Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0062

 

2025         01           20                                         128/ШШ2025/0062

                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Аурум металс” ХХК /РД: 5005094/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Маргааны төрөл: “нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын 11,54 га талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэсэн үйлдэл нь хуульд нийцсэн эсэх” маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оргилбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. “Аурум металс” ХХК нь “Гурван эвтэн” ХХК гэх нэртэй байх үедээ анх 2006 онд Баянхонгор аймгийн Заг сумын нутагт “Их булаг” нэртэй талбайг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж эхэлсэн. Хайгуул хийсний үр дүнд 2014 онд 410 га талбайд MV-012197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ба үүнээс хойш 2 удаагийн үйлдлээр тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас тодорхой хэсгийг улсад буцаан өгч 283.35 га талбайтай үлдсэн байна.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан ба “Аурум металс” ХХК-аас уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж улмаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0417 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 489 дугаар магадлалын дагуу дээрх тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэсэн байна.

3. “Аурум металс” ХХК нь 2021 оны 12 дугаар сард өөрийн MV-012197 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газрын кадастрын лавлагааг авахад “усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 11.54 га давхцалтай” гэж гарсан байна.

4. “Аурум металс” ХХК-ийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/140 дугаар албан бичгээр “усны сангийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газарт гаргасан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/2054 дугаартай  албан бичгээр “... Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаар албан бичгийн дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасах боломжгүй...” гэх хариуг өгчээ.

5. “Аурум металс” ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн санд Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших, “Аурум металс” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаартай Их булаг нэртэй талбайд 47*11’30’’, N-99*06’09’’E солбицлын цэгтэй 11.54 га талбайг усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулж, бүртгэлээс хасахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасанд тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4506 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.  

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл.

2.1. Нэхэмжлэгч “Аурум металс” ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...”Аурум металс” ХХК нь Баянхонгор аймгийн Заг сумын нутаг, Их булаг нэртэй талбайг 2006 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж эхэлсэн (тухайн үеийн нэрээр “Гурван эвтэн” ХХК) бөгөөд өөрийн зардлаар хайгуул хийсний үр дүнд 2014 онд 410 га талбайд MV-012197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Улмаар 2 удаагийн үйлдлээр зарим талбайг улсад буцаан өгч аливаа хуулиар хориглосон талбайтай давхцалгүй 283,35 га ашиглалтын талбайтай үлдсэн. 2017-2018 оны хооронд ордын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар тус тус батлуулан үйл ажиллагаа явуулахад бэлтгэж байсан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийдвэрээр компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Бид шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0417 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 489 дугаартай магадлалын дагуу хариуцагч нь манай тусгай зөвшөөрлийг сэргээсэн болно. Улмаар бид төслийг дахин үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байх явцад тус тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр 11,54 га хамгаалалтын бүсийг бүртгэсэн байгааг олж мэдсэн. Бодит байдал дээр уг талбайд огт усны эх үүсвэр, булаг шанд байдаггүй. Энэ талаар бид удаа дараа холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаартай албан бичигт энэ газарт урсгалтай булаг байхгүй талаар дурдсан байдаг. Бид энэ талаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/140 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж хүсэлт гаргасан боловч 2024 оны 05 дугаар сарын 01-ний 06/2054 дугаартай албан бичгээр татгалзсан хариу ирсэн.

Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тухайн хамгаалалтын бүсийг бүртгэхдээ хууль ёсны болон үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй нь дараах үндэслэлүүдээр тогтоогдоно.

         2.1.1. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж буй тухай. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу усны сан бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар усны сан бүхий газар гэж "...булаг, шанд... мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг" ойлгодог. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь бодит байдалд огт булаг урсдаггүй газарт булаг урсаж буй мэтээр, улмаар түүнээс 200 метрийн радиуст хамгаалалтын бүсийг бүртгэснээр “Аурум металс” ХХК нь өөрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа юм.

         2.1.2. Хамгаалалтын бүс бүртгэсэн нь бодит байдалд нийцээгүй тухай. “Булаг” гэсэн үгний тодорхойлолтыг Монгол Улсын аливаа хууль, эрх зүйн актад тусгаагүй боловч шинжлэх ухааны болон монголчууд бидний энгийн ухамсрын түвшинд газрын гүний ус газрын гадарга уруу ундран гарч урсахыг ойлгодог. Манай байгууллага анх 2006 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл 18 жилийн туршид тухайн цэгт огт булаг урсдаггүй болно. Энэ нь тус яамны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 068/1105 дугаартай албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09/2246 дугаартай албан бичиг зэргээр тодорхой нотлогддог. Тухайн цэгт булаг байсан тохиолдолд төслийн ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэргийг боловсруулах, батлуулах огт боломжгүй юм. Гэтэл бидний олж мэдсэнээр тус яамны 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09/4699 дугаартай албан бичгээр тухайн цэгт Ханангийн булаг гэх булаг бүртгэн хамгаалалтын бүс тогтоосон байдаг. Булаг нь олон сая жилийн байгалийн тогтоц, хувирлаас үүсдэг байхад хариуцагч яам нь ердөө нэг жилийн дотор булаг үүссэн мэтээр бүртгэсэн нь тухайн булаг бодит байдал дээр байдаггүй гэдгийг нотолно.

         2.1.3. Хамгаалалтын бүсийг бүртгэх хууль зүйн үндэслэлгүй тухай. Усны тухай хуулийн 10 дугаар зүйлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны устай холбогдох эрх хэмжээг тодруулан заасан байдаг. Уг заалтад яам нь булаг, түүний хамгаалалтын бүсийг тогтоож бүртгэх тухай эрх хэмжээ байхгүй. Цаашилбал, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын саналыг үндэслэн хамгаалалтын бүсийг тогтоох тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т ашигт малтмал хайх болон ашиглахыг хориглосон газрын хилийн заагийг Засгийн газар тогтоох тухай тус тус заасан. Тодруулбал, тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн орон нутагт буй хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулснаар хуульд заасан хориглох талбайн хилийн зааг гэж үзэхээр байна. Гэтэл хариуцагч нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчин хууль бусаар булаг, болон түүний хамгаалалтын бүс тогтоосон нь үндэслэлгүй байна.

         2.1.4. Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухай. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр буюу захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагаа явуулах, түүний саналыг авах зэрэг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Гэтэл хариуцагч нь хамгаалалтын бүсийг тогтоохдоо эдгээр ажиллагааны алийг ч явуулаагүй тул бодит байдал дээр огт булаггүй газар хамгаалалтын бүс тогтоосон байдаг. Бид хамгаалалтын бүсийг хэзээ, хэрхэн бүртгэсэн талаар дурдсан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09/4699 дугаартай хариуцагчаас Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандсан албан бичгийн 2023 онд анх санамсаргүйгээр олж мэдсэн нь сонсох ажиллагааны журам зөрчсөнийг хангалттай нотолно.

         2.1.5. Хариуцагчаас ирүүлсэн хариу үндэслэлгүй тухай. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/2054 дугаартай албан бичигтээ тус хамгаалалтын бүс нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг"-тай давхцалтай гэж дурдсан боловч бодит байдал дээр огт давхцалгүй. Уг албан бичгийн хавсралтаар ирүүлсэн лавлагаанд дурдсан тус яамны ахлах мэргэжилтэн Э.Э*******гийн дүгнэлтэд ч тэр талаар тодорхой дурдсан байдаг.

         Иймд үндэслэлгүйгээр бүртгэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн санд Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших, “Аурум металс” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаартай Их булаг нэртэй талбайд, 47°11'30"N, 99°06'09"Е солбицлын цэгтэй 11,54 га талбайг усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулж, бүртгэлээс хасахыг даалгаж өгнө үү...” гэжээ.

         2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Аурум металс" ХХК нь 2016 онд Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Их булаг нэртэй талбайд уг хайгуулын тусгай зөвшөөрлийг Гурван эвтэн ХХК нэрээр анх олж авсан. 2014 онд 410 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан. Хайгуул гэдэг бол ашиг олдоггүй маш өндрөөр зардлаар хайгуул явуулж, түүний дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ч ашиг олох эсэх нь тодорхойгүй өндөр эрсдэлтэй салбар. 2014 онд 2 удаагийн үйлдлээр нутгийн ард иргэдийн эсэргүүцэл, холбогдох байгууллагуудын хүсэлтээр нийт 120 га талбайг буцааж өгөөд 283,35 га талбайтай үлдсэн. 2017-2018 оны хооронд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглахаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж эхэлсэн. Энэ хугацаанд тус талбайд булаг шанд давхцалтай гэх үйл баримт тогтоогдоогүй. Учир нь техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулахын тулд тус талбайд булаг шанд гол горхи байгаа эсэхийг тодруулаад хэрэв байгаа гэж үзвэл баталдаггүй. 2017-2018 оны урт хугацаанд булаг шанд давхцалтай гэх үйл баримт тогтоогдоогүй. Гэтэл 2020 оны 02 дугаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар манай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 9 дүгээр сард дууссан. Бид тусгай зөвшөөрлөө сэргээлгэе гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд манай зөвшөөрөл бүхий талбайд булаг шанд давхцалтай байна гэх үйл баримт тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан.

         Баянхонгор аймгийн Заг сумын Их булаг нэртэй нутаг дэвсгэрийг харьяалах Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанд хүсэлт гаргаж булаг байгаа эсэхийг тодруулахаар 2023 оны 06 дугаар сард тухайн газарт үзлэг, туршилт, судалгаа явуулсан. Холбогдох баримтуудыг хавсаргаад 2023 оны 11 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бодит байдал дээр булаг шанд байхгүй тул давхцалтай гэх хэсгийг хасуулъя гэж хандахад хариу өгөхгүй байсаар 2024 оны 05 дугаар сард 06/2054 дугаар албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн. Бид уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

         Нэхэмжлэлийн үндэслэл нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар хөндсөн. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар усны сан бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-усны сан бүхий газар гэдгийг булаг, шанд, мөсөн голын эзэлж байгаа талбай тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг ойлгон гэж тодорхойлсон. Гэтэл бодит байдал дээр огт булаг урсдаггүй, булаг урсаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр 200м радиустай газарт хамгаалалтын бүс тогтоосон. Энэ нь "Аурум металс" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай шууд давхцаж байгаа тул эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

         Хамгаалалтын бүсийг бүртгэсэн нь яагаад үндэслэлгүй вэ гэхээр булаг гэдгийг тодорхойлсон хууль зүйн ойлголт байхгүй. Энгийн ухамсрын түвшинд булаг гэсэн ойлголтыг газрын гүнээс газрын гадаргуу уруу урсан гарч байгаа ундаргатай гэж үздэг. Манай компани анх 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрөл аваад хайгуулын тусгай зөвшөөрөл болгоод өдийг хүртэл нийт 19 жилийн хугацаанд холбогдох үйл ажиллагааг явуулсан байхад ямар нэгэн байдлаар булаг давхцалтай, хамгаалалтын бүс тогтоосон зүйл дурдагдаж байгаагүй. Гэтэл 2018 онд Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулсан хүсэлтдээ тус талбайд Ханангийн булаг байгаа учир хамгаалалтын бүс тогтоож өгнө үү гэжээ. Уг хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хангаагүй. 1969, 1991 онд хийгдсэн геологийн судалгаа, байр зүйн зургаар булаг шанд байхгүй, хуурай сайр байгаа учир хамгаалалтын бүс тогтоохгүй гэх хариу өгсөн. Гэтэл үүнээс нэг жилийн дараа Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас мөн адил хүсэлт явуулсныг хүлээн авч мэдээллийн санд бүртгэсэн байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд мэдэгдэлгүйгээр хамгаалалтын бүс тогтоосон нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж байна. Хариуцагчаас ирүүлсэн тайлбар үндэслэлгүй. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолд давхцалтай гэж дурдагдсан ч тогтоолыг шүүгээд үзэхэд солбицлын цэг, Ханангийн булаг гэх булгийн нэр тусгагдаагүй. Түүнчлэн энэ тогтоолыг гарахад хавсаргагдсан Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд Ханангийн булгийг түр зуурын урсацтай хуурай сайр гэж тэмдэглэсэн байгаа. Гэтэл давхцалтай гэж үзээд мэдээллийн санд бүртгэсэн нь үндэслэлгүй.

         Иймд Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших “Аурум металс” ХХК-ийн MV-012197 дугаартай Их булаг нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд, 47°11'30"N - 99°06'09"E солбицлын цэгтэй 11,54 га талбайг усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгож, холбогдох шийдвэрийг бүртгэлээс хасахыг даалгаж өгнө үү...” гэв.

         2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оргилбаяр шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Тухайн газарт булаг байгаа эсэхийг тогтоогүй. “Аурум металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт тухайн газарт очиж булаг байгаа эсэхийг тогтоогоогүй гэж дурдсан болохыг анхаарч үзэхийг хүсье. Хамгаалалтын бүсийг тогтоох хууль зүйн үндэслэл нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т Засаг даргын саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох тухай хуульд Засгийн газар тогтоох зохицуулалттай. Байгаль орчны яам хамгаалалтын бүс тогтоох зохицуулалт байхгүй. Хэрэгт авагдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан бичгийг үндэслээд яам бүртгэсэн нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн үйлдэл юм...” гэв.

         Гурав. Хариу тайлбар, татгалзал:

         3.1. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “...“Аурум металс" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсэгт Ханангийн булаг гэх булаг бий. Үүнийг Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанаас хяналт шалгалтын ажил хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн илтгэх хуудаст Их булгийн хөндийн эхний 20 гаруй булгууд нь Ханангийн булагтай нийлэн урсац үүсгэн зарим газраа шургаж, зарим газраа урсаж байсан. Тухайн газар дээрх булаг нь бороо, ус ихтэй үед урсдаг бусад үед хөрсөн доогуураа шургасан байдаг гэж тогтоосон. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал ирүүлсний дагуу хамгаалалтын бүс тогтоож бүртгэсэн үйлдэл нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

         Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, санал, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны илтгэх хуудсыг үндэслэж бүртгэсэн. Тухайн илтгэх хуудаст булаг зарим үед хөрсөн дээгүүр ил гарч, зарим үед хөрсөн доогуур шургадаг гэж дурдсан. Тэгэхээр байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд бүртгэсэн үйлдэл нь үндэслэлтэй.

         Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/4373 дугаар албан бичгээр, нэхэмжлэгч хуулийн этгээд нь тус газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Баянхонгор аймгийн Заг сумын нутаг, “Их булаг” нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж, кадастрын бүртгэлийн мэдээллийн санд хүчин төгөлдөр бүртгэлтэй болохыг баталж, уг тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар гаргаж ирүүлсэн.

3. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон ...дахин нотлохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаар тусгай зөвшөөрлийн 283.35 га талбайн хэмжээ, “Их булаг” талбайн нэр, байршлын талаар түүнчлэн уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшилд байдаг эсэх талаар дахин дүгнэх, нотлох шаардлагагүй, учир нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдож, маргаагүй.

4. Энэ утгаараа тусгай зөвшөөрлийг эзэмшигч, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ”, 27.1.1. “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах”, 27.1.5. “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах”, 27.1.8. “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, ашиглах”, 27.1.11. “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах” зэрэг бүрэн эрхтэй байна.

5. Тэрчлэн нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших, ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаар тусгай зөвшөөрлийн талбай “Их булаг-1” нэртэй алтны шороон ордыг ашиглах ил уурхайн техник-эдийн засгийн үндэслэл, алтны шороон ордын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан зэргийг боловсруулан батлуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан үүргийг хэрэгжүүлснийг дурдах нь зүйтэй.

6. Энэ үүргийн хүрээнд тухайн үедээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06/1105 дугаар албан бичгээр “Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт орших MV-012197 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэх лавлагааг гаргаж өгч байсныг дурдаж, баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно.

7. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албаны цахим хуудас дахь Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн сангаас авсан лавлагаанд “Аурум металс” ХХК-ийн MV-012197 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 11.54 га талбайгаар давхцалтай гэж тусгагдсаныг мэдсэнээр ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүйд хүрч маргаан гарах үндэслэл болсон байх ба,

8. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/4373 дугаар албан бичгээр “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын бүртгэлийн санд бүртгэл үүсгэх чиг үүрэг манай газарт байхгүй” гэж ирүүлснээр нэхэмжлэгчийн маргасан үйл баримт болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаанд Усны тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэж,

9. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/2054 дугаар албан бичгээр “Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших, ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг”-тай давхцалтай байна. Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаар албан бичгийн дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасах боломжгүй” хэмээн нэхэмжлэгч “Аурум металс” ХХК-д хүргүүлснээр маргаан нь шүүхийн хяналтад орсон, энэ тохиолдолд захиргааны зүгээс албажуулсан, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байхгүй, харин дээрх албан бичгийн хавсралтаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Э*******гийн боловсруулан гаргасан зурган мэдээллийг маргаан бүхий захиргааны үйл ажиллагаа /үйлдэл/-д хамаатуулан үзэж, хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

10. Дээрх зурган мэдээлэлд ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг “Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 11.54 га давхцалтай, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй, орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байна” гэсэн байх ба,

11. Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 209 дүгээр албан бичгээр ирүүлсэн баримтад:

11.1. тус Сав газрын захиргааны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Заг суманд ажилласан тухай илтгэх хуудаст “...Их булгийн хөндийн эхний 20 гаруй булгууд нь Ханангийн булагтай нийлэн урсац үүсгэн зарим газраа шургаж, зарим газраа урсаж байсан...” гэж бичигдсэн,

11.2. тус Сав газрын захиргааны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7/93 дугаар албан бичгээр “Заг сумын Б******* 1 дүгээр багийн нутаг Их булагт сав газрын захиргаанаас 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр газар дээр нь очиж үзэхэд Их булгийн хөндийн эхний 20 гаруй булгууд нь Ханангийн булагтай нийлэн урсац үүсгэн зарим газраа шургаж, зарим газраа урсаж байсан. Хур бороо ихтэй жил Их булаг хэмээх газарт байгаа 20 гаруй булгуудын ус ихсэж урсац үүсгэн Загийн голд цутгадаг” хэмээн Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст хаяглан дээрх илтгэх хуудасны хамт 3 хуудас баримт хүргүүлсэн бол,

11.3. мөн захиргааны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 7/96 дугаар албан бичгээр “...Их булгийн аманд 21 булаг байдгаас Ханангийн булаг нь MV-012197 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтайг тогтоосон, энэ үед Ханангийн булаг нь усгүй байсан, ... 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр газар дээр нь очиж үзэхэд Их булгийн амны Ханангийн булаг дээр очиж үзсэн. Их булгийн хөндийн эхний 20 гаруй булгууд нь Ханангийн булагтай нийлэн урсац үүсгэн зарим газраа шургаж, зарим газраа урсаж байсан” хэмээн Усны нөөцийн хэлтэст хаяглан хүргүүлсэн байдаг.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...дээрх илтгэх хуудсаар Ханангийн булагтай нийлэн урсац үүсгэн зарим газраа шургаж, зарим газраа урсаж байсан, булаг нь бороо, ус ихтэй үед урсдаг бусад үед хөрсөн доогуураа шургасан байдаг гэж тогтоож, санал ирүүлсний дагуу хамгаалалтын бүс тогтоож бүртгэсэн үйлдэл нь хуульд нийцсэн” хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

13. Шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөөгүйг тэмдэглээд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 11.54 га давхцалтай, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын “Их булаг” нэртэй талбай байрших газарт дээрх усны сан бүхий газар болох “Ханангийн булаг” байдаг, уг булгийн ус зарим газар урсаж, зарим цагт газар доогуур шургадаг гэх агуулгуудад дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай болсон.

13.1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг” ойлгохоор нэр томьёоны утгыг хуульчилсан, харин “булаг” гэсэн ойлголтыг нэр томьёоны утгаар нь хуульчилж, тусгайлан тодорхойлолт өгөөгүй.

13.2. Дээрх тодорхойлолтыг утгачлан авч үзвэл, “булаг”-ийн эзэлж байгаа талбай, түүний хамгаалалтын бүсийн газрыг хамтад нь усны сан бүхий газар гэдэгт оруулахаар байна.  

13.3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд “Ханангийн булаг” давхцалтай гэх боловч уг булгийн эзлэх талбай, хамгаалалтын бүс нь ямар хэмжээтэй болох, өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар болон усны эх үүсвэрт онцгой, энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн гэсэн 3 өөр бүс тогтоохоор байх ба үүнээс 22.3. “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно” гэсэн заалтыг ямар утгаар боловсруулж 11.54 га гэж үзсэн болох нь тодорхой бус, энэ талаарх тайлбар, баримтыг хариуцагч талаас няцааж гаргаж чадахгүй байна.

14. Усны тухай хуулийн 22.4. “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасан нь усны сан бүхий газрыг хамгаалах, зохистой ашиглах зэрэг харилцаанд хамааралтай хэм хэмжээний зохицуулалт буюу  юу болох, юу болохгүй талаарх ойлголтыг журамласан гэж үзэхээр байна. 

15. Шүүхээс цуглуулсны дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Баримт хүргүүлэх тухай” 08/1778 дугаар албан бичгээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/, Барилга, хот байгуулалтын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хуулбарыг нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн.

15.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын Нийтлэг үндэслэлийн 1.3.4. “...“булаг” гэж газрын доорх түрэлттэй ус нам дор буюу хажуу газрын гадаргад байгалийн жамаар нэвчин гарч ирсэн байдлыг”, 2.2. “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна”, 2.5. “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно”, 2.5.1. “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд”, 2.5.2. “улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд”, 2.6. “сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй”, 2.8. “энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” зэргээр журамлаж,

15.2. Харин дээрх журмын 2.9-д заахдаа “энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22.9-д заасны дагуу зохицуулна” гэж заасан ба Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна” гэжээ.

15.3. Хууль тогтоогчоос баталсан, 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5. “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан бол,

15.4. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.3. “энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж зааснаар Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол батлагдсан, уг тогтоолд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан, дээрх тогтоолууд нь ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах харилцаанд хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

15.5. Тэгвэл дээрх хоёр тогтоолын хавсралтад заасан солбицолтой нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол давхцахгүй байгаа нь тогтоогдож, хэрэв хуулийн хориглолттой талбайд тусгай зөвшөөрөл олгосон гэвэл ашигт малтмал /нийтийн эрх зүй/-ын харилцаанд бүрэн эрхээ хэтрүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газар, мөн газрын Кадастрын хэлтсийн алдаа болохоор байна.

15.6. Ингэхийн учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.“Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал бол төрийн өмч мөн”, 5.2.“Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж зааснаар Баянхонгор аймгийн Заг сумын нутаг, “Их булаг” нэртэй газарт байрших ашиглалтын эрхийг хуулийн шаардлага хангасан этгээдэд олгох эрх “Төр” болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /захиргааны байгууллага/-т байна.

15.7. Энэ тохиолдолд дээрх Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14.“хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15. “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах ...” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч хуулийн этгээдэд Баянхонгор аймгийн Заг сумын нутаг, Их булаг нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйл баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/4373 дугаар албан бичгээр ирүүлсэн бичгийн нотлох баримтаар нотлогддог.

16.  Иймээс, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцуулан, хууль болон Засгийн газрын тогтоолоор хориглогдсон талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон гэж үзэхгүй.

17.  Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2/133 дугаартай албан бичгээр,

17.1. Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай” Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очирт хүргүүлсэн “... уурхайн ашиглалтын MV012197 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, унаган байгаль, гол усаа аварч үлдэх талаар холбогдох дээд шатны байгууллагад уламжилж, шийдвэрлэж өгнө үү” гэх 1/05 дугаар албан бичиг,

17.2. Баянхонгор аймгийн Заг сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “...”Аурум металс” ХХК-д хүргэх албан шаардлагыг уншиж танилцуулав. Хуралд оролцогчдын 100% саналаар албан шаардлагыг хүргүүлэхийг зөвшөөрөв” гэх 04/01 дугаартай тэмдэглэл,

17.3. Баянхонгор аймгийн Заг сумын 1 багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын нэг дэх заалтаар “Алтны шороон орыг ашиглахад нутгийн иргэдийн оролцоо ба санаа бодлыг дэмжих тухай 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Тэргүүлэгчдийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн талаарх 04/06 дугаар тогтоол,

17.4. Баянхонгор аймгийн Заг сумын 1 багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” тогтоолоор “1... “Централ Эшиа Майнанг” ХХК-ийн үйл ажиллагааг Б******* багийн иргэдийн Нийтийн Хурлаар дэмжигдээгүй мөн, үйл ажиллагааг нь зогсоох гэсэн өргөдөл, гомдол гаргасан иргэдийн саналыг дэмжих, Б******* багийн иргэдэд хуурамч мэдээлэл тарааж “Централ Эшиа Майнанг” ХХК цаашид “Аурум металс” ХХК-ийн залилан зуруулсан гарын үсгийг баталгаажуулж, Тэргүүлэгчдийн хууль бус тогтоол дээр багийн Засаг даргын гарын үсгийг хуурамчаар зурсан учир багийн Засаг даргыг зохих хуулийн байгууллагад гомдол гарахыг зөвлөж” шийдвэрлэсэн талаарх 01 дүгээр тогтоол,

17.5. Баянхонгор аймгийн Заг сумын 1 багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай” тогтоолоор “Аурум металс” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжин, тогтоол, хэлэлцүүлэг, хурлын тэмдэглэл гаргаагүйг үндэслэл болгон тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоож” шийдвэрлэсэн 02 дугаар тогтоол,

17.6. Баянхонгор аймгийн Заг сумын 1 багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Санал уламжлах тухай” 37 дугаар тогтоол.

Эдгээрийг нотлох баримтаар тус шүүхэд ирүүлсэн бол,

18. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 09/2246 дугаар албан бичгээр “Таны ирүүлсэн хүсэлтийг судалсан гээд Эх булгийн гол нь Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газрын захиргааны 2016, 2017 оны усны тоо бүртгэлийн тооллогын тайланд бүртгэгдээгүй, харин 1969 онд шинэчлэн зурагдсан 1:100,000 масштабтай байр зүйн зураг болон Монгол орны гадаргын усны ус зүйн сүлжээний зурагт түр зуурын урсацтай хуурай сайр гэж зурагдаж тэмдэглэгдсэн байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.7 дахь хэсэгт хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдирол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасны дагуу Эх булгийн голд энгийн хамгаалалтын бүс тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй” гэж,

19. Мөн яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05/8901 дүгээр албан бичигт “Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Их булгийн аманд орших MV-012197 дугаартай “Аурум Металс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Бөөн цагаан, орог нуурын сав газрын захиргаанаас 2018 оны 09 сарын 25-ны өдрийн 7/93 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу Ханангийн булгийг энгийн хамгаалалтын бүсэд авч мэдээллийн санд бүртгэсэн” гэж,

20. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09/4699 дугаартай албан бичигт “Таны ирүүлсэн албан хүсэлтийг судлан үзээд, Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших Эх булгийн сайр дагуу орших Ханангийн булгийг 2018 онд таны ирүүлсэн хүсэлтийн дагуу хамгаалалтын бүсэд авсан бөгөөд нэр тодорхойгүй 6 булгийг 1:100.000 масштабын байр зүйн зургийг үндэслэн (Их булгууд) Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын дагуу энгийн хамгаалалтын бүс тогтоож, яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн аваад байна” гэж тус тус Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад хүргүүлсэн.

21. Эдгээр албан бичгүүдийг шүүх авч үзэхдээ, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2. “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэснээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын талбай нь шууд хориглогдсон газарт хамаарахгүй болохыг тогтоож, шалгаж тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн, энэ талаарх төрийн чиг үүргийг хэрэгжүүлсэн өөр захиргааны байгууллагын үйл ажиллагааг шууд үгүйсгэж, нарийвчилсан зохицуулалтыг анхаарахгүйгээр, сум нь “санал” гаргаж, яам /хариуцагч/ нь шууд хүлээн авч тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн усны сан бүхий хамгаалалтын бүсийн бүртгэлд оруулж байгаа үйлдэл нь хууль бус байна.

22. Зүй нь, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6. “урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулах, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуух үйл ажиллагаа хориглогдох үндэслэл шалтгааныг бүрэн тогтоох, лавлагаа бүртгэл нь бодитой эсэхийг тодруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оролцоог нь хангах зэргээр захиргааны үйл ажиллагааг ямар хэлбэрээр, ямар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд лавлагаа бүртгэл хийснээ тайлбарлаж, нотлох шаардлагатай юм.

23. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Худаг /цооног/ гаргах зөвшөөрөл олгох тухай” 458 дугаар албан бичгээр “Ханангийн булаг орчмын гидрогеологийн судалгаа хийх зориулалтаар 2 ширхэг цооног өрөмдөх эрх”-ийг авч,  Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших Их булгийн амны алтны шороон ордод булаг байгаа эсэхийг судлах, ордын гидрогеологийн нөхцөлийг тодорхойлох, уурхайд орж ирэх усны хэмжээг үнэлэх зэрэг зорилгоор гүйцэтгэсэн гидрогеологийн судалгааны ажлын үр дүн”-г гаргуулсан хэмээн уг баримтыг нотлох баримтаар, эх сурвалжаар үнэлүүлэхээр мэтгэлцсэн.

24. Уг судалгааны ажлын баримтад: “...Газрын ул хөрсний ус /газар доорх ус/-аар ханаж газрын гадарга уруу сэвсгэр хурдасны нүх сүвээр дээшлэн ил гарсныг булаг гэнэ. Их булгийн хөндийн алтны шороон ордын талбайд байрлах Ханангийн булаг алтны хайгуулын үе шатанд газрын гадаргууд ил гарсан байгаагүй бөгөөд сүүлийн жилүүдэд цаг уурын эрс өөрчлөлтөөс хамаарч булаг хатаж ширгэсэн нь тогтоогдсон. Булаг нь голдуу хөндий, уулын хажуу бэлд үүссэн байх элбэг. ...Газар доорх усны хөдөлгөөний зүй тогтлоор тухайн булаг илэрсэн гэх байршил нь газар доорх ус газрын гадаргууд илрэн гарсан газар доорх усны локаль тогтолцооны хөлийн бүс болох нь тухайн талбайд илэрсэн булгуудын байдлаар болон гидрогеологийн судалгаа, нөхцөлийн зүй тогтлоор тогтоогдож байна. Их булгийн хөндийд олон жилийн цэвдэгт чулуулгийн бүс тархсан учраас энэхүү Ханангийн булаг нь олон цэвдэгт хурдасны цэвдгийн дээрх усанд хамаарах учраас байнгын булаг гэх боломжгүй болон нь гидрогеологийн цооногийн өрөмдлөгөөр тодорхой болж байна” гэжээ.

25. Бөөн цагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичигт “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын нутагт ажилласан. Заг сумын нутаг, Их булаг хэмээх газарт орших 99°5′56″; 47°11′47″ солбицолтой Ханангийн булаг нь тухайн цэгт урсдаггүй болохыг тогтоолоо. Тодруулбал ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллахад тус булаг урсгалгүй бөгөөд бороо хур ихтэй жил түр урсдаг болох нь тогтоогдсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.7 дахь хэсэгт “Хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдрил бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй" гэж заасны дагуу булаг гэж үзэхээргүй байна. Мөн 1969 оны Монгол орны гадаргын усны ус зүйн сүлжээний зураг, 1991 оны Орос Монголын хамтарсан гидрогеологийн тайлангийн усны зүйн сүлжээний 1:100,000 масштабтай зурагт түр урсацтай хуурай сайр хэмээн тэмдэглэгдсэн байна. Иймд 99° 5'56"; 47° 11′47″ солбицолтой Ханангийн булаг нь бодит байдал дээр байхгүй байна” гэж /1-р хх-ийн 28/ Усны газарт хүргүүлсэн баримт,

26. Бөөн цагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Заг сумын “Ханангийн булаг”-т очиж ажилласан тухай” илтгэх хуудаст газар дээр нь очиж ажиллахад тухайн булаг нь шургасан байдалтай байна” гэх. /1-р хх-ийн 29/

27. Дээрх судалгааны ажлын үр дүн болон энэхүү Үндэслэх хэсгийн 9-д заасан хариуцагчийн албан бичигт дурдсан Бөөн цагаан-Орог нуурын сав газрын захиргааны 2023 оны “Санал хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичгээс үзэхэд Ханангийн булгийн өргөрөг- 47011’29.5”, уртраг- 99006’13.8” солбицол нь ус зүйн сүлжээний зурагт хуурай сайр гэж тэмдэглэгдсэн, бодит байдал дээр булаг байхгүй, ширгэсэн нь тогтоогдсон, энэхүү үндэслэх хэсгийн 15.1-д заасан журмаар хамгаалалт тогтоохгүй хуурай сайр болох нь тогтоогдож байна.

28. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олж авсан ашигт малтмал ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн сангаас нэхэмжлэгч “Аурум металс” ХХК-ийн Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших, Их булаг нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь өргөргийн 47011’30’’ уртрагийн 99006’09’’ солбицлын цэгтэй 11.54 га талбайгаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгож, уг мэдээллийг бүртгэлээс хасахыг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс мөн хуулийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.9, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Аурум металс” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн санд нэхэмжлэгч “Аурум металс” ХХК-ийн Баянхонгор аймгийн Заг сумын нутагт орших, Их булаг нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-012197 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг өргөргийн 47011’30’’, уртрагийн 99006’09’’ солбицлын цэгтэй 11.54 га талбайгаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэж бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгож, уг мэдээллийн сангаас усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 11.54 га давхцалтай гэх бүртгэлийг хасахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН