| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00047/И |
| Дугаар | 314/ШШ2025/00146 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 314/ШШ2025/00146
2025 03 14 314/ШШ2025/00146
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ....... сумын .......... дугаар баг ........ дугаар байр ........ тоотод оршин суух, ........ овогт ........хүсэлттэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ........шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Миний бие ........нь 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Орон сууц нийтийн аж ахуй газрын зочид буудалд үйлчлэгчээр тасралтгүй 7 жил 8 сар ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож. Мөн ........, ......... нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч ........шүүхэд гаргасан тайлбартаа:... Миний бие тэтгэврийн тогтоолгох гэж шүүхээр шийдэж өгөх өргөдөл гаргасан юм. Үүнийг Нийгмийн даатгалын газраас хувь тэнцүүлснээр тогтоохоор болсон. Шүүхээр шийдэх гэтэл ажилласан жилийн баримт байхгүй. Архив шүүгээд гараагүй тул хувь тэнцүүлснээр шийдвэрлэхээр Нийгмийн даатгалд хүсэлт гаргаж шийдсэн болно. Нотлох баримт байхгүй тул 1987-1994 оны 12 дугаар сарын 31-ний ажилласан байдал олдохгүй байна. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өмнөх шүүх хуралдаанаар нотлох баримт гаргаж өгөхөөр хойшилсон баримт олдохгүй тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гомдол гаргах эрхгүйг олгосон гэв.
3. Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зөвлөмжийн хуудас, №137062 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1991 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, №0152268 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ..., ..... нарын мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ........ овогт ........нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ........нь хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн. Мөн шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаарх хүсэлт ирүүлсэн.
3. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан үндэслэлээ “Нийгмийн даатгалын газраас хувь тэнцүүлснээр тогтоохоор болсон. Шүүхээр шийдэх гэтэл ажилласан жилийн баримт байхгүй. Архив шүүгээд гараагүй тул хувь тэнцүүлснээр шийдвэрлэхээр Нийгмийн даатгалд хүсэлт гаргаж шийдсэн болно. Нотлох баримт байхгүй тул 1987-1994 оны 12 дугаар сарын 31-ний ажилласан байдал олдохгүй байна. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өмнөх шүүх хуралдаанаар нотлох баримт гаргаж өгөхөөр хойшилсон баримт олдохгүй тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гомдол гаргах эрхгүйг ойлгосон” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзжээ.
4. Шүүх хүсэлт гаргагч .......... “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №314/ШЗ2025/00426 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5. Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хүсэлт гаргагчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хүсэлт гаргагч ....... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулж 35100 төгрөгөөр тогтоож, 35100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 данснаас 35100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч ............. олгож.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүсэлт гаргагч ........нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хүсэлт гаргагч ....... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 данснаас 35100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч ........... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ