Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 497

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Г.Бямбацогт, О.Гүрбадам нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                       

          прокурор Б.Мөнгөнтуяа,                                        

          ялтан Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын өмгөөлөгч Б.Дашдорж, Х.Цэцэгхорлоо,

          нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлоор 2015 2501 1120 дугаартай Г.Бямбацогт, О.Гүрбадам нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Алаг Адуу овогт Ганболдын Бямбацогт, 1965 оны 12 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик мэргэжилтэй, “ДЮЦ” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 14 дүгээр байрны 40 тоотод оршин суух,

1985 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Ардын Армийн Тусгай Шүүхийн 58 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлийн В ангийг баримтлан 1 жил хорих ял оногдуулж, БНМАУ-ын 60 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 249 дүгээр зарлигийн 11-д зааснаар 1 жил хорих ялын дөрөвний нэг хувь болох 3 сарыг өршөөн хасч, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:ХЖ65120412/,

 

2. Шангуучин овогт Онжилийн Гүрбадам, 1963 оны 1 дүгээр сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ДЮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26 дугаар байрны 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШБ63013176/,

 

“ДЮЦ” компанийн ерөнхий захирал Г.Бямбацогт, гүйцэтгэх захирал О.Гүрбадам нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “ДЮЦ” ХХК-ийн автобус бааз дээр үйлдвэрлэлийн осол гарч, улмаар тус компанид засварчин-дадлагажигч ажилтай М.Ариунбаярын амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Бямбацогт, О.Гүрбадам нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бямбацогт, О.Гүрбадам нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар Г.Бямбацогт, О.Гүрбадам нарыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Бямбацогт, О.Гүрбадам нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 3.408.401 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг СД, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар дугуй, хийлэгч гуурс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Бямбацогт, О.Гүрбадам нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал үгүй болохыг тус тус дурдаж, Г.Бямбацогт, О.Гүрбадам нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 25.200.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Г.Бямбацогт, О.Гүрбадам нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэж заасныг хангаагүй, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нь урьд ял шийтгүүлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал, хэргийн заримыг хэрэгсэхгүй болгож байгаа бол түүний үндэслэл ...шалтгааныг тодорхойлно” гэж хуульчлан заасан байхад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлсэн хэдий ч бусад нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тодорхойлоогүй. О.Гүрбадам нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заалтыг зөрчсөн буруутай үйлдлээс үүдэн дээрх осол гарсан гэж үзэж байгаа” гэж /2-р хх-ийн 28/ мэдүүлсэн байна. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолд шүүх гэм буруутайд тооцохдоо Ерөнхий болон гүйцэтгэх захирал нар нь яг ямар буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг нарийвчлан шийтгэх тогтоолдоо заагаагүй. Иймд доорх ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 1. Амь хохирогч 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хариуцлагтай жижүүр хийж байсан бөгөөд хариуцлагатай жижүүр хийж байсан талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй учраас “ДЮЦ” XXК тухайн үед ажиллаж байсан ажилчдаас хариуцлагатай жижүүр ямар ажил, үүрэг гүйцэтгэдэг талаар тодруулах. 2. Ялтан Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын хувийн байдлыг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. 3. Гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. 4. Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоолгох. 5. Хохирогчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дугуй угсрахдаа стандартын биш обуд угсарсан түүнээс болж хаймар хагарч, задарсны улмаас хийн даралтын үйлчлэлд өртөж нас барсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ослын шалтгааныг тогтоосон, гэвч тухайн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоогоогүй байгаа учир шинжээчийн дүгнэлт гаргуулах. Учир нь хэрэг болсон өдөр хохирогч аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан, тухайн ажлын байрны хананд дугуй задлах, угсрах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өлгөөтэй байдаг болохыг гэрчүүд мэдүүлсэн. 6. Хэргийн газарт дугуй хийлэгч байсан боловч мөрдөн байцаалтын ажиллагаанд цагдаагийн хэлтэст хүргэгдсэн ч эд мөрийн баримтаар ч тооцоогүй, хаана байгаа болох нь мэдэгдэхгүй байна. Уг хийлэгч нь минометртэй байсан эсэх талаар маргаантай байдаг бөгөөд осол гарахад нөлөөлсөн эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх ажиллагааг хийлгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдолдоо хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дараах ажиллагааг хийлгэе гэсэн хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах шаардлагагүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар ямар нэг ач холбогдолгүй юм гэж үзсэн.  Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын хэн нь уг гэмт хэргийн субъект нь вэ гэдэг талаар ярихыг хүсдэг. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр ажил олгогч өөрөө буруутай бөгөөд ажил олгогч нь О.Гүрбадам юм гэсэн дүгнэлт удаа дараа гарсан. “ДЮЦ” ХХК-ийн дотоод журмаар бол ерөнхий захирал нь гүйцэтгэх захирлыг удирдана, гүйцэтгэх захирал нь хүний нөөцийн менежер, инженер, механик, диспетчер буюу тээвэр зохицуулагч нарыг удирдах бөгөөд өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажил олгогч буюу захирлын өмнө хүлээж ажиллана гэж заасан. Эндээс харахад гүйцэтгэх захирал нь ерөнхий захирлын өмнөөс ажил үүргийг хариуцан ажиллах ажлын эрх, үүрэг харагддаг. Иргэнийг ажилд авч ажиллуулах, чөлөөлөх нь гүйцэтгэх захирлын үүрэг юм. Хохирогчийг ажилд авч ажиллуулсан хүн нь О.Гүрбадам байдаг. Гэмт хэргийн субъект нь Г.Бямбацогт биш тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг саналыг гаргаж байна. О.Гүрбадамын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг үл маргах журмаар гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас харахад хохирлын баримтуудтай маргах маш их боломж байдаг. Гэхдээ хүний амь хохирсон учраас хохирлын баримтад маргаж хүн чанаргүй байдал гаргахгүй гэдэг үүднээс хохирогч нарын нэхэмжилсэн 25.200.000 төгрөгийг үл маргах журмаар өгсөн. Гэвч хохирогч нар хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардал, орон байр өгсөн тохиолдолд гомдолгүй гэсэн. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээд шийдвэрлэж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч нарын ар гэрийнхэн нэгэнт гэм буруутайд тооцсон учраас дараа дараагийн шатны шүүхүүдэд боломж нөхцөлийг хангах үүднээс хохирол төлөх нь зүйтэй гэж үзэж 58.000.000 төгрөгөөр орон сууц худалдан авч өгч хохирогч нарыг гомдолгүй болгосон учраас шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Компанид ажиллаж байгаа 70-80 хүнийг удирдаж ажилладаг учраас цаашид ажил хөдөлмөрөө хийх боломжийг олгож өгнө үү...” гэв.

Ялтан Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцаж хэргийн байдлыг харахад миний үйлчлүүлэгч нарын хувьд маргаад байх зүйлгүй байсан бөгөөд шүүгдэгч нарын ар гэрийнхэнтэй уулзаж хохирол, төлбөр төлүүлэх ажлыг хийхэд нилээд үүрэгтэй оролцсон. О.Гүрбадам, Г.Бямбацогт нарын тухайд ялангуяа О.Гүрбадамын тухайд хэргийн зүйлчлэл тохирсон. Хүний амь нас хохирсныг юугаар ч нөхөж баршгүй юм. Хохирогч нарын хувьд хохиролд төлсөн 25.000.000 төгрөг дээр нэмж 2 өрөө байр авч өг гэсэн хатуу байр суурьтай байсан. Энэ шаардлагыг шүүгдэгч нарын ар гэрийнхэн хүндэтгэн үзэж 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хохирогч талд орон сууц авч өгсөн. Орон сууцыг хохирогчийн эх Ц.Алтанцэцэгийн нэр дээр өгсөн байтал орон сууцны талаар бэртэйгээ маргалдсан учраас шүүх хуралдаан хойшлосон. Үүний дараа орон сууцыг хүү Ариунбаярын Хувьтөгөлдөр, амь хохирогчийн эхнэр, эх нарын нэр дээр шилжүүлж өгснөөр энэ асуудал бүрэн гүйцэд шийдвэрлэгдэж, хохирогч нар гомдол саналгүй, цаашид ямар нэг зүйл нэхэмжлэхгүй гэдэг саналаа шүүхэд ирүүлсэн. Хэрэг гарахад хохирогчийн буруутай, болгоомжгүй үйл ажиллагаа нөлөөлсөн талаар шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд энэ талаар хөндөж ярих шаардлага байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд 25.000.000 төгрөг төлсөн юм чинь арай ч хорих ял авчихгүй болов уу гэж найдаж ямар нэг бэлтгэлгүй орсон. Нийтийн тээврийн байгууллага маш их хэл амтай, татлаатай байдаг учраас Б.Бямбацогт, О.Гүрбадам нар цагдан хоригдсоноос үүдэн компанийн үйл ажиллагаа тасалдахад хүрч байгаа. Ямар нэг хүнд итгэмжлэл олгоогүй байдлаас болж шүүгдэгчийн ар гэрийнхэн нь хохирол төлбөрийг төлөх нь зүйтэй гэсэн байр суурин дээр санал нэгдсэн. Энэ байгууллагын нөхцөл байдал болоод шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөр бүрэн барагдуулсан байдал, Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан байдал зэргийг харгалзан үзэж Б.Бямбацогт, О.Гүрбадам нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн материалтай танилцаж байхад шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал дурдагдсан байсан. Шүүгдэгч Б.Бямбаоцгт нь уг хэрэгт оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Шүүгдэгч Б.Бямбацогт нь “ДЮЦ” ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг бүхий этгээд юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавихыг аж ахуйн нэгжийн захирал, ажил олгогч шууд хариуцна” гэсэн заалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэг бүхий этгээдүүд нь Б.Бямбацогт, О.Гүрбадам нар мөн болох нь тогтоогдож байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Харин шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах эсэх нь шүүхийн эрхийн асуудал гэж үзэж байна...” гэв.

 

                                                           ХЯНАВАЛ:

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

ДЮЦ” компанийн ерөнхий захирал Г.Бямбацогт, гүйцэтгэх захирал О.Гүрбадам нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “ДЮЦ” ХХК-ийн автобус бааз дээр үйлдвэрлэлийн осол гарч, улмаар тус компанид засварчин-дадлагажигч ажилтай М.Ариунбаярын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэгийн: “...Намайг ажил дээрээ байсан чинь оройн 19 цагийн үед манай бэр Оюун залгаад “ээжээ Ариунбаярын ажил дээр нь засч байсан дугуй нь буудаад гэмтчихсэн гэнэ, одоо бие нь маш муу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гараад шууд хүүгийнхээ ажил дээр нь яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн байсан ба ажлынх нь захиралтай уулзсан чинь “сая Ариунбаярын засч байсан дугуй нь буудаад одоо бие нь муу байна” гэж хэлсэн. Би “тэгээд яасан бэ, өнгөрчихсөн юм уу” гэсэн чинь “тиймээ, нас барчихсан” гэсэн. Миний хүү энэ байгууллагад ороод 10 ч хоноогүй байсан. Миний хүү интернет үзэж байгаад очиж ажилд орсон байна лээ. Уг нь тэр интернет дээр инженер ажилд авна гэсэн байсан гэсэн. Гэтэл засварчнаар ажиллуулж байсан юм байна лээ. Миний хүү тэр байгууллагад ажиллаж байхдаа байнга илүү цагаар ажиллаж байсан. Би захиралтай нь уулзаж аюулгүй ажиллагааны талаар хэлж байсан удаатай. Миний хүү урьд өмнө нь мэргэжлээрээ ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй, мэргэжлийн дадлага туршлага огт байхгүй. Тухайн байгууллагад хөдөлмөр хамгааллын ямар ч техник, багаж хэрэгсэл байхгүй байна лээ. Тухайн үеийн нөхцөл байдлаас харахад тухайн байгууллагаас олгогдсон ажлыг хийх тоног төхөөрөмж шаардлага хангаагүй байсан гэдэг нь шууд харагдсан. Миний талийгаач хүүгийн эхнэр А.Оюуныг мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгнө үү. А.Оюуны сэтгэл санаа нь маш их цочрон давчидсанаас болж 6 сартай хүүхэд нь тэжээлийн дутагдалд орж бие нь муудсан...” /1-р хх-ийн 38-43/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюуны: “...2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр би талийгаач М.Ариунбаяртай танилцаад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн бид хоёр тусдаа байр хөлслөөд хамтран амьдрах болсон. 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр бидний дундаас Хувьтөгөлдөр хүү маань төрсөн. “ДЮЦ” ХХК-д зарын дагуу очиж уулзаад өөрийн эзэмшсэн мэргэжил болох инженер механикчийн чиглэлийн дагуу ажилд орсон. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс хойш ямар нэг амралтгүй өдөр болгон ажилласаар 11-ний өдөр гэртээ амраад 12-ны өдөр ганцаараа ажлаа хийж байгаад үйлдвэрлэлийн осолд орж нас барсан. Би нөхрийнхөө үхлийн шалтгааныг “ДЮЦ” ХХК-ийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаатай, өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас болсон гэж үзэж байгаа. Манай гэрт ганц нөхөр маань ажил хийж ар гэрээ авч явж байсан. Би 4 сартай хүүхэдтэй, нялх биетэй үлдлээ. ...Манай нөхрийг ажлын дүрэмт хувцсаар бүрэн хангаагүй ...” /1-р хх-ийн 244-245/,

Гэрч Х.Хүүбаатарын: “...Миний бие энэ өдөр ажил дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Манай автобаазын засварчин хийдэг 22 орчим настай Ариунбаяр гэдэг залуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг харж байхад Ариунбаяр цаагуур ажлаа хийгээд явж байсан. Талийгаач тухайн үед грашдаа автобусны дугуй хийлж байсан. 18 цагийн үед тэр миний хажууд тамхи татаж байгаад граш руу орсон. Тэгтэл төд удалгүй маш чанга дугуй хийлэх чимээ гарсан ба би гайхаад гүйгээд очсон чинь грашид нил тоос бужигнаад юу ч харагдахгүй байсан. Цааш нь сайн харсан чинь нөгөө Ариунбаяр гэдэг хүү хажуу талаараа хараад хэвтчихсэн, бөөн цус болчихсон байж байсан. Би шууд цагдаа болон түргэн дуудсан. Талийгаач архи, дарс хэрэглээгүй байсан. Талийгаачтай ямар нэг хүн хамт ажиллаагүй. Манай байгууллагын хариуцлагатай жижүүрүүд автобусанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар хийдэг байх, би сайн мэдэхгүй...” /1-р хх-ийн 47-48/,

Шинжээч Г.Гантөмөрийн: “...Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “ДЮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гүрбадам нь амь хохирогч М.Ариунбаярыг ажилд томилсон тушаал гаргасан учраас О.Гүрбадамыг ажил олгогч гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хүүль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэх захирал О.Гүрбадам хариуцна гэж заасан байна. О.Гүрбадам нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн буруутай үйлдлээс үүдэж дээрх осол гарсан гэж үзэж байна...” /2-р хх-ийн 28-29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1253 дугаар дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост гавлын урд болон баруун, зүүн дунд хонхор, духны яс тархмал үйрч бяцарсан хугарал, дагз ясны шугаман хугарал, зүүн чамархайн зөөлөн бүрхүүлд цус харвалт, баруун хажуугийн ховдолд цус харвалт, их тархины 2 тал бөмбөлгийн духны суурь, бага тархи эдийн няцрал, 2 уушигны няцрал, дух, эрүүнд шарх, 2 хацар яс, эрүү хоншоор яснуудын хугарал, хүзүүнд цус хуралт, зургаралт, хуйхны дух, баруун чамархай, дагзанд цус хуралт, зүүн чамархай, дагзны хэсгийн ясны хальсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл авах үеийн байрлалыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаачид үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь АВО системээр 0/I/ бүлгийн цустай байна. Талийгаач нь 2015 оны 7 дугаар сарын 12-ны 17:30-18:30 цагийн үед нас барсан байх магадлалтай байна...” /1-р хх-ийн 61-62/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6300 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн М.Ариунбаярын цогцосноос авсан гэж цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн биоматериалын хэмжээ бага мансууруулах бодис тодорхойлох боломжгүй байна...” /1-р хх-ийн 64/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6428 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн түрийтэй арьсан гутал, цэнхэр өнгийн ажлын хувцас, улаан хүрэн өнгийн футболка, ногоон өнгийн дотоож, ажлын бээлий зэрэгт цус илэрсэн ба уг цус нь Оαβ/1/ бүлгийн харьяалалтай байна. Цусыг биеийн аль хэсгээс гарсан болохыг тогтоох боломжгүй. Цагаан өнгийн нийлэг материалтай шорт, хар өнгийн оймс дээр цус илрээгүй...” /1-р хх-ийн 67/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3330 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн энгийн сүлжээтэй цагаан өнгийн богино өмдөнд 60 мм тэлэлтийн улмаас үүссэн шинэ ханзарсан уранхай. Хугархай нэхээстэй цэнхэр өнгийн ажлын хувцасанд 180x60 мм талбайд тэлэлтийн улмаас үүссэн шинэ ханзарсан уранхай, 45x110 мм тэлэлтийн улмаас үүссэн шинэ сэмэрсэн уранхай, 20 мм, 10 мм, 80x40 мм хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас үүссэн шинэ гогдсон уранхайнууд гарсан байна. Дээрх уранхайнууд нь ямар хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцаснуудад ямар нэгэн уранхай, цоорхой гараагүй байна...” /1-р хх-ийн 73/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3671 дүгээр дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хугархай нэхээстэй цагаан өнгийн саравчтай малгайнд 130 мм, 25 мм малгайн татаж татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхайнууд гарсан байна. Дээрх уранхайнууд нь ямар хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” /1-р хх-ийн 76/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6952 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн малгайн дээр цус илрээгүй...” /1-р хх-ийн 79/,

            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 41 дүгээр дүгнэлтэд: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “ДЮЦ” ХХК-д засварчингаар ажиллаж байсан М.Ариунбаяр нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөнд өртөж осолдсон тул Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д Ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа гэсэн заалтад хамаарах “Үйлдвэрийн осол”-д тооцох нь зүйтэй гэж үзлээ. ...Уг хэрэгт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн байна...” /1-р хх-ийн 83-87/ гэх дүгнэлтүүд,

 

“ДЮЦ” ХХК-ний захирлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 6/56 дугаартай тушаалд “ДЮЦ” компаний засварчин ажлын байранд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд дадлагажигч ажилтнаар Мягмарсүрэнгийн Ариунбаярыг томилж, 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн дадлагажих хугацааг дуустал М.Ариунбаярт сарын 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тооцож цалинг олгож, М.Ариунбаярт байгууллагын дотоод журмыг танилцуулахыг ХНМ Б.Наран-Амгаланд үүрэг болгож, Дадлагын хугацаанд М.Ариунбаярын цалинг зохих журмын дагуу бодож, нийгмийн даатгалд хамруулахыг нягтлан бодогч Б.Эрдэнэцэцэгт үүрэг болгохоор тусгажээ /1-р хх-ийн 230/,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-12/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...18 цаг 13 минут 09 секундэд янзалж байсан дугуй нь дээш шидэгдэн буудаж, хажууд нь явган сууж байсан уг хүн шидэгдсэн дугуйнд цохиулан агаарт хөөрч буцаж бууж байна. 18 цаг 18 минуд 50 секундын үед гражид үүссэн тоосжилт намдах бөгөөд дугуйнд цохигдож унасан хүн босч ирсэнгүй. 18 цаг 21 минут 52 секундэд гаднаас орж ирээд буцаж гүйж гарсан хүн ахин орж ирэх ба утсаар ярьж байгаа нь харагдаж байна...” /1-р хх-ийн 15/, М.Ариунбаярын нас барсны гэрчилгээ /1-р хх-ийн 232/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоон, Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялын төрөл, хэмжээнд ял оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

            Өмгөөлөгч Б.Дашдорж нь Г.Бямбацогтыг “хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн журам зөрчсөн” гэмт хэрэгт холбогдолгүй гэж гомдол гаргасан байх боловч ялтан Г.Бямбацогт нь  дадлагажигч ажилтан М.Ариунбаярыг “засварчин”-тай адилтган үзэж 2015 оны 7 дугаар сарын 12-нд хариуцлагатай жижүүрээр томилсон ажил үүргийн хуваарийг /1-р хх-ийн 149/ баталж хөдөлмөр хамгаалалын журам зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон  болно.

 

Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэм хорыг арилгах боломжгүй боловч ялтан Г.Бямбацогт, О.Гүрбадам нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 25.200.000 төгрөгийг, давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэхээс өмнө 2 өрөө орон сууцыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг, А.Оюун нарт өгч материаллаг хохирлыг төлж дуусгасан, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо нотолсон баримт шүүхэд ирүүлсэн, ялтнуудын хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад ялтан Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын өмгөөлөгч Б.Дашдорж нь “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлоосоо татгалзаж, “хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгөх”-ийг хүсч тайлбар гаргасан болно.

 

            Иймд ялтан Г.Бямбацогт, О.Гүрбадам нарын өмгөөлөгч Б.Дашдоржийн шүүх хуралдаанд гаргасан “хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгөх”-ийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Г.Бямбацогт, О.Гүрбадам нарт тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Г.Бямбацогтын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, О.Гүрбадамын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай…” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Г.Бямбацогт, О.Гүрбадам нарыг нэн даруй сулласугай.

 

3. Г.Бямбацогт, О.Гүрбадам нар нь энэ хэрэгт тус тус 41 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

            4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсвэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ