Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 151

 

 Т.Д-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны дэргэдэх

Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх  иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Эрүүл мэндийн сайдад холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу иргэн Т.Д-ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0013 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0135 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0013 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн20 27 дугаар зүйлийн 27.4, 27.1.8, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-оос Эрүүл мэндийн сайдад холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д заасны дагуу иргэн Т.Д-ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0135 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0135 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Төрийн албаны тухай /2002/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “...магадлал итгэмжлэл бүхий эмнэлэгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Д нь гадаадад эмчлүүлсэн зардлын тодорхой хувийг авах эрхтэй гэж  анхан болон давж заалдах шатны шүүх хоёул ижил дүгнэлт хийсэн боловч жинхэнэ хариуцагч биш гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

5. Тодруулбал, давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ыг үндэслэж Эрүүл мэндийн сайдад даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна, зардлыг тухайн байгууллагын төсөвт суулгах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг хамтран хариуцагчаар татах нь зүйтэй” гэжээ. Хариуцагч Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлд нэхэмжлэгч Т.Д-ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд төрийн байгууллагад мөнгө төсөвлөгдсөн эсэхээс үл шалтгаалан шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасан “Төр” гэдэгт Эрүүл мэндийн сайд хамаарах бөгөөд сайд зардлыг олгохоор шийдвэр гаргасан тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, яамны зохих сангаас зардлыг олгож, төрийн албан хаагчид хуулиар тогтоосон баталгааг эдлүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд өөр субьектыг хамтран хариуцагчаар татах шаардлага байгаагүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхийг хүсье.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасантай нийцжээ. 

7. Нэхэмжлэгч Т.Д нь Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу иргэн Т.Д-ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д төрийн албан хаагч нь эмнэлгийн байгууллагын шийдвэрээр, гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцахаар заасан байтал Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл нь “Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ын 3.3-т зааснаар миний эмчилгээнд гаргасан зардлын 5% болох 5,286,200 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэж тодорхойлон маргасан байна.

8. Харин хариуцагч нараас “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг баримтлан төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох эрх яам болон зөвлөлд байхгүй, хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд, журамд зааснаар 5 хувийн нөхөн төлбөрийг олгосон” гэсэн тайлбар гаргажээ.

9. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн болохыг дүгнэж, жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь шүүхийн үүрэг байхад анхан шатны шүүх жинхэнэ хариуцагчийг солих ажиллагааг хийгээгүй, мөн хамтран хариуцагчийг татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.

10. Тодруулбал, нэхэмжлэгч Т.Д нь Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байхдаа хүндээр өвдөж, гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага бий болсон, магадлан итгэмжлэл бүхий Гуравдугаар төв эмнэлгийн дүгнэлт гарч, БНХАУ-ын Бээжин хотын Beijing Puhua International hospital эмнэлэгт эмчлүүлж, 292,000 юаны өртөгтэй мэс засал хийлгэсэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу эмчилгээний зардлын 60 хувиас доошгүй хувийг авах эрхтэй гэсэн үндэслэлүүдээр марган, дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.  

11. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасан заалт нь төрийн албан хаагчийн төрөөс хангагдах баталгааг зааж өгсөн бөгөөд энэ зүйлийн 27.4-т “Энэ хуулийн ..., 27.1.8, ..-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан.

12. Гэвч хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх талаар журам тогтоогоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Д-ын, төрийн  албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон баталгааг нь эдлүүлэхгүй байх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх түүний нэхэмжилсэн эмчилгээний зардлыг иргэдэд зориулж Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-аар зохицуулсан эрх зүйн харилцаатай адилтган хэрэглэж, хэрэгт Эрүүл мэндийн яам болон түүний дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийг хариуцагчаар оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, эдгээр байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгааг хангах үүрэгтэй захиргааны байгууллага буюу жинхэнэ хариуцагч биш, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

13. Иймд анхан шатны шүүх уг хэрэгт нэхэмжлэгч Т.Д-ын ажиллаж байгаа захиргааны байгууллагыг болон төсөвт эмчилгээний зардал /гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувь/-ыг суулгах, эсэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг хамтран хариуцагчаар татан оролцуулж хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-д заасантай нийцэх юм.

14. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

15. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2019/0135 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА