зөрчил шалган шийдвэрлэж байгааг эрх бүхий албан тушаалтанд танилцуулсан. Бидний тооцоогоор М.Н******* нь 1,200,000 төгрөгийн цалинтай ба тухайн 2023 оны 6, 8 дугаар сард авах ёстой байсан цалин нь 2,400,000 төгрөг. Түүний өөртөө үндэслэлгүй шилжүүлэн авсан 9.000.000 төгрөгөөс суутган тооцвол М.Н******* нь 6,600,000 төгрөг илүү шилжүүлэн авсан болох нь банкны дансны хуулгаар тогтоогдоно. Энэ мөнгөн хөрөнгийг хэрхсэн тухай тайлан мэдээллийг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд өгч байгаагүй, илүү авсан цалинг олгох байсан цалинд оруулан тооцох эсэх асуудлыг шийдээгүй, маргаантай байгаа.
Түүнчлэн гүйцэтгэх захирал М.Н******* нь удирдах зөвлөлд 2023 оны үйл ажиллагааны тайлан тавиагүй, мөн 2024 оны төсвийг танилцуулж батлуулаагүй. М.Н******* нь Э******* ашгийн бус НҮТББ-ын орлогоос өөртөө өндөр хувиар цалинжсан байгаа нь байгууллагыг ямар ч санхүүгийн эрсдэл хүлээх боломж нөөцгүй болгон хохироож орхисон. Байгууллагын нэрээр англи хэлний сургалт явуулсан атлаа сургалтын төлбөр болох мөнгийг байгууллагын дансаар биш өөрийн хувийн дансаар авч, эргэж байгууллагын дансанд хийгээгүй өөртөө авсан.
4/ Улмаар энэхүү үндэслэлгүй захиргааны актаар манай байгууллага 5 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, мөн М.Н******* өмнө өөрт үндэслэлгүйгээр нэмж олгосон цалинг суутгалгүй, харилцан тооцоо нийлэлгүйгээр дахин нэмж цалин төлөх үүрэг үүсгэж байгаа нь хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Улсын байцаагч манай тайлбарыг харгалзаагүй, нотлох баримт цуглуулж шалгаагүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байгаа. Улсын байцаагч “цалин олгоогүй л бол торгоно” гээд шалгах ажиллагаа хийгээгүй, тайлбарыг харгалзаж үзээгүй.
Иймээс бодит нөхцөл байдал, хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийтгэл ногдуулсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц. Рын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.2. Хариуцагч, хариуцагчийн эрх залгамжлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Н*******аас "Э******* ТББ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цалин хөлсийг олгохгүй байна” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, хуулийн хугацаанд дугаар бүхий зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч хэргийг хяналтын прокурорт шилжүүлж ажилласан.
Тус гомдолтой холбогдуулан процесс ажиллагааны дагуу гомдол гаргагч түүний өмгөөлөгч, холбогдогч түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс биечлэн авсан тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтын шалгах явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон болно.
1/Гомдол гаргагч М.Н*******ыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус ТББ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон Удирдах зөвлөлийн тогтоол байгаа боловч ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гараагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэг, 43.2.10 дахь хэсгийг,
2/Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсгийг,
3/ Цалин хөлсийг олгоогүй Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлс олгох талаарх холбогдох зохицуулалтуудыг дагаж мөрдөөгүй,
4/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь хэсэг, 43.2.7 хэсгийг зөрчсөн.
5/ Ажлаас чөлөөлөгдөх тухай хууль бус шаардлага тавьсан, ажилтны асуудлыг нэн даруй шийдвэрлэж холбогдох тушаал шийдвэрийг гардуулж өгөөгүйгээс М.Н*******ын нийгмийн байдал дордсон, гомдол гаргах үедээ төрөх дөхсөн жирэмсэн байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлж холбогдогч "Э*******" ТББ-ын Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд холбогдох шийтгэлийг оногдуулж ажилласан болно.
Иргэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд цалин хөлсөө аваагүй бол хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргана. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж хуулийн арга хэмжээ авна гэж заасан. Үүний хүрээнд Ц.Р байцаагчийн зүгээс ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүний цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй гэдэг үндэслэлээр шийтгэлийн арга хэмжээ авсан байна.
Зөрчилд холбогдогчийн хувьд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих прокурорт энэ талаар гомдол саналаа гаргах бүрэн боломжтой байсан.” гэв.
3.3. Гуравдагч этгээд М.Н*******, түүний өмгөөлөгч тайлбартаа: "М.Н******* 2022 оны 05 дугаар сард Э******* НҮТББ-д маркетингийн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус төрийн бус байгууллагын ТУЗ-ын шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2024 оны 01 дүгээр сард ТУЗ-ын дарга Ч.******* гэх хүн шалтаг шалтгаангүйгээр түүнийг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулалгүй байгууллагын тамга гэрчилгээ, ажилд томилогдсон тушаал, холбогдох баримт бичгүүдийг нь хураан авч 2024 оны 02, 03, 04 дүгээр сарын цалин хөлсийг олгохгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг гэх хууль бус шаардлага тавьж Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн.
М.Н*******ын хувьд бие давхар байсан бөгөөд 8 сартай удахгүй жирэмсний болон амаржсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж гэх зэрэг хуульд заасан эрхээ эдлэхэд тус байгууллагын хууль бус үйлдэл түүнийг маш ихээр хохироож байсан учраас хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргаж, хяналтын улсын байцаагч хуульд заасан хяналт шалгалтын ажиллагаа явуулан холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тус байгууллагад арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт болсон.
М.Н*******ын хувьд тус байгууллагын ТУЗ-ын гишүүдийн ээлжит хурлын тогтоол шийдвэрээр тус байгууллагад гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсоноор талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Уг харилцаа үүссэн цагаас эхлэн ажил олгогч нь хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж, эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох бөгөөд үүргээ зөрчиж ажилтны эрх ашгийг хөндсөн тохиолдолд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсныг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч үндэслэл болгон зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна.
Өөрөө өөртөө цалин тавих боломжтой байсан гэж байгаа. Э******* НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Х******* ХК-д М.Н*******ыг нэгдүгээр гарын үсгээр бүртгүүлсэн. Тэр хүртэл Д.Б******* цалин тавьдаг байсан, түүнээс хойш гарын үсэг зурах эрх гэж үүссэн. Д.Б*******ийг ажлаас гарахаас өмнө С.Баясгалан гэх ажилтанд татвар, санхүүтэй холбоотой зүйлсийг зааж өгөөд н.Б*******ийг гарснаас хойш С.Баясгалан цалингийн гүйлгээ хийдэг байсан.
Уг байгууллагад 2022 онд маркетингийн менежерээр ажилд орж байсан. Энэ хугацаанд Д.Б******* код, зургийн хичээл, н.Гоомарал ажилтан кодчиллын хичээл заадаг байсан. Үндсэн цалин дээр нэмээд багшийн урамшууллын хувь бодох санал гаргаж би ажилдаа орж байсан. Орсноос хойш англи хэлний хичээл, зургийн хичээл, кодчиллын хичээл заах зэрэгт цалинг багшийн нэмэгдэл, урамшуулал гэдгээр данс руу ордог байсныг Д.Б******* мэдэж байгаа. 2023 оны 08 дугаар сард ielts-ийн хичээлийн хөтөлбөрүүдийг өөрөө боловсруулж заасан. 10 хүүхдэд хичээл зааснаас хувь тооцож, багшийн урамшууллыг 08 дугаар сард авсан. 6-7 саруудад англи хэлний кодчиллын, зургийн багц сургалт явуулж, 06 дугаар сард англи хэлний багшаар багшилсны урамшуулал цалинг мөн авсан.
2023 онд Э******* НҮТББ-ын хандивлагч Петр Ли бүтэн нэг жилийн гэрээтэй байсан учраас манайхаас өөрөө хасалт хийлгэж Ж******* ХХК гэдэг компанид визээ авч орж ирсэн. 2024 оны 02 дугаар сард Э******* НҮТББ-ын гэрчилгээ, тамга тэмдгийг хурааж авсан. Ажлаас чөлөөлсөн, халсан шийдвэр гаргаагүй, би ТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан хүсэлтдээ “яагаад гэрчилгээ, тамгыг хурааж авсан бэ. Байгууллагын дүрэмд зааснаар тамга гэрчилгээ гүйцэтгэх захирал надад байх ёстой, төсвийг гүйцэтгэх захирал захиран зарцуулах эрхтэй” гэхэд огт хариу өгөөгүй. Утсаар залгахад хариу өгөөгүй. ТУЗ-ийн дарга М.******* нь н.Б******* рүү, н.Б******* нь М.******* руу гээд байсан. М.******* руу залгахад “төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад хариу өгнө” гэсэн атлаа хариу өгөөгүй. Улмаар 4-5 дугаар сарын хооронд ажил дээр нь өөрийн биеэр очиж юу болсон талаар асуухад “өчигдөр хуралдаад чамайг ажлаас гаргахаар болсон” гэсэн. Яагаад гаргахаар болсныг асуугаад огт ойлгоогүй. “Ажлаас чөлөөлсөн тушаалаа авъя” гэхэд “халагдах өргөдлөө бичиж өг” гэсэн хууль бус шаардлага тавьсан. Тэгэхээр нь би хүслээрээ гараагүй учраас миний бичиг баримт, гэрчилгээ, тамга тэмдгийг булааж авсан учраас гарахаас өөр сонголтгүй болсон тул “тушаал гаргаж өг, хэрэгтэй” гээд үргэлжлүүлж маргалдсан. М.******* “Д.Б*******тэй холбогдож тушаалаа ав” гэхээр нь Д.Б*******тэй холбогдоход “гаргаж өгөхгүй” гэсэн. Улмаар гэрчилгээ, тамга тэмдгээ булаалгасан талаар цагдаад мэдэгдсэн. Цалин хөлс олгоогүй талаар хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд гомдол болон иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2023 оны 06, 08 дугаар саруудад цалин хөлсийг дур мэдэн завшсан, өөртөө шилжүүлж авсан гэдэг тайлбарыг гомдолдоо бичсэн байсан. Гэтэл нотлох баримтаар авагдсан М.Н*******ын дансны хуулга зэргээс үзэхэд 2023 оны 06, 08 дугаар саруудад Д.Б******* гэдэг хүн байгууллагын дансыг эзэмшиж байсан гэдэг нь нотлох баримтаар гаргаж өгч байгаа тогтоолоос харагдаж байна. М.Н*******ыг хууль бусаар төрийн бус байгууллагын мөнгийг шилжүүлж авсан асуудал байгаа бол төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд асуудлыг авч хэлэлцээд буруутай бол Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага оногдуулах бүрэн боломжтой байсан.
Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Холбогдох цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. М.Н*******ын хувьд 2024 оны 1 сард жирэмсэн 6 сартай байсан 2, 3, 4 дүгээр сард нийгмийн даатгал нь төлөгдөөд явж байсан бол, эсхүл чөлөөлж байгаа бол чөлөөлсөн тушаалаа хуульд заасны дагуу ажилтандаа гардуулж өгсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч, хуульд заасан эрхээ эдлээд эрх зүйн байдал нь дордохгүй байх байсан.
Иймд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийг хэвээр үлдээж Э******* НҮТББ-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож М.Н*******ын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
3.4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар,
1.1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гомдол гаргагч М.Н******* “2024 оны 01 дүгээр сард Э******* НҮТББ-ын ТУЗ-ын дарга Ч.******* намайг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж, тамга гэрчилгээг маань хураан авч 2024 оны 02, 03, 04 дүгээр сарын цалинг маань олгохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг гэх хууль бус шаардлагыг тавьж байх тул...Э******* НҮТББ-ын ТУЗ-ын дарга Ч.*******ас ажилтан М.Н******* миний тушаал шийдвэрийг гаргуулж, 2024 оны 2, 3, 4 дүгээр сарын цалин болох 4,500,000 төгрөгийг гаргуулж, түүнд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилд томилогдсон өдрөөс хойших хугацааны ээлжийн амралтын цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжид зааснаар нөхөн гаргуулж, тогтоосон хугацаанд олгоогүй цалингийн 90 хоногийн алданги 324,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэх гомдол гаргаж,
1.2. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р дугаар зөрчлийн хэргийг нээж, шалган 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Э******* НҮТББ-ыг “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хохирол нөхөн төлбөрт 4,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хоёр. Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Юуны өмнө захиргааны хэргийн шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалтад заасан салбарын хяналтын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлээр шийтгэл ногдуулсан шийдвэрт оролцогчийн гаргасан гомдлоор 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан харьяаллаар шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн эсэх хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэх бөгөөд талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон эсэх, цалин хөлсний хэмжээ, эд хөрөнгийн маргаантай асуудалд дүгнэлт хийхгүйг тайлбарлах нь зүйтэй.
2.1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэх бөгөөд шийтгэлийн хуудаст хариуцагчийн баримталсан мөн хуулийн “Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан” 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалт нь “ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулах заалт байна. Энэ заалтын обьектив шинж нь ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг шаардана.
Зөрчлийн хэрэгт авагдсан М.Н*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзвэл тэрээр Э******* НҮТББ-аас 2022 оны 05 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд цалин хөлс авч, уг дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, 2024 оны 02 дугаар сард цалин хөлс олгоогүй, сайн дурын даатгалын шимтгэл төлсөн байна. Өөрөөр хэлбэл дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргасан гомдолд дурдсан 2024 оны 02, 03, 04 дүгээр сард цалин хөлс олгогдоогүй, энэ үйл баримттай талууд маргаагүй.
Харин ийнхүү 2024 оны 02, 03, 04 дүгээр сард цалин хөлс олгоогүйд “хүндэтгэн үзэх шалтгаан” бий эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрх бүхий албан тушаалтан шалгах, энэ үндэслэлд дүгнэлт хийх нь “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх” шударга ёсны зарчимд болон бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцнэ.
Холбогдогч Э******* НҮТББ-ын төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “хандивлагч санхүүжилтээ зогсоосноос байгууллага цалин хөлс тавих санхүүгийн эх үүсвэргүй болсон, үйл ажиллагаа доголдсон, банкны гүйлгээ хийх эрхийг гүйцэтгэх захирал М.Н******* хэрэгжүүлдэг, бид санхүүгийн гүйлгээ хийх боломжгүй” зэргээр мэдүүлэг өгсөн, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь “М.Н******* гүйцэтгэх захирлаар ажилладаг, санхүүжилтээ бий болгож, цалин хөлсөө тавьж ирсэн, байгууллагын дансыг гүйцэтгэх захирал эзэмшдэг тул төлөөлөн удирдах зөвлөлд дансны мэдээлэл байхгүй, гүйцэтгэх захирал өөртөө үндэслэлгүйгээр цалин нэмэгдүүлэн олгож, хөрөнгө завшсан асуудалд аудитын шалгалт хийлгэх, байгууллагын санхүүгийн зарцуулалтад хяналт тавих шаардлага үүссэн” гэх тайлбар бичгээр ирүүлсэн байдаг.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхэд дүгнэлт хийгээгүй, тодруулбал ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан үйлдэл нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх” обьектив шинжийг тогтоогоогүй атал “хүндэтгэн үзэх шалтгаангүй цалин хөлсийг олгоогүй” зөрчилд шийтгэл хүлээлгэсэн нь “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх” шударга ёсны, “бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөнөөс шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй байна.
2.2. Шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар шийтгэл хүлээлгэх бас нэг үндэслэл нь “ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин ажилтны цалин хөлсийг ... олгоогүй, саатуулсан байх” юм.
Цалин хөлс гэх ойлголтыг хөдөлмөрлөх суурь харилцааг зохицуулдаг Хөдөлмөрийн тухай хуульд 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно, 41.2-т ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ хэмээн тодорхойлсон бөгөөд 42 дугаар зүйлийн 42.1.3-т ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.1-д Ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох ... үүрэгтэй болохыг заасан.
Өөрөөр хэлбэл “цалин хөлс гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон байх”-ыг Хөдөлмөрийн тухай хуулиар нөхцөл болгосон, “гүйцэтгэсэн” гэдэг үг нь монгол хэлэнд “дутуу дулимгүй, бүрэн төгс, гүйцэд биелүүлсэн, болгосон” гэсэн утгатай[1]. Гэтэл зөрчлийн хэрэгт холбогдогчийн болон хохирогчийн мэдүүлэгт М.Н******* 2024 оны 2, 3, 4 дүгээр сард ажил үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжийг ажил олгогчийн зүгээс хязгаарласан гэх маргаан талуудын хооронд байсан талаар дурдагддаг.
Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ажил үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал байгаа баримтууд авагдсан байхад “ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин ажилтны цалин хөлсийг ... олгоогүй” гэх зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
2.3. Зөрчлийн болон хэргийн материалд авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд Э******* НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/1 дугаартай шийдвэрээр М.Н*******ыг гүйцэтгэх захирлаар томилж бүрэн эрхийг тогтоосон байх ч томилсон шийдвэрт цалин хөлсийг тогтоогоогүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, дансны хуулгаар гүйцэтгэх захирал М.Н*******ын авч байсан цалин хөлс тогтмол бус, өөрөөр хэлбэл түүний цалин хөлсийг тогтоосон баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар хохирол нөхөн төлбөрт 4,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Хариуцагч тал хохирол нөхөн төлбөрийн уг дүнг ямар баримт, тооцоололд үндэслэсэн болохыг тайлбарлаагүй бөгөөд М.Н*******ын анх гаргасан гомдолд дурдсан “2024 оны 02, 03, 04 дүгээр сарын цалин болох 4,500,000 төгрөг олгуулах” гэсэн дүнгээр тогтоосон гэж үзэхээр байх тул энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.5 Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна гэж заасанд нийцэхгүй байна.
2.4 Түүнчлэн хөдөлмөрийн улсын байцаагч гомдолд дурдсан асуудлаар зөрчлийг шийдвэрлэхдээ ажил олгогч тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, ажилтан гүйцэтгэх захирал М.Н******* нарын хооронд “2023 оны 06, 08 дугаар сард илүү цалин хөлс авсан, эсхүл тэр хэмжээний хөрөнгө завшсан” гэх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эд хөрөнгийн маргаан үүссэн, улмаар байгууллагын тамга, гэрчилгээг гүйцэтгэх захирлаас хураан авснаас ажил гүйцэтгэх боломжгүйд хүрсэн гэх нөхцөл байдлыг гомдол гаргагч гомдолдоо, холбогдогч тайлбартаа дурдсаар байхад уг маргаантай нөхцөл байдал “ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй, саатуулсан” зөрчил үү, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн, эд хөрөнгийн маргаан уу гэдэгт дүгнэлт хийлгүй, “цалин олгогдоогүй л бол” хэмээн хэт өрөөсгөл хандсанаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд шийтгэлийн хуудсыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байх тул дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Дээрх үндэслэлүүдээр шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн” дүгнэлт үгүйсгэгдлээ.
Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч улсын байцаагч өөр ажилд шилжин томилогдсоноор байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 10.16 дугаар зүйлийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг баримтлан Э******* НҮТББ-ын гомдлын шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Э******* НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] Я.Цэвэлийн монгол хэлний товч тайлбар толь 239 дэх тал