Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 640

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаярыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*******”

Хариуцагч: Нийслэлийн  Засаг дарга

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.Д*******

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Т*******”-ийн эзэмших буй газрын талбайг нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжийн Г.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны  02 дугаар сарын 19-ны өдрийн 36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, гуравдагч этгээд Г.Д*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т*******эд Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/66 дугаар тушаалаар 0.22 га газрыг зурхайн дацангийн зориулалтаар эзэмшиж, ашиглуулахаар олгосон. Уг газар дээр зурхайн дацангийн барилгыг 2007 онд ашиглалтад оруулсан. А/66 дугаар захирамжид зурхайн дацангийн барилга байгууламж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, даалгаврын дагуу зургийг зохион баталж, хяналт тавьж ажиллахыг даалгасан байдаг. Үүний дагуу дацангийн барилгын зургийг хийлгэсэн. Уг дацан нь Тасганы овоо орчим баригдсан бөгөөд Тасганы овоо орчимд бурхан шашны цогцолбор байгуулах төлөвлөгөөтэй байсан. Энэ төлөвлөгөөний нэг хэсэг болгон уг дацан нь баригдсан. Нийслэлийн Засаг даргаас олгосон 0.22 га газарт зөвхөн дацангийн барилга баригдаад цаана нь дааман хаалга, номын хаалга, суварга, машины зогсоол зэргийг иж бүрдлээр нь байгуулахад талбайг нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Иймд дацангийн барилгын өмнөх талбайг тус хийдэд олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2007 оноос 2010 оны хооронд Нийслэлийн Засаг даргад гаргасан. Нийслэлийн Засаг дарга хүсэлтийг хүлээн авсан боловч ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй. Гэтэл 2010 онд уг газар буюу 1080 м.кв газрыг иргэн Г.Д*******д олгосон байдаг. Газрыг бусдад олгосныг зарын дагуу хүмүүс ирж “...танайх хийдийнхээ газраас зарах гэж байгаа юм уу?” гэсний дагуу мэдсэн. Иймд уг асуудлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүргийг төрийн байгууллага, тушаалтан хүлээсэн байдаг. Гэтэл “Т*******”-ийн зүгээс 2007 оноос 2012 оны хооронд тус газрыг эзэмших хүсэлтээ гаргасан байхад Нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас ямар ч хариу өгөөгүй. Иймд төрийн байгууллага, албан тушаалтан нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Гэтэл хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа манайхаас сүүлд хүсэлт гаргасан иргэн Г.Д*******ийн хүсэлтийг шийдвэрлэж, 2010 оны 100 дугаар захирамжаар түүнд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулахад шударга ёс, тэгш байдлын зарчмыг баримтлах ёстой гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл нэг газарт хоёр өөр этгээд хүсэлт гаргасан тохиолдолд тэгш боломжийг олгож, шударга хандах нь Газрын алба, Засаг даргын үүрэг гэж үзэж байна. Иймд газар эзэмших талаар 2007 оноос 2009 оныг хүртэл гаргасан “Т*******”-ийн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын захиргааны акт, үйл ажиллагааг илт хууль бусад тооцуулах. Мөн Газрын тухай хуульд заасны дагуу нэг газарт 2 этгээдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ тэгш байдлын зарчмыг алдагдуулсан захиргааны актыг илт хууль бус актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хийдийг барьж байгуулахад тавигдах шаардлага, стандарт байдаг. Үүний дагуу авто машины зогсоол, сургалтын байр, лам нарын сууц, зохих хэмжээний суварга, хогийн цэг, цэцэрлэг, номын сан, эмнэлэг байх ёстой гэсэн стандарттай байдаг. Манайх стандартын дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс газар дээр арван хэдэн жил болоход нэг ч жорлон бариагүй, газар дээр айл байлгадаг. Энэ айлын хүмүүс гадаа бие засаж, угаадсаа асгадаг, ямар ч стандартын шаардлага хангасан зүйл байдаггүй. Үүнийг шүүх анхаарч үзнэ байх. Мөн гуравдагч этгээдэд олгосон газрын доогуур дулаан, цэвэр ус, бохирын шугам тавигдсан учраас барилга байгууламж барих боломжгүй, хуулиар хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх ёсгүй газар байгаа. Энэ дулааны шугам сүлжээг манай хийдийн зүгээс хөрөнгө гарган тавьсан байгаа. Хийдийн барилгыг сүсэгтэн олны хандивын хөрөнгөөр барьж, байгуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн бидний өмч биш сүсэгтэн олны өмч хөрөнгө юм. 

2010 оны Нийслэлийн Засаг дарга 100 дугаар захирамжийг гаргахдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 36 дугаар захирамжийг үндэслэн гаргасан байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2009 оны 36 дугаар захирамжийг гаргахдаа 1996 оны Нийслэлийн Засаг даргын А/113 дугаар захирамжийн дагуу Г.Д******* уг газрыг эзэмшиж байсан учраас уг эрхийг нь баталгаажуулсан гэдэг. Энэ газарт Нийслэлийн Засаг дарга л захирамж гарган бусдад эзэмшүүлэх эрхтэй байгаа. Учир нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт Нийслэлийн Засаг дарга захирамж гаргах эрхтэй. 

Нийслэлийн Засаг даргын 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/113 дугаар захирамжийн 7 дугаар заалтад Чингэлтэй дүүрэгт 0.25 га газрыг авто машины зогсоолын зориулалтаар ашиглуулахаар олгосон байдаг. Уг захирамжийн дагуу “Угтаал” ХЭАА буюу түүний эзэн Г.Д*******тай 1 жилийн хугацаатай газар ашиглуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа зөвхөн нэг жил байгаа. Гэрээний хугацаа дуусахад хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байдаг бөгөөд газар эзэмшүүлэх гэрчилгээг олгоогүй, газрыг зөвхөн 1 жилийн хугацаатай ашиглуулсан байгаа. Тэгэхээр 2009 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэсэн заалтыг зөрчиж захирамж гаргасан. 

Мөн 2009 онд захирамжийг гаргахдаа 1080 м.кв газрыг олгосон. Тэгэхээр 0.07 га буюу 700 м.кв газраас хэтэрсэн. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг мөн зөрчсөн гэж үзэж байна. Энэ заалтын дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газрыг олгох ёстой байтал Г.Д*******д шууд газар эзэмших эрхийг олгосон байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 36 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж байна. 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг даргаас 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Түүх соёлын үл хөдлөх, дурсгалт байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай” гэсэн 357 дугаар захирамжийг гаргасан. Захирамжаар нийслэлийн 6 дүүрэгт байрлах түүх соёлын дурсгалт үл хөдлөх газар болон байшин барилга, хөшөө дурсгалыг улсын бүртгэлд бүртгэж, байршлын координатыг тогтоох болсон. Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргээс*******, Т******* зэрэг түүхийн дурсгалт цогцолбор, сүм хийдийг хамгаалалтад авсан. Нийслэлийн Засаг даргын уг захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргаас мөн Т*******ийг дүүргийн хамгаалалтад авч, байршлын координатыг тогтоох захирамжийг гаргасан. Өнөөдөр дээрх хууль болон захирамжууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Мөн Тасганы овооны орчмын бурхан шашны цогцолбор баригдах зураг төсөл анх зохиогдсоноороо ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хэрэгжиж байгаа гэсэн албан бичгийг Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн байгаа” гэв.

Хоёр. Нэхэмжлэгийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргаас урьд нь 2010 оны 100 дугаар захирамжийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгсөн. Иймд 100 дугаар захирамжийг хүчингүй болох үндэслэлтэй юм байна гэж үзсэн. Гэтэл 2009 оны Чингэлтэй дүүргийн Засаг даргын 36 дугаар захирамжаар тус газрыг 15 жилийн хугацаатайгаар Г.Д*******д эзэмшүүлэхээр олгосон байсан. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болсон ч дүүргийн Засаг даргын захирамж хүчинтэй байгаа учраас дүүргийн Засаг дарга татагдан оролцох ёстой гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 

Өнөөдөр шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн бичгийн хариу тайлбар ирсэн байна. Энэ бичгийн тайлбартай танилцахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 онд шүүхэд ирүүлсэн тайлбартай санал нэг байна гэсэн хариуг ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Ганцхан цагийн дотор захиргааны байгууллага, албан тушаалтны үзэгний үзүүр, цээжний бангаар хариу тайлбар өгч байгаа нь харамсалтай байна. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжид Нийслэлийн Газрын алба, барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн гаргасан гэсэн байдаг. Уг 100 дугаар захирамжаар 112 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулсан байдаг. Техникийн зөвлөлийн хурлаар 311 аж ахуйн нэгж, иргэний газрын холбогдолтой асуудлыг хэлэлцжээ. Гэтэл 311 аж ахуйн нэгж, иргэний нэрс дотор Г.Д*******ийн асуудал огт байдаггүй. Иймд уг тэмдэглэлийг гаргуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг хангаж, тэмдэглэлийг гаргуулсан. Тэгэхээр Техникийн зөвлөлийн хурлаар гуравдагч этгээдийн асуудал огт хэлэлцэгдээгүй. 112 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулахад дундуур шургуулан оруулж гаргасан гэж үзэж байгаа. Иймд 2010 оны 100 дугаар захирамж нь хуулийн дагуу гараагүй гэсэн үндэслэл бүхий эргэлзээ байгаа. Мөн хариуцагчийн зүгээс 2009 оны дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн гаргасан гэсэн тайлбар өгдөг. Хэрэв 2010 оны 100 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн асуудал хэлэлцэгдсэн бол 2009 оны 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн 36 дугаар захирамжийг хүчингүй болгох ёстой. 2 захирамж хүчинтэй яваад байгаа. Иймд хариуцагчаар Чингэлтэй дүүргийн Засаг даргыг татан оролцуулсан. 

Гуравдагч этгээдийн зүгээс инженерийн шугам сүлжээгүй газар байсан учраас Чингэлтэй дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь зөв гэсэн тайлбар өгч байна. Гэтэл өмнөх авто машины зогсоолын зориулалтаар ашиглуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байгаа. Гуравдагч этгээдийн газрыг дайрсан цэвэр усны шугам болон дулаан, бохир усны шугам сүлжээ явсан байгаа” гэв.

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан өгсөн тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргаас 2010 онд гаргасан 100 дугаар захирамжийн иргэн Г.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч Т******* нь 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/66 дугаар захирамжаар 0.22 га газрыг эзэмшихээр авсан. Газрыг зурхайн дацангийн зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, тухайн талбайдаа дацангийн барилгаа барьсан. Одоо тус хийд нь үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжийн иргэн Г.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулна гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна. Г.Д*******д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг олгосон. Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2010 оны захирамж гарсан. Үүнээс өмнө 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1400 м.кв газрыг иргэн Г.Д*******д авто зогсоолын зориулалтаар ашиглуулах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Тухайн үед газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгодоггүй байсан. Авто машины зогсоолын зориулалтаар газрыг гэрээгээр ашиглуулж, гэрээгээр харилцааг зохицуулан явуулж байсан. “Угтаал” ХЭАА-ын эзэн, захирал нь Г.Д******* өөрөө байсан. Тэгэхээр газрын харилцаа 1996 оноос үүсээд явсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2009 онд дүүргийн Засаг дарга хууль зөрчиж инженерийн шугам сүлжээтэй газрыг бусдад эзэмшүүлсэн гэж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга газрыг Г.Д*******д олгоход инженерийн шугам, сүлжээгүй байсан. Тэгэхээр дүүргийн Засаг дарга газрыг эзэмшүүлэх эрхтэй байсан. Т*******ийн зүгээс барилгаа барьсны дараа Г.Д*******ын газрыг дайруулан шугам, сүлжээ тавьсан. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга л газрыг олгох ёстой гэдэг нь няцаагдаж байна. Дүүргийн Засаг дарга инженерийн шугам сүлжээгүй газарт газар эзэмшүүлсэн. 

Дараагийн нэхэмжлэлийн шаардлага болох удаа дараа газар эзэмших хүсэлт өгөөд байхад хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байна гэж байна. Уг өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн. Хүсэлт гаргаад байгаа газрыг бусдад эзэмшүүлсэн байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэж мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлагыг зааж өгсөн байдаг. Тэгэхээр хүсэлтийг биелүүлэх боломжгүй болж байгаа. Нэхэмжлэгчид газар ашиглах гэрээний дагуу газар эзэмших эрх үүсээд дацангийн барилгаа барьсан. Одоо урдах талбайгаа ашиглах болохоор бусдад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулна гэж байна. Нэхэмжлэгч нь өөрт эзэмшүүлсэн газраас хэтрүүлэн, газрын хэмжээг томруулж, Газрын тухай хуулийг зөрчиж хашаа барьсан байгаа. Дүүргээс өөрийн газраас хэтрүүлэн барьсан хашаагаа татаач, газрыг чөлөөлнө үү гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга бусдад олгосон газартай давхардуулан газар эзэмшүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Дөрөв. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засасг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүхэд ирүүлсэн  болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжаар иргэн Г.Д*******д газар эзэмшүүлсэн. Анх газрыг эзэмшүүлэхдээ 1996 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн олгосон байгаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарах үед инженерийн шугам сүлжээ байгаагүй. Одоо шугам сүлжээтэй болсон байна. Тухайн үед инженерийн шугам сүлжээ байгаагүй учраас дүүргийн Засаг дарга хууль зөрчөөгүй” гэв.

Тав. Гуравдагч этгээд Г.Д******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх 1996 онд авто зогсоолын зориулалтаар газрыг авч 2000 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. 2000 онд Т*******ийн барилга баригдаж эхэлсэн. Энэ үеэс манай хашааны зарим хэсгийг эвдэж, манай газар орж ирсэн. Миний зүгээс лам хүмүүстэй хэрэлдэж маргалдаад яахав, барилгаа барьж дуусахаараа буцаагаад хэвэнд нь оруулах байлгүй гэсэн бодолтой байсан. Гэтэл хашаагаа улам наашлуулж, манай газар дээр барьсан. Иймд дүүргийн зохих албан тушаалтнуудтай уулзахад надад бичиг хийж өгсөн. Бичгийг авч Т*******ийн удирдлагатай очиж уулзаж байсан. Т******* барилга дороо 100 гаруй авто машины зогсоолтой. Иймд нэхэмжлэгч талаас шунахайн зорилгоор уг үйл ажиллагааг явуулж байна гэж иргэн хүний хувьд ойлгож байгаа” гэв.

Зургаа. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн 2 шаардлага гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад нэхэмжлэлийн 4 шаардлага гаргасан харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн хэдэн шаардлага гаргаж байгааг тодруулах шаардлагатай байна. 

Т*******эд 1999 онд газар олгохоос өмнө 1996 оноос иргэн Г.Д******* маргаан бүхий газрыг ашиглаж, эзэмшиж ирсэн. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч газрын төлбөрийг өдий болтол төлж, газрыг эзэмшиж ирсэн. Эрх бүхий байгууллагаас гэрээг дуусгавар болгох болон цуцлах шийдвэр гаргаагүй. 1994 онд батлагдсан хуучин Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “иргэн аж ахуйн нэгжүүдэд газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан байсан. Энэ үед газрыг гэрээний үндсэн дээр л ашиглаж байсан. Нэхэмжлэгчид анх 1999 онд газрыг олгоход мөн газар эзэмших гэрчилгээг олгоогүй, гэрээний үндсэн дээр ашиглуулж байсан. 

Иргэн Г.Д******* нь 2009 оныг хүртэл газрыг эзэмшсэн байна. Иргэний хуулийн 104, 105 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жил хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн тохиолдолд эзэмшигч нь давуу эрхтэй байна гэсэн зохицуулалттай байдаг. Иргэн Г.Д******* нь 1996 оноос хойш газрыг ашиглаж, газрын төлбөрийг төлж ирсэн. Газрын алба уг мөнгийг авч байсан учраас энэ нь Иргэний хуулийн 104, 105 дугаар зүйлд бүрэн хамаарах үндэслэлтэй байна. Г.Д******* нь 2009 оны дүүргийн Засаг даргын захирамж, 2010 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газрыг эзэмшиж, ашиглаж байсан. 

Нэхэмжлэгч 0.22 га газрыг авч, хийдийн барилгыг барихдаа газрыг төлөвлөөгүй. Тэгээд хүний газар луу дайрч байгааг ойлгохгүй байна. Г.Д******* нь насаараа хөдөлмөрлөж байж энэ газрыг олж авсан, бусдын газрыг хуурч мэхэлж аваагүй, хууль ёсны эзэмшил газрынхаай төлөө эрхээ хамгаалуулахаар энд сууж байна. 

Нэхэмжлэгч талаас газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй гэж байна. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар нүүрт Нийслэлийн өмчийн харилцааны газраас 5/13 дугаар албан бичгээр тус газрыг иргэн Г.Д*******д нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжаар эзэмшүүлсэн байна. Тус шийдвэртэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ үү гэж хариу өгсөн байна. Тэгэхээр эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Хэрэв Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг тогтоолгох гэж байгаа бол холбогдох захиргааны акт гаргахыг даалгах, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага байх ёстой. Мөн шүүхээс хариу өгөөгүй үйлдлийг хууль бус гэж үзвэл Нийслэлийн Засаг даргад ийм хариуг өг гэж даалгаж шийдвэрлэх боломжгүй. 

Мөн нэг газарт 2 өөр этгээдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуульд заасан тэгш байдлын зарчмыг алдагдуулсан тул захиргааны актыг хууль бус актад тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь 2010 оны Нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамж нь хуульд заасан тэгш байдлын зарчмыг алдагдуулсан гэж үзэж байгаа бөгөөд өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай давхардаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг л өөрчилж тус, тусад нь нэхэмжлэлийн шаардлага болгон оруулж ирж байна. Хэрэв 2010 оны 100 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй, тусдаа нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй гэдгийг харуулж байна. 

Нэхэмжлэгч талаас Г.Д*******д олгосон газар доогуур инженерийн шугам сүлжээ явж байгаа гэсэн тайлбар өгч байгаа. Гэтэл инженерийн шугам сүлжээ явж байгаа зүйл байхгүй. Харин Т*******ийн яг урдуур инженерийн шугам сүлжээ явж байгаа. Мөн инженерийн шугам сүлжээ явж байгаа газар огт барилга байгууламж барьж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Инженерийн шугам сүлжээтэй бол тодорхой зааг хязгаарыг зааж өгсөн.  Үүний дагуу л үйл ажиллагаа явуулах ёстой. Нэхэмжлэгч талаас Г.Д*******д олгосон газрын доогуур инженерийн шугам сүлжээ байна, үүнийг хүчингүй болго гээд байгаа мөртлөө газрыг өөрсдөө авах гээд дайраад байдаг. 

Одоо гуравдагч этгээдийн эрх ашиг маш их зөрчигдөж байгаа. Үйл ажиллагаа явуулахад нь саад учруулдаг, хашаагаа хууль бусаар гуравдагч этгээдийн газар дээр барьж орц, гарцгүй болгож байгаа. 

Нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан, газрыг давхцуулан олгосон бол эрх ашиг зөрчигдсөн гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгчийн газраас тусдаа газрыг өмнө нь бусдад эзэмшүүлсэн байна гээд байхад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож байгаад газрыг авна гээд байгааг ойлгохгүй байна. Үүнээс харахад шунахайн сэдлээр бусдын газрыг авах гэж байна гэж ойлгогдож байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс инженерийн шугам сүлжээ явж байгаа гэсэн маш олон баримтыг гаргаж өгсөн. Энэ баримтууд нь дандаа худал, хууль бусаар цуглуулсан баримт гэж үзэх боломжтой байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т*******”-ийн эзэмшил газраа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг даалгуулах, “Т*******”-ийн орц гарцыг хааж, иргэн Г.Д*******д газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “Т*******”-ийн эзэмшил газраа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч энэ шаардлагаасаа татгалзсан боловч шүүх захирамж гаргаж шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр дахин гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах...” нь нэхэмжлэгчийн  эрх учраас хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  тал 2004 оны 02 дугаар сард Захирагчийн албанаас батлагдсан “Бурхан шашны цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан кадастрын зургийн дагуу эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн баталгаажуулж өгөхийг хүсч, Нийслэлийн Засаг даргад 2007, 2008, 2009, 2010, 2012, 2013 онд хандаж өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй гэж тайлбарлажээ. “Т*******”-ээс   Нийслэлийн Засаг даргад хандаж өргөдөл гаргаж байсан нь 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “газар баталгаажуулах тухай”, 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “газар баталгаажуулах тухай” 03 тоот, 2009 оны 02 дугаар сарын 15 өдрийн 51 тоот,  2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12 тоот, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13/12 тоот албан бичгүүдээр тус тус нотлогдож байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “...танай хийдээс манайд хандан ирүүлсэн  газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж эзэмших тухай хүсэлттэй танилцлаа. Өөрийн эзэмшил газраа нэмэгдүүлж авахаар удаа дараа Нийслэлийн Засаг даргад хандсан талаар дурдсан байна. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар иргэн Г.Д*******д 2080 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд та шүүхэд хандана уу” гэсэн 5/143 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгч, “Т*******” Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “иргэн, хуулийн этгээд... энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх,  хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг мэдсэнээс эсхүл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор...” шүүхэд хандах эрхтэй гэж зааснаар 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн “...захиргааны байгууллага, албан тушаалтнаас өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 Анх Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Барилгын байршил тогтоох, газар ашиглуулах эрх олгох тухай” А-66 дугаар захирамжаар Зурхайн дацан хийдийн барилгыг Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт*******ийн хойд талд байршилтай газрыг 0,22 га газрыг 2 жилийн хугацаатай “Т*******”-д ашиглуулахаар, Нийслэлийн Засаг даргын 1996 оны  05 дугаар сарын 10-ны өдрийн “барилгын байршилт тогтоох тухай” А/133 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу*******ийн хойд талд байрлуулан 0.25 га газрыг автомашины төлбөртэй зогсоолын зориулалтаар “Угтаал” ХЭАА-д ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдсэн “сансарын зураг”-р “Т*******”, иргэн Г.Д******* нарын газрын нэгж талбар давхцалгүй, харин “Т*******”-ийн нэмэгдүүлж авахыг хүссэн газар нь иргэн Г.Д*******ын газартай давхцалтай байна.

 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 100 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд иргэн Г.Д*******ын үйлдвэр үйлчилгээний зориулалтаар дүүргийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар эзэмших эрх үүссэн 1080 м.кв газрыг 5-н жилийн хугацаагаар баталгаажуулжээ. Нэхэмжлэгч “Захиргааны байгууллага, албан тушаалтан манай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа манайхаас сүүлд гаргасан иргэн Г.Д*******ын хүсэлтийг шийдвэрлэж, нэг газар 2 өөр этгээд хүсэлт гаргасан тохиолдолд тэгш боломжийг олгож, шударга хандах үүрэгтэй байсан” гэж тайлбарлаж байгаа ч маргаан бүхий газрыг иргэн Г.Д******* 1996 оноос хойш автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байсан, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй боловч, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй тул иргэн Г.Д*******ын эзэмшлийн газрыг  “Т*******”-ийн хүсэлтээр түүнд эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “Т*******”-ийн эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтэд “боломжгүй” гэсэн хариу өгсөн байх тул шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

2.  Нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжийн Г.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг даргын  2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 100 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд иргэн Г.Д*******д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар дүүргийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар эзэмших эрх үүссэн 1080 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5-н жилээр баталгаажуулжээ.  

Анх маргаан бүхий газрыг  “Угтаал” ХЭАА-н эзэн Г.Д******* 1997 онд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах гэрээ”-ээр 1400 м.кв газрыг “автомашины ил зогсоол”-ын зориулалтаар ашиглах эрх үүсч, жилд газрын төлбөрт 126.000 төгрөг төлж байжээ. 2002 оны 09 дүгээр сарын 01-нээс “Аж ахуйн нэгжийн тухай” хууль хүчингүй болсон тул ХЭАА-ын үйл ажиллагаа зогсож, “Угтаал” ХЭАА татан буугдаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах, баталгаажуулах тухай” 36 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 1000 га газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар Г.Д*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан  Г.Д*******ын 2002 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргасан өргөдөл, улсын бүртгэлийн албанаас иргэн Г.Д*******д 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдөр явуулсан 436 тоот албан бичиг,  2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Г.Д*******д олгосон 0172855 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Г.Д*******тай байгуулсан “газар ашиглах гэрээ”, 2006-2009 онд газар ашигласны төлбөр төлж байсан баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах” тухай захирамжаар Г.Д*******д Чингэлтэй дүүргийн  5 дугаар хороонд “үйлдвэр үйлчилгээний” зориулалтаар 1080 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр нь шинээр газар эзэмших эрх олгосон асуудал биш бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжийг баталгаажуулжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 36 дугаар захирамжаар иргэн Г. Д*******д олгосон газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болсон тул Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д  “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 21 дүгээр зүйлийн  21.2.3-д “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга баталгаажулсан нь  хууль зөрчөөгүй байна. Мөн иргэн Г.Д******* нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан “газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”-ыг хангасан бөгөөд маргаан бүхий газарт Газрын тухай хуулийн  39, 40 дүгээр зүйлд тус тус заасан “газар эзэмших эрх дуусгавар болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны  02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах, баталгаажуулах тухай” 36 дугаар захирамжаар Г.Д*******д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд “үйлчилгээний зориулалтаар” 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 100 дугаар захирамжаар “Г. Д*******д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 1080 м.кв газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг газрын газар эзэмших эрхийн хугацааг 5-н жилийн хугацаатайгаар баталгаажуулж, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлэх, тэмдэгжүүлэхийг зөвшөөрсөн мэдэгдэл өгч, 2010 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, газрын байршлын кадастрын зургийг Нийслэлийн Газрын албаны газрын улсын бүртгэлд бүртгэсэн байна. 

Нэхэмжлэгч  “... Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасныг зөрчиж, Нийслэлийн Засаг даргын эрх мэдлийг хэрэгжүүлсэн, мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэснийг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй  тул илт хууль бус захиргааны акт” гэжээ.

 Гуравдагч этгээд Г.Д******* нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байршилтай 1080 м.кв газрыг 1996 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/133 тоот захирамжаар ашиглах эрх үүсч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны  02 дугаар сарын 19-ны өдрийн “газар эзэмших эрхийг сунгах, баталгаажуулах тухай” 36 дугаар захирамжаар эзэмшсэн байна. 

“Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нь 2009 онд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй байсан тул газар эзэмшүүлэх эрх нь дүүргийн Засаг даргад байсан” гэж хариуцагч нарын тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “дулааны шугам эзэмшлийн заагийн зураг”, “У*******” ТӨХК-иас “Т*******”-д явуулсан 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2/1242 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай газар дулааны шугам байхгүй байсан тул Г.Д*******ын газар доогуур өөрийн хөрөнгөөр дулааны шугам татсан” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 36 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Иргэн Г.Д******* нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасны дагуу газраа ашиглаж, газрын төлбөрөө төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан  2011, 2012, 2013, 2014 оны  “зогсоол түрээсийн гэрээ”,  газрын төлбөр төлсөн кассын орлогын баримтуудаар тогтоогдож байна. 

“Т*******”, иргэн Г.Д******* нарын газрын байршил нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас илүүлсэн бичгийн нотлох баримт болох “сансарын  зураг”-аас давхцалгүй гэж гарсан боловч шүүхийн үзлэг, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр “Т*******” Г.Д*******ын газрыг бетон хашаагаар хашиж тойруулсан байх ба үүнийгээ нэхэмжлэгчээс “2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02-07-106/238 дугаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн зөвлөмжийн дагуу хашиж, гадна зам талбайн тохижилт хийсэн” гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн   27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч “Их хөлөгний 8 суварга, хүрд, мөргөлийн талбай, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, машины зогсоол, хийдийн хэрмэн хашаа, дааман хаалга гэх зэргийг хийж гүйцэтгэхэд  эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж тайлбарлаж байгаа ч бусдыг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож, газраа ашиглах эрхийг нь хязгаарлаж хашаа барих эрхгүй юм. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газрын 2008 оны “тасганы  овоо дахь Монголын үндэсний соёл, шашны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн” зураг төсөл нь “Т*******”-д шаардлагатай газрын талаар харуулсан зураг биш, харин тус хийд өөрийн эзэмшлийн газартаа стандартын дагуу суврага, хүрд, мөргөлийн талбай, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, машины зогсоол, хэрмэн хаалга, дааман хаалга зэргээ хийж гүйцэтгэх боломжтой байна.

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн  8/360 дугаар албан бичиг,  улсын ахлах байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/101/18 дугаар дүгнэлтийг шүүхээс шинжээч томилоогүй, “Т*******”-ийн захиргаанд хандсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна. 

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах, баталгаажуулах тухай” 36 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 100 дугаар захирамж нь “Т*******”-ийн  эзэмшил газартай давхцуулан бусдад газар олгоогүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан “Т*******”-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргаснаар “Т*******”-ийн эзэмшиж буй газрын талбайг нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжийн Г.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны  02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны пашуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ