Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Б.Байгалмаа, 

хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

гэрч К.Бекболат, Э.Ишва,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч К.Султанбек,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Н.Төрболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 201625032378 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Ч овогт Д А, 1967 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх станц хувьцаат компанийн Зүүн түгээх төвд агаарын шугам сүлжээний засварын монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

2. Г овогт Г Б, 1978 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх станц хувьцаат компанид Зүүн түгээх төвийн ээлжийн инженер монтёр ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6 дугаар байрны 204 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

3. З овогт Ц Т 1985 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх станц хувьцаат компанид диспетчирийн албанд диспетчир инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 116 дугаар байрны 29 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчит хувьцаат компанийн Зүүн түгээх төвийн Сэлбэ ээлжийн ахлах инженер Ц.Т, агаарын сүлжээний засвар үйлчилгээний хэсгийн ахлагч Г.Б, монтёр Д.А нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 78, 175 дугаар заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс тус газарт монтёр ажилтай хохирогч Г.Дөлгөөн нь 2016 оны 12 дугаар сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37 дугаар гудамжинд байрлах өндөр хүчдэлийн шугамд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх явцад шонд байрлуулсан трансформаторын тавцан дээрээс нь гулсан дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 6-ны шөнө трансформатор гэмтлээ гэх дуудлага аваад шаардлагатай багаж хэрэгслээ авч гэмтэл гарсан газар очсон. Дуудлага аваад 30-40 минутын дараа бид ажлын байранд очсон. Би 1989 оноос хойш монтёр хийснээс, сүүлийн 15 жил ахлах монтёр хийж байгаа. Бидний ажил хүнд, цастай, бороотой, хүйтэн, халуун ямар ч улиралд ажлаа хийсээр ирсэн. Трансформаторын бэхэлгээ тайлснаас болж тавцан яагаад ч доошоо гулгах үндэслэл байхгүй. Тавцан нь хүн гарах, ажиллах зориулалттай байдаг. Тиймээс тухайн өдөр болсон хэргийг үйлдвэрийн осол байсан гэдгийг хэлэх гэсэн юм. Тэрнээс би ямар нэгэн хар буруу санаж, тэр хүнд гэмтэл учруулаагүй. Ажилчдадаа анх ороход нь анхны зааварчилгаа, ажлын байрны, өдөр тутмын зааварчилгаа өгдөг. Зааварчилгаа авч гарын үсэг зураагүй хүн ажлын байранд гарах эрхгүй байдаг. Тухайн гэмтэл гарсан шөнийн өглөө зааварчилгаа авч гарын үсэг зурсан байдаг. Манай байгууллага группийн үнэмлэх гэж бичиг баримт өгдөг. Тухайн ажилтан нь шалгалт өгч группийн үнэлгээн дээр заагдсаны дагуу үнэлгээ авч ажилд ордог. Тос сүршигдсэний улмаас трансформатор гулгасан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэр шөнө хүйтэн, харанхуй байсан учраас гэрэл тусгаж хийсэн нь үнэн. Трансформаторыг заавал кранаар бариулж тайлна гэсэн журам байхгүй. Тэрийг тайлж бэлдээд араас солих трансформатор ирэнгүүт шууд тавих,  ард түмнийг хурдан, шуурхай гэрэлтэй болгох үүднээс ажил эхэлсэн. Би тэр үед аман зааварчилгаа өгсөн. Дэвтэр өрөөнд түгжээтэй, мастеруудад түлхүүр байдаг. Маргааш өглөө нь тэнд байсан хүмүүст зааварчилгаа өгснөө баталгаажуулаад гарын үсэг зуруулсан. Өглөө нь өгсөн зааварчилгаа 24 цаг хүчинтэй байдаг. Үүнийг би үйлдвэрийн осол гэж үзэж байна. Шүүх мэргэн ухаанаар шийдэх байх гэж бодож байна. Өөр хэлэх зүйл байхгүй …” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 5-аас 2016 оны 12 дугаар сарын 6-нд шилжих шөнө 02 цаг 30 минутад миний гар утсанд гэмтэл гарлаа, бригад цуглуул гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу бригад цуглуулах үүрэг хүлээгээд тухайн дүүрэг хариуцсан мастер Мэндбаяр руу залгасан боловч утсаа аваагүй. Зүүн түгээх төв маань Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийг хариуцдаг. Мастер утсаа аваагүй учраас ажил гүйцэтгэгч буюу Д.А руу би залгаж ийм ажил гарсан талаар танилцуулаад тухайн өдөр ээлжинд гарч байсан Ц.Ттэй холбогдоод бригадаа цуглуулаад ажлын байранд ирээд надад мэдэгдээрэй гэж хэлсэн. Д.А болон миний бие дуудлага гарсан тохиолдолд ажиллах үүрэгтэй. Тухайн үйл явдлыг хохирогч эмнэлэгт хүргэгдсэний дараа мэдсэн. Болсон процессыг би сүүлд хэргийн материалаас гэрчүүдийн мэдүүлгээс олж мэдсэн. Миний хувьд ийм л зүйл болсон…” гэв.

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 05-ны 20 цагаас 2017 оны 12 дугаар сарын 06-ний 08 цаг 00 минут хүртэлх хугацаанд би ээлжинд гарсан. Тухайн шөнө 7 буудал нийтээр тог тасарч гэмтэл гарсныг би тодорхойлоод осол болсон станцыг хүчидлээс чөлөөлөөд бусад хэрэглэгчийг хүчдэлд залгасан.  Тухайн үед тэр хүчдэл дээр трансформатор солих шаардлагатай болж агаарын шугамын бригадын хэсгийн ахлах Г.Бтэй холбогдож “гэмтэл гарсан бригад цуглуулах шаардлагатай байна” гэж танилцуулахад ажил гүйцэтгэгч Д.Атай холбогдож ажиллаарай гэсэн. Хэсэг хугацааны дараа Д.А надруу залгаж гарсан гэмтлийн талаар асууж, би мэдээлэл өгөн ажилласан. 04 цагийн үед ажлын байран дээр очоод ажил гүйцэтгэж байх явцад ийм осол гарчихлаа түргэн дуудсан гэж ослын талаар надад хэлсэн. Ийм л процесс болсон…” гэв.

Гэрч К.Бекболат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Улсын байцаагчийн хувьд актыг батлахад нилээн тодорхой тусгагдсан байгаа. Тухайн өдөр трансформаторын бэхэлгээг суллаад, бэхэлгээг сулалсантай холбоотойгоор трансформатор хазгай талруугаа гүйж хохирогч хавчигдаж гэмтэл авсан. Аливаа байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм журмыг батлан гаргах эрх нь байгаа. Бидний хувьд захиргааны эрх зүйн акт болон нийтээр дагаж мөрдөх дүрэм журамд нийцүүлэн гаргасан акт мөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комисс судлан акт үйлдэж ирүүлснийг улсын байцаагч хянадаг. Дүрмэндээ актын гол зорилго нь үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйлийг судлаж бүртгэх, тайлагнах мэдээллэх харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл хэн буруутай вэ гэдгийг тогтоодоггүй, хаанаас, юунаас болж гарав гэдгийг тогтоодог. Хамгийн гол ач холбогдол нь үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах тэтгэвэр тэтгэмжийн асуудал байдаг. Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн осол мөн боловч тэтгэвэр тэтгэмж олгогдохгүй байхаар зохицуулсан байдаг. Миний судалснаар үйлдвэрлэлийн осол мөн байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа. 78.9 дүгээр зүйлд үндсэндээ 10 хүнийг аюулгүй ажиллагааг хариуцах гээд орчихсон байгаа. Ажил олгогчоос эхлээд бригадын гишүүн хүртэл орсон байдаг. Тус бүр өөр өөрийн чиг үүрэгтэй байдаг. Бригадын гишүүн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ажилтан өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй чиг үүрэгтэй оролцдог. Бидний гол зорилго бол хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах үүрэгтэй. Засвар үйлчилгээ хийхийн тулд тэрүүхэн хэсгийг хүчидлээс салган аюулгүй болгож тухайн хүмүүсийг ажилд оруулдаг. Тэр зорилгоор ажлын байр бэлдэх гэдэг асуудал нэн чухал тавигддаг. Энэ дүрэм дээр ажлын байрыг хэрхэн яаж, хэний зөвшөөрлөөр бэлдэх вэ гэдгийг заасан л дүрэм байгаа. Өмнө янз бүрийн төнөг төхөөрөмжинд хавчигдах асуудал гардаг байсан. Нөхцөл байдлын хувьд өнөөдрийн осолтой ижилхэн нөхцөл байдалтай осол би харж байгаагүй. 2017 оны 12 дугаар сарын 6-ны осол үйлдвэрлэлийн осол. Ослын акт нь цаашид гарах тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийддэг болохоор түүнийг актаар тодорхойлох боломжгүй. Тухайн болсон процессыг харахад дүрмийн хувьд ажлыг гүйцэтгэсэн гэж харж байгаа. Ажлын байранд ирээд бригад удирдаж байгаа хүн нь чиглэл өгөөд ажил эхэлнэ. Тэрнээс үйл хөдлөл болгоноо тайлагнахгүй гэв. Наранцэцэг гэх хүний хийсэн дүгнэлт байгаа. Наранцэцэг нь өөрсдийн дотооддоо баримталдаг эрх зүйн актыг үндэслэж дүгнэлт гаргасан байдаг. Эдгээр хүмүүсийн тодорхой буруутай үйл ажиллагаа байсан гэж байгаа учраас дээрх дүгнэлтийг гаргасан юм болов уу гэж бодож байгаа. Ажлын бус цагаар шуурхай ажиллагааны удирдлага диспетчер шуурхай ажиллагааг удирдлагаар хангана гэж заасан байгаа.  Хохирогч Дөлгөөн нь 3 сард анх түр ажилтнаар томилогдоод дадлагажаад жинхэлсэн байдаг. Аюулгүй ажиллагааны 3 дугаар групп зэрэгтэй ажилтан байдаг…” гэв.

Гэрч Э.Ишва шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би цахилгааны инженер мэргэжилтэй, 4 дүгээр зэрэгтэй.  Хохирогч Дөлгөөн хагас суусан байрлалтай, дээр нь хайлшан тавцан байрласан байсан. Ямар ч нөхцөлд өөрт эвтэйхэн байрлалд суугаад тайлж болно. Бид өдөр тутмын зааварчилгаа авдаг. Зааварчилгааны хүчинтэй хугацааг сайн мэдэхгүй байна. Өглөө ажилд гарахдаа зааварчилгаа аваад орой ажил дуусахад дуусдаг байх гэж л бодож байна. Тухайн өдөр нөхцөл байдалд тохирсон аман зааварчилгаа өгсөн. Бичгээр өгөөгүй гэв. Бид тухайн өдөр ажил гүйцэтгэгч Д.А, жолооч Бямбажав, Дөлгөөн, Очирхүрээт бид 5 байсан. Ажил гүйцэтгэгч Д.Ан удирдлага дор ажилладаг. Осол гарсан өдөр ажил гүйцэтгэгч ажлыг хувиарлан өгөөд ажилдаа орсон байсан. Дөлгөөнийг трансформаторын бэхэлгээг тайл гээд Очирхүрээтийг дээр нь гар гэж хэлээд ажил үүргийн хувиарын дагуу ажилдаа орцгоосон. Бид бүхэн хохирогч Дөлгөөнд байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа хандивласан. Өөр ямар тусламж үйлчилгээ үзүүлснийг би сайн мэдэхгүй байна…” гэв.

Иргэний хариуцагч Н.Төрболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хавтаст хэрэгт компанийн удирдлагуудын хийсэн хурлын тэмдэглэл, хохирол төлбөрт гарган өгсөн мөнгөний хэмжээ байгаа. Одоогийн байдлаар компаниас юу нэхэмжилж байгааг мэдэхгүй байна. Манай бусад салбар нэгжээс 17.920.000 төгрөг, Зүүн түгээх төвийнхнөөс 18.474.224 төгрөг, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс 35.000.000 төгрөг баталсан, нийт ажилчид сайн дураар нэг өдрийн цалингаа хандивлаж 46.766.163 төгрөг өгсөн бөгөөд нийт 118.160.387 төгрөг өгсөн байдаг. Компанийн зүгээс хохирогчийг осолд орсонд маш их харамсаж байгаа. Г.Дөлгөөнийг ямар нэгэн байдлаар санаатай осолд оруулаагүй. Манай байгууллага хагас цэрэгжилтийн байдалтай, түргэн шуурхай ажилладаг, өндөр ачаалалтай үе эхэлсэн, хүмүүсийн эд хөрөнгө хөлдөж гэмтэх, хохирол учрах эрсдэлээс хамгаалдаг, маш их хариуцлагатай ажил хийдгийг ойлгодог. Бид нар мэргэжлийн сургууль төгссөн, эзэмшсэн мэргэжилтэй, тодорхой сонгон шалгаруулалт тавьж түүнд тэнцсэн хүмүүсийг авдаг. Г.Дөлгөөн маань тухайн шалгаруулалтанд тэнцэж ажилд орсон байгаа. Ажлын үнэмлэх, группийн үнэлэх гэж байдаг. Группийн үнэмлэхэнд жил болгон шалгалт өгч тухайн үнэмлэхээ батлаж, манай ажилчид шалгалт өгч группээ ахиулдаг. Г.Дөлгөөндөө манайх мөнгө босгох бүх бололцоот байдлыг ашиглаж боломжоороо мөнгөн тусламж олгосон байдаг. Солонгос улс руу эмчилгээнд явахад нь мөнгөн тусламж үзүүлсэн, удирдлагууд эргэж очсон гээд бүхий л талаар анхаарал тавьсан. Г.Дөлгөөнөөс нэхэмжилсэн зүйл одоогийн байдлаар байхгүй байгаа. Г.Дөлгөөний хөдөлмөрийн чадвар сэргэвэл компанийн зүгээс ажлын байраар хангахад бэлэн байгаа. Нэмж хэлэхэд манай ажилчдын зүгээс хувиасаа тусалж байсныг сая хэллээ. Үүнээс гадна зүүн түгээх төвийн ажилчид барилгын компанийн цахилгааны ажил сайн дураар гүйцэтгэж, удирдлагуудаас зөвшөөрөл авч компанийн ажлыг гүйцэтгэж хөлсөнд нь байр авч тухайн байраа Г.Дөлгөөнд өгөхөөр шийдвэрлэж эцэг эхтэй нь байр захиалгын гэрээ байгуулсан байгаа. Иймэрхүү байдлаар тусламж дэмжлэгүүд үзүүлсэн байгаа. Цаашид нэхэмжлэл гаргавал компанийн зүгээс гаргаж өгөх боломжгүй байгаа. Хэмнэлтийн жил зарласан, төсөвлөсөн мөнгө бага төрийн өмчит хувьцаат байгууллага учраас дээрээ хяналт шалгалт их байдаг…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Хохирогч Г.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 6-ны шөнийн 03 цагийн үед манай ахлах монтёр Авдгажы миний утас руу 2 удаа залгасан байсан. 3 дахь удаа монтёр Очирхүрээт залгахад би утсаа авсан чинь ажил гарлаа гэмтэл гарсан ажил дээр ир гэхээр нь би ажил дээр очсон. Тэгээд бид нар ажлын хувцсаа өмсөөд хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээ аваад цагаа бүртгүүлээд гарсан. Ахлах монтёр Авдгажы, монтёр Очирхүрээт, Ишва, жолооч Бямбажав бид нар явсан. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэмтэл гарсан трансформатор дээр ирэхэд ахлах монтёр Авдгажы трансформатор ачих кран машин ирж байгаа энэ хооронд бүгдээрээ ажлын байраа бэлдэж байя гээд шуурхай үйлчилгээний хэсгийнхэн эхэлж ирээд ажлын байрыг аюулгүй болгож хүчдэл салгасан. Ахлах монтёр Авдгажы хоёр нь трансформатор руу гараад ажлаа эхэлж байя гээд хэлсэн. Яг тэр тэг, энэ ингэ гэж хэлээгүй. Дээшээ монтёр Очирхүрээт гараад би трансформаторын бэхэлгээг тайлж байсан. Бэхлэгээ тайлаад дуусаад буух гээд хөлөө унжуулж байтал миний дээрээс трансформатор, ажлын хайсан тавцан, тэд нарыг тогтоодог шивлээр төмөр бүгд дээрээс дарж орж ирсэн. Ийм л асуудал болсон…” гэжээ /1-р хх-48-49/.

Гэрч Б.Очирхүрээт мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад ажил гүйцэтгэгч Авдгажы утсаар яриад ажил гарсан, гэмтэл гарсан трансформатор гэмтсэн байна цугла гээд над руу ярьсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад Авдгажы багш, жолооч Бямбажав бид нар нийлээд цуг ажил дээр ирсэн юм. Ажил дээр ирээд хувцсаа солиод шаардлагатай материалууд болон багажаа аваад гарсан. Тухайн үед бид нарыг ирэхэд Дөлгөөн ирсэн хувцсаа сольж байсан. Тэгээд хамт дуудлага гарсан газар ирээд машинаас буугаад ажил гүйцэтгэгч Авдгажы ажил хувиарлаж өгөөд Дөлгөөнийг трансформаторын доод талын бэхэлгээг тайл намайг дээшээ гараад трансформаторын дээд бэхэлгээг нь тайл гэж хэлсэн. Би трансформаторын дээд бэхэлгээг тайлсан чинь трансформатор урд талын тулгуур гуяаа дагаад доошоо гулсаж унаад доороос намайг Авдгажы буугаад ир гэхээр нь буугаад харсан чинь Дөлгөөн хавчуүлагдсан манай хэд сандарчихсан байж байсан. Манай хэд Дөлгөөнийг авах гээд чадахгүй би машин руу очиж лантуу авч ирээд дарсан байсан шийтийг цохиж Дөлгөөнийг гаргасан. Тэгээд түргэн дуудсан. 2016 оны 12 дугаар сарын 6-ны шөнө ажилд гарахад ажил гүйцэтгэгч Авдгажы зааварчилга өгч гарын үсэг зуруулаагүй маргааш өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр ирэхээс өмнө нөхөж гарын үсэг зуруулсан...” гэжээ /1-р хх-50/.

Гэрч Э.Ишва мэдүүлэхдээ: “…Тухайн үед бол Авдгажы Дөлгөөн, Очирхүрээт хоёрыг гялс дээшээ гараад тайлчих кран машин ирэхээс өмнө ажлын байраа бэлдэж байя гээд зэрэг дээш нь гаргасан юм. Очирхүрээт трансформаторын хайс тавцан дээр гараад бэхэлгээ тайлж байсан. Дөлгөөн доод талынх нь бэхэлгээг тайлж байсан. Би яг энэ үед цаашаа явж бие засчихаад эргээд наашаа алхсан чинь чимээ гарахаар нь гүйгээд ирэхэд трансформатор хайс тавцантайгаа станцынхаа тулгуурын нэг гуяруу нь хазайсан байдалтай доор нь Дөлгөөн дарагдсан орилоод байж байсан. Тэгээд Дөлгөөнийг бид нар 2-3 минутын дараа тэндээс гаргаж авсан.

Урьд нь бол ажил гүйцэтгэгч Авдгажы ажилд гарахын өмнө зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг байсан харин осол гардаг өдөр бол зааварчилга өгч гарын үсэг зуруулаагүй. Дараа нь нөхөж гарын үсэг зуруулсан…” /1-р хх-51/.

Гэрч Д.Бямбажав мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 02 цаг өнгөрч байхад ажил гүйцэтгэгч Авдгажы дуудаад ажлын байран дээр 03 цагийн үед ирсэн юм. Тэгээд би орж хувцсаа сольчхоод харуулын байрнаас машиныхаа түлхүүрийг аваад машинаа аваад гражийн үүдэнд байж байтал хамт ажилладаг Авдгажы, Дөлгөөн, Очирхүрээт, Ишва нар гарч ирээд гэмтэл гарсан станц трансформатор эвдэрсэн гэж дуудлага ирсэн тул солихоор явсан. Ажлын байран дээр ирээд ажил гүйцэтгэгч Авдгажы, Очирхүрээт, Дөлгөөн хоёрыг ажлын байр руу оруулсан. Би тухайн үед машинаасаа буугаагүй гэрэл тусгаад байж байсан. Гэрэл нь бол манай ажлаас тавьж өгсөн зориулалтын гэрэл байдаг юм. Тэгээд ажлаа хийж байтал трансформаторын доод тавцан нь доошоо гүйж Дөлгөөнийг дарчихсан. Бид нар гаргах арга хэмжээг аваад түргэн дуудсан…” гэжээ /1-р хх-52/.

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжилгээний 16554 тоот дүгнэлт:

“1. Г.Дөлгөөний биед сээрний 11, 12 дугаар нугламын шахагдаж бяцарсан хугарал, нугасны няцрал, доод мөчдийн саажил, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /1-р хх-24/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 781 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:

1. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ¹16554 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Дөлгөөний биед сээрний 11,12 дугаар нугалмын их биеийн бяцарсан хугарал, хугарлын харалдаах зөөлөн эдийн няцрал, нугасны няцрал, доод мөчдийн саажил, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 60 хувь алдагдуулна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ.” гэжээ /2-р хх 11-12/.

   2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ¹02 Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн акт: /хх-42-46/.

    2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-5-6, 11-13/

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 5/736 дугаартай тушаал “Албан тушаал бууруулах тухай” /1-р хх-77/

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05/078/17 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын шинжээчийн дүгнэлт /2-р хх 6-8/.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/50 дугаартай тушаал “Шуурхай ажиллагааны журам батлах тухай”.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх 68-74/ зэргийг шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч Д.А, Г.Б, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хянан хэлэлцэхэд Д.А, Г.Б, Ц.Т нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 11.3-р зүйлд заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулаагүй буюу монтёр Г.Дөлгөөн 2016 оны 12-р сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хороо Сургуулийн 37 дугаар гудамжинд байрлах өндөр хүчдэлийн шугамд байрлуулсан трансформаторын давцан дээрээс гулсан унаснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсанд Д.А, Г.Б, Ц.Т нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 78, 175 дугаар заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгч Д.А, Г.Б, Ц.Т нарыг ямар үндэслэлээр дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллаж байгаа нь ойлгомжгүй, прокурорын яллаж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 78, 175 дугаар заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй” гэх гэм буруугийн хэлбэр тодорхойгүй бөгөөд эдгээр хууль дүрмийг биелүүлэх эрх бүхий албан тушаалтанд дээрх шүүгдэгч нарыг хамаарах этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Д.А, Г.Б, Ц.Т нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан яллах талын нотлох баримт болох “Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн акт ¹2”-ийг Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт гэх боловч энэ нь хэний хүсэлтээр, ямар үндэслэлээр гарсан нь тодорхойгүй, мөн акт гаргасан этгээдэд хууль сануулаагүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 9.1, 9.2 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж цуглуулсан баримт гэж үзэхээр байна. Иймд уг актыг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчит хувьцаат компанийн Зүүн түгээх төвийн Сэлбэ ээлжийн ахлах инженер Ц.Т, агаарын сүлжээний засвар үйлчилгээний хэсгийн ахлагч Г.Б, монтёр Д.А нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 78, 175 дугаар заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс тус газарт монтёр ажилтай хохирогч Г.Дөлгөөн нь 2016 оны 12 дугаар сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37 дугаар гудамжинд байрлах өндөр хүчдэлийн шугамд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх явцад шонд байрлуулсан трансформаторын давцан дээрээс нь гулсан дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-ний Зүүн түгээх төвийн Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журналыг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн 201625032378 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.А, Г.Б, Ц.Т нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн 201625032378 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4. Цагаатгагдсан этгээд нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-ний Зүүн түгээх төвийн Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журналыг хэрэгт хавсаргасугай.

6. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих, цагаатгагдсан этгээд цагаатгасан шалтгаан үндэслэлд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН