| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00054/И |
| Дугаар | 320/ШШ2025/00341 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 320/ШШ2025/00341
| 2025 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 320/ШШ2025/00341 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П-гийн Д-,
Хариуцагч: “ШГ” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байрны 1 давхрын 5 тоотод байрлах, ********кв.м талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунбаатар (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д- нь хариуцагч “ШГ” ХХК-д холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байрны 1 давхрын 5 тоотод байрлах, ********кв.м талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Миний бие п-гийн Д- нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №2017/27 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг “ШГ” ХХК-ийн захирал З.Г-тэй байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8-р баг, ********* байрны 1 давхар 5 тоотод байрлах, ********кв.м 2 өрөө орон сууцыг бариулахаар “ШГ” ХХК-д захиалга өгч, төлбөр 30 хувь болох 15,016,000 төгрөгийг тушаасан. Орон сууц захиалан бариулах гэрээний нэг дэх хэсэгт заасан гэрээний нийтлэг үндэслэлд зааснаар 1мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохирсон ба гэрээнд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтанд ороогүй, харин 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтанд орж, улсын комисс одоо хүртэл хүлээн аваагүй байдаг. Гэрээ байгуулснаас хойш уг байр ашиглалтанд орохгүй маш их удсан, байр ашиглалтанд орж улсын комисс хүлээж аваагүй, одоог хүртэл аваагүй тул үлдэгдэл мөнгөө төлөөгүй байгаа юм. Миний зүгээс гэрээнд заасан захиалагчийн үүргээ биелүүлж төлбөрийн 30 хувь буюу гэрээнд заасан хэсгийг бүрэн төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр бэлэн байна.
Иймээс п-гийн Д-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8 дугаар багийн ************* байрны 1 давхрын 5 тоотод байрлах, ********кв.м хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. (1-р хавтаст хэргийн 1-2 дахь тал)
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. П.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байрны 01 давхрын 05 тоотод байрлах, ******** кв.м2 2 өрөө орон сууцны төлбөр 50,054,400 төгрөгийг гэрээнд заасны дагуу бүрэн төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч ирээдүйд бий болох орон сууц, тухайн гэрээ байгуулсан эд хөрөнгийн эрх шууд үүсэхгүй. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасан өмчийн эрх үүсэж байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 201725 дугаартай орон сууц захиалгын гэрээнд урьдчилгаа төлөх хугацаа, хэмжээг тогтоож өгсөн. Тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.2, 8.3.2-т заасан гэрээний заалтын агуулгаас нь үзвэл үлдэгдэл төлбөрийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагчид шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх нөхцөл хангагдсан үед бүрэн төлөхөөр тохирсон. Нэхэмжлэл гаргаснаас хойш гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн нь гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ заасны дагуу тохирсон. Мөн хуулийн 243 дугаар зүйлчийн 243.1-т зааснаар талуудын гэрээнд харилцан тохиролцсон хуваарын дагуу төлбөрөө төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийн өөрийн өмчлөлд шилжүүлэхээр шаардах эрхтэй. Урьдчилсан тэмдэглэл хийлгэх зөвшөөрөл авсан. “ШГ” ХХК-иас н.Г- гэх хүний данс руу хий гэж хэлсний дагуу төлбөрийг 7 удаа хийсэн. З.Г- мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч П.Д- манай ажлын хаягаар мэдэгдэл ирсэн, хүлээж аваагүй гэдэг. Гэрээнд улсын комисс хүлээж авсны дараа мөнгө бүрэн төлж барагдуулж болно гэж заасан боловч “ШГ”ХХК нь улсын комисст шилжүүлж өгөхгүй байсан учир өмчлөгчөөр тогтоолгож авна. 2022 оны 10 дугаар сард улсын комисс хуралдаж байрны хамгийн дээд талын давхар бүрэн ашиглалтад ороогүй тул бүрэн ашиглалтад орсны дараа хүлээж авах шийдвэр гаргасан. Харин гэрээний 2 заалтыг зөвшөөрсний дагуу ШШГ****- байгууллагын 35 албан хаагч байрандаа орсон байдаг. “ШГ” ХХК-иас гэрээ шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн гэсэн. Гэхдээ гэрээг хүлээн авч гарын үсэг зурж тохирсон зүйл байхгүй гэв.
2. Хариуцагч “ШГ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: П.Д-ын нэхэмжлэлтэй, “ШГ”ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байрны 5 тоотод байрлах, ********м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж буй ************* байр нь бүхэлдээ “АУГ- ББСБ” ХХК-ийн барьцаанд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг бөгөөд “АУГ- ББСБ” ХХК нь манай компанид холбогдуулан 706,866,367 төгрөгийг “ШГ”ХХК-иас гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, үүргийн гүйцэтгэлийг БГ07232021 тоот барьцааны гэрээний дагуу “ШГ” ХХК-ийн эзэмшлийн Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, ************ тоот гэрээний дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байр, тоот хаягт байрлах орон сууцны барилгаар хангуулахаар шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргаж байгаа болно. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4.6, 5.4 дэх заалтыг захиалагч П.Д- зөрчсөн тул уг гэрээг цуцалсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (1-р хавтаст хэргийн 214-215 дахь тал)
3. Нэхэмжлэгчээс: П.Д-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц захиалгын гэрээ /2017.05.09/, Л.Ц-т олгосон итгэмжлэл, “ШГ”ХХК-ийн 2022.10.12-ны өдрийн 17 дугаар албан бичгийн хуулбар, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хас банкны орлогын маягтын баримтын хуулбар, мэдүүлэг хүлээн авсан баримтын хуулбар, Голомт банкны орлогын мэдүүлэг, ********* байрны оршин суугчид бохирын шугам сүлжээний засварт мөнгө төлсөн жагсаалт гэх бичилттэй баримт, “ШГ”ХХК-ийн 2023.09.01-ний өдрийн 54 дугаар албан бичгийн хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримт өгсөн. (1-р хавтаст хэргийн 3-11, 12, 27-32, 39-41 дэхь тал)
4. Хариуцагчаас: З.Г-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай итгэмжлэл, Ц.Г-ыг өмгөөлөгчөөр сонгон авсан тухай хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн өмгөөлөгч Ц.Г-аас татгалзаж, өмгөөлөгч О.Чулуунбаатар ыг сонгон авсан тухай хүсэлт, орон сууцны захиалгын гэрээ цуцлах тухай албан бичиг ирүүлсэн. (1-р хавтаст хэргийн 36, 63, 125, 194 дэхь тал)
4.1. Шүүх: Нэхэмжлэгч талын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах тухай, түүний өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай, хариуцагчийн өмгөөлөгчийн тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг тус тус хангаж, өмгөөлөгч О.Чулуунбаатар ын хэргийн материалтай танилцах тухай, шүүх хуралдааныг хойшлуулах тухай, “АУГ- ББСБ” ХХК-ийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтүүдийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг нийт 6 удаа хойшлуулсан. (1-р хавтаст хэргийн 22-24, 33-35, 111-117, 50, 57-58, 63, 72-74, 81, 88-89, 90-92, 98, 106-109, 120, 125, 131-133, 188-191 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч П.Д- нь хариуцагч “ШГ”ХХК-д холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байрны 1 давхрын 5 тоотод байрлах, ********кв.м талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №2017/27 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг “ШГ” ХХК-ийн захирал З.Г-тэй байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8-р баг, ********* байрны 1 давхар 5 тоотод байрлах, ********кв.м 2 өрөө орон сууцыг бариулахаар “ШГ”ХХК-д захиалга өгч төлбөр 30 хувь болох 15,016,000 төгрөгийг тушаасан. Орон сууц захиалан бариулах гэрээний нэг дэх хэсэгт заасан гэрээний нийтлэг үндэслэлд зааснаар 1мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохирсон ба гэрээнд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтанд ороогүй, харин 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтанд орж улсын комисс одоо хүртэл хүлээн аваагүй байдаг. Гэрээ байгуулсанаас хойш уг байр ашиглалтанд орохгүй маш их удсан, байр ашиглалтанд орж улсын комисс хүлээж аваагүй, төлбөр 50,054,400 төгрөгийг төлж барагдуулсан. “ШГ” ХХК-иас гэрээ шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн гэсэн. Гэхдээ гэрээг хүлээн авч гарын үсэг зурж тохирсон зүйл байхгүй. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8 дугаар багийн ************* байрны 1 давхрын 5 тоотод байрлах, ********кв.м хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байрны 5 тоотод байрлах, ********м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаж буй ************* байр нь бүхэлдээ “АУГ- ББСБ” ХХК-ийн барьцаанд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг бөгөөд “АУГ- ББСБ”ХХК нь манай компанид холбогдуулан 706,866,367 төгрөг гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, үүргийн гүйцэтгэлийг БГ07232021 тоот барьцааны гэрээний дагуу “ШГ”ХХК-ийн эзэмшлийн Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, ************ тоот гэрээний дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байр, тоот хаягт байрлах орон сууцны барилгаар хангуулахаар шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргаж байгаа болно. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4.6, 5.4 дэх заалтыг захиалагч П.Д- зөрчсөн тул уг гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
а. Нэхэмжлэгч П.Д-, хариуцагч “ШГ”ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг дахь ШШГ****- байгууллагын ажилтан алба хаагчдын орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, гүйцэтгэгч “ШГ”ХХК нь ************* байрны 05 тоотод байрлах, ********м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэх, захиалагч П.Д- захиалгын нийт дүнд 50,054,400 төгрөг төлөхөөр тохиролцсон тухай зохигчийн тайлбар, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №2017/25 дугаар “Орон сууц захиалгын гэрээ” зэрэг баримтаар нотлогдлоо. (1-р хавтаст хэргийн 4-7 дахь тал)
б. Хариуцагч гэрээний дагуу барилгыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр багтаан барьж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч орон сууц захиалсан иргэд 2022 оны сүүлээр 2023 оны эхээр тухайн орон сууцанд амьдарч байгаа, нэхэмжлэгч П.Д- захиалсан орон сууцны түлхүүрийг өөртөө авсан, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан тэмдэглэл хийлгэн бүртгүүлжээ. (1-р хавтаст хэргийн 111-117 дахь тал)
в. Хариуцагч “ШГ”ХХК 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, ************* байрыг “АУГ- ББСБ” ХХК-д гэрээний үндсэн дээр барьцаалбарт бүртгэгдсэн. (1-р хавтаст хэргийн 34-35 дахь тал)
г. Захиалагч буюу нэхэмжлэгч П.Д- орон сууцны төлбөрт 2017 оны 4 дүгээр сарын 26-ны 5,500,000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 33,900,000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 600,000 төгрөгийг “ШГ”ХХК-д байрны урьдчилгаа, байрны төлбөр гэсэн утгаар, ХААН банкны ********** тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 517,000 төгрөгийг байрны урьдчилгаа Д- гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 49,617,000 төгрөг төлсөн байна. (1-р хавтаст хэргийн 117, 27-28, 52, 41, 40, 39 дэхь тал)
д. Нэхэмжлэгч нь байрны бохирын шугам сүлжээний засварт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 437,500 төгрөгийг төлсөн. (1-р хавтаст хэргийн 29-32 дахь тал)
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг”, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг”-ийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №2017/25 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-нд талууд буюу захиалагч П.Д-, гүйцэтгэгч “ШГ”ХХК, З.Г- нар хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсэг зуран, байгууллагын тамга даран баталгаажуулж, хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна. (1-р хавтаст хэргийн 4-7 дахь тал)
7. Орон сууц захиалгын гэрээний 2.1-д “Гэрээний 1.2-д заасан орон сууцны 1м.кв талбайн үнэ 880,000 төгрөг байна. Нийт үнэ 50,054,400”, 2.2-д “...Уг гэрээг урьдчилгаа төлбөр төлсний дараа байгуулж, хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно...1-р нөхцөл: 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5,500,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн тохиолдолд орон сууцны 1м.кв-ыг 880,000 төгрөгөөр худалдан авах боломжтой...” гэж заасны дагуу нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5,500,000 төгрөг төлснөөр тухайн гэрээ байгуулагдаж, орон сууцны үнэд 50,054,400 төгрөг төлөхөөр тохиролцжээ. (1-р хавтаст хэргийн 117, 4 дэхь тал)
Нэхэмжлэгч П.Д- гэрээний үүрэг болох орон сууцны үнэд 50,054,400 төгрөг төлөхөөс нийт 49,617,000 төгрөг төлж, 437,400 төгрөгийг дутуу төлсөн.
Харин нэхэмжлэгчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ХААН банкны ********** тоот дансанд шилжүүлсэн гэх 5,000,000 төгрөг тус гэрээний үүргийн дагуу төлсөн талаар нотлогдохгүй байх ба орон сууцны бохирын шугам солих сүлжээний засварт төлсөн 437,500 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлсөн төлбөрт тооцохгүй. (1-р хавтаст хэргийн 10, 29 дэхь тал)
Хуульд заасан болон гэрээгээр талууд тохиролцсон бол гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхгүй байх нь үүргийн зөрчилд тооцогдох хэдий ч гэрээний дийлэнх хэсгийг биелүүлсэн байгааг шүүх харгалзан үзвэл зохино.
8. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 34,000,000 төгрөгийг хариуцагчийн барилттай данс руу шилжүүлж зохиомол байдал бий болгосон, дээрх төлбөр нь хариуцагч барилга барихад зарцуулагдаагүй.
“ШГ”ХХК, “АУГ- ББСБ”ХХК-ийн хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээний барьцаалбарт бүртгэгдсэн учир энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй, Ковид цар тахал өвчин дэлхий нийтэд гарснаар барилгын материалын үнэ өссөн учир гэрээг шинэчилж хийхээр нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч шинээр гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тул гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн” гэж тайлбарлаж байна.
Зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-нд урьдчилгаа төлбөр төлөх хугацаа, хэмжээг тусгасан байдал, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагчид шилжүүлэх улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэх нөхцөл хангагдсан үед бүрэн төлсөн байхаар тохиролцжээ. Тус орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй тухай талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд гэрээнд заасан хэмжээний төлбөрийг хариуцагч байгууллагын дансанд шилжүүлснийг гэрээний үүргээ биелүүлээгүй, хүлээн аваагүй, тухайн барилгыг барихад зарцуулаагүй гэж үзэхгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана, мөн 13 дугаар зүйлийн 13.1-д “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх...” гэж заасан болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүргийг хариуцагч хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгч П.Д-ын гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхийг хязгаарлахгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гүйцэтгэгч тал “ШГ”ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүргээ гүйцэтгэж, захиалагчид орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохирсон хугацаа нь нийтэд илэрхий үйл баримт буюу Ковид-19 цар тахал өвчин гарахаас 2 жилийн өмнө гүйцэтгэгч компани үүргээ биелүүлж дуусах байсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн хүргүүлсэн, хариу ирсэн эсэх талаар холбогдох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй ба гэрээний 4.6, 5.4-т заасныг зөрчсөн гэсэн нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
9. Хариуцагч буюу гүйцэтгэгч “ШГ”ХХК нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч буюу захиалагч П.Д- уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, ************* байрны 1 давхар, 5 тоотод байрлах, ********м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч П.Д- 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу хариуцагч “ШГ”ХХК-д нийт 49,617,000 (дөчин есөн сая зургаан зуун арван долоон мянга) төгрөг төлж, гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байрны 1 давхрын 05 тоотод байрлах, ********м2 талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
10. Дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: “ШГ”ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 54 дугаар албан бичгийн хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбарууд, “ШГ”ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууцны захиалгын гэрээ цуцлах тухай” 17 дугаар албан бичиг зэрэг баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, ач холбогдолгүй байна. (1-р хавтаст хэргийн 9, 30-32, 194 дэхь тал)
11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,222 (дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 408,222 ( дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч П.Д-т олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч П.Д-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ************* байрны 1 дүгээр давхрын 05 тоотод байрлах, 56.88м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,222 (дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШГ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 408,222 (дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА