| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00317/И |
| Дугаар | 320/ШШ2025/00342 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 320/ШШ2025/00342
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 320/ШШ2025/00342 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г-гийн Э-ын,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 320/2025/00317/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцлоо.
Нэхэмжлэгч Г.Э- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Э- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Г- Э- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрөх тасагт 1965 онд мэндэлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р 8 жилийн дунд сургууль 1982 онд төгсөн 1984-1987 онд Улаанбаатар хотын Ардын цэргийн 124-р ангид алба хааж ирээд 1987-1988 онд Хөвсгөл аймаг Барилга цахилгаан сантехник засварын ангид мужаанаар ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол Хөвсгөл аймгийн архиваас миний орсон тушаал олдохгүйн улмаас ажиллаж байсан жил тооцогдохгүйд хүрээд байна.
Иймд Г- Э- миний Хөвсгөл аймгийн Барилга цахилгаан сантехник засварын ангид 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нормчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэх тал)
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 07 сарын 05-ны өдрийн Амралт олгох тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Б.Ц.Ст.З.Ангиас 1988 оны 05 сарын 24-ний өдөр олгосон №********* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 11/178 дугаар албан бичиг, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 сарын 17-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2, 3, 4, 5, 6 дахь тал),
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ч, С.А нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21, 22-24 дэх тал)
4. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Э-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 10, 11-15 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Э- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хүсэлт зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Г.Э- Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангид 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нормчин, мужаанаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, (хавтаст хэргийн 1 дэх тал)
Хөвсгөл аймгийн Б.Ц.Ст.З.Ангиас 1988 оны 05 сарын 24-ний өдөр олгосон 03. 1987 оны 08 сарын 17. Хөвсгөл аймгийн БЦСтЗАнгид нормчноор авч ажиллуулав. Ангийн даргын 1987 оны 9-р сарын 25-ны №38 тоот тушаалаар. 04. 1988 оны 07 сарын 02. Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцах болсон тул ажлаас чөлөөлөв. Ангийн даргын 1988 оны 07 сарын 05-ны өдрийн №40 тоот тушаалаар гэх бичилттэй №********* дугаартай хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтас хэргийн 4 дэх тал)
Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 07 сарын 05-ны өдрийн 1. Г- Э-... нар 1988-1989 оны хичээлийн жилээс ХАА дээд сургуульд суралцах болсон тул 1988 оны 7-р сарын 2-ны өдрөөс эхлэн ажлаас нь тус тус чөлөөлсүгэй... гэх бичилттэй Амралт олгох тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 3 дахь тал)
гэрч Д.Чын ...Би 1987 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангид мужаанаар 1987 оны 8 сард орж ажилласан. Г.Э- нь мөн цэргээс халагдаж ирээд тус байгууллагад 1987 оны 8 билүү, 9 сард нь надтай их ойролцоо нормчноор орж байсан. Ингээд ажиллаж байгаад Г.Э-, Ж.Д нар 1988 оны 9 сард ХАА-н дээд сургуульд суралцахаар ажлаасаа гараад явсан... 1 жил л ажилласан... Би 1987 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангид мужаанаар 1987 оны 8 сард орж 3 жил ажиллаад 1990 он гээд гарсан... гэх мэдүүлэг, гэрч С.Агийн ...Би 1987 оны 4 сард Дархан хотын Барилгын техникум төгсөж ирээд тухайн үеийн Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангид мастераар орж ажилласан. Г.Э- нь тус байгууллагад нормчин, мужаанаар 1987 оны 9 сард орж 1 жил орчим ажиллаад 1988 оны 9 сард сургуульд явна гээд гарсан... Би 1987 оны 4 сард Дархан хотын Барилгын техникум төгсөж ирээд тухайн үеийн Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангид мастераар орж 1993 он хүртэл ажиллаад гарсан. Тэгээд Оросын тосгонд байсан Алтан улиас амралтын газарт ажилд орсон...байгууллагын дарга Ш.А, бичээч н.С, нягтлан н.Н, н.Х, нярав н.О, Л зэрэг хүмүүс байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.Э- өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Г.Э-ын Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангид 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нормчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Г.Э-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08/320 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. (хавтаст хэргийн 11-15, 6 дахь тал)
6. Нэхэмжлэгч Г.Э-ад холбогдох тушаал, шийдвэр, цалингийн баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Хөвсгөл аймгийн Барилга цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар тушаал, тус байгууллагын 1987-1988 оны цалин хөлсний баримт манай архивт шилжиж ирээгүй тул Г.Э-ад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/178 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 5, 1 дэх тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Г-гийн Э-ын Хөвсгөл аймгийн Барилга-Цахилгаан сантехникийн засварын ангид 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нормчин, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА