Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

 

К.Ө-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолтой, цагаатгагдсан этгээд К.Ө-д холбогдох эрүүгийн 2213000160123 дугаартай, 6 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, цагаатгагдсан этгээд К.Ө, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Ганбат, Н.Оюунчимэг, иргэний хариуцагч Д.С, О.А, М.Е, Х.С, Х.Б, А.Н, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, ***** өдөр ******-д төрсөн, *** настай, эмэгтэй, ****** боловсролтой, ****** мэргэжилтэй, ******** ажилладаг, ам бүл *** хүнтэй, ***** хамт ******-т оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Т овогт К.Ө.

 

2. Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч ажилтай К.Ө нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

(1) тус эмнэлэгт 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, Т.Гг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09 дугаартай тушаалаар “хөтөч сувилагч”-аар, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тушаалаар “Сувилагч, асрагч”-аар, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Сувилагч, үйлчлэгч”-ээр, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалаар “Сувилагч”-аар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалаар “Ариутгалын сувилагч”-аар тус тус томилж, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 25,436,144 төгрөгийн хохирол учруулсан;

(2) Ц сумын Эрүүл мэндийн төвд үйлчлэгчийн батлагдсан орон тоо байхгүй байхад нөхрийнхөө дүүгийн эхнэр Х.С-ыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай тушаалаар үйлчлэгчээр, түүнчлэн тус эрүүл мэндийн төвд угаагч ажилтай Т.К-ын ажлын байрыг зориуд өөрчилж, хүүхдийн сувилагч болгосны дараа Х.С-ыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай тушаалаар угаагчаар томилж, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 13,932,455 төгрөгийн хохирол учруулсан;

(3) Ц сумын Эрүүл мэндийн төвд 9 багийн бага эмч ажиллах орон тоо батлагдсан байхад багийн эмчийн орон тоог хэтрүүлж Х.Б-г 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Хуурай говийн чиглэлд бага эмч”-ээр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай тушаалаар “Хуурай говийн чиглэлд нэмэлт багийн бага эмч”-ээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тушаалаар “2-р багийн бага эмч”-ээр, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай тушаалаар “5-р багийн бага эмч”-ээр томилж 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 22,984,194 төгрөгийн хохирол учруулсан,

(4) Ц сумын Эрүүл мэндийн төвд 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, Т.К-г 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай тушаалаар “хүүхдийн сувилагч”-аар 2022 оны 9 дүгээр сарыг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 42,981,491 төгрөгийн хохирол учруулсан,

(5) Ц сумын Эрүүл мэндийн төвд 9 багийн бага эмч ажиллах орон тоо батлагдсан байхад багийн эмчийн орон тоог хэтрүүлж М.Е-г 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай тушаалаар “хөдөөгийн багт нэмэлт багийн эмч”-ээр 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай тушаалаар мөн “хөдөөгийн багт нэмэлт багийн эмч”-ээр томилж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 2,157,462 төгрөгийн хохирол учруулсан,

(6) Ц сумын Эрүүл мэндийн төвд нийт 14 бага эмч ажиллах орон тоо батлагдсан байхад бага эмчийн орон тоог хэтрүүлж, М.Б-г 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тушаалаар “бага эмч”-ээр, мөн багийн эмчийн орон тоог хэтрүүлж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай тушаалаар “3 дугаар багийн бага эмч”-ээр томилж, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 17,234,872 төгрөгийн хохирол учруулсан,

(7) Ц сумын Эрүүл мэндийн төвд 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж А.Н-ыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай тушаалаар “дархлаажуулалтын сувилагч”-аар томилж, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 4,157,481 төгрөгийн хохирол учруулсан,

(8) Ц сумын Эрүүл мэндийн төвд 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, М.Ш-г 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай тушаалаар “Сувилагч”-аар, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай тушаалаар “Эргэлтийн сувилагч”-аар томилж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 6,883,263 төгрөгийн хохирол учруулсан,

(9) Ц сумын Эрүүл мэндийн төвд 1 тогооч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, Д.С-ийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Тогооч”-оор, үйлчлэгчийн орон тоо батлагдаагүй байхад 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай тушаалаар “амбулаторийн үйлчлэгч”-ээр томилж, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 13,593,640 төгрөгийн хохирол учруулсан,

(10) Ц сумын Эрүүл мэндийн төвд 3 их эмчийн орон тоогоор ажиллах байтал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” тушаал гаргаж 4 их эмч ажиллахаар бүтэц орон тоо баталж, улмаар О.А-ийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тушаалаар “дотрын их эмч”-ээр, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалаар “Хуурай говийн их эмч”-ээр тус тус томилж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 13,358,803 төгрөгийн хохирол, нийт Ц сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний 162,719,805 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 96/б дугаар яллах дүгнэлтээр К.Ө-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн  2023/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолоор: 

4.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Ө-д холбогдох эрүүгийн 2213000160123 дугаартай хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, К.Ө-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

5. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд:  

            5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоолоор “...Шүүх шүүгдэгч К.Өд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт явагдсан болохыг дурдаж. “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ...-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ. Учир нь, шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих ёстой бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурор нарт үүрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан байдаг.Шүүгдэгч К.Ө-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж, мөн 3.1.3-д “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх” гэсэн энэ гэмт хэрэг нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүлийн мэндийн сайдын тушаал, стандарт, дүрэм, журам зөрчсөн байхыг шаарддаг эшлэл татсан (бланкет) диспозицтой гэмт хэрэг юм, ...тодруулбал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгчээс ажилтнуудыг ажиллуулахдаа жирэмсний амралтад явсан хүний орон тоо болон сургалтад явсан хүмүүсийн орон тоонд эмч, сувилагч нарыг ажиллуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.3-т “Төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заажээ. Ажил олгогч нь тухайн газрын хүн амын тоо, газар орны байршил. ажлын зайлшгүй шаардлага. ажилчдын нөөц хүрэлцээгүй зэргийг харгалзан батлагдсан цалингийн сандаа багтааж ажилд авах бүрэн эрхийг хуулиар олгожээ. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий хүмүүсийг Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилд авч ажиллуулсан байна. Шүүгдэгч К.Өд Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба иймд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд, шүүгдэгч К.Ө нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад санаатай субьектив байдлаар давуу байдал олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн аймгийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар албан шаардлага гарч байсан ба энэ шаардлагын дагуу К.Ө нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд илүү ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлж, гэрээт ажилтнаар ажиллуулсан нөхцөл байдал тогтоогджээ. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж зааснаар албан шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас Ц сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тооны доод хязгаарыг тогтоож өгснийг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 262 дугаар албан бичигт “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагааны MNS 5081:2013 стандартыг хэрэгжүүлэх зорилгоор сум дундын эмнэлгүүдийн 2016 онд ажиллах орон тооны үлгэрчилсэн загварыг гарган хүргүүлж байсан байна. Үлгэрчилсэн загвараар батлагдсан орон тооны доод хязгаар, батлагдсан цалингийн санд багтаан үйл ажиллагаа явуулахыг мэдэгдье” гэжээ. Мөн Ц сумын Эрүүл мэндийн газар нь 2019, 2020, 2021 онуудад төсвийн зарлагыг хэтрүүлж, алдаа дутагдал гаргаж байгаагүй, харин нь ч тухайн жилийн төсөвтөө багтаан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Төрийн Аудитын газрын аудитын гэрчилгээ, дүгнэлтүүдээр батлагдаж байна. Ц сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2018, 2019 онд эх, хүүхдийн эндэгдэл ихээр гарсантай холбогдуулан Ц сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Эрүүл хүүхэд бидний ирээдүй хөтөлбөрийн төлөвлөгөө /3 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/-г сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулсан ба үүний үр дүнд хүүхдийн эндэгдэл 80 хувиар буурч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Мөн нөгөө төлөөр Ерөнхий эмч К.Ө нь Ц сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн эндэгдэл их гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсныг дурдах нь зүйтэй. Дэлхийн хэмжээнд Ковид-19 цар тал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль, Улсын Их хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг суруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дугаар зөвлөмж /1 дэх хавтаст хэргийн 136-238 дахь тал/, аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/930 дугаар захирамж /3 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/, сумын Засаг Даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар захирамж /3 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал/ зэрэг хууль, захиргааны эрх зүйн хэм хэмжээний актууд гарч байжээ. Түүнээс гадна аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас Сум, тосгонд өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор гэрээний дагуу мэргэжлийн эмч, сувилагч нарыг авч ажиллуулах талаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 520 дугаар албан бичиг явуулж байжээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан Эрүүл хүүхэд бидний ирээдүй хөтөлбөрийн төлөвлөгөө /3 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Ц сумын газар нутаг, өрхийн тоо /3 дахь хавтаст хэргийн 229 дэх талд/, МNS 5081:2023 стандарт /2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 133 дахь талд/, Ц сумын ерөнхий эмч К Өмиргүлийн Эрүүл мэндийн сайд Сарангэрэлд гаргасан хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 134 дэх талд/, хүүхдийн эндэгдэл их гарч байгаа тул орон тоо нэмүүлэх бүтэц батлуулах тухай хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 135 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Б-ийн гэрчийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх талд/, Ц сумын мэс заслын сувилагч Е.н гэрчийн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 103-104 дэх талд/, Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч К.Ө-д Ц сумын 3 дугаар багийн иргэдийн хүсэлт /3 дахь хавтаст хэргийн 237-238 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019.01.21-ний өдрийн Б/03 дугаартай тушаал /4 дэх хавтаст хэргийн 33 дахь талд/, 2019, 2020, 2021 онд гарсан хүүхдийн эндэгдлийн судалгаа /3 дахь хавтаст хэргийн 52 дахь талд/ зэргийг шүүх уг хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд үнэлж үзлээ. Харин Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтууд нь зөвхөн шүүгдэгч К.Ө нь нэр бүхий 10 ажилтныг авч ажиллуулж байсныг нотлох даргын тушаалууд байдаг бөгөөд энэ талаар шүүгдэгч талаас маргаагүй, мөн энэ хэрэгт хувийн сонирхолтой байж болох урьд тус эмнэлгийн Ерөнхий эмчээр ажиллаж байсан К.Сьез, гомдол мэдээллийг өгч байсан одоогийн Засаг дарга Т.Айтуган нарын мэдүүлгийг нь үндэслэж шүүгдэгчийг буруутгах үндэслэл байхгүй байна. Энэ нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүхээс өгсөн дүгнэлтүүдээр няцаагдаж байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар, хэрэгт хамааралтай талаас нь хянаж үзэхэд шүүгдэгч К.Ө-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх зорилгоор бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан" гэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж дүгнэлээ...” гэж дүгнээд шүүгдэгч Кулмесханы Өмиргүлд холбогдох эрүүгийн 2213000160123 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч К.Ө-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

5.2. Цагаатгах тогтоолыг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5.3. Шүүгдэгч К.Ө-ийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Аийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр томилсон бөгөөд К.Ө нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлэн нэр бүхий 10 хүнийг ажиллуулсан байна.

5.4. Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолт /01 дүгээр ХХ-ийн 91-95 дугаар хуудас/ хавтаст хэрэгт тусгагдсан, уг ажлын байрны тодорхойлолтод “Ажлын байрны үндсэн зорилтын 4 дэх хэсэгт “Хүний нөөцийн удирдлагаар хангах” гэж, мөн Ажлын байрны IV үндсэн зорилтын хүрээнд “хүний нөөцийн төлөвлөгөөтэй байх, хүний нөөцийг хөгжүүлэх... гэж, Сумын хүн амын тоо, өвчлөл, тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээнд тулгуурлан эрүүл мэндийн ажилтан, эмч мэргэжилтнүүдийг СДЭ-ийн бүтэц үйл ажиллагааны стандартын хавсралтад заасан орон тоогоор ажиллуулах” гэж тус тус зааснаас өөрөөр хүний нөөцтэй холбоотой нэг ч заалт байхгүй, өөрөөр хэлбэл орон тоог нэмэх, батлагдсан орон тооноос хэтрүүлж ажиллуулах талаар Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчид ямар ч эрх олгогдоогүй байна. Үүнийг шүүх дүгнэж нотлох баримтаар няцаагаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй эрхийг эдэлж орон тоог нэмж, батлагдсан орон тооноос хэтрүүлж ажиллуулсан байдлыг хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэж, шүүгдэгчийн үйлдлийг зөвтгөж байгаагаа шүүх цагаатгах тогтоолдоо дурдаагүй байна.

5.5. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч ажилтай К.Өд хууль, заавар, журамд заасан эрх олгогдоогүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлэн нэр бүхий 10 хүнийг ажиллуулсан үйлдэлд бүрэн бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

5.6. Учир нь прокуророос К.Ө нэр бүхий 10 хүнийг ажилд авсан үйлдэл нь батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлэн ажиллуулсан үйлдэл гэж үзэж К.Ө уг үйлдлийг хийхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх бүрэн няцааж чадаагүй. Харин ч шүүхийн цагаатгах тогтоолд “...мөн аймгийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар албан шаардлага гарч байсан ба энэ шаардлагын дагуу К.Ө нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд илүү ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлж, гэрээт ажилтнаар ажиллуулсан нөхцөл байдал тогтоогджээ...” гэж, мөн шүүхийн цагаатгах тогтоолд “...Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагаар Ц сумын сум дундын эмнэлэг нь тайлант онд төсвийн батлагдсан орон тооны хязгаар нь 42 ба гүйцэтгэлээр ерөнхий эмчийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” 01 тоот тушаалаар бүтэц орон тоог 49 хүнээр баталж, төсөвтөө багтаан шинээр 6 орон тоонд ажилтан авч, нийт 10 орон тоогоор илүү буюу 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулсан байна гэж үзээд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг баримталж баталсан бүтэц, орон тооны хязгаарыг мөрдөж ажиллах, зөрчлийг арилгаж, биелэлтийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны дотор аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө, нягтлан Б.Х нарт даалгажээ.  Уг аудитын актын дагуу илүү орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг чөлөөлж, тэдгээрийг гэрээт ажилтнаар томилж, актыг биелүүлсэн байна...” гэж тус тус дүгнэсэн, шүүх уг дүгнэлтээ тодорхой нотлох баримтаар няцаагаагүй байж шүүгдэгчийг цагаатгасан нь шүүх илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэхэд хүргэж байна.

5.7. Түүнчлэн шүүх К.Ө-ийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлэн нэр бүхий 10 хүнийг ажиллуулсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж дүгнэхдээ Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч ажилтай К.Ө нь ямар хууль, заавар, журамд заасан эрхийнхээ хүрээнд батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлэн нэр бүхий 10 хүнийг ажиллуулсан эсэхийг тодорхой дурдаж, дүгнэлт хийгээгүй, К.Ө нь батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлэн ажиллуулах эрх ямар хуулиар, хэрхэн олгогдсон эсэхийг К.Ө-ийн үйлдэл тус бүрээр дүгнээгүй, мөн К.Ө нь батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлэн ажиллуулах эрх олгогдсон болохыг хавтаст хэрэгт цугларсан ямар нотлох баримт, хэрхэн нотолж байгааг тодорхой, дэлгэрэнгүй дурдаж дүгнээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн цагаатгах тогтоолын зарим дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, мөн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн шүүх К.Ө-ийн үйлдлийг гэмт хэрэг биш гэж дүгнэхдээ яллах талын нотлох баримтуудыг нэг бүрчлэн үгүйсгэсэн тухай үндэслэлийг цагаатгах тогтоолд заагаагүй гэж дүгнэж байна.

5.8. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлд хамаарч байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Цагаатгагдсан этгээдийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

6.1. Орон нутгийн хүн ам их, алслагдсан байдал, хүүхдийн эндэгдэл, ковид цар тахлын нөхцөл байдал зэргийг харгалзан MNS:50812013 стандартад “нэмэлт ажилчид ажиллуулж болно” гэх заалт, мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиудын хүрээнд хагас бие даасан байдлаар ажиллах хууль нөхцөл бүрдсэн.

6.2. Хэдийгээр доод хязгаарыг аймгийн Эрүүл мэндийн газар баталж өгч байгаа ч гэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-т заасан дээд хязгаарыг тогтоож ажиллах боломжийг олгосон. 2018 онд дээрх гурван хуулийг үндэслэж Эрүүл мэндийн даатгалын үндэсний төв байгуулагдсан. Уг төвтэй 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад тус бүр худалдан авалтын гэрээ хийж, хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт авдаг. Авч байгаа тухайн санхүүжилтээр хүний нөөц, тоног төхөөрөмж авах, бусад үйл ажиллагаанд зарцуулах зэрэг бүх эрхийг тухайн Эрүүл мэндийн төвийн эхлэгчид олгосон байдаг. Санхүүжилтээ юунд зарцуулахаа удирдлагын багаараа дамжуулан хийдэг. Тиймээс намайг орон тоо хэтрүүлж ажилласан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.3. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Ганбатын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

7.1. Прокуророос цагаатгагдсан этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Гэтэл хуулийн уг заалтыг Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж заасан байдаг. Цагаатгагдсан этгээд нь албаны эрх ашгийн эсрэг ажилсан гэж үзэж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Харин Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага иргэн бүрд эрүүл мэндийн чанартай үйлчилгээг үзүүлэх гэх үндсэн зорилгын хүрээнд ажилласан гэж үзэж байна.

7.2. Тухайлбал хүүхдийн эндэгдлийн асуудлыг нэрлэж болно. Цагаатгагдсан этгээд нь ямар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж ямар үйлдлийг хийж, хийгээгүй гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж заасан. Цагаатгагдсан этгээд нь тухайн 10 хүнийг ажиллуулснаар өөртөө ямар эдийн ашиг сонирхол үүсгэсэн талаар нотлох баримт байхгүй. Харин иргэний хариуцагч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаатгагдсан этгээдэд шан харамж өгсөн эсэхийг асуухад өгч байгаагүй гэж тогтвортой мэдүүлцгээдэг.

7.3. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “сум, тосгоны эрүүл мэндийн төв нь 7.10 заасан төлөөлөн удирдах зөвлөл нь дараах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-т “Төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй байдаг” гэж зохицуулсан. Улсын яллагч бүтэц орон тооны доод хязгаараас илүү хүн авч ажиллуулсан гэж үзэж яллаж байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүл мэнд, даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд 5 багцаар төсвийг бүрдүүлнэ гэх зохицуулалт байдаг. Уг 5 бүтцэд “иргэн бүрд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлснээр иргэний олгосон санхүүгээр санхүүжнэ” гэж заасан. Энэ нь 2016, 2019, 2020 онд тендерт нь шалгарч тус сумын Эрүүл мэндийн төв нь иргэн бүрд эрүүл мэндийн үйлчилгээ явуулж эхэлсэн. 10 иргэний хариуцагч нарын 4 хүн нь суралцаж төгссөн байдаг. Төсвийн санхүүжилтээр суралцах гэрээний 3.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “суралцагчийн ажлын байрыг хадгалах эсхүл эзэмшсэн мэргэжлээр ажлын байраар хангах, ... 5 доошгүй жил тогтвортой ажлын байраар хангах үүргийг захиалагч тал хүлээнэ” гэж заасан. Уг гэрээний дагуу дээрх 4 иргэнийг ажиллуулсан байдаг.

7.4. Мөн MNS:50812013 стандартын 19 дүгээр заалтад “багийн эмч, сувилагч, сувилагчийг багийн тоогоор алсагдсан байдлаас хамааран шаардлагатай нэмэлтээр”, 31-т “сумын хүн амын тоо, зөвхөн стандартаар нэг эмчид ноогдох тохиолдолд ээлжийн 4 сувилагч байхаар тооцно” гэж зохицуулсан. Энэхүү стандартыг эрүүл мэндийн байгууллага өдөр тутмын үйл ажиллагаанд удирдлага болгодог байгаа. Цагаатгагдсан этгээд нь Эрүүл мэндийн тухай хууль, бусад холбогдох хууль болон Эрүүл мэндийн сайдын тушаал, стандарт, дүрэм, журмыг баримталж ажилласан.

7.5. Иймд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

8.1. Анхан шатын шүүхийн цагаатгах тогтоол нь хуулийн үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд цагаатгагдсан этгээдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгддэг. Салбарын харилцаа зөрчсөн зөрчил болгоныг гэмт хэргийн давуу байдал олгосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаатуулан ойлгох боломжгүй.

8.2. Улсын яллагч яллах дүгнэлтэд цагаатгагдсан этгээд нь цалингийн санд 162,719,805 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. 2016 оноос хойших буюу К.Ө нь тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч болсон өдрөөс хойших аудитын дүгнэлтүүдийг хэрэгт авхуулсан байдаг. Үүнээс харвал тухайн жилүүдийн төсөвт дандаа хангалттай “сайн” үнэлгээтэй гарсан. Өөрөөр хэлбэл бүтэц орон тоо буюу цалингийн сан, төсөв хэтрүүлсэн гэх аудитын дүгнэлт гараагүй байна. Харин нэг удаа “төсөв хэтрүүлээгүй ч орон тооны илүүдэл гарч байгаа тул дүгнэлт хийнэ үү” гэх агуулгатай зөвлөмж гарсан. Тухайн сум нь 10,000 хүн амтай, цэцэрлэг, сургуультай, аялал жуулчлал хөгжсөн, газар нутаг том сум байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газраас баталж өгсөн орон тоо нь 2,500-3,000 хүн амтай бүс нутгийн бүтэцтэй адилхан байгаа. Үүнээс болж тус Эрүүл мэндийн төв нь хууль журамд заасан өөрт олгосон эрхийг хэрэгжүүлснээс болж К.Ө нь энэхүү гэмт хэрэгт холбогдсон.

8.3. MNS:50812013 стандартаар нэг хүнд ноогдох их эмч, сувилагч, асрагч зэргийн тоог тодорхой зааж өгсөн байдаг. Уг стандартад Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид тус сумын хүн амын тооноос хамаарч орон тоо нэмэгдүүлж ажиллаж болно. Гэхдээ цалингийн сан, төсөвт багтаах ёстой байдаг. Эрүүл мэндийн газраас 2016, 2017, 2018, 2021 онуудад сумуудын Эрүүл мэндийн газруудын бүтэц орон тоог батлахдаа дандаа “доод хязгаар”-ыг баталж өгсөн байдаг. Мөн цалингийн сан нь хүрч байвал хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй олгох үүднээс эрхийг олгосон байгаа. Төсвийн тухай хуульд бүтэц орон тоог төсвийн шууд захирагчийн хувьд өөрөө батлах эрхтэй байгаа. Тиймээс К.Ө нь үнэхээр зөрчил гаргаж байна уу, удирдах албан тушаалтны хувьд хариуцлага алдсан уу, эсхүл бусдад давуу байдал олгосон зэрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхэд шүүх бүрэлдэхүүнээс дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна.

8.4. Анхан шатны шүүх тухай шийдвэрийг гаргахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн судалж байж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

9. Иргэний хариуцагч О.А-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

9.1. Иргэний хариуцагч нар нь Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцсон байдаг. Ковид цар тахлын үед 10 иргэний хариуцагч тус байгууллагад ажилласан байдаг. Мөн дээрх 10 иргэний хариуцагч нар бүгд К.Ө эрхлэгч байх үед ажилд ороогүй.

9.2. Иргэний хариуцагч нарын хувьд тухайн орон тоо нь батлагдсан орон тоо мөн эсэхийг мэдэх боломжгүй, тухайн үед ажил үүргийн хувьд батлагдсан чиг үүргээ биелүүлж байсан.

9.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Гэтэл манай тохиолдолд хуулийн дээрх шинж тогтоохгүй байна. Иргэний хариуцагч нарын хувьд зохих тушаал, шийдвэрийн дагуу ажилд томилогдож, чиг үүргийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж, үүний үндсэнд цалин, хөлс авсан. Төрд учруулсан гэж байгаа хохирлыг хариуцаж арилгуулах этгээдүүд биш юм.

9.4. Иймд анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

10. Шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбар, дүгнэлт:

10.1. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Зөвхөн доод хязгаарыг ярьж, дээд хязгаар чөлөөтэй байх ёстой гэх байдлаар авч үзсэн нь буруу дүгнэлт. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зохицуулалтыг харахад бүтэц орон тоо, цалингийн санг тогтоох эрхийг төлөөлөн удирдах зөвлөлд олгосон байна. Шүүх бүрэлдэхүүн хуулийн дээрх зохицуулалтад дүгнэлт өгөхийг хүсэж байна.

10.2. К.Ө-ийг өмгөөлөх талаас тухайн сум дахь нярайн эндэгдлийн асуудлыг үндэслэл болгож байна. Гэхдээ нярайн эндэгдэл эмч, эмнэлгийн ажилчдаас болж үүсэж байна уу, эсхүл эх, хүүхдийн эрүүл мэндээс болж үүсдэг үү гэдэг нь ялгамжтай асуудал. Үүнийг нотлох баримтаар тогтоож чадаагүй тул энэ нь К.Ө-ийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

10.3. Яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул хууль тогтоомжид заагаагүй, өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж байсан К.Ө-ийн гэм буруутай эсэхийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            11. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, дүгнэн К.Ө-ийн холбогдсон хэрэг учрал, түүнийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг үндэслэлтэй сэргээн тогтоож, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            12. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 96/б дугаар яллах дүгнэлтээр тус аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн дарга ажилтай К.Ө нь 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд тус эмнэлгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажил, албан тушаалд буюу батлагдсан орон тоог хэтрүүлж нэр бүхий 10 иргэнд давуу байдал үүсгэн, тэдгээрийг хөтөч сувилагч, сувилагч-асрагч, сувилагч-үйлчлэгч, сувилагч, ариутгалын сувилагч, үйлчлэгч, хүүхдийн сувилагч, бага эмч, багийн нэмэлт эмч, дархлаажуулалтын сувилагч, эргэлтийн сувилагч, тогооч, амбулаторийн үйлчлэгч, дотрын их эмч, их эмч зэрэг ажилд томилон ажиллуулж тус байгууллагын цалингийн санд нийт 162.719.805 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн, К.Ө-ийн дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            13. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд тус бүрийн хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар нэг бүрчлэн дүгнэлт хийн үгүйсгэж, Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн дарга К.Ө-ийн 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд тус эмнэлгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажил, албан тушаалд нэр бүхий 10 иргэнийг авч ажиллуулсан үйлдэл тус бүрийн агуулга, шинж чанар, эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгч, түүний уг үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн К.Ө-ийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн үгүйсгэх, улмаар шүүхийн цагаатгах тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

            14. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон К.Өд холбогдох эрүүгийн хэргийг зөвхөн дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэлүүдээс гадна хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудаар тогтоогдсон дараах нэмэлт үндэслэлээр К.Ө-ийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

            15. Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч буюу дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь заалтад заасан төсвийн шууд захирагч мөн болохын хувьд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтад зааснаар ажиллаж буй байгууллагынхаа төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах байдлаар санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх төсвийн зарчмыг баримтлах үүрэгтэй.

Сум дундын эмнэлгийн дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалтад заасны дагуу тус байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчаас баталсан байгууллагын бүтэц, орон тооны хязгаарт багтаан, төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоож, үүнд нийцүүлэн төсвийг үр ашигтай, оновчтой захиран зарцуулах ёстой бөгөөд энэ талаарх төсвийн шууд захирагчийн эрх хэмжээг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтад тодорхой хуульчилжээ.

16. Орон нутгийн өмчит төсвийн байгууллага буюу сум дундын эмнэлгийн дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтан - нийтийн албан тушаалтан мөн болохын хувьд тухайн сум дундын эмнэлгийн бүтэц, орон тоог төсвийн ерөнхийлөн захирагчаас баталсан дээд хязгаарын дотор оновчтой, үр ашигтай, хэмнэлттэй удирдаж, төсвийн шууд захирагчийн чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ тухайн нийтийн албан тушаалтан батлагдсан орон тоонд зохих сонгон шалгаруулалтгүйгээр ажилтан авч ажиллуулсан, эсхүл батлагдсан орон тооны дээд хязгаараас хэтрүүлж буюу батлагдаагүй орон тоонд ажилтан авч ажиллуулсан, эсхүл огт байхгүй буюу нийтлэг жишгээр тогтоогоогүй орон тоонд ажилтан авч ажиллуулах зэргээр албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн /төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, зохистой удирдах/ эсрэг урвуулан ашиглаж, бусдад давуу байвал бий болгосон бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах юм.

17. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн даргаар ажилладаг К.Ө-ийн Төсвийн тухай хуулиар хүлээсэн дээрх үүргээ эс биелүүлж, төсвийг тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчаас баталсан орон тоо, санхүүгийн хүрээнээс хэтрүүлж буюу төсвийг оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай захиран зарцуулах хуулиар олгогдсон албан үүрэг, эрх мэдлээ бусдад давуу байдал олгох зорилгоор, зориуд санаатайгаар албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, батлагдаагүй орон тоонд ажилтан авч ажиллуулан, байгууллагын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлуудыг, тухайлбал: (1) нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж,  үйлчилгээний байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох эрх зүйн орчин, онцлог;  (2) төсвийн ерөнхийлөн захирагчаас Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, мөрдүүлсэн эсэх; (3) тус байгууллагын төсвийн шууд захирагч төсвийг батлагдсан санхүүгийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй, оновчтой захиран зарцуулсан, эсхүл хэтрүүлсэн талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт, шаардлага гарсан эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үнэлэлт өгөлгүйгээр яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэвэл, Ц сумын сум дундын эмнэлгийн дарга К.Ө-ийн “батлагдаагүй орон тоонд 10 ажилтан, албан хаагчийг /илүү/ авч ажиллуулсан” гэх үйлдэл холбогдолд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүд дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

18. Прокуророос Ц сумын сум дундын эмнэлгийн дарга К.Ө-ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 10 ажилтан, албан хаагчийг “батлагдсан орон тооны дээд хязгаараас хэтрүүлж буюу батлагдаагүй орон тоонд” авч ажиллуулан байгууллагын төсөвт тэдгээрт олгосон цалин хөлсөөр их хэмжээний хохирол учруулсан гэх “нийтлэг үндэслэл”-ээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд энэ тохиолдолд Ц сумын сум дундын эмнэлгийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг эрх бүхий байгууллага буюу төсвийн ерөнхийлөн захирагчаас урьдчилан баталж, мөрдүүлсэн эсэх нь яллах дүгнэлтийн гол үндэслэл болох учиртай. Гэвч тухайн байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг төсвийн ерөнхийлөн захирагчаас нь хууль болон эрүүл мэндийн салбарын стандартад нийцүүлэн эрх бүхий байгууллагаас урьдчилж тогтоон, мөрдүүлсэн гэх хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал нотлогдоогүй бөгөөд харин хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц сумын сум дундын эмнэлгийн даргаас тухай бүр зохих тушаал шийдвэрүүдийг гаргаж, хуваарилагдсан төсөвтөө багтааж яллах дүгнэлтэд дурдсан 10 иргэнийг тухай бүрд нь хөдөлмөрийн гэрээгээр тухайн байгууллагад тодорхой ажил, үүргийн хуваариар авч ажиллуулсан үйл баримт тогтоогдсон байна.

19. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтаар Ц сумын сум дундын эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын хувьд чиг үүргээ мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дагуу зохион байгуулна. Эрүүл мэндийн тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар сумын эрүүл мэндийн байгууллага нь  хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд байршил, хүн амын төвлөрөл, өвчлөл, осол гэмтлийн нөхцөл байдлаас хамааран яаралтай тусламж, үйлчилгээний болон багийн эмчийн салбартай байна.

 

Ц сумны сум дундын эмнэлэг /сумын эрүүл мэндийн төв/ нь орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд түүний удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 17.5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар сумын Эрүүл мэндийн төвийн дарга /эрхлэгч, эсхүл ерөнхий эмч/-ыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлөхөөр заасан боловч аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг тухайн шатны эмнэлгийн буюу сум дундын эмнэлгийн төсвийн ерөнхийлөн захирагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын бүрэн эрхээс үзвэл, тэрээр сум, сум дундын эмнэлэг буюу сумын эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах буюу Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалтад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй байна.

 

20. Сум, сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төв буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн асуудлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар энэ хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулсан ба мөн зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар Ц сумын сум дундын эмнэлгийн /энэ нь төрөлжсөн нэгдсэн эмнэлэг болон энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгийн алинд ч хамаарахгүй тул/ удирдлагыг тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх ба Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт зааснаар орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, орон нутгийг төлөөлөх гурван гишүүнтэй байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт зааснаар орон нутгийн өмчит сум дундын эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүдийг нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах ба хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.4 дэх заалтаар төсвийн хязгаарт нийцүүлэн тухайн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрх хэмжээг сум дундын эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд хуулиар харьяалуулжээ.

 

            21. Суман дахь сум дундын эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтыг тогтоосон Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудын дээрх зохицуулалтаас дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн даргыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй боловч тус эмнэлгийн төсвийн ерөнхийлөн захирагч биш, тэрээр Ц сумын сум дундын эмнэлгийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах бүрэн эрхгүй учраас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар, тухайлбал, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар К.Ө-ийг Ц сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр томилж, тус газрын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 262 дугаар албан бичгээр Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагааны MNS5081:2013 стандартыг хэрэгжүүлэх зорилгоор сум дундын эмнэлгүүдийн 2016 онд ажиллах орон тооны үлгэрчилсэн загварыг хүргүүлж, 2021 оны А/02 дугаар тушаалаар Ц сумын сум дундын эмнэлэгт ажиллах хүний нөөцийн “доод хязгаарыг” 42 хүнээр, 2022 оны А/51 дүгээр тушаалаар тус эмнэлэгт ажиллах хүний нөөцийн “доод хязгаарыг” 44 хүнээр тус тус тогтоож байсан ба энэ нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой төв, орон нутгийн шийдвэрийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах чиг үүрэгтэй нь холбоотой байна.

 

22. Өөрөөр хэлбэл, прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн бүтэц, орон тооны дээд хязгаар болон цалингийн санг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.4 дэх заалтын дагуу урьдчилан баталж, мөрдүүлээгүй, энэ талаарх буюу тухайн байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад гагцхүү Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар гаргасан, тус сумын эмнэлэгт ажиллах хүний нөөцийн “доод хязгаар”-ыг 2021, 2022 оны байдлаар баталсан А/02, А51 дугаар тушаалуудыг үндэслэж, Ц сумын эмнэлгийн дарга К.Ө-ийг дээрх хугацаанд “батлагдсан орон тооноос хэтрүүлж буюу батлагдаагүй орон тоонд 10 иргэнийг авч ажиллуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу бадал бий болгосон” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, К.Ө-ийн дээрх үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдоогүй.

 

23. Эрүүл мэндийн тухай болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг удирдлага болговол, сумын буюу сум дундын эмнэлгийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл урьдчилан баталж, мөрдүүлэх бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тухайн эмнэлэгт ажиллах хүчний доод хязгаарыг баталж, мөрдүүлсэн буюу нэгдсэн /доод/ стандартын хэрэгжилтийг хангасан үйл ажиллагааг тус эмнэлгийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоосон гэж үзэхгүй, харин Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чиг үүргийнхээ хүрээнд орон нутгийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгдсэн стандартыг хангуулахтай холбоотойгоор бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

 

24. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн дарга К.Ө нь тус эмнэлгийн төсвийн шууд захирагчийн хувьд, нэгэнт төсвийн ерөнхийлөн захирагчаас тухайн байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлээгүй тул батлагдсан санхүү, төсөвтөө багтааж 2017 оны 01 дүгээр тушаалаар тус эмнэлгийн бүтэц, орон тоог 42 хүнээр, 2021 оны 01 дүгээр тушаалаар 52 хүнээр тус тус тогтоон төсөвтөө багтаан цалинжуулж, нэр бүхий 10 иргэнийг тухай бүр зохих тушаал, шийдвэрүүдийг гаргаж хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй тул түүнийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох” хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

25. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд, тухайлбал Ц сумын сум дундын эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тухайн байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг батлах тухай тушаалууд, Ц сумын сум дундын эмнэлгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын 2017-2021 оны төсвийн сар, улирлын хуваарь, Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн 2016-2022 онуудын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлангууд, тэдгээрт тус байгууллагын санхүү, төсвийн үйл ажиллагааг зөрчилгүй дүгнэсэн байдал зэргээс үзвэл, Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн дарга К.Ө нь түүний үйлдэл холбогдолд яллах дүгнэлт үйлдсэн 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарын хугацаанд төсвийн шууд захирагчийн хувьд Ц сумын сум дундын эмнэлгийн төсвийг батлагдсан хэмжээнээс хэтрүүлсэн буюу хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Харин Баян-Өлгий аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/07 дугаар аудитын актаар Ц сумын сум дундын эмнэлгийн төсвийн шууд захирагч болон нягтлан бодогчид төсвөөс зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө 585.180 төгрөгийг нөхөн төлүүлсэн, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52/А0470227/БӨА-2021/106/СТА-ТШЗ дугаар зөрчил арилгах тухай албан шаардлагаар Ц сумын сум дундын эмнэлгийн төсвийн шууд захирагчийг тус байгууллагад 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулж байгаа байдал нь ирэх жилийн эмнэлгийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эрсдэлтэй гэх дүгнэлт бүхий нөхцөл байдлыг үндэслэж К.Ө-ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

26. Иймд прокурорын яллах дүгнэлтийн нийтлэг үндэслэл болсон “батлагдсан орон тооноос хэтрүүлж” Баян-Өлгий аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн дарга 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарын хугацаанд  нэр бүхий 10 хүнийг хууль бусаар авч ажиллуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашигласан гэх үндэслэл тогтоогдоогүй тул дээд шатны прокурорын гаргасан “батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлж нэр бүхий 10 хүнийг ажиллуулсан үйлдэлд анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй” гэх эсэргүүцлийг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК