Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0756/З |
Дугаар | 221/МА2017/0419 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2017/0419
2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар0221/МА2017/0419 | Улаанбаатар хот |
Ж.О-ын нарын нэр бүхий иргэдийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Д.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Г, гуравдагч этгээд “М У” ХХК-ийн захирал С.Ч, түүний өмгөөлөгч Д.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Х, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгч Б.Х, Б.О, С.Т Г.Д нарын өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.О, А.Б, Б.Х, Л.Б, С.О, Т.Н, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т, С.П, А.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ж.О нарын нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М У” ХХК-ийн 2012/33 дугаар гэрчилгээ тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар шийдвэрээр:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.О, С.П, А.А-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М У” ХХК-ийн 2012/33 дугаар гэрчилгээ тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, Б.Х, Л.Б, С.О, Т.Н, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М У” ХХК-ийн 2012/33 дугаар гэрчилгээ тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Д.Х, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ч.П болон “М У” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээний дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан ...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр албан бичиг, Хан-Уул дүүргийн Газрын албанаас тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 13/139 дүгээр албан бичиг болон дансны хуулгаар тогтоогдож байна” гэж дүгнэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зөвхөн 1 жилийн төлбөр төлсөн тодорхойлолтыг 5 жилийн төлбөрт хамааруулж буруу дүгнэсэн.
Хан-Уул дүүргийн Газрын албанаас ирүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 13/139 дугаар албан бичгээр “М У” ХХК болон Ч.П нь тус албаны газрын төлбөрийн орлогын Улаанбаатар хотын банкны 2603007906 тоот дансанд 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3978750 төгрөг, 2010 оны 3 дугаар сарын 24-ний 990000 төгрөг, 2010 оны 6 дугаар сарын 30-ны 700 000 төгрөг, 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 290 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 200000 төгрөг төлснийг хүргүүлсэн.
Газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан, төлбөрийн ямар нэгэн зөрчилгүй гэж буруу дүгнэсэнд гомдолтой байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 184 дүгээр албан бичигт Байгаль орчны яамны 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 6/644 дүгээр албан бичгийн дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, уг шаардлагыг биелүүлэхгүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгохыг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Энэхүү мэдэгдэлд газар ашиглалтын төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулахыг шаардсан байхад төлбөрийг цаг тухайд нь төлж байсан гэж үзэх үндэслэлгүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол гэж заасан.
Ч.П-д 2010 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлттэй танилцаад энэхүү газарт хашаа барихад татгалзах зүйлгүй болно гэсэн хариу ирсэн албан бичгээс үзэхэд газраа 2 жил ашиглаагүй болох нь харагдаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болно” гэж заасан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж заасан нь газар эзэмших эрхийн гэрчилгээ дээрх газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болж байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А-154 дүгээр тушаалаар 2012/33 дугаар гэрчилгээг олгосоныг үндэслэлтэй гэж үзсэн байна. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/TM2017/1078 дугаартай Ж.О нарт холбогдох шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас 2012 оны гэрээний хувьд тодорхой бус шалтгаанаар батлагдаагүй байдаг. Мөн тус шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуусан асуултад 2012-2017 оны хооронд газар ашиглах гэрээ байгуулсан.
Үүгээр та нар газрын төлбөрөө төлөх үүрэгтэй юу? гэсэн асуултад гуравдагч этгээдийн Ж.Г “...дарга зураагүй...”. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч газар ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн байдлаар дүүргийн Засаг даргад хандсан уу гэхэд гуравдагч этгээд “...хандсан. Засаг дарга нь иргэдийн маргаантай газар би гарын үсэг зурж чадахгүй байна” гэсэн. 2012 оноос 2016 он хүртэл би хөөцөлдөж явсан. Тэгээд төлбөрөө төлөх гээд байгаа юм гэсэн хариултаас үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасны дагуу гэрээ байгуулагдаагүй, газар ашиглах эрх үүсээгүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг гэж тодорхойлсон. Газар ашиглах гэрээ байгуулагдаагүй гэрээний нэг тал буюу Засаг дарга гарын үсэг зураагүй байхад гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх энэ хэсэгт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13/1767 дугаар албан бичигт “...“М У” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах тухай гэрээ тус албанд бүртгэлгүй” гэж ирүүлсэн байна.
2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 02 дугаар албан бичгээр 2015 оны 6 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөл аваагүй иргэдийн газар ашиглах эрхийг баталгаажуулахаар хүсэлт авч эхэлсэн. Энэхүү материалд С.Т, Г.Д, Р.С, М.П нараас гадна БХ, Б.С, Б.О, А.Б, Б.Х, Б нар газар ашиглах хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, кадастрын зураг хавсаргагдсан шүүх үндэслэх хэсэгтээ оруулаагүй төдийгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байгаагүй байна гэж дүгнэж үзсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч Б.Х, Б.О, С.Т, Г.Д нарын өмгөөлөгч Д.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2/336 дугаар албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн байрны бохирын цооногийн засварын ажлыг 2016 онд “Хүрд” ХК-тай 77.550.760 төгрөгийн гэрээ байгуулан, хийж гүйцэтгүүлж, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хүлээлгэн өгсөн” гэх тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй “М У” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нийслэлийн Хөрөнгө оруулалтаар бохирын цооног, нийтийн бие засах газрыг шинээр 2016 онд барьж ашиглалтанд оруулан уг хэсгийн иргэд ашиглаж байгаа тус хорооны 1 дүгээр хэсгийн 156 өрхийн 418 иргэдэд ашиглагдаж буй нийтийн эзэмшил газрын давхцлын асуудлыг анхаарч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй байна. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн бичгээр гаргасан хүсэлт хавтаст хэрэгт байхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.З дахь хэсэгт заасан анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Нийслэлийн Газрын албанаас “...дээрх бохирын цооног нь “М У” ХХК-ийн газартай давхацсан эсэх, холбогдох кадастрын зургийг нотлох баримтын шаардлага хангуулан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэж шаардсан албан бичгийн хариу ирээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.1-т “Энэ хуулийн 32.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” санкцтай шүүхээс холбогдох албан тушаалтанд хуулийн ямар нэг арга хэмжээ аваагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.
2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 928 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжинд Ж.О нарын 32 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлож 21 хоногоор хойшлуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.
Нэгдүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудасны маргаан бүхий газар, эд зүйл, баримт материалд үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэгт орсон хөндлөнгийн гэрч гарын үсэг зураагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй”, 42.7-т “Энэ хуулийн 42.2-т заасан тэмдэглэлд уг ажиллагааг явуулсан этгээд, оролцсон болон байлцсан бүх хүн гарын үсэг зурна. Тэдгээр нь гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй” гэж заасныг зөрчсөн.
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хэрэг шилжүүлэх тухай 179 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч А.Сарангэрэлд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэл нэр бүхий 28 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох хэргийг шилжүүлсэн байна. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн1/3249 дугаартай албан бичгээр Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс руу албан бичгийг шүүгч Л.Өлзийсайхан явуулж нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон байхад өөр шүүгч ажиллагаа явуулсан.
2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1400 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 15 цаг 00 минутанд товлосон. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1916 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Энэ 28 хоногийн хугацаанд шүүх хуралдаан болсон, хойшлогдсон талаар ямар ч захирамж байхгүй яасан нь мэдэгдэхгүй тодорхойгүй байна.
Хавтаст хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан талаар огт баримт байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн.
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай 8986 дугаар шүүгчийн захирамж гарсан. Гэтэл хэрэг түдгэлзсэн хугацаанд буюу 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гэрч С.Т-аас гэрчийн мэдүүлэг авч, 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 3630 дугаартай хэргийг тусгаарлах тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар Ж.О нарын нэр бүхий 32 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд өөрчлөлт орж шүүгч Л.Өлзийсайхан /даргалагч/, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч, С.Төмөрбат нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Үүнээс хойших хавтаст хэргийн материалд хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэх шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж гараагүй. Өмнөх 29 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамж хүчинтэй байхад хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2 дахь хэсэгт заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Дээрх зөрчлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2, 121.3.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн “…“М У” ХХК-ийн ашиглах эрхийн 2012/33 тоот гэрчилгээний хавсралтад заагдсан солбицол бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцэж байна…” гэх дүгнэлт энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамааралтай болох нь ойлгомжгүй, харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 10/6095 дугаар албан бичигт “…тус компанийн ашиглах эрх бүхий 1.0 га газар нь уугуул иргэдийн газрын асуудлыг шийдэх ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан иргэдийн хашаа байшинтай давхцалтай байгаа…” талаар мэдэгдсэнээс гадна “М У” ХХК-ийн захирал Ч.П-гийн 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан хүсэлтэд “…Зайсангийн аманд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр гэрчилгээний дагуу газар ашиглах зөвшөөрөл авсан боловч уг газарт хавь орчны айлууд нь зөвшөөрөлгүйгээр хувийн орон сууц барьж, надад хашаагаа барих боломж олгоогүй…” гэснээс тус тус үзэхэд хэрэгт хамааралгүй бусад этгээдийн бус харин нэхэмжлэгчдийн бодитоор эзэмшиж байгаа газар, хашаа, байшин, гэр байрлах хэсэг гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай байхаар байна.
Гэтэл хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/6692 тоот хариу тайлбарт “…хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан, бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн...” гэсэн атлаа нэр бүхий иргэдийн оршин суугаа газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр бусад аж ахуйн нэгжүүдэд давхцуулан шинээр газар ашиглах зөвшөөрөл олгосон зүйл байхгүй болно…” гэж нэхэмжлэгчдийн хашаалсан, барилга барьсан газар нь гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай эсэх талаар дээрх байдлаар хоорондоо зөрчилтэй тайлбар гаргасан байхад анхан шатны шүүхээс үүнийг тодруулаагүй, мөн хэрэгт газрын давхцлын талаар хангалттай нотлох баримт авагдсан байхад эдгээрийг огт үнэлэлгүйгээр маргааныг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдсангүй.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөр огноолсон “М У” ХХК-ийн ашиглах эрх бүхий 1 га газрын байршлын зураг болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн агаар, сансарын зурагт маргаан бүхий байршилд хэд хэдэн барилга байгууламж, хашаа, гэр тусгагдсан байх бөгөөд эдгээр нь чухам аль нэхэмжлэгчийнх болох нь тодорхойгүй байна.
Түүнчлэн тус газраас хийсэн “М У” ХХК болон газар ашиглах хүсэлт гаргасан иргэдийн судалгаанд нэхэмжлэгч С.Т-ын нэрээр тэмдэглэгдсэн газар байхгүй байгааг тодруулж, түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн байрны дундах бохирын цооног “М У” ХХК-ийн газартай давхцалтай эсэхийг тодруулахаар 2017 оны 2 дугаар сарын 15, 3 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр тус тус холбогдох газарт хандсан хэрнээ бүрэн гүйцэт шалгаж тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга С.Түвшинжаргалийн гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгчдийг олон жил амьдарсан гэх атал энэ талаар хэрэг авагдсан баримтыг бодит байдалтай харьцуулан дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч иргэдээс “Тотал мэп” ХХК-иар 2015 оны 4-9 дүгээр сараар огноолсон нэгж талбарын байршлын кадастрын зургийг хийлгэсэн байх бөгөөд тэдгээрийн хэн нь өөрийн ашиглаж буй газартаа хашаа байшин, хэн нь хашаа барьсан зэргийг нэг бүрчлэн шалгаж тодруулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх шаардлагатай байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Х-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН