Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

Б.Г, Ж.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Г, Ж.А нарт холбогдох эрүүгийн 2213003490039 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч С.Нургайып, цагаатгагдсан этгээд Ж.А, орчуулагчаар Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Бахытбек нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн,******** өдөр ******* суманд төрсөн, *** настай, эмэгтэй, яс үндэс *****, ***** боловсролтой, ****** мэргэжилтэй, ****** ажилладаг, ам бүл ****, *****-т оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Н овогт Б.Г.

 

2. Монгол Улсын иргэн, ***********-ний өдөр ******** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, яс үндэс ****, ***** боловсролтой, ***** мэргэжилтэй, “******** ажилладаг, ам бүл *** хүнтэй, ****** хамт амьдардаг, ******- т оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ж овогт Ж.А.

 

3. Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд иргэн Ж.А-тай маргалдах явцад  түүний үснээс нь зулгаах, нүд болон нүүрэн тус газарт нь цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

цагаатгагдсан этгээд Ж.Атан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд иргэн Б.Г-тай маргалдах явцад түүний нүүрийг маажих, толгой руу нь цохих, гуя руу нь өшиглөж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар яллах дүгнэлтээр Б.Г, Ж.А нарын дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн  2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор:

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.А-д Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

5.2. Шүүгдэгч Н овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

5.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-аас гэмт хэргийн хор уршигт 57.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.А-д олгож, хохирогч Ж.А-ны эмчилгээний зардал болох 1.354.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг, мөн шүүгдэгч Б.Г-ын гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

5.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.А-ны гэмт хэргийн хор уршигт 1.089.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

5.8. Цагаатгагдсан этгээд Ж.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч Б.Г-ын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Цагаатгагдсан этгээд Ж.Аыг анхан шатны шүүхээс гэм буруугүйд тооцож цагаатгахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

6.2. Ж.А нь Б.Г надтай маргалдаж харилцан зодолдож, хувцас хунарыг урж, нүүрэндээ засаршгүй сорив үлдээж, гоо сайхныг маань доройтуулан гэмтэл учруулсан байхад шүүх түүнийг гэм буруугүйд тооцож цагаатгасан нь хуульд нийцээгүй. Ж.А нь тухайн өдөр надаас гадна маш олон хүний биед халдаж танхайрсан. Камерын бичлэгт маш тодорхой байгаа. Дээрээс нь 40 гарсан эмэгтэй байж олон нийтийн газарт архидан согтуурч, өөрийнхөө хийж байгаа үйлдэлтээ ухамсарлахгүйгээр шүүхийн өмнө худал хэлж гэм буруугүй юм шиг жүжиглэсэн юм.

6.3. Харин анхан шатны шүүх түүний уваагүй үйлдлийг мэдсээр байж цагаатгаж, намайг хохироож байгаад гомдолтой байна. Би хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй байдалд хүрч, эсрэгээрээ түүнд учирсан гэх хохирлыг хариуцахаар болсныг эс зөвшөөрч байна. Харилцан зодооныг эхэлсэн хүн нь уснаас хуурай гарч, харин ч түүний хууль бус үйлдлийн улмаас зодоонд оролцсон би хохирч үлдэх ёсгүй. Би болсон үйл явдлын талаар анхнаасаа хүлээн зөвшөөрсөн тайлбар өгч, хэргийг үнэн зөв шийдвэрлүүлж авахыг хүссэн. Харин Ж.А нь удаа дараа үндэслэлгүй гомдол гаргасаар байгаад үндэслэлгүй цагаатгуулсанд гомдолтой байна.

6.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийнх анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлдээ хүчингүй болгож өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

7.1. Талууд харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхэлж үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн бол шүүгдэгч Ж.А-ны хувьд гэм буруу дээрээ маргасан.

7.2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн боловч уг үйлдлийг хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан үндэслэл бүхий нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын байдал тогтоогдсон гэж дүгнэсэн. Ж.А-ны үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

7.3. Шийтгэх тогтоол нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс өнөөдөр шүүгдэгч талын гаргаж байгаа давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэх ойлголтыг Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 625 дугаартай тогтоолоор хэрэглээг тодорхой болгож өгсөн. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Гэвч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан бие биеийн эрх чөлөөнд халдаж, санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл, санаатай өдөөн хатгалт шинжтэй үйлдэл агуулж үйлдсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийнэ” гэж тодорхой зохицуулж өгсөн.

7.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдааны явцад Ж.А болон Б.Г нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэн болох нь тогтоогдсон. Тухайн үед Ж.А-тай хамт байсан Айнагүл гэх хүн болон Б.Г нарын хооронд маргаан үүссэн. Бүжгийн талбайд бие түлхсэн, таарамжгүй харилцаа үүссэнээс болж Айнагүлтэй хамт тухайн бааранд явж байсан Ж.А нь Б.Г-тай очиж “чи миний найзтай ямар нэгэн байдлаар маргаан үүсгэж өдөөн хатгаж, Б.Г-т чи яаж гэж байгаа юм” гэх үйл баримт тогтоогдсон. Улмаар тухайн үед талуудын хооронд үл ойлголцол, маргаан үүссэн. Дараа нь Б.Г, Ж.А нар бүжгийн талбайд дахин нэг нэгэндээ давшилдсан гэх үйлдэл Ж.А-ы өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Дараа нь Б.Г тооцоо хийж байх явцад Ж.А нь гаднаас орж ирсэн. Энэ үер талууд дахин маргалдаж, бие биеэ барьж авч, барьцалдаж газар унасан. Энэ хугацаанд бие биеэ цохиж, зодож, биед гэмтэл учруулсан болох нь бүрэн нотлогдон тогтоогддог.

7.5. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 625 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн хэрэглээг тодорхой болгож өгснийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

8. Цагаатгагдсан этгээд Ж.А-ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

8.1. Шүүгдэгчид зодуулсан маань үнэн, үүнийгээ шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх нь зөв байх. Тухайн үед харилцан зодоон болоогүй байдаг. Шүүгдэгч давж гомдол гаргаж байсанд гайхаж байна.

8.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            9. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.А нарт холбогдох эрүүгийн 2213003490039 дугаартай хэрэгт гаргасан шүүгдэгч Б.Г-ын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

10. Гэтэл анхан шатны шүүх Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын тухай ойлголтыг хэргийн үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Г-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

11. Хэргийн материалаас үзвэл, (1) шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Думан” үйлчилгээний төвд цагаатгагдсан этгээд Ж.А-тай маргалдах явцдаа удаа дараагийн давтамжтай үйлдлээр түүний үснээс нь зулгааж, нүд болон нүүрэн тус газарт нь цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, (2) цагаатгагдсан этгээд Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн цаг хугацаа, газарт шүүгдэгч Б.-Гтай маргалдах явцдаа удаа дараагийн давтамжит үйлдлээр түүний нүүрийг маажиж, толгой руу нь цохиж, гуя руу нь өшиглөж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримт сэлт, мэдээллүүд хуульд заасан журмаар цугларсан байна.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан ба аргагүй хамгаалалтыг хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхээ хамгаалах, тэдгээрийн бүрэлдэхүүн, агуулгад багтах хувь хүний эрх мөн байхаар Эрүүгийн хуулиар зөвшөөрсөн бөгөөд уг ойлголт нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал мөн болохын хувьд хуульд заасан тодорхой урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүх цагаатгагдсан этгээд Ж.А-ны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Думан” үйлчилгээний төвд иргэн Б.Г-тай маргалдах, удаа дараагийн давтамжит маргааны явцад түүний нүүрийг маажих, толгой руу нь цохих, гуя руу нь өшиглөж, зодсон гэх үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалтын талаарх зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан эсэхэд үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийхгүйгээр Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

13. Цагаатгагдсан этгээд Ж.А нь өөрийнхөө эсрэг чиглэсэн шүүгдэгч Б.Г-ын хууль бус довтолгооноос амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд хохирогчийн биед санаатай халдсан гэх боловч аргагүй хамгаалалтыг хэрэглэгч этгээдийн эсрэг талаас бодитой хууль бусаар довтолсон үед зөвхөн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах анхдагч сэдэл, хэрэгцээ, зорилгоос үүдэлтэй, довтолгоог сөрж гүйцэтгэсэн зайлшгүй шаардлагатай гэмт хэргийн шинжтэй, бусдын биед гэмтэл учруулсан санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтад тооцох ба үүнээс өөр сэдэлтээр буюу өмнө үүссэн таарамжгүй харилцаа, удаа дараа харилцан маргалдаж, зодолдсоноос үүдэлтэйгээр бие биеийнхээ эрх чөлөөнд санаатай халдан, довтолж, гэмтэл учруулсан тохиолдолд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

Харин, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар Ж.А, Б.Г нар нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Думан” үйлчилгээний төвд удаа дараа харилцан маргалдаж, зодолдон улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд санаатай халдан довтолж, гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

14. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цагаатгагдсан этгээд Ж.А-ны хувьд Б.Г-ын эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн учраас  хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

15. Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд алдаатай дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өөрчилж залруулах хууль зүйн боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг удирдлага болгож шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Мөрдөгч, прокурор, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

16. Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг залруулах, эсхүл хууль ёсны шаардлагыг хангуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон байна.

Тиймээс шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг давж заалдах шатны шүүхээс хэрэглэж, анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-ын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Шүүгдэгч Б.Г, Ж.А нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК